Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1933

 

ХХХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00909 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ,

Хариуцагч “ХХХХ” ХХК-д холбогдох,

 

6 139 534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХ нь 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “ХХХХ” ХХК-тай байгуулсан 529 тоот хөдөлмөрийн гэрээний дагуу нэг сарын 4 000 000 төгрөгийн үндсэн цалинтайгаар 2 сарын туршилтын хугацаагаар мөн сарын 26-ны өдрөөс тус компанийн Төв аймгийн Заамар сум дахь Баяжуулах үйлдвэрийн даргаар ажилласан. Улмаар “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХ-ын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн БЗ07/16 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэдэг шалтгаанаар мөн сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

Гэвч ажил олгогч “ХХХ” ХХК ажилтан ХХХд одоо болтол цалин хөлсийг нь өгөхгүй байгаагаас гадна 4 464 673 төгрөгийн цалингийн өглөгтэй гэсэн тооцоо гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул ажилласан хугацаанд ногдох бодит цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч тус компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл амралтын өдөргүйгээр өдөр тутам 10 цаг ажилласан бөгөөд энэ нь нийт дүнгээр 33 хоног, ажлын 330 цаг болж байна. Гэхдээ нэхэмжлэгчийн хувьд ажлын илүү 2 цаг, бүгд 66 цагийн нэмэгдэлийг нэхэмжлэхгүй, ажлын өдрийн цагийг 8 цагаар тооцож байгаа юм. Хөдөлмөрийн гэрээний 8.1-т заасны дагуу сарын үндсэн цалин 4 000 000 төгрөгийг сарын дундаж ажлын хоног 21.5 өдөрт хувааж, 1 өдрийн цалин 186 046 төгрөгийг 33 өдрөөр тооцоход 6 139 534 төгрөгийн цалин хөлс авахаар болж байна. Иймд “ХХХ” ХХК-иас бодит цалин хөлс 6 139 534 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ХХХ” ХХК нь ХХХтай 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 529 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллаж байсан бөгөөд дараах шалтгааны улмаас 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн БЗ07/16 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Үүнд: ХХХ нь гэрээгээр хүлээсэн гүйцэтгэвэл зохих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, ажиллавал зохих ажлын өдрүүдэд бүрэн ажиллаагүй, удирдлагын өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлд зааснаар ажилтны гүйцэтгэсэн ажлын үр дүн, мэргэжлийн ур чадвар, ажилдаа хандах хандлага зэрэг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээний 8.3-т “ажилтны буруугаас ажлаа зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгэсэн ажилд нь тохирсон цалин хөлсийг олгох эрхтэй ба ажил олгогч ажлын үр дүнг үнэлнэ” гэх заалтын дагуу гэрээг дуусгавар болгосон.

“ХХХ” ХХК-иас 2016 оны 3, 4, 5 дугаар сарын цалин гэж 6 139 534 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжилсэн дүн нь “ХХХ” ХХК-ийн Санхүүгийн албаны гаргасан тооцоотой эрс зөрүүтэй байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасныг баримтлан “ХХХ” ХХК-иас 5 767 457 төгрөг гаргуулж ХХХд олгож, ХХХ-ны нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 372 077 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113 183 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107 229 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч ХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, манай компани ХХХтай хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа хоёр сарын хугацаатай байгуулсан бөгөөд цалинг тогтмол олгож байхаар зааж өгсөн. Өөрөөр хэлбэл нэг сарын ажлын хоногт ногдох цалин нь 4 000 000 төгрөг юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажлын хоногийг 33 хоногоор тооцож нэхэмжлэл гаргасан бол шүүх 31 хоногоор тооцож, нийт 5 767 457 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байна.

Компанийн зүгээс ХХХд олгох цалинг сард ногдох ажлын өдөр болон 15 хоногийн амралт, нийгмийн даатгал болон зохих шимтгэлийг нь хасаж тооцон 4 726 494 төгрөгийн дүнтэй цалингийн хүснэгт, өглөгийн товч тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх талууд тайлбараа баримтаар нотлоогүй гэж үзээд ХХХд олгох цалинг сарын дундаж цалин хөлсөөр тооцож бодон шийдвэрээ гаргасан нь буруу байна.

Мөн компанийн зүгээс гаргасан цалингийн хүснэгт болон өглөгийн товч тайлан зэрэг нотлох баримтуудаар ХХХд өгөх цалинг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл буюу ростерийн амралтыг дуусах хүртэл хугацааны цалинг зохих суутгал, шимтгэлийн хамт тооцож гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл ХХХд олгох цалин 4 726 494 төгрөг гэсэн дүн хамгийн үнэн, бодитой, хууль, журамд нийцсэн дүн юм. Тогтмол олгох цалинг бодохдоо сард ногдох ажлын өдрөөр тооцох ёстой атал нэхэмжлэгч болон шүүх 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд байгаа амралтын өдрүүдийг хасалгүйгээр цалин тооцох хоногийг 31 өдөр гэж үзсэн нь үндэслэлгүй.

Шүүх 5 767 457 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэхдээ нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татварыг суутгаж тооцолгүйгээр шийдвэрлэсэн нь буруу. Иймд хэрэгт авагдсан нотлох баримт, санхүүгийн тооцооллыг үндэслэн анхан щатны шүүхийн шийдвэрт заасан 5 767 457 төгрөгөөс 1 040 963 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ХХХ нь ажилласан хугацааны цалинд 6 139 534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хариуцагч “ХХХХ” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу нийт 33 өдөр ажилласан бөгөөд 1 өдрийн дундаж цалинг 186 047 төгрөгөөр тооцож дээрх цалинг гаргуулна гэснийг хариуцагч “ХХХ” ХХК эс зөвшөөрч, нэхэмжилсэн мөнгөн дүн нь манай байгууллагын Санхүүгийн албанаас гаргасан тооцооноос зөрж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 529 тоот хөдөлмөрийн гэрээгээр зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдал болон дуусгавар болсон хугацаа, ажилласан хугацааны цалин олгоогүй талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч ХХХд олгох цалингийн хэмжээн дээр  маргасан байна. /хх 5-8/

Хариуцагч “ХХХ” ХХК-ний захирлын  Б307/16 тоот тушаалаар нэхэмжлэгч ХХХтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөр дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч ажилласан хугацааны цалинг нь олгоогүй тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс шаарах эрхтэй. /хх 9/

Зохигчдын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.1-т зааснаар “...сарын үндсэн цалин 4 000 000 төгрөг” гэж тохиролцсон бөгөөд 1 хоногт ногдох цалин хөлс 186 047 төгрөг гэдэгт зохигчдын хэн аль нь маргаагүй ч ажилласан хугацааг нэхэмжлэгч 33 хоног, хариуцагч 24 хоногоор тооцсон гэж зөрүүтэй тайлбарлажээ.

Шүүх ажлын цагийг хэрхэн тооцох талаарх  хөдөлмөрийн гэрээний 10-т  заасан талуудын тохиролцоог үндэслэн 31 хоног гэж тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар тооцоход 5 767 457 /31*186 047/ төгрөгийн цалин хөлс бодогдох ба  хөдөлмөрийн гэрээний 8.4-т зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг ажилтан төлөх үүрэгтэй байх тул уг мөнгөн дүнгээс 1 040 963  суутган тооцож, нэхэмжлэгчид 4 726 494 төгрөгийн цалин хөлс олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн дурдсан үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан дүн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2016/00909 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1” гэж, “5 767 457 төгрөг” гэснийг “4 726 494 төгрөг” гэж, “372 077 төгрөгт” гэснийг “1 413 040 төгрөгт” гэж,

2 дахь заалтын “107 229 төгрөг” гэснийг “90 573 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 533 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс  хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          М.НАРАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД        

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