Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ХШТ/105

 

                                                                   Г.Ц-д холбогдох

                                                             эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С, хохирогч, иргэний хариуцагч Ш.Э, тэдгээрийн өмгөөлөгч Г.Алтанчимэг, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Б.Солонго, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ДШМ/16 дугаар магадлалтай, Г.Ц-д холбогдох 2215000000308 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлоор 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Г.Ц, 1976 оны 05 дугаар сарын 03-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт **** аймгийн **** сумын ** дугаар баг, **** тоотод оршин суух бүртгэлтэй, РД: ****,

Шүүгдэгч Г.Ц нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 21 цаг 50 минутын орчимд **** аймгийн **** сумаас Улаанбаатар хотын чиглэлд **** УНП улсын дугаартай Nissan Note /Ниссан нөүт/ загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа **** аймгийн **** сумын 1 дүгээр багийн **** гэх газарт засмал зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а, 3.4.6, 12.2, 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгсэлд зорчин явсан С.А-ийн эрүүл мэндэд хөнгөн, Л.О, М.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Ш.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 7 настай С.Э-ийн амь хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ц-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Л.О, М.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ш.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, С.Э-ийн амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц–г оршин суугаа газраас буюу **** аймгийн **** сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 3 жилийн хугацаагаар хязгаарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ш.Э-ээс 11,047,215 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-д олгохоор, шүүгдэгч Г.Ц-оос 102,300,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-д олгохоор, шүүгдэгч Г.Ц-оос 74,971,228 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Э-д олгохоор, 15,755,079 төгрөгийг Ш.Э-ээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Д нарт тус тус олгохоор, хохирогч Ш.Э цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Ц-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “Шүүгдэгч Г.Ц-оос 102,300,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-д олгохоор” гэснийг хасаж, 74,971,228 төгрөг гэснийг 42,261,228 төгрөгийг гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ц хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг осолд орсон “Ниссан нөүт” загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч Ш.Э хүлээх ёстой байсан бөгөөд энэ хуульд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангаагүй буюу дор дурдсан Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 3.6-д “Нэг тэнхлэгт өөр хэмжээ хээтэй буюу шинэ ба хуучин, 3.7-д “Улирал цаг агаарын тухайн нөхцөлд тохироогүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан”, 5.2-т “Хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан эвдрэл гэмтэл техникийн зөрчилтэй машин механизмыг ашиглахыг хориглосон” захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн. Ш.Э нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулснаас 24-өөс дээш жилийн насжилттай зүүн урд талд суурилагдсан резинэн дугуй буудаж, урагдаж, хагарсан нь зам тээврийн осол болох шалтгааныг бүрдүүлсэн болох нь техникийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07/12 тоот дүгнэлтийн 2 дахь асуулт, хариулт бусад заалтуудаар тогтоогдсон.

Нотлогдвол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг мөрдөгч, прокурор, шүүх” анхаарч үзээгүй. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн “Б”-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглосон” байхад байгууллагын дарга Ш.Э нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг согтууруулах ундаа хэрэглэсэн Л.О-д шилжүүлсэн. Замын зохицуулагч нараас энэ үйлдлээ нуухын тулд зорчигч буюу өөрийн удирдлагын дор ажилладаг надад ажлын цаг дууссан хойно жолоо барих үүрэг өгсөн. Намайг жолоодох үед 24-өөс дээш жилийн насжилттай буюу насжилт өндөртэй дугуй буудаж, урагдаж, хагарч замын хөдөлгөөний осол гарсан.

2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07/12 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хариулт 4-т “Ниссан нөүт” загварын автомашины жинхэнэ хурдыг тодорхойлох боломжгүй гэж дурдсан. Харин явсан байж болох хамгийн бага хурдыг тодорхойлъё гээд томьёолол хийж 94,68 км/цаг гэж төсөөлж дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үүнийг хавтаст хэрэгт авагдсан дараах баримтууд нотолно. Өөрөөр хэлбэл, гэрэл шилжихгүй байсан тул замдаа зогсож гэрлээ янзлах гэж оролдсон хугацаа, өөдөөс ирж буй машиныг зогсож өнгөрөөсөн хугацаа зэргийг тооцоогүйгээр барахгүй тухайн үйл явдлыг нүдээрээ харсан гэрч М.З, Л.О нарын мэдүүлгийг шүүх харгалзан үзэж шийдвэрлэх ёстой байсан.

