Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 32

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Сартуул овогт Баярмаагийн Төрболд Шүүгдэгч Гэгээнтэн овогт Зо-ын Ба- Шүүгдэгчийн өмгөөлөгч Нирун овогт Ванчигийн Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Ба-өд холбогдох 1923000260027 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1971 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Завхан аймгийн Шилүүстэй сумын Ерөнхий боловсролын сургуульд хөгжим, бүжгийн багш ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Шилүүстэй сумын Чандмана багт оршин суух хаягтай Гэгээнтэн овогт Зо-ын Ба- РД:/ИУ********/ Шүүгдэгч З.Ба- нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу бусдын гэрт нэвтэрч 60000 төгрөгний үнэ бүхий архи хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч З.Ба-өд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулж хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, харилцан бие биенээ нотолсон доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Хохирогч Д.Батбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 оны 07 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн хооронд өөрийн байшингаасаа манай хүүхэд Солонгосоос явуулсан 2 литрийн гадаад нэртэй архи 1 шилийг алдсан. Манайх хөдөө гардаг. Тухайн үед эзэнгүй байсан. Хаалганы даруулгыг хажуу тийш нь эргүүлээд хаалгыг онгойлгосон байсан.” гэсэн мэдүүлгээрээ хэн нэгэн этгээд эзэнгүй, цоожтой байсан гэр/сууц/-ийнх нь хаалгыг онгойлгон орж 1 шил архийг нь авсан байсан гэдгийг нотолсон байна. Гэрч Н.Цэдэвдорж мөрдөн байцаалтын шатанд “2018 оны зун сургуулийн хөгжмийн багш Ба- манайд жоорныхоо ганц юмыг ах хүүтэйгээ хувааж уухаар авч ирлээ гээд том шилтэй архи авч орж ирсэн. Тэр архи задалсан, дээрээс нь жаахан уучихсан архи байсан. Хэд хоногийн дараа Батбаярын эхнэр манайд ирээд Ба- манайхаас архи авч яваад танайд очиж уусан байна, архины шил нь хаана байна гээд хайгаад олоогүй. Гадаад архи байсан. Монгол архи лав биш, нэлээд том шилтэй архи байсан. Тухайн үед би юу ч бодоогүй цуг уусан” гэж мэдүүлсэн бөгөөд энэ тухай гэрч С.Зинамядар мөрдөн байцаалтын шатанд “...2018 оны 7 сард Цэдэвдорж ахынд ороход Эрдэнэ-очир ах Цэдэвдорж ах хоёр том шилтэй архи дундаа тавьчихсан ууж байсан. Би хаанаас ийм гоё архи авчирсан юм бэ гэхэд Ба- авчирсан юмаа гэж хэлсэн. Намайг ороход Ба- байгаагүй, тэр хоёр л Ба- авчирсан гэж хэлсэн.” гэж мэдүүлэн шүүгдэгчийг том шилтэй архи авч ирж уусан гэдгийг нотолжээ. Мөн шүүгдэгч өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрч “Би 2018 оны 7 дугаар сарын 15- ны орчим байхаа яг өдрийг нь сайн санахгүй байна, нэг өдөр жаахан архи уугаад Батбаярын хашаанд орсон чинь тэдний гэрийн хаалганаас цоож зүүсэн байхаар нь очоод цоожийг нь үзсэн чинь онгорхой байсан. Тэгэхээр нь цоож, даруулга хоёрыг нь авч гэрт нь ороод гал тогооны тавилганаас нь гадаад нэртэй том шилтэй архи аваад гарсан. Тэгээд уг архиа задалж уугаад талыг нь Цэдэвдорж, Зинамядар нартай хувааж уусан.” гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлжээ. Хохирогчийн гэрээс алдагдсан 1 шил архины үнийг 60000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлтийн талаар талууд маргаагүй байна. Ийнхүү шүүгдэгч З.Ба- нь 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн орчимд Завхан аймгийн Шилүүстэй сумын Чандмана багийн иргэн Д.Батбаярын хувийн сууцны цоож, даруулгыг авч орон 2 литрийн хэмжээтэй шилтэй архи 1 ширхгийг хулгайлан 60000 төгрөгний хохирол учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Гэвч шүүгдэгчийн энэ үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын дагуу гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр, байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч З.Ба-ийн хулгайлсан 1 шил архины үнэ болох 60,000 төгрөгийн хохирлыг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учирсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт зааснаар гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсан бол хохирлын хэмжээнээс үл хамаарч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж үзэхээр байгаа ч хулгайн үйлдлийн халдлагын зүйл нь хохирогчийн амин хэрэгцээний зүйл эсхүл бусад хэрэгцээний зүйлийн алин байхыг тайлбарлаагүйгээс согтууруулах ундааны зүйл болох 1 шил архийг хулгайлах нь энэ төрлийн гэмт хэрэг болж чадах эсэхэд эргэлзээ үүсч байна. Ийнхүү шүүгдэгч З.Ба-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзээд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймгийн прокуророос шүүгдэгч З.Ба-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Гэгээнтэн овогт Зо-ын Ба-ийг цагаатгасугай.

2. З.Ба-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

4. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