Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2017/01321

 

Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00557 дугаар шийдвэр,

   Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 137 дугаар магадлалтай,

            Э-ийн нэхэмжлэлтэй,

            Х-д   холбогдох

            зээлийн төлбөрт 3.489.940 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Нэхэмжлэгч Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэзаяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие өөрийн танил Х-д   Худалдаа хөгжлийн банкнаас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 13.500.000 төгрөгийн цалингийн зээл авахад нь түүний гуйлтын дагуу батлан даагч болж тусалсан юм. Гэтэл Х нь зээлээ аваад ажлаасаа чөлөө авч, АНУ руу явж сураггүй алга болоод жилийн дараа ирсэн. Энэ хугацаанд би өөрийн цалингаасаа орон сууцны зээлээ төлөөд үлдсэн мөнгө нь тэр чигээрээ Х-ийн зээлэнд төлөгдөж байсан. Эхнэр маань ажилгүй ба би цалин авалгүй 10 сар болж өөрөө ч тодорхой хэмжээний өрөнд орсон. Х-аас  хэд хэдэн удаа мөнгө нэхэмжилсэн боловч одоог болтол төлөөгүй байгаа тул Х-аас  10 сар өмнөөс нь төлсөн зээлийн төлбөр болох 3.489.940 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

      Хариуцагч Х-ийн шүүхэд ирүүлсэн тайлбарт: Миний бие Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбараас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 13.500.000 төгрөгийн цалингийн зээл авсан. Уг зээлийг Э , нөхөр Б.Санчир, н.Заяа нартай хамтран Уурхайчин соёлын ордонд тухайн ажиллуулж байсан 7D кино театрын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор авсан. Ийнхүү цалингийн зээлийг авах үед өөрсдийн хамтын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор авч байгаа тул Э Худалдаа хөгжлийн банктай 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээ байгуулан батлан даагчаар орсон. Тодруулбал, банкнаас зээлж авсан 13.500.000 төгрөгийг би өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулах зорилгоор аваагүй бөгөөд нөхөр Б.Санчир нь кино театрын үйл ажиллагаанд зарцуулна хэмээн мөнгийг бүгдийг нь авсан. Э бид хоёрын хооронд зээлийн төлбөрийг батлан даагч төлсөн тохиолдолд зээлдэгчээс батлан даагч төлбөрөө шаардах талаар харилцан тохиролцсон тохиролцоо байхгүй юм. Учир нь 13.500.000 төгрөгийг Э , Б.Санчир, н.Заяа бидний тухайн үед хамтран ажиллуулж байсан 7D кино театрын үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор зээлж авсан болно. 7D кино театрын тоног төхөөрөмжийг миний бие нөхөр Б.Санчиртай хамтран худалдаж авсан ба одоогоор Э , н.Заяа нарын эзэмшилд байгаа болно. Бид тус кино театрыг хамтран ажиллуулж байсан бөгөөд бүгд ажилтай тул театрыг Э-ийн эхнэр н.Заяа нь ажиллуулж олсон орлогоо 70 хувийг тоног төхөөрөмжийн өмчлөгч болох нөхөр бид хоёр, 30 хувийг нь Э , н.Заяа нар авдаг байсан. Би болон нөхөр Б.Санчир нь 2015 онд АНУ-руу явсан цагаасаа хойш Э болон түүний эхнэрээс хамтран ажиллах хугацааны орлогоос нэг ч төгрөг аваагүй. Энэ хооронд олсон ашиг орлогоо тэд өөрсдөө авч байсан атлаа одоо 3.489.940 төгрөгийг нэхэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

         Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00557 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг баримтлан Х-аас  3.489.940 төгрөг гаргуулан Э д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Х-ийн хилээр гарах эрхэд хориг тавьсан 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШЗ2017/01945 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 137 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Шүүх хэрэгт цугларсан банкны зээлийн болон батлан даалтын гэрээ, диспозит дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Учир нь хэрэгт авагдсан Э-ийн диспозит дансны харилцагчийн хуулгын БД гэрээний дагуу зээл төлөв гэсэн нь Худалдаа хөгжлийн банктай 2015 оны 09 сарын 23-ны өдөр Э-ийн байгуулсан 2015/000287/1000 дугаартай цалингийн зээлийн хувийн батлан даалтын гэрээний дагуух үүрэг гүйцэтгэсэн гэдгийг эргэлзээгүйгээр нотлохгүй юм. Тус хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр явагдсан ба шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжээгүй. Тодруулбал, шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих эрхийг хэрэгжүүлэх боломж олгоогүй. Энэ нь анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдох юм. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00557 дугаартай шийдвэр, Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 137 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

        Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

            Харин зохигчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн гэрээний үүргийн маргаанд анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний бус үүргийн эрх зүйн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу учраас шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

          Нэхэмжлэгч Э нь хариуцагч Х-д   холбогдуулан “батлан даалтын гэрээний үүргийн дагуу төлсөн 3.489.940 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Х нь эс зөвшөөрч, бид хамтран ажиллах зорилгоор зээл авч, 7D кино театрын үйл ажиллагаанд зарцуулсан гэж маргажээ.

       Хариуцагч Э.Халиунааг 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас 13.500.000 төгрөгийн цалингийн зээл авахад нь нэхэмжлэгч Э батлан даалтын гэрээ байгуулж, батлан даагчаар орсон байх ба хариуцагч Х цалингийн зээлийг графикт хугацаандаа төлөөгүй учраас батлан даалтын гэрээний дагуу нэхэмжлэгч Э нь 3.489.940 төгрөгийг банкинд төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан байна.

           “...Э бид хоёрын хооронд зээлийн төлбөрийг батлан даагч төлсөн тохиолдолд зээлдэгчээс батлан даагч төлбөрөө шаардах талаар харилцан тохиролцоогүй” гэсэн хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан "Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үурэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно" гэсэн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу юм.

          Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэж зааснаар батлан даагчийн үүргээ биелүүлсэн, мөн хуулийн 465 дугаар зүйлд заасан “Батлан даагчид үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх шилжих” гэсний дагуу шаардах эрхтэй буюу талуудын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

            Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын “...шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

         1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 142/ШШ2017/00557 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 137 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ ... 496 дугаар зүйлийн 496.1” гэснийг “ ...465 дугаар зүйлийн 465.1” гэж өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Хариуцагч Х-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 71.000 /далан нэгэн мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН