Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 06

 

 

 

           

 

 

 

 

 

Г.Энхтөрийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 489 дүгээр шийдвэртэй, Увс аймгийн Давст сумын 03 дугаар багт оршин суух, Балжин овогт Гончигийн Энхтөрийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Давст  сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Энхтөр, хариуцагчийн итгэмэлэгдсэн төлөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Цалин 2.000.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Увс аймгийн Давст суманд 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Аваргын гараа” нэртэй Бөхийн клуб нээгдсэн ба улмаар миний бие нь тус сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/76 дугаар захирамжийн дагуу тус клубын дасгалжуулагч, арга зүйч багшаар ажиллах болсон. Ажилд авах тушаалдаа цалингийн талаар дурдаагүй ба сарын 500.000 төгрөгөөр цалинжуулахаар амаар тохиролцсон. Би 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 4 сар гаруй ажилласан ба ажиллаж байх хугацаандаа ямар ч цалин аваагүй тул  арга буюу ажлаас гарсан. Засаг даргаас цалингаа асуухад "Төсөв мөнгө байхгүй байна, төсөв мөнгө шийдэгдэхээр өгнө" гэдэг. Иймд Увс аймгийн Давст сумын Засаг даргаас “Аваргын гараа” бөхийн клубийн дасгалжуулагч, арга зүйч багшаар 4 сар ажилласан хугацааны цалин 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “2014 оны 06 дугаар сард “Увс нуур” дэвжээний бөхийн галын тэргүүн Д.Дорлигжавын санаачилга, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дэмжлэгээр тус суманд “Аваргын гараа” бөхийн дэвжээг нээж Г.Энхтөрд уг дэвжээг хариуцуулан орон тооны бус дасгалжуулагч багшаар томилсон ба тухайн үед ямар нэгэн гэрээ байгуулж цалин хөлс тохироогүй. Эцэг, эх, суралцагч, тамирчдаасаа төлбөр авч цалин хөлсөө зохицуулах, улмаар бөхийн спортыг хөгжүүлэх чиглэлээр аймаг сумын Засаг даргын хөтөлбөр, бодлогод тусгагдсаны дагуу 2015-2016 оны төсөвт орон тоог баталж, өөрийг чинь авч ажиллуулна гэдэг чиглэл өгсөн. 2014 оны 7-8 дугаар сард сурагчид амарсан үеэр ажиллаагүй, 9-10 дугаар сард хааяа нэг ажилласан. Тухайн үед Г.Энхтөрийн ажилласан цагийг бүртгээгүй, тэгээд ч өөрөө орлого бүрдүүлж ажиллах ёстой. Сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/76 тоот захирамж нь дэвжээ нээх тухай захирамж байсан. Иймд Г.Энхтөрд ямар нэгэн цалин хөлс олгох ёсгүй.” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргын тамгын газраас 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Энхтөрд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Энхтөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг даргын Тамгын газраас 46.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Энхтөрд олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “.Аваргын гараа" бөхийн клуб нь төрийн болон орон нутгийн чийн байгууллага биш бөгөөд Давст сумын Засаг даргад хамааралгүй тусдаа бие даасан байгууллага байхад Засаг дарга Ж.Батсүх намайг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй, уг хэргийн хариуцагч нь би биш юм. Түүнчлэн Г.Энхтөр нь 2014 оны 6 дугаар сараас 2014 оны 10 сарын 20-ны хооронд “Аваргын гараа” бөхийн дэвжээнд ажиллаж байсан нь хангалттай нотлогдоогүй. Г.Энхтөрийн ажлын цагийг бүртгэж байсан цагийн бүртгэл, ажлын цагаа тооцуулж, цалин хөлс авч байсан зэрэг баримтууд байхгүй байхад шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. Г.Энхтөр сард 500.000 төгрөгийн цалин хөлс авахаар тохиролцсон гэж зөвхөн өөрөө тайлбарлаж байгаа ч бусад байдлаар үүнийгээ нотолж чадаагүй, нотлох баримт хэрэгт байхгүй. Гэрч П.Ганбаатар, Б.Нямдаваа нар нь Г.Энхтөрийн хариуцсан клубд хичээллэж байсан талаар шүүхэд мэдүүлэг өгсөн болохоос Г.Энхтөрийг 2014 оны 06 дугаар сараас 2014 оны 10 сарын хооронд тус клубд ажиллаж, сарын 500.000 төгрөгийн цалин хөлс авч байсныг гэрчилж мэдүүлэг өгөөгүй байна. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны  бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн  шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Г.Энхтөр нь Увс аймгийн Давст сумын  засаг даргад холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацааны цалин 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гаргасныг шүүх мөн өдөр хүлээн авсан  байна.[1]

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Увс аймгийн Давст сумын Засаг  даргын  2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/76 дугаар  захирамж[2], гэрч П.Ганбаатар, Б.Нямдаваа нарыг гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг, талархлын бичиг[3], зураг[4] зэрэг баримтуудыг ирүүлжээ.

Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/76 дугаар захирамжийн  агуулга, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч Г.Энхтөр нь 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажлаас гарсан гэж тайлбарладаг ба шүүхэд 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг 1 жил, 4 сар, 12 хоногоор хэтрүүлсэн байгааг  анхан шатны шүүх анхаараагүй нь шийдвэр хууль ёсны байх шаардлагыг зөрчжээ.

Нэхэмжлэгч гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан  гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа “Засаг даргаас цалингаа асуухад төсөв мөнгө байхгүй байна, төсөв мөнгө шийдэгдэхээр өгнө" гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан бусад баримтаар энэ нь тогтоогдохгүй байгаа талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдөх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 46950 төгрөгийг Төрийн сангийн Увс салбарын 150000941 дугаартай данснаас гаргаж, Увс аймгийн Давст сумын Засаг даргад буцаан олгоно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Энхтөрийн “Аваргын гараа” бөхийн клубын дасгалжуулагч, арга зүйч багшаар 4 сар ажилласан хугацааны цалин 2.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Увс аймгийн Давст сумын Засаг дарга Ж.Батсүхийн  давж заалдах гомдол  гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг Төрийн сангийн Увс салбарын 150000941 дугаартай данснаас гаргаж, Увс аймгийн Давст сумын Засаг даргад буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

                                   

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хуудасны ар талд

[2] Хэргийн 4 дүгээр хуудаст

[3] Хэргийн 30 дугаар хуудаст

[4] Хэргийн 29 дүгээр хуудаст