Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01345

 

Хас банкны Баян-Өлгий салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар     

            Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 232 дугаар шийдвэр,

       Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2017/00080 дугаар магадлалтай,

            Хас банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй,

            Б, Б нарт холбогдох

           Зээлийн төлбөр 21.093.018 төгрөг гаргуулах, №1260011890 дугаартай барьцааны гэрээний дагуу хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

      нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сьезгүлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнзул, Э.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нар оролцов.

           Нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нурланы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Б нь тус банкнаас 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1260011890 тоот зээлийн гэрээгээр 20.000.000 төгрөгийн зээлийг жилийн 26,4 хувийн хүүтэй, төлбөрөө сар бүр тэнцүү хувааж хийхээр, холимог зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгөөр авч өөрийн өмчлөлийн автомашин болон хашаа байшинг газрын хамт барьцаалуулсан. Өнөөдрийн байдлаар Б-ын үндсэн зээлийн үлдэгдэл 17.472.669 төгрөг, үндсэн хүү 3.504.140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116.209 төгрөг, нийт 21.093.018 төгрөг байна. Зээлдэгч нь зээл ашиглалтын явцад банктай байгуулсан зээлийн гэрээний 3.2.1 дэх заалтыг зөрчин төлбөр хийх хугацаа хэтрүүлэн 245 хоног боллоо. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч зээлдэгч банктай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4 дэх заалтын дагуу банк нэг талын санаачилгаар 1260011890 тоот зээлийн гэрээг цуцалж байна. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлийг зээлийн гэрээний 5 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн. Тус гэрээний 5.1.1-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол банк санаачлан зээлийн гэрээг цуцалж болно гэж заасан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг нь зээлийн гэрээний 3.2.2-т зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглан зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө гэж заасныг зөрчсөнийг ойлгох тул банк зээлийн гэрээг цуцалсан. Иймд зээлдэгч Б-ын барьцаалуулсан хөрөнгөөс зээлийн нийт төлбөр 21.093.018 төгрөгийг төлүүлж банкыг хохиролгүй болгох, зээлдэгч Б-ын зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгөхийг хүсье гэжээ.

          Хариуцагч Б, Б нарын шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие Б , эхнэр Б-ын хамт Хас банкнаас зээл авсан нь үнэн. 10 гаруй удаа тус банкнаас зээл авч хугацаандаа төлж байсан. Миний бие сүүлийн нэг жилийн хугацаанд хэдэн компаниудын газар шорооны ажил гүйцэтгэсний хөлсөө авч чадаагүйгээс болж банкны зээлээ хугацаандаа төлж чадаагүй юм. Тухайлбал, Хятад Улсын Шон харайх нуруу ХХК-иас 7 сая төгрөг, “Есөн өргөө” ХХК-иас 6 сая төгрөг, “Ганбарыс” ХХК-иас 3 сая төгрөг гэх мэтчилэн олон аж ахуйн нэгж, иргэдээс авах ажил гүйцэтгэсний хөлсөө авч чадаагүй байна. Цаашид ч гэсэн газар шорооны ажил гүйцэтгэхээр байгуулсан гэрээ хэлцлүүд олон байгаа тул банкны зээлийг энэ зунд багтаагаад бүрэн төлөх боломжтой юм. Энэхүү байдлаа банкны зохих ажилтнуудад тухай бүр мэдэгдэж, мөн бүх зээлээ зохих журмын дагуу төлж барагдуулахаа хэд хэдэн удаа мэдэгдэж байсан. Гэвч банк нь 3 жилийн хугацаагаар байгуулсан гэрээг зөвхөн нэг талын санаачилгаар цуцлан миний амьдралын эх үүсвэр болсон машин болон гэр бүлээрээ амьдарч буй гэр орныг маань булаан авч дуудлага худалдаагаар хохирлоо арилгуулах шаардлага гаргажээ. Өнгөрсөн жилд улсын эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан надтай ажилласан байгууллагууд төрөөс авах ёстой тендерийн мөнгөө гүйцэд аваагүй гэх шалтгааны улмаас миний ажил гүйцэтгэсний хөлсийг өгч чадаагүй болно. Энэ зунд багтаагаад тэдгээр байгууллагууд надад ажлын хөлсөө бүрэн өгөх тул банкны зээлийг тухайн үед бүрэн барагдуулах боломжтой юм. Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 1.4-т хэрэв зээлдэгч хүсвэл зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хойшлуулж өөрчлөлт оруулж болох ба үүнтэй холбогдон гарах зардлыг зээлдэгч бүрэн хариуцна гэсэн бөгөөд миний бие дээрх шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хойшлуулж өөрчлөлт оруулахаар хэд хэдэн удаа банкны ажилтанд хандсан боловч хүсэлтийг хүлээн аваагүй билээ. Гэвч банктай байгуулсан зээлийн гэрээнд эргэн төлөлтийн хуваарьт хугацааг өөрчлөх боломжтой болохыг дурдсан тул банк намайг амьдралгүй болгохыг л оролдож гэрээний заалтыг зөрчсөн үндэслэлгүй шаардлага гаргаж байна. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэ зунд бүх зээлийг хүүтэй нь хамт төлж барагдуулна гэжээ.

           Хариуцагч Б-ын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хас банк байгуулагдсанаар би тус банкнаас 10-аад удаа зээл авч амьдралаа залгуулж байгаа хүн. 2015 онд тухайн зээлийг аваад ажил хийж байсан трактор маань эвдэрсэн тул Хас банкинд учир байдлаа хэлж ойлгуулахад өөрсдөө очиж нүдээрээ үзээд явсан. Тэр хооронд намайг шүүхэд өгөхөөр болсон. Улмаар шүүхэд өгснөөр өнөөдөр ийнхүү хариуцагчаар явж байна. 2013 онд зээл авахад миний хүүхдүүд болох Досжан, Махамбет нар хамтран өмчлөгчийн хувьд хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийн бичигт гарын үсэг зурсан. 2015 онд Хас банкнаас зээл авахдаа 20 сая төгрөгт өөрийн Камаз машиныг барьцаалж зээл авсан болно. 2015 онд хашаа байшин гэж байхгүй байсан. 2013 онд зээл хаагдсан талаар холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэжээ.

          Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 232 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан Хас банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, Б, Б нараас зээлийн нийт төлбөр 21.093.018 төгрөгийг гаргуулах, №1260011890 дугаартай Барьцааны гэрээний дагуу хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263.415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2017/00080 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 232 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ители күйк овогт Б , Найман овогт Б нараас зээлийн нийт төлбөрт 21.093.018 төгрөгийг гаргуулан Хас банкны Баян-Өлгий салбарт олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Б-ын эзэмшлийн АЯ00860908 гэрчилгээний дугаартай 1997 онд үйлдвэрлэгдсэн БӨА 44-71 улсын дугаартай Камаз маркийн авто машиныг дуудлага худалдаанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Б, Б нараас 263.415 төгрөг гаргуулан Хас банкны Баян-Өлгий салбарт олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сьезгүлийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хас Банкны нэхэмжлэлтэй, Б, Б нарт холбогдох 1260011890 дугаартай Зээлийн гэрээний дагуу төлөх үүрэг бүхий үндсэн зээл 17.472.669 төгрөг, үндсэн хүү 3.504.140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116.209 төгрөг, нийт 21.093.018 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Барьцааны гэрээ, Баталгаат ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хэрэв зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч нарын өмчлөлийн бусад хөрөнгөөс нь гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 212/МА2017/00080 дугаартай магадлалын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалын зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

        Нэг. Магадлалд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй талаар: Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгч ипотекийн эрхийн бүртгэлийг нотолгоо болгохгүйгээр зөвхөн өөрийн шаардлагыг нотлох замаар ипотекийн эрхээ хангуулахаар хэлэлцэн тохиролцож болох бөгөөд уг ипотекийг улсын бүртгэлд баталгаат ипотек гэж бүртгэнэ” гэж заасан ба энэ зохицуулалтыг Иргэний хуулийн онолын тайлбарт “Баталгаат ипотек нь ердийн ипотекээс ялгагдах онцлог нь үүргийн эрх зүйн шаардах эрх болон ипотекийн холбоо, хамаарал нь илүү их байдагт оршдог. Ипотекийн эрх нь шаардлага үүссэн эсэхтэй салшгүй холбоотой. Ипотекийн эрхийг олж авч байгаа этгээд нь энэхүү ипотекийн эрхдээ үндэслээд өмчлөгчөөс төлбөр хийхийг шаардсан тохиолдолд эрх олж авсан этгээд нь энэхүү шаардах эрх өөрт нь үнэхээр байгаа болохыг нотлох ёстой болно.” гэж тайлбарласан байна. Үүнээс үзэхэд Баталгаат ипотекийн онцлог нь ипотекийн эрхийн бүртгэлийг шаардах эрх үүсэхээс өмнө бүртгүүлсэн байх боломжтой боловч ийнхүү бүртгүүлснээр ипотекийн эрх үүсэхгүй, гагцхүү тухайн ипотекийн эрхийг олж авч байгаа этгээд нь өөрийн шаардах эрхээ нотлох замаар үүсэхээр хуульчилсан байна. Үүний дагуу Хас Банк нь хариуцагч  Б-тай 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1260006457-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, тус гэрээний 1.1 дэх хэсэгт “Энэхүү гэрээгээр Банк болон зээлдэгч Б нарын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 1260006457 дугаартай Барьцаат зээлийн гэрээ болон цаашид тэдгээрийн хооронд байгуулагдах зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийг зээлдэгч гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалуулагч нь энэхүү гэрээний 2.1-д заасан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр банкны шаардлагыг хангахтай холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлно.” гэж заасан нь гэрээг байгуулсан талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь энэхүү Баталгаат ипотекийн гэрээгээр зөвхөн 1260006457 дугаартай Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг хангуулах бус, 2013 оноос хойш Хас банк болон зээлдэгч нарын хооронд байгуулагдаж болох зээлийн гэрээнүүдийн үүргийг хангуулахад чиглэгдсэн болохыг илтгэж байна. Дээрх хуулийн заалт, түүний онолын тайлбарын дагуу Хас банк нь 2013 оноос хойш  Б-тай зээлийн гэрээ байгуулсан тохиолдолд  Б-аас зээлийн төлбөрийг шаардах эрхтэй гэдгээ нотолсноор зээлийн төлбөрийн үүргийг 1260006457- 01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-0213000839 дугаартай хувийн сууц, улсын бүртгэлийн Г-0213000156 дугаартай өмчлөлийн газраас хангуулахаар шаардах эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хас банк нь хариуцагч нараас зээлийн үлдэгдэл төлбөрт нийт 21.093.018 төгрөгийг шаардах эрхтэй болохоо 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар нотолж байгаа болно. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс Хас банк хариуцагч нартай Зээлийн гэрээ байгуулахдаа Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 200 м.кв талбайтай 8 өрөө хувийн сууц, 946 м.кв талбайтай, Г-0213000156 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай газарт баталгаат ипотекийн гэрээ байгуулаагүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 167.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт хамааралтай нотлох баримтын ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

         Хоёр. 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн авсан зээлд байгуулсан Баталгаат ипотекийн гэрээ дуусгавар болсон байна гэж дүгнэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй талаар: Иргэний хуулийн 168.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон ... бол ипотек үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчид шилжинэ” гэж заасан. Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болсон, эсхүл шаардлагаасаа татгалзсан гэж үзэхийн тулд Хас банкнаас дээрх агуулгыг илэрхийлсэн тодорхой үйлдэл хийсэн байх шаардлагатай. Хариуцагч 1260011890 дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд Хас банкны зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байх аливаа үйлдэл гаргаагүй болно. Иймд 1260011890 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор байгуулсан 1260006457-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ нь дуусгавар болоогүй, мөн Иргэний хуулийн 168.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлага дуусгавар болоогүй болно. Хас банкны Баян-Өлгий салбарын захирлын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 26/118 дугаартай Эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд бичсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгээр барьцаа чөлөөлсөн” гэсний хувьд Хас банкны Баян-Өлгий салбарын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 26/118 дугаартай "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанд” гэх Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичигт “Б тус банктай байгуулсан 1260001175 тоот барьцаат зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул..” гэсэн байна.

          Хариуцагч 1260001175 тоот барьцаат зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэгч тус албан бичгийг хүргүүлэн барьцаа хөрөнгүүдийг чөлөөлсөн боловч мөн өдрөө 1260006457-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээг “Банк болон зээлдэгч Б нарын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 1260006457 дугаартай Барьцаат зээлийн гэрээ болон цаашид тэдгээрийн хооронд байгуулагдах зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргийг хангуулах” зорилгоор байгуулсан болох нь холбогдох гэрээнүүд, дээрх албан бичгээр нотлогдож байна. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “Зээлийн гэрээнүүдийн дугаар өөр өөр байгаад, 1260001175 дугаартай гэрээний дагуу барьцаалсан хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлсөн боловч тухайн өдрөө талууд тохиролцож тухайн хөрөнгөө дахин барьцаалж Баталгаат ипотекийн гэрээ байгуулсанд дүгнэлт хийгээгүй бөгөөд барьцаа хөрөнгийг чөлөөлсөн бол дахин барьцаалж болохгүй мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй болохыг илтгэж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хэдэн гэрээ, хэрхэн байгуулагдсан болохыг тогтоогоогүй, нотлох баримтыг бүрэн гүйцэд, тал бүрээс нь шинжлээгүйгээс хариуцагч, нэхэмжлэгч нарын хооронд өмнө байгуулагдсан 1260001175 дугаартай Барьцаат зээлийн гэрээний үүргийг биелүүлсэнтэй холбоотойгоор Хас банкнаас улсын бүртгэлийн албанд хүргүүлсэн албан бичгийг буюу тус хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

         Гурав. Магадлалын зарим хэсэг үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй талаар: Улсын дээд шүүхийн Шүүхийн шийдвэрийн тухай 21 дүгээр тогтоолд “Хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, шүүхээс оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдана”, “Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана” гэж тус тус заасан байна.

          Гэтэл Магадлалд “2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн нотариатаар баталгаажуулсан хамтран өмчлөгчдийн зөвшөөрөлд “Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасан дундын өмчлөлд байгаа ... өмчүүдийг зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрөв” гэж хамтран өмчлөгч нар гарын үсэг зурсан ба дахин ашиглагдахгүй болно гэж заасан байх тул 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээнд 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн авсан зээлд байгуулсан 12600006457-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг ашиглах боломжгүй байна гэж дүгнэлээ” гэсэн байна. 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл гэх нотариатаар гэрчлүүлсэн баримтад “Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасны дагуу бидний дундын өмчлөлд байгаа 000048707, Г-0213000156 улсын бүртгэлийн дугаар бүхий өмчлөлийн газар, 000062759, Ү-0213000839 улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн сууцыг Б-ын зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрөв. Энэ зөвшөөрөл нь зөвхөн дээр дурдсан үйлдэлд хамаарагдах ба дахин ашиглагдахгүй болно.” гэсэн байна. Иргэний хуулийн 128.2-т заасан шаардлагыг хангасан байдлаар авсан Хамтран өмчлөгчдийн зөвшөөрлийг үндэслэн Хас банк зээлдэгчтэй Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан. Хариуцагч нь 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1260006457 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 1260011890 дугаартай Зээлийн гэрээг тус тус байгуулж, эдгээр гэрээгээр хүлээсэн үүргээ Баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар харилцан тохиролцсон. Дээрх “Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл” баримтад “....Зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрөв” гэсэн байгаа бөгөөд 1260006457 дугаартай Барьцаат зээлийн гэрээ эсхүл 1260011890 дугаартай Зээлийн гэрээний барьцаанд гэж тусгаагүй, Баталгаат ипотекийн гэрээний дагуу өөрсдийн өмчлөлийн хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрч байна гэсэн агуулга тусгагдсан байна.

Мөн 2013 оны 1260006457 дугаартай Баталгаат ипотекийн гэрээний 1-1 дүгээр хавсралт “Барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл” гэх баримтыг талууд харилцан тохиролцож үйлдсэн байх бөгөөд тус баримтад “Барьцаалуулагч Б-ын барьцаалуулсан эд хөрөнгийг хамтран өмчлөгчид бид зээлдэгч Б нь Хас банктай байгуулсан 1260006457 дугаар Барьцаат зээлийн санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг дээрх барьцаа хөрөнгийн өөрт ногдох хэсгээс хангахыг зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгийг Баталгаат ипотекийн гэрээний дагуу барьцаалуулсан бол дээрх зөвшөөрөл нь зээлдэгч болон банкны хооронд цаашид байгуулагдах зээлийн болон санхүүгийн түрээсийн гэрээнүүдэд мөн адил хамаарна.” гэж тусгасан байна. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс энэ нотлох баримтыг үнэлээгүй, талуудын хүсэл зориг юу байсан, ямар зорилгоор Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан, тус гэрээнд яагаад дээрх заалтыг тусгасан, Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл” баримтад “....Зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрөв” гэсэн нь яг аль гэрээний зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрснийг илэрхийлж байгааг, Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, хөрөнгийг барьцаалахыг зөвшөөрч байгаа бол тус Баталгаат ипотекийн гэрээгээр барьцаалсан хөрөнгөөр хэдэн ч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн боломжтой байдаг талаар хамтран өмчлөгчид нь ойлгож мэдсэн байх ёстой зэргийг үнэлээгүйгээрээ нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд дээрх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 212/МА2017/00080 дугаартай магадлалын зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын “1260006457-01 дугаартай Баталгаат ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулахыг даалгах”-тай холбогдсон хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, магадлалд өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны байх шаардлагад нийцсэн байна.            

       Нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч Б, Б нарт холбогдуулан ”...эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний 5.1.1, 5.1.4-т заасан үндэслэлийн дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэлд 17.472.669 төгрөг, зээлийн хүүд 3.504.140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116.209 төгрөг, нийт 21.093.018 төгрөг гаргуулах, зээлийн барьцаат хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хариуцагч нар “... банк нь 3 жилийн хугацаагаар байгуулсан гэрээг зөвхөн нэг талын санаачилгаар цуцалж байгааг зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний 1.4-т хэрэв зээлдэгч хүсвэл зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хойшлуулж өөрчлөлт оруулж болох ба үүнтэй холбогдон гарах зардлыг зээлдэгч бүрэн хариуцна гэсэн бөгөөд хуваарьт хугацааг хойшлуулж өөрчлөлт оруулахаар хэд хэдэн удаа банкны ажилтанд хандсан боловч хүсэлтийг хүлээн аваагүй, энэ зун зээлийг хүүтэй нь хамт төлж барагдуулна” гэжээ.

         Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч банк нь үндсэн зээлийн үлдэгдэлд 17.472.669 төгрөг, зээлийн хүүд 3.504.140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116.209 төгрөг, нийт 21.093.018 төгрөг гаргуулахыг хүссэн ба хариуцагч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 13.500.000 төгрөг төлөх ёстой гэж тайлбарлаж байгааг дүгнэхэд нэхэмжлэгч нь зээлдэгч нараас 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл  хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг хэрхэн тооцож нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, зээлдэгчийн төлсөн зээлийн хэмжээ болон зээлийн үлдэгдэл, хэдэн төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар нарийн тооцоогүй, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүй байна.

          Хас банкны Баян-Өлгий салбараас 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч Б, Б нар нь 20.000.000 төгрөгийн зээлийг, 36 сарын хугацаатай авч, 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн барьцааны гэрээгээр БӨА 4471 улсын дугаартай камаз маркийн автомашин, 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн барьцааны гэрээгээр Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 200 м.кв талбайтай 8 өрөө хувийн сууц барьцаалан зээл авсан тухай баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

       Хариуцагч Б, Б нар нь “...эргэн төлөлтийн хуваарийн дагуу 13.500.000 төгрөг төлөх ёстой гэх тайлбараа баримтаар нотлож чадаагүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэлд 17.472.669 төгрөг, зээлийн хүүд 3.504.140 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 116.209 төгрөг, нийт 21.093.018 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, Б-ын дансны хуулга болон бусад баримтаар нотлогдож байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

        Давж заалдах шатны шүүх хариуцагч Б, Б нараас зээлийн нийт төлбөрт 21.093.018 төгрөгийг гаргуулан Хас банкны Баян-Өлгий салбарт олгож, хариуцагч Б-ын эзэмшлийн АЯ00860908 гэрчилгээний дугаартай БӨА 4471 улсын дугаартай, Камаз маркийн автомашиныг албадан дуудлага худалдаанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Ү-0213000839 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Өлгий сумын 4 дүгээр багт байрлах 200 м.кв талбайтай 8 өрөө хувийн сууц, 946 м.кв талбайтай, Г-0213000156 өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай газрын хамт албадан дуудлага худалдаанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлжээ.

        Хас банкны Баян-Өлгий салбар нь хариуцагч Б, Б нарт 20.000.000 төгрөгийн зээл олгохдоо баталгаат ипотекийн гэрээг байгуулсан гэсэн боловч 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн авсан зээлд байгуулсан 12600006457-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ нь дээрх 20.000.000 төгрөгийн зээлд хамаарахгүй, Хас банкны Баян-Өлгий салбарын захирлын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 26/118 дугаартай Эд хөрөнгийн улсын бүртгэлийн албанд бичсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт барьцаанаас чөлөөлсөн тухай албан бичгээр барьцаанаас чөлөөлснөөр баталгаат ипотекийн гэрээ дуусгавар болсон тухай давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

           2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн нотариатчаар баталгаажуулсан хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл нь зөвхөн нэг гэрээнд хамаарагдах, дахин ашиглагдахгүй гэсэн   агуулгатай байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй гэрээнд өмнө авсан зээлийн үүргийн гүйцэтгэлд байгуулсан 12600006457-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг ашиглах боломжгүй тухай давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэлцлийн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тайлбарласан гэж үзнэ. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сьезгүлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 212/МА2017/00080 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сьезгүлийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Нэхэмжлэгч Хас банкны Баян-Өлгий салбарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 263.415 /хоёр зуун жаран гурван мянга дөрвөн зуун арван тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН