Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01036

 

 

 

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2017/01036

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, өөрийн байр, Алтан тариа ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 5-р хороо, 7Б-р байрны 25 тоотод оршин суух, регистр ЧЛ73081478, Гал овогтой Ганболдын Ганзоригт холбогдох худалдах, худалдан авах гэрээг цуцалж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхийг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, О.Амгалантөгс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир /үнэмлэх 0112/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир /үнэмлэх 0266/, гэрч Г.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтан тариа” ХХК нь ТУЗ-ийн 2007 оны 8-р сарын 16-ны өдрийн 10 тоот тогтоолоор ажилтнуудын ажлын үр дүн, удаан жил ажилласан байдал зэргийг харгалзан 8 хүнд өөрийн нэр дээр бүртгэлтэй орон сууцыг олгохоор шийдвэрлэсэн. Тогтоолын дагуу захирлын 2007 оны 09-р сарын 24-ний өдрийн 256-р тушаал гарч “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” хийж худалдахыг Маркетинг худалдааны хэлтсийн дарга Г.Ганзориг, Санхүүгийн хэлтсийн дарга О.Амгалантөгс нарт зөвшөөрсөн. Нэр бүхий 8 иргэний хоёрдугаарт Ү-2205004078 улсын бүртгэлд бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол,  7Б байрын 25 тоот орон сууцыг Г.Ганзоригт худалдсан. Худалдах, худалдан авах гэрээний үнэ 19 000 000 төгрөгийг зээл хэлбэрээр төлүүлэхээр 2007 оны 9-р сарын 1-ний өдөр зээлийн гэрээ, зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар 2007 оны 12-р сарын 1-ний өдөр барьцааны гэрээг байгуулсан. Г.Ганзориг нь 2013  он хүртэл зээлийг төлөөгүй. Гэтэл 2013 оны 5-р сарын 13-нд Г.Ганзориг нь ямар нэгэн хүсэлт гаргахгүйгээр ажлаа хаяж явсан тул 5-р сарын 21-нд ажлас халах тушаалыг гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Г.Ганзоригийн зээлийн болон барьцааны гэрээнд зурсан гарын үсгийг шинжлүүлсэн боловч гарын үсэг нь биш гэсэн дүгнэлт гарсан. Г.Ганзориг нь орон сууцны үнийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж  Орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, 7Б байрны 25 тоот сууцыг Алтан тариа ХХК-ний өмчлөлд шилжүүлэн  бүртгүүлж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ганзориг нь 1993 оноос П.Цэнгүүнтэй тухайн үед хувиараа эрхлэх аж ахуй байх үеэс нь хамтран ажилласан. Ингээд 2013 оны 04 сар хүртэл “Алтан Тариа” ХХК болон захирал П.Цэнгүүнтэй 20 гаруй жил хамт ажиллаж, түүний даалгаж байсан ажил үүргийг цаг хугацаанд нь үнэнчээр биелүүлж, үр бүтээлтэй ажиллаж, ажиллах хугацаандаа олон арван төсөл хөтөлбөр, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, нэр төртэй ажиллаж ирсэн. Ингэж ажилласныг нь урамшуулж “Алтан Тариа” ХХК нь 2002 оны 02-р сарын 21-ний өдрийн “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-гээр иргэн Т.Батсүрэнгээс Баянгол дүүргийн 5-р  хороо, 10-р хороолол, 7Б байрны 25 тоот 3 өрөө орон сууцыг 19 000 000 төгрөгөөр худалдан авч, Г.Ганзоригт өгсөн. Худалдан авсан цагаас нь Г.Ганзориг гэр бүлийн хамт амьдарсан. Нэгэнт компаний удирдлагын шийдвэр тул орон сууцны өмчлөх эрхийг 2003 оны 2-р сарын 25-нд “Алтан тариа” ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн.Орон сууц нь компанийн үл хөдлөх хөрөнгөд бүртгэлтэй болохоор үл хөдлөх хөрөнгийн татвар жил бүр төлж үр ашиггүй зардал гарч байна гэж үзсэн учир өмчлөх эрхийг 2007 оны 09-р сарын 21-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-гээр Г.Ганзоригт шилжүүлсэн. Мөн Алтан тариа ХХК нь Ганзоригийн төрсөн эгч Г.Ганчимэгийн “Дөрвөн гангууд” ХХК-ний нэр дээр хий данс нээлгэж их хэмжээний мөнгө шилжүүлж авч ашиглаж байсан. Үүнийхээ төлбөрт ч байраа өгсөн гэдэг. Гэрээгээр бол 2007 оны 12-р сарын 31-ний дотор төлбөрийг төлж дуусгахаар тохирсон, төлбөр тооцоо дууссан учраас 2007 оны 11-р сарын 7-нд Г.Ганзориг нь өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. Үүнээс хойш түүнийг ажлаас халагдахад маргаан үүсээгүй.  Нэхэмжлэгч нь 2007 оны 9-р сарын 01-ний өдрийн “Зээлийн гэрээ”, мөн 2007 оны 12-р сарын 01-ний өдрийн “Барьцааны гэрээ” байгуулсан мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч ийм гэрээнд гарын үсэг зураагүй, гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Г.Ганзориг нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Алтан тариа ХХК нь Г.Ганзоригт холбогдох 2007 оны 09-р сарын 01-ний өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”, 2007 оны 12-р сарын 01-ний өдөр байгуулсан “”Барьцааны гэрээ”-г цуцалж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “орон сууцыг худалдан борлуулж гэрээгээ зөрчсөн” гэж тодорхойлсон байна. Харин шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь 2007 оны 09-р сарын 21-ний өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг цуцалж, орон сууц өмчлөх эрхээ шилжүүлэн авах, улсын бүртгэлд бүртгүүлэхээр шаарджээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байгаа гэж үзсэн боловч маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндсэн шаардлага буюу нэхэмжлэгчийн хүсэл зориг  хэвээрээ байна.

 

Харин өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь талуудын хооронд байгуулсан гэх “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ” /хх 26-30/ байсан бол Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01-р сарын 26-ны өдрийн 602 тоот “...Зээлийн гэрээний “Зээлдэгч” гэсний доор, Барьцааны гэрээний “Барьцаалуулагч” гэсний доор “Г.Ганзориг” гэсний дээр байх гарын үсгийг нэг  хүн зурсан байна, дээрх гарын үсгүүд нь Адилтгалын шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Г.Ганзоригийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлттэй /хх 117-123/ холбоотойгоор “Худалдах, худалдан авах гэрээ”-тэй холбоотой болж өөрчлөгдсөн, өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн гэж үзэхээр байна.

 

Хариуцагч аль аль үндэслэлтэй нь холбогдуулан шүүхэд тайлбар гаргасан, шүүх хуралдааны шатанд тайлбар, нотлох баримтаараа мэтгэлцэх бүрэн боломжтой гэж үзсэн тул хэргийг хэлэлцлээ.

 

 “Алтан тариа” ХХК нь Г.Ганзоригтой 2007 оны 09-р сарын 21-ний өдөр 07_02 тоот “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, улсын бүртгэлийн Ү-2205004078 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5-р  хороо, 10-р хороолол, 7Б байрны 25 тоот 3 өрөө сууцыг 19 000 000 төгрөгөөр худалдахаар /хх 19, 35/ тохирчээ.

 

Гэрээгээр тохирсон орон сууцанд Г.Ганзориг нь 2002 оноос амьдарсан байх ба худалдан авагч нь төлбөрийг 2007 оны 12-р сарын 31-ний дотор мөнгө, эсхүл эд хөрөнгийн хэлбэрээр төлснөөр түүний өмчлөлд шилжүүлэхээр тохирсон, улмаар  Алтан тариа ХХК-ний 2007 оны 09-р сарын 26-ны өдрийн 88 тоот албан бичгийг /хх 85-88/  үндэслэн  Г.Ганзоригийг өмчлөгчөөр бүртгэж өмчлөх эрхийн 000039639 тоот гэрчилгээ /хх 20, 84/ олгосон байна.  

 

Иргэний хуулийн 110-р зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох бөгөөд сууцны өмчлөгчөөр Г.Ганзориг бүртгэгдсэнээр Алтан тариа ХХК-ний өмчлөх эрх дуусгавар болсон, энэ хуулийн 183-р зүйлийн 183.1-д зааснаар улсын бүртгэл үнэн зөв байна.

 

Алтан тариа ХХК нь өмчлөх эрхээ шилжүүлснээр эрх нь зөрчигдсөн гэж үзвэл энэ үеэс шаардах эрх үүсэх ба улсын бүртгэл буруу ташаа болсон, өмчлөгчийг буруу бүртгэсэн, өмнөх өмчлөгчийн эрх нь зөрчигдсөн талаар гомдол гараагүй байна.

Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байх ба аль ч тохиолдолд Алтан тариа ХХК нь эрхээ зөрчигдсөн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэлээ.

 

Нөгөө талаас, хариуцагчийн “...орон сууцны ямар ч гомдол гаргаж байгаагүй, төлбөрийг төлөх үүргээ зөрчөөгүй, хийсэн ажлын урамшуулалд,  мөн Дөрвөн гангууд компаний дансаар их хэмжээний мөнгө шилжүүлж байсны төлбөрт байр өгсөн” гэсэн  татгалзал, гэрч Г.Ганчимэгийн “...2007 онд Алтан тариа компаний захирал Цэнгүүн ... барилга барих гээд 1 тэрбум төгрөгийн зээл авах гэсэн юм, дансаа ашиглуулаач гэж дүү Ганзоригоор дамжуулж надаас гуйсан, би урт хугацаагаар бол зөвшөөрөхгүй гэж хэлсэн, Голомт банкны Дөрвөн гангууд компаний 1102847367 тоот дансаар мөнгө гаргана гэсэн, гэтэл 2007 онд манай компаний нэрээр 9.6 тэрбум төгрөг гаргасан байдаг, данс шүүлгэхээр энэ дүн харагддаггүй, гэтэл хий данс нээгээд авсан байсан, зээлээ Алтан тариа компани өөрөө төлсөн, манай компанид ийм их хэмжээний мөнгө авах, ашиглах ямар ч шаардлага байхгүй, данс ашигласны төлбөрт тэр 3 өрөө байрыг Ганзоригт өгсөн” гэсэн мэдүүлэг үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Г.Ганзориг нь нь өмчлөх эрхийн гэрчилгээгээ гээгдүүлсэн үндэслэлээр Улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, 2013 оны 04-р сарын 26-нд 000246085 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон /хх 32-33, 134-133, 150-159/ байх ба нэхэмжлэгч “гэрчилгээ нь эх хувиараа Алтан тариа компанид байгаа” гэх боловч шүүхэд нотлох баримтаар гаргаагүй болно.

 

Түүнчлэн өмчлөгч өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрхтэй бөгөөд   Г.Ганзориг нь тухайн сууцаа худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Д.Болор-Эрдэнэ, Д.Баярхүү нарын өмчлөлд шилжүүлж, тэдэнд өмчлөх эрхийн 000275715 тоот гэрчилгээ олгогдсон нь хариуцагчийн тайлбар, улсын бүртгэлийн лавлагаагаар /хх 150, 160/ тогтоогдсон, тэдгээрийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурьдах нь зүйтэй.

 

Алтан тариа ХХК-ийг төлөөлж Г.Ганзоригийн Т.Батсүрэнтэй 2002-02-01-ний өдөр байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” /хх 53-54/, төлбөр төлсөн баримт /хх 21-24/, Алтан тариа ХХК-ний 0079577 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ /25/-ний талаар талууд маргаагүй, хэргийн 43-49-р талд авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09-р сарын 21-ний өдрийн 05155 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1969 тоот магадлал, 75-83, 89-102 дахь талд авагдсан баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, Г.Ганзоригтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх 56-72/, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /167-171 нь Алтан тариа ХХК-д ажиллаж байсныг нотолсон байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75-р зүйлийн 75.2.1, 75.2.2 дахь хэсэг, 225-р зүйлийн 225.1, 227-р зүйлийн 227.1 дэх хэсэг, 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Ганзоригтой байгуулсан 2007 оны 09-р сарын 21-ний өдрийн  07_02 тоот “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г цуцалж, улсын бүртгэлийн Ү-2205004078 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5-р  хороо, 10-р хороолол, 7Б байрны 25 тоот 3 өрөө сууцыг өмчлөлдөө шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн Алтан тариа ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Р.АЛТАНТУЯА