Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2020/0078/З |
Дугаар | 221/МА2020/0349 |
Огноо | 2020-05-27 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2020/0349
“Сз” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 275 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д-ийн гаргасан давж заалдах гомдлоор “Сз” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.8, 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3-т тус тус заасныг баримтлан “Сз” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан гаргасан “Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулахтай холбогдуулан зөвлөх үйлчилгээний тендер зарлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний тендер зарлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх журмын 35 дугаар зүйлийн 35.1 , 35.2, 35.3 дахь заалтаар хуулийн этгээд, хувь хүнийг сонгоно. Гэхдээ зөвлөх сонгох нийтлэг журмын 36 дугаар зүйлийн 36.1, 36.9.3 дахь заалт бүрийг үндэслэн журмуудаар зохицуулж буй техникийн саналыг үнэлэх 6.2 дахь заалтын дагуу маягт 3.2-3.8 дахь заалтыг баримтлан зөвлөхийн нэг шалгуурын 3 дэд шалгуур үзүүлэлт бүрээр зөвлөхийн шалгуур үзүүлэлт нь тодорхой бус буруу байгаа тул оноо авах боломжгүй байхад зөвлөхөд оноо тавьсан, тавиагүй маргаан үүсчээ. Иймд техникийн саналыг үнэлэх 6.2 дахь хэсгийн нэг шалгуурт 3 дэд шалгуур үзүүлэлт бүрийн оноо тавьсныг шалгаж шийдвэрлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д давж заалдах гомдолдоо: “...техникийн саналыг энэ хуулийн 14-16-д заасан шаардлага, шалгуур үзүүлэлтэд үндэслэн оноо гөч үнэлнэ гэсэн нь буруу бөгөөд 14-16 үнэлгээ нь санхүүгийн чадавхыг үнэлдэг үнэлгээ болно. “Сз” ХХК-аас шалгуур үзүүлэлт бүрээр оноо өгч үнэлээгүй гэсэн гомдолд Сангийн яам татгалзсан хариу өгснийг нэхэмжлэгч хүлээн авах боломжгүй. 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8 маягтын дагуу тендерийн саналыг үнэлэхээр зөвлөхүүдэд зөвлөх үйлчилгээний маягтыг албажуулан өгсөн байдаг. Иймд дээрх маягт бүрээр тендерийн саналыг үнэлсэн гэх үндэслэлгүй захиалагчийн хүсэлтийг хүлээн авч буй шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрлөөс алийг нь нэхэмжлэгч сонгож, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсноос хамаарч шүүх 106 дугаар зүйлд заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.
Гэтэл нэхэмжлэгч “Сз” ХХК-аас “Цэвэрлэх байгууламжийн зураг төсөл боловсруулахтай холбогдуулан зөвлөх үйлчилгээний тендер зарлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээний тендер зарлагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх журмын 35 дугаар зүйлийн 35.1 , 35.2, 35.3 дахь заалтаар хуулийн этгээд, хувь хүнийг сонгоно. Гэхдээ зөвлөх сонгох нийтлэг журмын 36 дугаар зүйлийн 36.1, 36.9.3 дахь заалт бүрийг үндэслэн журмуудаар зохицуулж буй техникийн саналыг үнэлэх 6.2 дахь заалтын дагуу маягт 3.2-3.8 дахь заалтыг баримтлан зөвлөхийн нэг шалгуурын 3 дэд шалгуур үзүүлэлт бүрээр зөвлөхийн шалгуур үзүүлэлт нь тодорхой бус буруу байгаа тул оноо авах боломжгүй байхад зөвлөхөд оноо тавьсан, тавиагүй маргаан үүсчээ. Иймд техникийн саналыг үнэлэх 6.2 дахь хэсгийн нэг шалгуурт 3 дэд шалгуур үзүүлэлт бүрийн оноо тавьсныг шалгаж шийдвэрлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, шүүхээс ямар шийдвэр гаргуулж, зөрчигдсөн ямар эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж буй нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ үндэслэлийг бүрэн тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.
Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбаруудаас үзэхэд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зарласан “Сургалт мэдээллийн төв болон хамгаалалтын захиргааны нийт 6 барилгын ариун цэврийн байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажилд хяналт тавих богино хугацааны зөвлөх байгууллагыг сонгон шалгаруулах” тендерт нэхэмжлэгч “Сз” ХХК нь оролцсон байх бөгөөд Тендерийн үнэлгээний хорооноос тендерийн баримт бичгийг хянан үзэх үе шатанд нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерээс татгалзсан, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч нь тус тендерийн баримт бичгийг баталсан захиалагчийн шийдвэр болон тендерээс татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй тус тус маргаж, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “Сз” ХХК нь захиргааны ямар байгууллагын хэзээ гаргасан, ямар шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж маргаж байгаа болох, шүүхээс ямар шийдвэр гаргуулж зөрчигдсөн ямар эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж буйг тодруулах шаардлагатай байна.
Хэдийгээр анхан шатны шүүхээс нэхэмжлэгч “Сз” ХХК-ийн нэхэмжлэлд хэд хэдэн удаа бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон байх боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй хэвээр байхад бүрдүүлбэр хангагдсан гэж үзэж, захиргааны хэрэг үүсгэсэн атлаа сүүлд тодруулсан шаардлагад бус шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн нь буруу, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой бус тохиолдолд шүүх тодруулж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй болохыг анхаараагүй алдаа гаргасан байна.
Түүнчлэн нэхэмжлэгч “Сз” ХХК нь тендерээс нь татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй маргаж байгаа хэрнээ зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг хариуцагчаар тодорхойлон маргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т заасны дагуу хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солих, хэрэв нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна гэж зохицуулсанаар анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол нь ямар захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас хэрхэн хөндөгдсөн болохыг дүгнэж, хамтран хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 275 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН