| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Очирбатын Чулуунцэцэг |
| Хэргийн индекс | 185/2017/0023/Э |
| Дугаар | 483 |
| Огноо | 2017-06-27 |
| Зүйл хэсэг | 270.1., |
| Улсын яллагч | Т.Оргил-Очир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 483
Р.Онон, Р.Орхон нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
прокурор Т.Оргил-Очир,
яллагдагч нарын өмгөөлөгч Д.Нямдорж, М.Дэлгэрнасан
нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнийн гаргасан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 462 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Т.Оргил-Очирын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн эсэргүүцлээр Р.Онон, Р.Орхон нарт холбогдох эрүүгийн 201601000077 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигин овогт Рэнцэндоржийн Онон,1973 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Зам тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч ажилтай байсан, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг “Ривэр Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЧТ73071116/,
2. Боржигин овогт Рэнцэндоржийн Орхон, 1970 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Лагшмий Эффект” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 10-б байрны 103 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ЧТ70022835/
А/ Р.Онон нь Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа хууль ёсны орлогоосоо гадна Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг “Ривэр Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь 242 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг бэлнээр 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 200.000 ам.доллар, 2012 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 260.000 ам.доллар нийт 460.000 ам.доллар буюу 641.736.800 төгрөгийг төлж, улмаар үлдэгдэл 3.218.200 төгрөгийг нэмж төлөн нийт 644.955.000 төгрөгөөр авч, онц их хэмжээний эд хөрөнгө олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт,
Б/ Р.Орхон нь иргэн Д.Лхагвадаш, Н.Цог нарыг Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрт нь 100.000.000 төгрөг тус тус зээлүүлсэн талаар мэдүүлэг өгөхийг гуйж ятган Н.Цогийг 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр, Д.Лхагвадашийг 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр тус тус энэ талаар гэрчийн мэдүүлэг өгүүлж мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан,
- 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо шүүх хуралдаанд оролцох эрх үүргийг дэлгэрэнгүй тайлбарлуулан, хууль сануулсан баримт дээр гарын үсэг зурж өгсөн мэдүүлэгтээ “...би энэ байрыг нийт 460.000 ам.доллараар худалдаж авсан... би Н.Цог гэдэг найзаасаа 100.000.000 төгрөг, Д.Лхагвадаш гэдэг найзаасаа 100.000.000 төгрөг тус тус зээлж авсан” гэж, Улсын яллагчийн “Хавтаст хэрэгт гэрч Н.Цог мэдүүлэхдээ танд 100.000.000 төгрөг зээлээгүй талаар мэдүүлсэн байдаг энэ ямар учиртай юм бэ” гэсэн асуултанд хариулахдаа “Н.Цог ямар учраас ийм мэдүүлэг өгснийг мэдэхгүй байна... Н.Цог, Д.Лхагвадаш нараас мөнгө зээлэхдээ баримт үйлдээгүй” гэж, “Та 460.000 ам.долларыг хаана хадгалж байсан юм бэ” гэсэн асуултанд хариулахдаа “Би гэртээ хадгалж байсан” гэж илт худал мэдүүлэн шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан,
Шүүх хуралдаан даргалагчийн “Таны хадгалаад байгаа мөнгө доллараар байсан уу, төгрөгөөр байсан уу” гэсэн асуултанд хариулахдаа “...доллараар байсан, 20 боодол болох байх” гэж илт худал мэдүүлэн шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан,
Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасангийн “Байрны мөнгийг хэн хэзээ яаж тушаасан бэ” гэсэн асуултанд хариулахдаа “Төлбөрийн асуудлын үед би их завгүй байсан учраас дүү Отгонтулгад даалгасан. Сүүлд сонсоход Отгонтулгатай Агиймаа хамт байрны төлбөрийг тушаасан байсан” гэж, Иргэдийн төлөөлөгчийн “Таны гэрээс Отгонтулга мөнгө авахад хөндлөнгийн гэрч байсан уу” гэсэн асуултанд хариулахдаа “Би тухайн үед завгүй байсан учраас дүү нартаа хэлсэн. Ахынхаа байрны төлбөрийг хийгээрэй, миний мөнгө гэрт байгаа талаар Отгонтулгад хэлсэн” гэж, мөн иргэдийн төлөөлөгчийн “Таны дүү Отгонтулга 460.000.000 төгрөгийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр таны гэрээс авсан юм бэ” гэсэн асуултанд хариулахдаа “Би санахгүй байна, миний завгүй үед таарсан” гэж илт худал мэдүүлэн шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: Р.Ононгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2701 дүгээр зүйлийн 2701.2, Р.Орхоны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд Р.Орхоны орлогын эх үүсвэр, онц их хэмжээний эд хөрөнгийг худалдан авахад хүргэсэн гэх хуримтлал тухайлбал тэрээр БНЧУ, Австрали, БНХАУ, БНСУ зэрэг орнуудад ажиллаж, амьдарч мөнгөн хөрөнгө хуримтлуулсан эсэх өөр бусад байдлаар бизнес эрхэлж байсан зэргийг нэг мөр гүйцэт тогтоогоогүй байна.
2. Мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Лхагвадаш, Н.Цог нарын “Р.Орхонд мөнгө зээлээгүй” гэсэн мэдүүлэгт хөтлөгдөн энэ асуудлыг шалгасан нь Р.Орхонд огтоос 460.000 ам.доллар /640.000.000 төгрөг/ байгаагүй, энэ нь худал, эсхүл Д.Лхагвадаш, Н.Цог нараас мөнгө зээлсэн гэж мэдүүлсэн нь худал аль нь болох нь эргэлзээ бүхий байна. Өөрөөр хэлбэл Р.Орхоны хувьд орон сууц худалдан авахад зээлсэн гэх 200.000.000 төгрөгийн хувьд үгүйсгэгдэх үү эсхүл үүнээс шалтгаалж Р.Орхоны 460.000 ам.доллар /640.000.000 төгрөг/ бүхэлдээ үгүйсгэгдэнняцаагдах эсэх нь эргэлзээтэй.
Р.Орхоны “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот орон сууцыг өөрийн Чех, Австрали, Хятад, БНСУ зэрэг орнуудад ажиллаж хуримтлуулсан орлогоос үүдэлтэй мөнгөөр худалдаж авсан...460.000 ам.доллар /640.000.000 төгрөг/ гэртээ хадгалж байсан...” гэх мэдүүлэг бодитой эсэх, Р.Орхонд байсан мөнгөний хэмжээг бодитой тогтоогоогүй нь түүний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Энэ нь тодорхойгүй байгаа аль нэг үйл баримтыг тогтоохдоо аль нэг оролцогчид ашигтай байх бус нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон байх зарчмыг баримтлах учиртайг харуулж байна.
Ийм учраас Р.Орхоны орлогын эх үүсвэр, онц их хэмжээний эд хөрөнгийг худалдан авахад хүргэсэн гэх хуримтлал, БНЧУ, Австрали, БНХАУ, БНСУ зэрэг орнуудад ажиллаж, амьдарч мөнгөн хөрөнгө хуримтлуулсан эсэх өөр бусад байдлаар бизнес эрхэлж байсан зэргийг нэг мөр шалгасны эцэст Р.Онон нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг “Ривер Гарден" хотхоны 304 дүгээр байрны 201 тоот орон сууцтай чухам ямар сэжимээр холбогдож байгааг тогтоох нь чухал болохыг анхан шатны шүүхийн “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай” шүүхийн тогтоолд заасаар байхад энэ талаар тодорхой ажиллагаа хийгээгүй нь хэргийн бодит үнэнийг тал бүрээс нь тогтоох, хэрэг маргааныг шударга ёсны зарчимд нийцүүлэн үндэслэлтэй шийдвэрлэхэд саадтай байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлд заасан шүүн таслах ажиллагаанд саад учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжүүд болох мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс хууль бусаар оролцож, эдгээр байгууллагын бие даасан ажиллагаа, мөрдөн байцаагч, шүүгч зэрэг ажилтнуудын хараат бус байдлыг алдагдуулж, төвөг бэрхшээл учруулсан, нөлөөлөх гэсэн зэрэг нөхцөл байдлууд Р.Орхоны шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгт бий эсэх, эсхүл гэрчийн этгээд шүүх хуралдаанд огт болоогүй зүйлийг болсон мэтээр гажуудуулж мэдүүлсэн эсэхийг харьцуулан дүгнэх хэрэгтэй.Тухайлбал Р.Орхоны шүүх хуралдаанд мэдүүлсэн “...460.000 ам.долларыг гэртээ хадгалж байсан..., уг мөнгө доллараар байсан..., Р.Отгонтулга уг мөнгийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр авсныг санахгүй байна, миний завгүй үед таарсан... Сүүлд сонсоход Р.Отгонтулгатай Агиймаа хамт байрны төлбөрийг тушаасан...” гэх зэрэг мэдүүлгүүд илт худал эсэхийг мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа хийж тогтоох нь зүйтэй.
Энэ нь Р.Орхоны онц их хэмжээний эд хөрөнгийг худалдан авахад хүргэсэн орлогын эх үүсвэрийг нэг мөр шалгаж тодруулах шаардлагатайг харуулж байна.
Иймд Р.Онон, Р.Орхон нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг дутуу явуулсанаас цугласан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүхээс энэ хэргийн талаар үндэслэл бүхий тогтоол гаргахад ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлууд эргэлзээ бүхий хэвээр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлууд дутуу тогтоогдсоныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцааж, яллагдагч Р.Онон, Р.Орхон нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлжшийдвэрлэжээ.
Прокурор Т.Оргил-Очир давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...462 дугаартай шүүгчийн захирамж нь хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлаагүй буюу хэргийн жинхэнэ байдалд эрх зүйн зөв үнэлэлт, дүгнэлт өгөөгүй шийдвэр гэж үзэж байна.Түүнчлэн шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан “Шүүгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд энэ хуульд заасан байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг бүрэн хангасан, шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болох зүйл байхгүй гэж үзвэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдааны товыг зарлана” гэснийг хэрэгжүүлэхгүйгээр буюу яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй атлаа “хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байх тул уг шийдвэрийг эс зөвшөөрч, дараах байдлаар эсэргүүцэж байна. Үүнд:1. Захирамжийн 1 дэх заалтад “...Нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд Р.Орхоны орлогын эх үүсвэр, онц их хэмжээний эд хөрөнгийг худалдан авахад хүргэсэн гэх хуримтлал, тухайлбал тэрээр БНЧУ, Австрали, БНХАУ, БНСУ зэрэг орнуудад ажиллаж, амьдарч мөнгөн хөрөнгө хуримтлуулсан эсэх өөр бусад байдлаар бизнес эрхэлж байсан зэргийг нэг мөр гүйцэт тогтоогоогүй байна.Мөрдөн байцаалтад гэрчээр мэдүүлэг өгсөн Д.Лхагвадаш, Н.Цог нарын ...Р.Орхонд мөнгө зээлээгүй...” гэсэн мэдүүлэгт хөтлөгдөн энэ асуудлыг шалгасан нь Р.Орхонд огтоос 460.000 ам.доллар /640.000.000 төгрөг/ байгаагүй, энэ нь худал, эсхүл Д.Лхагвадаш, Н.Цог нараас мөнгө зээлсэн гэж мэдүүлсэн нь худал аль болох нь эргэлзээ бүхий байна. Өөрөөр хэлбэл Р.Орхоны хувьд орон сууц худалдан авахад зээлсэн гэх 200.000.000 төгрөгийн хувьд үгүйсгэгдэх үү эсхүл үүнээс шалтгаалж Р.Орхоны 460.000 ам.доллар /640.000.000 төгрөг/ бүхэлдээ үгүйсгэгдэн няцаагдах эсэх нь эргэлзээтэй.Р.Орхоны “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот орон сууцыг өөрийн Чех, Австрали, Хятад, БНСУ зэрэг орнуудад ажиллаж хуримтлуулсан орлогоос үүдэлтэй мөнгөөр худалдаж авсан. ...460.000 ам.доллар /640.000.000 төгрөг/ гэртээ хадгалж байсан...” гэх мэдүүлэг бодитой эсэх, Р.Орхонд байсан мөнгөний хэмжээг бодитой тогтоогоогүй нь түүний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй.Ийм учраас Р.Орхоны орлогын эх үүсвэр, онц их хэмжээний эд хөрөнгийг худалдан авахад хүргэсэн гэх хуримтлал, БНЧУ, Австрали, БНХАУ, БНСУ зэрэг орнуудад ажиллаж, амьдарч мөнгөн хөрөнгө хуримтлуулсан эсэх өөр бусад байдлаар бизнес эрхэлж байсан зэргийг нэг мөр шалгасны эцэст Р.Онон нь Хан- Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот орон сууцтай чухам ямар сэжимээр холбогдож байгааг тогтоох...” гэж заасан нь үндэслэлгүй дүгнэлт болсон тул эс зөвшөөрч байна.Учир нь энэ талаар түүний эхнэр гэрч П.Болормаа нь “...манай нөхөр уг 600 сая төгрөгийг хаана хадгалж байсан талаар би мэдэхгүй...Надад манай нөхөр гэрт их хэмжээний мөнгө хадгалж байна гэж нүдэнд ил харагдахаар газар бол байгаагүй. Манай гэрт сейф ер нь байгаагүй. ...Орхон надад тухайн үед их хэмжээний мөнгө байгаа гэж хэлж байгаагүй....” /4хх-ийн 26-27/ гэж мэдүүлсэн байх бөгөөд яллагдагч Р.Орхоны “...уг мөнгөний орлогын эх үүсвэр нь БНЧУ, Австрали, БНХАУ, БНСУ зэрэг орнуудад ажиллаж, амьдарч хуримтлуулсан мөнгөн хөрөнгө...” гэж мэдүүлэг өгсөнтэй нь холбогдуулж энэ талаар тодруулахаар яллагдагчаар байцаахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.6 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзсан байна.Түүнчлэн Гаалийн Ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 03-2/799 дугаартай болон 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03-2/1107 дугаартай албан бичгүүд /5хх-ийн 172-173/-ээр яллагдагч Р.Орхон нь их хэмжээний мөнгө, валюттай Монгол улсын хилээр нэвтэрч байгаагүй болох нь тогтоогдсон ба Р.Орхоны эзэмшлийн Хаан банкин дахь дансны 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгууд /2хх-ийн 134-139/, Р.Орхоны эзэмшлийн Голомт банкин дахь дансны 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгууд /Зхх-ийн 2-11/, П.Болормаагийн эзэмшлийн Хаан банкин дахь данснуудын дэлгэрэнгүй хуулгууд /2хх-ийн 140-157/,П.Болормаагийн эзэмшлийн Голомт банкин дахь дансны 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх дэлгэрэнгүй хуулгууд /Зхх-ийн 12-21/, Р.Орхоны Худалдаа хөгжлийн банкин дахь ам.долларын 404192381 дугаартай харилцах дансны хуулга; Р.Орхон, түүний эхнэр П.Болормаа нар нь 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Худалдаа хөгжпийн банкнаас 41.800 ам.долларыг орон сууцны зээлээр авч, 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төлж дууссан талаарх орон сууцны зээлийн гэрээ, холбогдох баримтууд, 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөгийн цалингийн зээл авсан дансны хуулга, зээлийн гэрээ баримт, мөн тэд нар нь 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Эрэл банкнаас 16.000.000 төгрөгийн зээл авсан гэрээ /1хх-ийн 145-151, 160-161, 166-182/ зэрэг баримтуудаар Р.Орхоны эзэмшил, өмчлөлд хамааралтай эд хөрөнгийг шалгаж тогтоох бүхий л мөрдөн байцаалтын ажиллагааг хийж гүйцэтгэсэн бөгөөд мөрдөн байцаалтаар Р.Орхон нь дээрх 460.000 ам.долларыг өөрөө хуримтлуулан гэртээ бэлнээр хадгалж байсан талаар ямар нэгэн баримт тогтоогдоогүй.Иймд дээрх нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд, Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр оролцож байгаа этгээд нь үнэнийг мэдүүлэх үүрэггүй тул Р.Орхоны хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт “Яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасны дагуу энэ талаар худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.Мөн яллагдагч Р.Орхон нь иргэн Д.Лхагвадаш, Н.Цог нарыг Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцаалтанд гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрт нь 100.000.000 төгрөг тус тус зээлүүлсэн талаар мэдүүлэг өгөхийг гуйж ятган Н.Цогийг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, Д.Лхагвадашийг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус энэ талаар гэрчийн мэдүүлэг өгүүлж мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан болох нь хэрэгт цугларсан:Д.Лхагвадашийн гэрчээр өгсөн “...Би 2011 оны 09 дүгээр сарын дундуур өөрийн найз Р.Орхонд 100.0 сая төгрөгийг зээлүүлсэн гэж андуурсан байна. Би өөрийн дансанд орсон 150.000 ам.долларын зарцуулалтыг танай газарт мэдүүлэг өгсөний дараа дансны хуулга, “Фамилисон” ХХК-ийн тухайн үед хийж байсан үйл ажиллагаа зэргийг харьцуулж үзэхэд уг мөнгийг өөрийн компанийн үйл ажиллагаа болон хувьдаа зарцуулсан болох нь харагдаж байна...” /4хх-ийн 200/ “...Р.Орхон надтай 2015 оны сүүлээр уулзаад манай дүү Р.Ононтой холбоотой хэрэг АТГ-т шалгагдаад байна. Чи надад 100,0 сая төгрөг зээлүүлсэн гэж хэлээд өгөөч. Чамайг энэ хэрэгт ахиж дуудаж хүндрэл учруулахгүй гээд гуйхаар нь би 100,0 сая төгрөг зээлүүлсэн гээд хэлсэн юм...” /5хх-ийн 164/ гэсэн мэдүүлэг.Н.Цогийн гэрчээр өгсөн “...Миний хувьд Р.Орхонд 100 сая төгрөг өгсөн асуудал байхгүй. 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би өөрийн Хаан банкин дахь данснаас 100 сая төгрөгийг аваад тэр өдөртөө эхнэр Цэвгээтэй хамтран эзэмшдэг хадгаламжийн дансандаа байршуулсан. Миний нэр дээр байдаг данс хугацаагүй хадгаламжийн данс, харин эхнэр бид хоёрын нэр дээр байдаг данс бол хугацаатай хадгаламжийн данс байсан юм...Миний биеийн байдал сайнгүй байсан болохоор Орхонд 2012 оны 05 дугаар сард 100 сая төгрөг өгсөн гэж андуурч мэдүүлсэн...” /4хх-ийн 199/ гэсэн мэдүүлэг,Гэрч О.Гэрэлмаагийн “...Би 2008 оноос хойш нөхрийн үүсгэн байгуулсан “Фамили Сон” ХХК-ийн захирал, хувь нийлүүлэгчээр ажиллаж байгаа... Манай нөхөр Д.Лхагвадаш нь... 2009 оноос хойш хувийн бизнес буюу “Фамили сон" ХХК-иа ажиллуулж байгаа...Би Р.Орхоныг танина. Манай нөхөртэй хамт аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр ажиллаж байсан, найз нөхдийн харилцаатай байдаг. Би Р.Орхонд хэзээ хэдэн төгрөг зээлсэн, хэзээ хэдийг буцааж авсан талаар мэдэхгүй байна...” /4хх-ийн 201-202/ гэсэн мэдүүлэг,Гэрч П.Цэвгээгийн “...Би Рэнцэндорж овогтой Орхон гэдэг хүнийг танихгүй. Н.Цог 2012 онд Р.Орхон гэдэг хүнд 100 сая төгрөг өгсөн талаар хэлж ярьж байсан зүйл байхгүй...” /4хх-ийн 203/ гэсэн мэдүүлэг болон Хаан банкин дахь Н.Цогийн эзэмшлийн хадгаламжийн дэвтрийн хуулбар, дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 193-194, 2хх-ийн 166-167, 4хх-ийн 221-229/ зэрэг бусад баримтуудаар тогтоогдсон бөгөөд эдгээр нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд, Р.Орхоны өөрийн хуримтлуулсан гэх дээрх 460.000 ам.доллар /640.000.000 төгрөг/-ийн эх сурвалжийн талаар өгсөн мэдүүлэг нь бодитой биш, худал болох нь тогтоогджээ.Түүнчлэн Р.Онон нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот орон сууцтай ямар сэжимээр холбогдож байгааг дараах байдлаар шалгаж тогтоосон. Үүнд:Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Р.Орхоноос Р.Ононгийн эхнэр Д.Агиймаагийн өмчлөлд шилжүүлсэн талаарх баримтууд /1хх-ийн 27-30/, дээрх орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д.Агиймаагаас Р.Орхоны өмчлөлд шилжүүлсэн талаарх баримтууд /1хх-ийн 31-34/, “Номин Констракшн” ХХК-ийн “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг авах тухай “Орон сууцны захиалга хөрөнгө оруулалтын гэрээ”, холбогдох баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 48-58/,“Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцыг эзэмшигч, өмчлөгийн зүгээс байрны төлбөрийг СӨХ-д төлсөн баримт, дулаан зогсоолын зөвшөөрлийн бичиг, чип хүлээж авсан тэмдэглэлийн хуулбар баримтууд, үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 60-67, 78-79/, Д.Агиймаагаас Р.Отгонтулга нэрээр “Ривер Гарден” хотхоны 304 дүгээр байрны 201 тоот дахь орон сууцны үнийг төлсөн тухай буюу 460.000 ам.долларыг “Номин Констракшн” ХХК-ийн дансанд тушаасан Хаан банкны орлогын мэдүүлэг, холбогдох баримт, хураан авсан тэмдэглэл /1хх-ийн 69-72, 2хх-ийн 122-124/ зэрэг баримтуудаар тухайн орон сууцыг Р.Ононгийн эхнэр Д.Агиймаа нь 460.000 ам.долларыг “Номин Констракшн” ХХК-ийн дансанд тушааж худалдан авсан, уг орон сууцанд тэдний гэр бүл оршин сууж байсан болох нь тогтоогджээ.2. Захирамжийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлд заасан шүүн таслах ажиллагаанд саад учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжүүд болох мөрдөн байцаалт, шүүн таслахажиллагаанд хөндлөнгөөс хууль бусаар оролцож, эдгээр байгууллагын бие даасан ажиллагаа, мөрдөн байцаагч, шүүгч зэрэг ажилтнуудын хараат бус байдлыг алдагдуулж, төвөг бэрхшээл учруулсан, нөлөөлөх гэсэн зэрэг нөхцөл байдлууд Р.Орхоны шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлсэн мэдүүлэгт бий эсэх, эсхүл гэрчийн этгээд шүүх хуралдаанд огт болоогүй зүйлийг болсон мэтээр гажуудуулж мэдүүлсэн эсэхийг харьцуулан дүгнэх хэрэгтэй. Тухайлбал Р.Орхоны шүүх хуралдаанд мэдүүлсэн “...460.000 ам.долларыг гэртээ хадгалж байсан..., уг мөнгө доллараар байсан..., Р.Отгонтулга уг мөнгийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр авсаныг санахгүй байна, миний завгүй үед таарсан...Сүүлд сонсоход Р.