Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/0939/З |
Дугаар | 221/МА2020/0348 |
Огноо | 2020-05-27 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2020/0348
“Бт” ОНӨААТҮГ-ын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, хариуцагч улсын байцаагч Т.Б, Э.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 722 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Бт” ОНӨААТҮГ-ын гомдолтой, Багануур дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 722 дугаар шийдвэрээр: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” №271720016 тоот шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг хүчингүй болгож, Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” №271720016 тоот шийтгэлийн хуудасны 6 дах заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.136.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.684. төгрөгийн алданги буюу нийт 184.746.661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нар давж заалдах гомдолдоо: “...”Бт” ОНӨААТҮГ-ын 2012-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалтыг хийхдээ Нийслэлийн татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн даргын 22171000189 тоот томилолтын дагуу тухайн байгууллагын 2012-2016 оныг дуусталх хугацааны санхүү, татварын тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт материал, хөндлөнгийн мэдээлэл, даргын тушаал шийдвэр, бусад байгууллагатай харьцсан гэрээ, контракттай холбоотой бүх материалыг татан авч шалгалтыг хийсэн. Шалгалтын явцад тухайн байгууллага нь 2016 онд 1 400 367 500.0 төгрөгийн орон нутгийн санхүүжилтийг аваад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2016 он/-ийн 7 дугаар зүйл “Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ”, 7.2.15 “Төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал''-т заасныг зөрчин нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнасан зөрчил илэрсэн тул 1 273 061 363.6 төгрөгийн зөрчилд 127 306 136.4 төгрөгийн нөхөн татвар, 38 191 840.9 төгрөгийн торгууль, 19 248 684.0 төгрөгийн алданги, нийт 184 746 661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан. “Бт” ОНӨААТҮГ нь орон нутгаас 2016 онд 1 400 367 500.0 төгрөгийн санхүүжилт авсан болох нь санхүү, татварын тайлангуудад ил тодорхой байсан тул нэмж материал бүрдүүлэх шаардлага байгаагүй бөгөөд зөрчил үйлдсэн болохоо 2018.01.02-ны өдөр захирал Д.Батнасан, ерөнхий нягтлан бодогч н.Мөнхтуяа нар нь өгсөн мэдүүлэгтээ хүлээн зөвшөөрсөн ... хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Иймд хэргийг дахин хянан үзээд үнэн бодитой шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй, маргаан бүхий актын үндэслэлд дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэх үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
1. Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 271720016 дугаартай шийтгэлийн хуудасны 6 дахь заалтаар “Бт” ОНӨААТҮГ-ыг “2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1 400 367 500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнасан” зөрчил гаргасан гэж буруутгасан, гомдол гаргагчаас актаар тогтоосон үнийн дүнтэй маргаагүй, харин хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш, төрийн байгууллагын үзүүлж байгаа үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан” гэж тайлбарлан маргасан байхад анхан шатны шүүхээс “...хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байхад ... татварын улсын байцаагч нар зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн үндэслэлээр маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд огт дүгнэлт өгөхгүйгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй”, 1.2 дахь хэсэгт “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн” бол зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж болохоор заасан, гомдол гаргагч нь “нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1 400 367 500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор тайлагнасан” үйл баримттай маргаагүй, тухайн үед зөрчлийг үйлдсэн хэмээн хүлээн зөвшөөрсөн байх төдийгүй “Бт” ОНӨААТҮГ нь “нийслэл болон орон нутгийн санхүүжилтээр авсан” орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөх ёстой эсэхийг тогтооход заавал зөрчлийн хэрэг нээх шаардлагагүй, зөрчлийг хэрэг нээж, хэрэг бүртгэлт явуулснаар нөхцөл байдал өөрчлөгдөхгүй учраас хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн хариуцагч нараас хяналт шалгалтын ажиллагааг явуулахдаа холбогдох баримтуудыг цуглуулж, холбогдогчоос мэдүүлэг авч, оролцоог нь хангасан байна. Иймд “Бт” ОНӨААТҮГ нь “нийслэл болон орон нутгийн санхүүжилтээр авсан” орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан төлөх ёстой эсэхийг дүгнэх замаар шүүх хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой.
Ийнхүү анхан шатны шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсний улмаас шийтгэлийн хуудасны маргаан бүхий хэсэгт хууль зүйн дүгнэлт өгөөгүй, гомдол гаргагч хуулийн этгээд Татварын хууль тогтоомж, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг огт дүгнээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т зааснаар “хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа шийдвэртээ тусгаагүй” байх тул давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий шийтгэлийн хуудасны үндэслэлд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
Мөн анхан шатны шүүхээс “маргаан бүхий шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа ямар учраас ийнхүү шийдвэрлэсэн талаараа огт дүгнэлт хийгээгүй, ямар үндэслэлээр илт хууль бус актын шинжийг агуулаагүй гэж шийдвэрлэсэн болохоо тайлбарлаагүй алдаа гаргасан байна.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрлөөс алийг нь гомдол гаргагч сонгож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос хамаарч шүүх 106 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.
Гэтэл гомдол гаргагч нь нэхэмжлэлдээ маргаан бүхий актын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн өөр шаардлагуудыг нэгэн зэрэг гаргасан нь ойлгомжгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Захиргааны актын тухайд гомдол гаргагч нь “хууль бус буюу маргаан бүхий, эсхүл илт хууль бус” гэсэн хоёр ангиллын хүрээнд аль нэгийг сонгон нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжтой бөгөөд бичгээр гаргасан тодорхой захиргааны актын хувьд нэг бол маргаан бүхий, нэг бол илт хууль бус захиргааны актын аль нэг шинжийг агуулсан байх болохоос нэгэн зэрэг илт хууль бус болон маргаан бүхий актын шинжийг агуулахгүй юм. Иймд анхан шатны шүүхээс гомдол гаргагч “Бт” ОНӨААТҮГ нь шүүхээс ямар шийдвэр гаргуулж, зөрчигдсөн ямар эрхээ, хэрхэн сэргээлгэхийг хүсэж буйг тодруулах шаардлагатай байна.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж заасан. Гомдол гаргагчаас шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байхад анхан шатны шүүхээс “хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн эсэхийг шалгаж, дүгнэлт өгөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН