Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2017/01406

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар     

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01036 дугаар шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1485 дугаар магадлалтай,

            “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Г-т холбогдох

        Худалдах, худалдан авах гэрээг цуцлаж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

           нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, О.Амгалантөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

       Нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон өмгөөлөгч П.Цэрэн-Очирын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “А” ХХК нь ТУЗ-ийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 10 тоот тогтоолоор ажилтнуудын ажлын үр дүн, удаан жил ажилласан байдал зэргийг харгалзан 8 хүнд өөрийн нэр дээр бүртгэлтэй орон сууцыг олгохоор шийдвэрлэсэн. Тогтоолын дагуу захирлын 2007 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 256-р тушаал гарч “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” хийж, худалдахыг Маркетинг худалдааны хэлтсийн дарга Г, Санхүүгийн хэлтсийн дарга О.Амгалантөгс нарт зөвшөөрсөн. Нэр бүхий 8 иргэний хоёрдугаарт Ү-2205004078 улсын бүртгэлд бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 7Б байрын 25 тоот орон сууцыг Г-т худалдсан. Худалдах, худалдан авах гэрээний үнэ 19.000.000 төгрөгийг зээл хэлбэрээр төлүүлэхээр 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцааны гэрээг байгуулсан. Г нь 2013 он хүртэл зээлийг төлөөгүй. Гэтэл 2013 оны 05 дугаар сарын 13-нд Г нь ямар нэгэн хүсэлт гаргахгүйгээр ажлаа хаяж явсан тул 5-р сарын 21-нд ажлаас халах тушаалыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Гийн зээлийн болон барьцааны гэрээнд зурсан гарын үсгийг шинжлүүлсэн боловч гарын үсэг нь биш гэсэн дүгнэлт гарсан. Г нь орон сууцны үнийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 7Б байрны 25 тоот орон сууцыг “А” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г нь 1993 оноос П.Цэнгүүнтэй тухайн үед хувиараа эрхлэх аж ахуй байх үеэс нь хамтран ажилласан. Ингээд 2013 оны 4 сар хүртэл “А” ХХК болон захирал П.Цэнгүүнтэй 20 гаруй жил хамт ажиллаж, түүний даалгаж байсан ажил үүргийг цаг хугацаанд нь үнэнчээр биелүүлж, үр бүтээлтэй ажиллаж, ажиллах хугацаандаа олон арван төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, нэр төртэй ажиллаж ирсэн. Ингэж ажилласныг нь урамшуулж “А” ХХК нь 2002 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр иргэн Т.Батсүрэнгээс Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 7Б байрны 25 тоот 3 өрөө орон сууцыг 19.000.000 төгрөгөөр худалдан авч, Г-т өгсөн. Худалдан авсан цагаас нь Г гэр бүлийн хамт амьдарсан. Нэгэнт компанийн удирдлагын шийдвэр тул орон сууцны өмчлөх эрхийг 2003 оны 02 дугаар сарын 25-нд “А” ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн. Орон сууц нь компанийн үл хөдлөх хөрөнгөд бүртгэлтэй болохоор үл хөдлөх хөрөнгийн татвар жил бүр төлж, үр ашиггүй зардал гарч байна гэж үзсэн учир өмчлөх эрхийг 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр Г-т шилжүүлсэн. Мөн “А” ХХК нь Гийн төрсөн эгч Г.Ганчимэгийн “Дөрвөн гангууд” ХХК-ийн нэр дээр хий данс нээлгэж их хэмжээний мөнгө шилжүүлж авч ашиглаж байсан. Үүнийхээ төлбөрт ч байраа өгсөн гэдэг. Гэрээгээр бол 2007 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлбөрийг төлж дуусгахаар тохирсон, төлбөр тооцоо дууссан учраас 2007 оны 11 дүгээр сарын 07-нд Г нь өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. Үүнээс хойш түүнийг ажлаас халагдахад маргаан үүсээгүй. Нэхэмжлэгч нь 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”, мөн 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Барьцааны гэрээ” байгуулсан мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч ийм гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Г нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01036 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1, 75.2.2 дахь хэсэг, 225-р зүйлийн 225.1, 227-р зүйлийн 227.1 дэх хэсэг, 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гтой байгуулсан 2007 оны 09-р сарын 21-ний өдрийн 07_02 тоот “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, улсын бүртгэлийн Ү-2205004078 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 7Б байрны 25 тоот 3 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1485 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01036 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1485 дугаар магадлалаар “А” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хариуцагч Гийн төрсөн эгч Г.Ганчимэг нь гэрчээр мэдүүлэг өгснийг өөр нотлох баримтаар нотлогдоогүй байхад түүний мэдүүлгийг үндэслэлтэй гэж дүгнэснийг хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

       Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

      Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Г-т холбогдуулан 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, орон сууц өмчлөх эрхээ шилжүүлэн авах, улсын бүртгэлд бүртгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, маргааны зүйл болж буй 3 өрөө орон сууцыг урамшуулал болгож компаниас худалдаж авч өгснийг бусдад шилжүүлсэн гэж маргажээ.

         Маргааны зүйл болж буй орон сууцыг иргэн Т.Батсүрэнгээс нэхэмжлэгч нь 19.000.000 төгрөгөөр худалдаж авсан байх бөгөөд “Алтан тариа” ХХК-ийг төлөөлж хариуцагч Г 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, 0079577 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ “А” ХХК-ийн нэр дээр гарсан байна.

       ”А” ХХК нь Г-той байгуулсан 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 07_02 тоот “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр Баянгол дүүргийн 5 дугаар  хороо, 10 дугаар хороолол, 7Б байрны 25 тоот 3 өрөө сууцыг 19.000.000 төгрөгөөр худалдахаар тохирчээ.

          Дээрх орон сууцанд Г нь 2002 оноос амьдарсан байх ба худалдан авагч нь төлбөрийг 2007 оны 12 дугаар сарын 31-ний дотор мөнгө, эсхүл эд хөрөнгийн хэлбэрээр төлснөөр түүний өмчлөлд шилжүүлэхээр тохирсон боловч хариуцагчаас дээрх төлбөрийг төлсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Гэвч ”А” ХХК-ийн 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 88 тоот албан бичгийг үндэслэн Г-ийг улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн 000039639 тоот гэрчилгээ олгогдсон байна.  

        Нэхэмжлэгч нь “... худалдах, худалдан авах гэрээний үнэ 19.000.000 төгрөгийг зээл хэлбэрээр төлүүлэхээр 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцааны гэрээг байгуулсан, Г нь 2013 он хүртэл зээлийг төлөөгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч дээрх 2 гэрээнд хариуцагч Г  гарын үсэг зураагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн  шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

         Хариуцагч Г нь 1997 оноос “Алтан тариа” ХХК-д ажиллаж байсан бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 121 дүгээр тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж, ажлаас чөлөөлөгдсөн байна.

        Хариуцагч Г нь өмчлөх эрхийн гэрчилгээгээ гээгдүүлсэн гэсэн үндэслэлээр Улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, түүнд 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 000246085 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байх бөгөөд харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан Гийн нэр дээрх 2007 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн улсын бүртгэлийн 000039635 дугаартай гэрчилгээний хуулбарыг 2016 оны 03 сарын 18, 2017 оны 01 сарын 09-ний өдөр тус тус нотариат гэрчилсэн нь хэрэгт авагдсан байна./xx-2,20,84/

     Харин 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн улсын бүртгэлийн 000039635 дугаартай гэрчилгээгээр маргааны зүйл болж буй 3 өрөө орон сууц Д.Болор-Эрдэнэ, Д.Баярхүү нарын өмчлөлд шилжсэн байх бөгөөд Д.Болор-Эрдэнэ, Д.Баярхүү нараас Гтой байгуулсан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх “...Г нь тухайн сууцаа худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Д.Болор-Эрдэнэ, Д.Баярхүү нарын өмчлөлд шилжүүлж, тэдэнд өмчлөх эрхийн 000275715 тоот гэрчилгээ олгогдсон” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т нийцээгүй байна.

            2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн болон 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр маргааны зүйл болж буй орон сууцны шилжилт хөдөлгөөний талаарх архивын баримтууд, өмчлөгч нарын мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон нь учир дутагдалтай болжээ./xx-174,200/  

          Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Түүнчлэн маргааны зүйл болж буй орон сууц нь бусдын өмчлөлд шилжсэн байхад энэ хөрөнгийг хариуцагчаас шаардаж байгаа нь ойлгомжгүй, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх шаардлага гаргасан нэхэмжлэлд тухайн орон сууц нь өөр этгээдийн өмчлөлд шилжсэн байхад маргааныг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3-т нийцээгүй байна.

         Анхан шатны шүүхийн дээрх алдааг илрүүлэлгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

        Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэсэн үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2017/01036 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 1485 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

         2. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 457.950 /дөрвөн зуун тавин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЦАГААНЦООЖ

                                   ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН