Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2020/0398

 

   “Зоө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

      захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, Ж.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 301 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “Зоө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 301 дүгээр шийдвэрээр: “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор хангагч, хэрэглэгчийн хооронд гарсан маргааныг шийдвэрлэхээс татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Усуг болон “Зоө” ХХК-ийн хооронд үүссэн өр төлбөртэй холбоотой маргааныг хуульд нийцүүлэн шийдвэрлэж өгөхийг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий “Зоө” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Зоө” ХХК давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 ба 32-р зүйлд зааснаар хавтаст хэрэгт ач холбогдолтой Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны 11-р тогтоол гаргах үед сонсох ажиллагаатай холбоотой нотлох баримтыг гүйцэт цуглуулж аваагүй, танилцаагүйгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт үндэслэн дүгнэлт хийв. Хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргаан нь Усуг болон “Зоө" ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир татан зайлуулах 240574 тоот гэрээнээс үүссэн маргаан биш “Зоө" ХХК-ийг хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг явуулахдаа тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж ангилалд багтаан үйлчилгээний хууль бус тарифаар хураамж аван орон сууцны нийтийн аж ахуйн үйлчилгээний чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд Зохицуулах Зөвлөлөөс 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоол “Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах” тухай мөн Зохицуулах Зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 44-р “Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамж батлах” тогтоолоор тариф мөрдүүлж, Хууль зүйн яаманд бүртгүүлж,  хууль зүйн мэдээлэл сэтгүүлд нийтлээгүй тарифын маргааныг Монгол улсын Засгийн газрын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Захиргааны хэм хэмжээний актын" мөрдөх журам батлах тухай 119 дүгээр тогтоолыг зөрчсөн тул “Зоө” ХХК үүссэн төлбөрийг төлөхгүй гэсэн маргааныг гэрээний маргаан мэт шүүгчийг төөрөгдүүлэн дээрх шүүхийн шийдвэрийг гаргалаа.

Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актаас үүссэн тарифын маргааныг Усугтай аль 2013 онд хийгээд үйлчлэл дууссан гэрээтэй холбон тайлбарлаж буй нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримт цуглуулах үүргээ анхан шатны шүүх биелүүлэхгүйтэй холбоотой бөгөөд Зохицуулах Зөвлөлийн гишүүдэд танилцуулсан Захиргааны ерөнхий хуулийн 13-28-р заалтуудыг хангалтгүй бичлэг, утга, найруулгын алдаатай бичиг баримтуудтай огт танилцуулаагүй байж үнэ тарифтай агентлагийн хуулиар тогтоосон үүргээ биелүүлэхгүй “хангагч" хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэлгүй Иргэний шүүхийн шүүгчээр асуудлыг шийдвэрлэхээр түлхэж Зохицуулах Зөвлөл нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний тухай хуулийн 22.1-д заасан үүргээ биелүүлээгүй байхад анхан шатны шүүх түүнийг зөвтгөж буй нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Усуг болон “Зоө” ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах 240574 тоот гэрээ” хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүх шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Зоө” ХХК-ийн хэрэглэсэн цэвэр усны өр төлбөр 83 489 632 төгрөгийг “Усуг” ОНӨААТҮГ-т төлөх эсэх тухай маргаан нь хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан “Цэвэр ус түгээх, бохир ус татан зайлуулах гэрээ”-ний үүрэгтэй холбоотой маргаан байх тул Зохицуулах зөвлөлөөс тус асуудлыг шийдвэрлэх боломжгүй хэмээн хариу өгсөн нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 22.2-т заасныг зөрчөөгүй талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь тухайн нутаг дэвсгэрт усны үйлчилгээний төлбөр, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний тарифыг тогтоох, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй байгууллага байх бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг ... ”, 22.2-т “ ... тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон хангагч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг ...” Зохицуулах зөвлөл нь эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

Гэтэл нэхэмжлэгч “Зоө” ХХК нь “Усуг” ОНӨААТҮГ-тай 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”-ээр тохиролцсон цэвэр усыг зөөвөрлөн түгээх үйл ажиллагаатай холбогдон гарсан зардал, төлбөр тооцооны асуудал болон Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх маргааныг Зохицуулах зөвлөл шийдвэрлэх ёстой гэж маргаж буй нь үндэслэлгүй, дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар Зохицуулах зөвлөл нь цэвэр усны үйлчилгээний төлбөр тогтоох аргачлал, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйлчилгээний тарифыг батлах л бүрэн эрхтэй.

Тодруулбал, “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ”-нд зааснаар “Зоө” ХХК-ийн зөөвөрлөсөн, хэрэглэсэн цэвэр усны төлбөрийг Зохицуулах зөвлөлийн баталсан тарифын дагуу “Усуг” ОНӨААТҮГ нь тооцож авах ба төлбөрийн тооцоололд маргаан үүссэн, өөрөөр хэлбэл, хууль бус тарифаар тооцож төлбөр тогтоон, илүү мөнгө нэхэмжилсэн эсэх, тухайн нэхэмжилсэн төлбөрийг нэхэмжлэгч хуулийн этгээд төлөх үндэслэлтэй эсэх, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх зэргийг дүгнэж, шийдвэрлэх эрх Зохицуулах зөвлөлд олгогдоогүй байна.

Иймд “Зоө” ХХК-ийн хэрэглэсэн цэвэр усны өр төлбөр 83 489 632 төгрөгийг “Усуг” ОНӨААТҮГ-т төлөх үндэслэлтэй эсэх маргааныг шийдвэрлэх бүрэн эрх Зохицуулах зөвлөлд хууль тогтоомжоор олгогдоогүй, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдэж, тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй, иймээс уг асуудлыг шийдвэрлэхийг даалгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолд “Зоө” ХХК болон “Усуг” ОНӨААТҮГ нарын хооронд байгуулагдсан 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ” хэрэгт авагдаагүй гэх боловч хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд нотлох баримтаар авагдсан байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “Зоө” ХХК болон “Усуг” ОНӨААТҮГ нар нь аль аль нь зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдүүд болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 301 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Зоө” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН