Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2019/ДШМ/09

 

З.Ба-өд холбогдох хэргийн талаар Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж Прокурор Д.Шинэбал Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч В.Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр З.Ба-өд холбогдох эрүүгийн 1923000260027 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Улиастай суманд 1971 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, Завхан аймгийн Шилүүстэй сумын Ерөнхий боловсролын сургуульд хөгжим, бүжгийн багш ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Шилүүстэй сумын Чандмана багт оршин суух хаягтай Гэгээнтэн овгийн Зо-ын Ба- РД:/ИУ********/ Шүүгдэгч З.Ба- нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу бусдын гэрт нэвтэрч 60000 төгрөгний үнэ бүхий архи хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Завхан аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Ба-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Гэгээнтэн овгийн Зо-ын Ба-ийг цагаатгаж, З.Ба-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай цагаатгах тогтоолыг 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 17 цаг 30 минутанд хүлээн авч

ХЯНАВАЛ:

Гэгээнтэн овогтой Зо-ын Ба- нь 2018 оны 07 дугаар сарын 15- наас 20-ны өдрүүдэд Завхан аймгийн Шилүүстэй сум Чандмана багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.*******ын өмчлөлийн хувийн орон сууцны хаалганы цоож, даруулгыг авч дотогш нэвтрэн орж 60.000 /Жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий “Солонгос” архи хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон. Завхан аймгийн прокурорын газраас З.Ба-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 5/22 дугаартай яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдөр хянан хэлэлцээд “...шүүгдэгч З.Ба- нь ... хувийн сууцны цоож, даруулгыг авч орон 2 литрийн хэмжээтэй, шилтэй архи 1 ширхэгийг хулгайлан, 60000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Гэвч шүүгдэгчийн энэ үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохиролын хэр хэмжээг зайлшгүй харгалзан үзэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд заасны дагуу гэм буруутай этгээдэд хүлээлгэх, эрүүгийн хариуцлага, тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэмт санаа буюу гэм буруугийн хэлбэр байдлаас гадна учруулсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч З.*******ийн хулгайлсан 1 шил архины үнэ болох 60.000 төгрөгийн хохирлыг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учирсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Түүнчлэн эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт зааснаар гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлсан бол хохирлын хэмжээнээс үл хамаарч хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж үзэхээр байгаа ч хулгайн үйлдлийн халдлагын зүйл нь хохирогчийн амин хэрэгцээний зүйл эсхүл бусад хэрэгцээний зүйлийн алин байхыг тайлбарлаагүйгээс согтууруулах ундааны зүйл болох 1 шил архийг хулгайлах нь энэ төрлийн гэмт хэрэг болж чадах эсэхэд эргэлзээ үүсч байна. Ийнхүү шүүгдэгч З.Ба-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой гэж үзээд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэсэн үндэслэлээр З.Ба-ийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд: 1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Тодруулбал: Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд хууль ёсны зарчим нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд болон бусад хуульчилсан хэм хэмжээг чанд сахих, тэдгээрт бүрэн захирагдаж, өчүүхэн ч хазайхгүй биелүүлснээр нэг мөр дагаж мөрдөх явдлыг хангах байдлаар илэрдэг. Бусад эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтрэн үйлдсэн тохиолдолд үйлдлээр нь хүндрүүлэн, эрүүгийн хариуцлага оногдуулж байхаар хууль тогтоогч хуульчлан тайлбарлаж, Эрүүгийн хуульд тусгасан нь хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ үүсгээгүй байна. Өөрөөр хэлбэл 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийг тайлбарласан тайлбарт “... Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж тодорхой хуульчилжээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд цугларсан нотлох баримтуудаар З.Ба- нь бусдын орон байранд нэвтэрч, 60.000 төгрөгийн үнэтэй 1 шил архи хулгайлсан үйлдэл нь хангалттай нотлогдож, тогтоогдсон ба энэ талаар шүүгч үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Гэтэл шүүгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, ... орон байр, ..-нд нэвтэрч үйлдсэн” хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, халдлагын зүйлийн тоо ширхэг шинж чанараас үл хамаарч, нэвтэрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр эргэлзээгүй хуульчилсан хэргийг тогтоогдсон... гэж дүгнэсэн атлаа “...хулгайн үйлдлийн халдлагын зүйл нь амин хэрэгцээний зүйл эсхүл бусад хэрэгцээний зүйлийн аль байхыг тайлбарлаагүйгээс согтууруулах ундааны зүйл болох 1 шил архийг хулгайлах нь энэ төрлийн гэмт хэрэг болж чадах эсэхэд эргэлзээ үүсэж байна” гэж хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Нөгөө талаар З.Ба-ийн үйлдсэн “хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч эд зүйл” гэмт хэргийн “Нийгмийн аюулын шинж чанар” нь бусдын Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан “эд хөрөнгө, эд зүйл шударгаар өмчлөх эзэмших эрх”-д бууль бусаар халдсан үйлдлээр тодорхойлогдох бөгөөд, энэ агуулгаар хууль тогтоогч эргэлзээгүйгээр хуульчилж тогтоосон байхад уг гэмт хэргийн хохирол, хор уршиг нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь хуулийг жинхэнэ агуулгаас нь өөрөөр тайлбарлаж хууль буруу хэрэглэн, З.Ба-ийг үндэслэлгүйгээр цагаатгасан нь буруу байна. Иймд З.Ба-өд холбогдох Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар “Улсын яллагчийн эсэргүүцэл” бичив. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн улсын яллагчийн эсэргүүцэлд бичсэн тайлбартаа: З.Ба-ийн холбогдсон эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай цагаатгах тогтоолд хяналтын прокурорын бичсэн эсэргүүцэлтэй танилцлаа. Уг эсэргүүцэл нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурор Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай цагаатгах тогтоолд эсэргүүцэл бичсэн. Уг эсэргүүцлийг эс зөвшөөрч гомдол гаргасан байгаа. Тухайн хэрэгт холбогдсон шүүгдэгч З.Ба-ийн хувьд энэ хэргийг ямар нөхцөлд үйлдсэн. Энэ нөхцөл байдлыг шүүх анхаарч шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байна гэж үзэж байгаа. Хамгийн гол нь тухайн хэрэг болсон процесс нь 2015 оны Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь ...нийгэмд хэр зэрэг хор уршиг учруулсан нөхцөл байдал бий болохыг хуульчилсан. Тухайн нөхцөлд юу, юуг харгалзаж үзэх, үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож болох эс талаар Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй байх нөхцөл боломжийн талаар заасан байгаа. Хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлын хэмжээ нь бага, хохирлыг нь төлж барагдуулсан. Мөн нийгэмд учруулсан хор уршиг нь бага байгаа. Ийм учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. Прокурор Д.Шинэбал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эсэргүүцлээ дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д байнга хүн амьдрах орон сууц, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн орсон гэх зүйл, ангиар яллаж байгаа, энэ саналаа дэмжиж байна. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл болохоор хохирлын хэмжээг огт шаардаагүй байгаа. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, нууцаар хууль бусаар авсан бол гээд заасан байгаа. Энэ хэрэгт цоожтой, цоожгүй байх нь огт хамаагүй болов уу. Яагаад гэвэл энэ үйлдэл нь хүний байнгын амьдарч байгаа орон байранд, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч орох гэсэн байгаа. Тэгэхээр тэр айлд хүн байнга амьдардаг. Иймд З.Ба-өд холбогдох Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шаардлагыг хангаагүй байна. Цагаатгагдсан этгээд З.Ба- нь 2018 оны 07 дугаар сарын 15-наас 20-ны өдрийн хооронд Завхан аймгийн Шилүүстэй сумын Чандмана багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Д.*******ын өмчлөлийн хувийн байшингаас 60.000 /Жаран мянга/ төгрөгний үнэтэй “Солонгос” архийг хууль бусаар нэвтрэн хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч Д.*******, гэрч С.*******, Н.******* нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Хэргийг прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Гэвч анхан шатны шүүх З.Ба-өд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, З.Ба-ийг цагаатгасан нь буруу байна. Өөрөөр хэлбэл: Цагаатгагдсан этгээд З.Ба- нь бусдын ...хүн байнга амьдрах ...орон байранд хууль бусаар нэвтэрч байгаагаараа онцлог бөгөөд тухайн хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ хамаагүй юм. Нөгөө талаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...хүн байнга амьдрах... орон байранд нэвтэрч үйлдсэн гэдгийг хууль тогтоогч хуульчлан тайлбарлахдаа үйлдлээр нь хүндрүүлэн эрүүгийн хариуцлага оногдуулж байхаар хуульчилсан байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, прокурор Д.Төрболдын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Цагаатгагдсан этгээд З.Ба- нь Завхан аймгийн Шилүүстэй сумын Чандмана багт оршин сууж байгаа болохыг дурдсугай. 3. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Б.НАМХАЙДОРЖ