2 дугаар хавтаст хэргийн 111 дэх талд гэрч Л.О  “...Засмал зам орох үед гэрэл шилжүүлэх гэж үзсэн, гэрэл шилжихгүй замдаа зогсож, янзлах гэж оролдож байсан” тухай, 2 дугаар хавтаст хэргийн 113 дахь талд гэрч М.З “...60-70 км хурдтай явсан, би милл харж байсан” гэж мэдүүлсэн. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07/12 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хариулт 2-т “Автомашины зүүн урд талд суурилагдсан резин дугуй буудаж, урагдаж, хагарсан нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэж үзэж байна” гэж дурдсан. Шинжээчийн дүгнэлтийн 4 дэх нүүр дугуйны тухай дүгнэсэн хүснэгтээс доош 4 дэх параграфд “...Үзлэгээр автомашины зүүн урд талд суурилагдсан дээрх дугуй нь буудаж, урагдаж, хагарсан байх бөгөөд зам тээврийн ослоос өмнө үүссэн гэж үзэж байна /4-р зураг/” гэж дурдсан байгааг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Шинжээчийн энэхүү дүгнэлт нь үндэслэлтэй болохыг 1 дүгээр хавтаст хэргийн 48 дахь тал гэрч Л.О “...Гэнэт онхолдоод байхаар нь сэрсэн чинь машин жолоодлогогүй болсон байсан” гэх, 1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь талд байх гэрч М.З-ийн “...Замаа хараач ээ, яаж байнаа гэсэн жолоо барьж явсан Г.Ц эгч одоо яах вэ, яанаа гээд байсан. Машины жолоогоо дийлэхгүй байх шиг байсан”, 1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал М.З-ийн “...Би машин дайвалзаад байсан болохоор дугуй хагарчихсан байх гэж бодсон” гэх мэдүүлгүүд нотолно.

Гэтэл шийтгэх тогтоолд Г.Ц нь “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх зааптыг зөрчсөнөөс гарсан гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн. Шүүх уг дүгнэлтийг хийхдээ мөн шинжээчийн дүгнэлтэд дурдсан “хурд тогтоох боломжгүй, хууль сануулж авсан мэдүүлгээр өгсөн гэрч Л.О, М.З нарын мэдүүлэг”-ийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй шалтгаанаа тайлбарлах шаардлагатай байсан. Эдгээрийг тайлбарлаагүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг хэрэглэж надад ашигтайгаар шийдвэрлэх байсан гэж үзэж байна.

2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07/12 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хариулт 1.7. Зам тээврийн осолд орсон автомашины урд тэнхэлгийн амортизаторын дээд тавагны дээр, хойд тэнхэлгийн пүршний дээд автомашины кузовыг дээшлүүлэх зорилгоор метал өндөрлөгөө хийсэн байна /5 дугаар зураг/. Энэ нь дугуйн өнцгийг өөрчлөх бөгөөд тэнхлэг тохиргоог алдагдуулна гэх хариулт, мөн дүгнэлтийн 1.5 дахь хариулт “гэрэлтүүлэг дохиоллын системийн ажиллах горим алдагдсан, унтраалга, шилжүүлүүр гэмтсэн тохиолдолд ашиглахыг хориглодог”, хариулт 1.6-д “нэг тэнхлэгт өөр хээтэй буюу шинэ ба хуучин дугуйнууд тавьсан тохиолдолд ашиглахыг хориглодог”.

Ш.Э-ийн үйлдэл эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан шаардлагуудтай нийцэж байна гэж үзэж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2-т “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно” гэж заасан тул иргэний хариуцагч Ш.Э-г Эрүүгийн хариуцлагад татаж өгнө үү.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ.”

Улсын дээд шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4, 28 дугаар зүйлүүдэд заасан энэ үндэслэлийг дагаж мөрдөж байсан.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 3.4.б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг жолооч хүлээхээр заасан ба хохирогч Ш.Э тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д зааснаар замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч Ш.Э хүлээх ёстой.

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангаагүй буюу хавсралтын 3.6-д “нэг тэнхлэгт өөр хэмжээ хээтэй буюу шинэ ба хуучин дугуй хийсэн”, 3.7-д “улирал, цаг агаарын тухайн нөхцөлд тохироогүй тэмдэглэгээтэй дугуй ашигласан”, 5.2-т “хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан эвдрэл гэмтэл техникийн зөрчилтэй машин механизмыг ашиглахыг хориглосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн” болохыг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07/12 дугаартай дүгнэлтийн хоёр дахь асуулт, хариулт хэсэг нотолдог. Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоосон боловч хууль хэрэглээний түвшинд гэмт хэрэг гарах болсон шалтгааныг бүрэн дүгнээгүйгээс үйлчлүүлэгч Г.Ц-ийн эрх ашиг хөндөгдсөн.

2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07/12 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хариулт 4-т “…Ниссан нөүт загварын автомашины жинхэнэ хурдыг тодорхойлох боломжгүй” гэж дурдсан. Харин явсан байж болох хамгийн бага хурдыг томъёолохдоо 94.68 км/цаг гэж төсөөлж дурьдсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэрэл шилжихгүй байсан тул замдаа зогсож гэрлээ янзлах гэж оролдсон хугацаа, өөдөөс ирж буй машиныг зогсож өнгөрөөсөн хугацаа зэргийг тооцоогүй ба тухайн үйл явдлыг нүдээрээ харсан гэрч М.З, Л.О нарын мэдүүлгийг шүүх харгалзан үзэж шийдвэрлэх ёстой байсан.

2 дугаар хавтаст хэргийн 113 дахь талд гэрч М.З “60-70 км хурдтай явсан, би милл харж байсан” гэж мэдүүлсэн. Түүнчлэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07/12 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Автомашины зүүн урд талд суурилагдсан резин дугуй буудаж хагарсан нь зам тээврийн ослын шалтгаан болсон” гэдэгт шүүх анхаарал хандуулсангүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын нэгийг үнэлэхдээ нөгөөг үнэлээгүй үндэслэлээ шүүх тайлбарлах ёстой. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07/12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд автомашины зүүн урд талд суурилагдсан дээрх дугуй осол гарахаас өмнө буудсан болохыг 4 дүгээр зургаар тодорхой харуулсан байна. Энэхүү дүгнэлт нь үндэслэлтэй болохыг 1 дүгээр хавтаст хэргийн 48 дахь талд авагдсан гэрч Л.О-ийн “Гэнэт онхолдоод байхаар нь сэрсэн чинь машин жолоодлогогүй болсон байсан”, гэрч М.З-ийн “Замаа хараач ээ, яаж байнаа гэсэн жолоо барьж явсан Г.Ц эгч одоо яах вэ, яанаа гээд байсан. Машины жолоогоо дийлэхгүй байх шиг байсан”, 1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх талд авагдсан гэрч М.З-ийн “Би машин дайвалзаад байсан болохоор дугуй хагарчихсан байх гэж бодсон” гэх мэдүүлгүүд нотолж байна.

Мөн тухайн автомашины тэнцвэр алдагдах болсон шалтгаан нь стандарт бусаар өндөрлөсөнтэй холбоотой. Г.Ц-ийн хувьд байгууллагаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу урьдчилан сэргийлэх шинжилгээнд орохоор явж байсан. Харин байгууллагын даргын томилсон жолооч Л.О согтуу байсан учир замын цагдаад мэдэгдэхгүй өнгөрөхийн тулд жолоогоо Г.Ц-д шилжүүлсэн. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл гарч байна. Мөн жолоо шилжүүлэх мөчид нөхцөл байдлыг ухамсарлаж, автомашиныг оношилж, жолоочид тавигдах үүргийг биелүүлэх боломжгүй байсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэхээр байна.

Иймд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр тогтоолын 2.2.1.1-д шүүхийн шийдвэрт эргэлзээ бүхий нөхцөл байдлыг буруу дүгнэх буюу дүгнэлтэд онцгой ач холбогдолтой нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заах байдлаар зөрүүг арилгахын оронд шууд эргэлзээ хэмээн үзэж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлахаар тайлбарласан. Тэгэхээр ажлаа хийж явахдаа өөрөөс нь хамаарахгүй шалтгаанаар зам тээврийн осол гарсан нөхцөл байдал нотлогдсон ч нотлох баримтыг үнэлэх явцад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим алдагдсан. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Алтанчимэг шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Хохирогч Ш.Э Г.Ц-г тээврийн хэрэгслийн жолооны ард хүчээр суулгаагүй. Түүнчлэн Г.Ц олон жил тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч бөгөөд Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон.

2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07/12 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 94.68 км/цаг хурдтай явсан нь тогтоогдсон. Хол, ойрын гэрэл шилжээгүйгээс осол гараагүй бөгөөд гэрч Л.О унтаж байсан учир тухайн ослын процессыг мэдээгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх талд М.З-ийн “Би машин дайвалзаад байсан болохоор дугуй хагарчихсан байх гэж бодсон” гэх мэдүүлэг авагдсан бөгөөд хэрэв машин дайвалзаж байсан бол Г.Ц зогсоох арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудад тоормосны мөр байхгүй. Г.Ц-ийн мэдүүлснээр тохирсон хурдтай явсан бол машин замын хажуу руу 38 метр орчим шидэгдэхгүй.

Хохирогч Ш.Э автомашинд металл өндөрлөгөө хийлгэсний дараа тэнхлэг тохиргоонд оруулсан болох нь “****” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тодорхойлолтоор тогтоогддог. Хохирогч Ш.Э урьдаас бусадтай үгсэн тохиролцож Г.Ц-г замын хөдөлгөөнд оролцуулсан зүйл байхгүй. Хохирогч Ш.Э-ийн буруутай үйлдлээс зам тээврийн осол гарсан үйл баримт хэрэгт байхгүй. Г.Ц захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэх хориглосон заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед хохирогч Ш.Э хүүхдээсээ хэдэн км/цаг хурдтай явж байгааг асуухад 110 км/ цаг гэхээр нь “хурдаа хасаарай, наад машин чинь жаахан хөл тавиад л хурд авчихдаг” гэж хэлээд л осол болсон талаар мэдүүлсэн байдаг.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн зөрчил байхгүй учир хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор С.Батсүрэн шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Г.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэмэгдэл ялыг хүндрүүлэн өөрчилсөн бөгөөд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ц-д дээрх зүйл, хэсэгт зааснаар ял оногдуулж эрх хасах нэмэгдэл ялыг 5 жилийн хугацаагаар тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухай гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэснийг журамлаагүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолд энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар шийдвэр гаргахдаа хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг буруу хэрэглэсэн байсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн хуулийн нэмэлт, өөрчлөлт үйлчилж эхлээгүй цаг хугацаанд буюу 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг гаргуулахтай холбоотой заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Ц-оос сэтгэцэд учирсан хохирол нийт 132,660,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу иргэний хариуцагч Ш.Э-ээс оршуулгын зардалд 14,029,700 төгрөг, бензиний зардалд 2,047,215 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 6,000,000, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ын ажилгүй байсан хугацааны цалин 3,000,000 төгрөг, нийт 25,076,915 төгрөгийг гаргуулахаар, хохирогч Ш.Э-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас эм, эрүүл мэнд, эмчилгээ ахуйн хэрэглээ, цалин, тээврийн хэрэгсэл, эмчилгээ хийхэд түрээсэлсэн байр, шатахуун зэргийн зардалд нийт 51,739,528 төгрөгийг шүүгдэгч Г.Ц-оос гаргуулахаар тус тус шийдвэрлэсэн шийдвэр нь мөрдөн байцаалтаар шалгагдаж тогтоогдсон баримтаас зөрүүтэй, үндэслэл муутай байна.

Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байдаг учраас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг зааглаж, мөрдөн байцаалтаар шалгагдаж нотлогдсон баримтыг үндэслэн шийдвэрлэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхой заасан бөгөөд анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол болох оршуулгын зардлыг иргэний хариуцагчаас гаргахаар шийдвэрлэж, уг хохиролд төлсөн шүүгдэгчийн төлсөн мөнгөн дүнгээс иргэний хариуцагчийн төлбөл зохих төлбөрийг хасаж тооцсон нь үндэслэл муутай байна.

Мөн шүүгдэгч Г.Ц-оос гаргуулахаар шийдвэрлэсэн хохирогч Ш.Э-ийн цалингийн зардлын 13,106,728 баримттай танилцахад 2022 оны 11 сараас 2023 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөж, цалин листийн мөнгийг хохирогч байгууллагаас хүлээн авсан бөгөөд үүнээс хойш ямар хугацааны цалингийн зардлыг нэхэмжилж байгаа, групп тогтоолгосон болон гар дээр авч байсан цалингийн мөнгөний зөрүү нь хэд болох талаар албан ёсны баримт хангалтгүй, мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй байхад шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх бөгөөд иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх боломжтой байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгохдоо Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсанаар холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хяналтын журмаар шүүгдэгч Г.Ц-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ц-г авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Л.О, М.З нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Ш.Э-ийн эрүүл мэндэд хүнд хохирол, С.Э-ийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-г оршин суугаа газраас буюу **** аймгийн **** сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 3 жилийн хугацаагаар хязгаарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ш.Э-ээс 11,047,215 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-д олгохоор, шүүгдэгч Г.Ц-оос 102,300,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С–д олгохоор, шүүгдэгч Г.Ц-оос 74,971,228 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Э-д олгохоор, 15,755,079 төгрөгийг Ш.Э-ээс гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Д нарт тус тус олгохоор, хохирогч Ш.Э цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “Шүүгдэгч Г.Ц-оос 102,300,000 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-д олгохоор” гэснийг хасаж, 74,971,228 төгрөг гэснийг 42,261,228 төгрөгийг гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

3. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон буюу хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цугласан ба хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Г.Ц-г гэм буруутайд тооцох шүүхийн шийдвэрийн хангалттай үндэслэл болсон байх бөгөөд шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар тодорхой тусгаж, хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

4. Шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Харин тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэх, түүнчлэн шүүхийн шийдэлд нөлөөлөхүйц эргэлзээ бий болсон тохиолдолд шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг.

Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэхгүй, хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагджээ.

5. Хоёр шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянасны үндсэн дээр гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн хэлбэрийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ц-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан зүйлчилж, хуулийг зөв хэрэглэсэн байна.

Тодруулбал, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.

Шүүгдэгч Г.Ц зам тээврийн осол болох тухайн цаг хугацаанд Ш.Э-ийн эзэмшлийн **** УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь нотлогдсон, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг хүлээсэн этгээд бөгөөд бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлтээр Ш.Э-г замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн талаар дурдсан боловч энэ нь ослын шалтгаан болоогүй, харин ослоос учирч болох хохирлын хэмжээг ихэсгэсэн,  Г.Ц-ийн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн талаар хийсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөх оруулах тухай хуулиар мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.

Шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүйгээр гэмт хэрэг үйлдэхэд үйлчилж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүнд ашигтай байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хариуцлагын хэмжээг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хүндрүүлсэн байхад хоёр шатны шүүх шүүгдэгч Г.Ц-ийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдэхэд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн цаг хугацаа, хуулийг буцаан хэрэглэхгүй үндэслэл, журмын талаар огт дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийг баримталж ял оногдуулаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулахаар тогтов.

7. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

8. Анхан шатны шүүх амь хохирогч С.Э-ийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99,000,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч С.А-ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 төгрөг, нийт 102,300,000 төгрөгийг хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.С-д, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 30,360,000 төгрөгийг хохирогч Ш.Э-д тус тус шүүгдэгч Г.Ц-оос гаргуулж арилгахаар шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шинээр зохицуулсан Иргэний хуулийн хэм хэмжээг буцаан хэрэглэхгүй, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэх талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн хэдий ч шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирол нийт 132,660,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж ерөнхий байдлаар дүгнэснийг зөвтгөх шаардлагатай байна.

9. Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн үнэлгээний тайлангаар **** УНП улсын дугаартай Nissan Note /Ниссан нөүт/ загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 18,500,000 төгрөгөөр үнэлсэн байна. /1хх-101-106/

Хэрэгт авагдсан нотлох баримтаар **** УНП улсын дугаартай Nissan Note /Ниссан нөүт/ загварын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн буюу ашиглах болон зарж борлуулах эд анги байгаа эсэх нь тодорхойгүй байхад шүүхээс тухайн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Шүүгдэгч Г.Ц-оос **** УНП улсын дугаартай Nissan Note /Ниссан нөүт/ загварын тээврийн хэрэгслийн үнэ 18,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Э-д олгохоор шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Харин  хохирогч Ш.Э-д **** УНП улсын дугаартай Nissan Note /Ниссан нөүт/ загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

10. Иймд хоёр шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэхдээ хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлах заалтыг орхигдуулсныг зөвтгөх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын 7, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 16 дугаар магадлалын 1 дэх заалтад “...амь хохирогч С.Э-ийн хууль ёсны төлөөлөгч Б.С-ын сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 99,000,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч С.А-ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 төгрөг, нийт 102,300,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.С-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Ц-оос 26,111,228 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Э-д олгох...” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                 ДАРГАЛАГЧ                                              Б.БАТЦЭРЭН

                 ШҮҮГЧИД                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                     Ч.ХОСБАЯР