Отгонтулгатай Агиймаа хамт байрны төлбөрийг тушаасан...” гэх зэрэг мэдүүлгүүд илт худал эсэхийг мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа хийж тогтоох нь зүйтэй...” гэснийг мөрдөн байцаалтаар хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар шалгаж тогтоосон тул зс зөвшөөрч байна. Үүнд:Хэдийгээр Р.Орхон нь “...460.000 ам.долларыг гэртээ хадгалж байсан..., уг мөнгө доллараар байсан..., Р.Отгонтулга уг мөнгийг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр авсныг санахгүй байна, миний завгүй үед таарсан...Сүүлд сонсоход Р.Отгонтулгатай Агиймаа хамт байрны төлбөрийг тушаасан...” гэж, гэрч Д.Агиймаа нь дээрх 460.000 ам.доллар болон уг мөнгөөр худалдан авсан орон сууц нь Р.Онон болон өөрт нь хамааралгүй, харин уг мөнгийг Р.Орхоны гэрээс Р.Отгонтулгын хамт очиж авч банкинд тушаасан талаар тус тус мэдүүлдэг боловч энэ нь гэрч Р.Отгонтулгын “ийм зүйл болоогүй” талаар бичиж өгсөн баримт /5хх-ийн 177/,Гэрч Р.Отгонтулгын “...Орхон ах, Агиймаа эгч нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр уг байрны мөнгийг тушаахад би оролцсон юм болов уу гэж бодсон юм. Би энэ үйл явдлын талаар санахгүй байсан тул Орхон ах, Агиймаа эгч нарын шүүхэд өгсөн мэдүүлгийг үгүйсгэлгүйгээр байрны мөнгө тушаах үйл явцад оролцсон гэж мэдүүлсэн. Өнгөрсөн 5 хоногт үйл явдлын талаар бодоход би байрны мөнгө авах тушаах үйл явцад оролцоогүй гэдгээ тодорхой санасан тул өнөөдөр ирж болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлж байна. Би байрны гэрээг байгуулахад оролцсон. Харин байрны мөнгийг авч хэн нэгэнд өгөх болон “Номинконстракшн” ХХК-ийн дансанд тушаах үйл явцад оролцоогүй юм...” /5хх-ийн 176/ гэсэн мэдүүлэг,Гэрч Я.Энхтүвшингийн “...Би 304 дүгээр байрны 201 тоотыг санаж байна. Энэ байрны эзэмшигчийн эхнэр байх Агиймаа гэдэг эмэгтэй өөрийн захиалсан байрны дотор заслын ажилтай ирж танилцдаг байсан. Бид журмын дагуу заслын ажил дуусахаас өмнө утсаар мэдэгдэж үзүүлж санал хүсэлтийг нь авч шаардлагатай өөрчлөлтийг хийж өгөх үүрэгтэй байдаг. Тэр үүднээс энэ эмэгтэй манай борлуулалтын менежер Бархасбадийн хамт ирж үздэг байсан. ...Сүүлд байр бэлэн болсны дараа байрыг хүлээлгэн өгөхөд эхнэр, нөхөр хоёулаа ирж байсан бөгөөд нөхөр нь байр хүлээн авсан актан дээр гарын үсэг зурсан. Одоо уг актыг үзэхээр Рэнцэндорж овогтой Онон гэсэн хүн гарын үсэг зурсан байна. Би энэ гарын үсэг зурсан хүнд байрыг хүлээлгэн өгч байсан...” /4хх-ийн 19/ “...чип карт хүлээн авагчаар Д.Агиймаа гэдэг хүн гарын үсэг зурж авсан бүртгэл байгаа...” /4хх-ийн 205/ гэсэн мэдүүлэг,Гэрч Д.Алдармаагийн “...Би хааяа Агиймаагийнд очиж хүүхдийг нь харж өгдөг юм. Ононгийн Зайсан дахь байр бол их том сайхан л байр байдаг...Намайг Агиймаа хүүхэд хараад өгөөч гэж гуйгаад би уг байранд нь анх очиж байсан. Тэгэхэд 2 ихэр жаахан байсан, одоо 2 ихэр 3 настай, ойролцоогоор 3 жилийн өмнө уг байрандаа орсон байх. Би хүний эгч учир дүүгээ сайхан байранд орсонд нь баярлаж баяр хүргэхэд баярлалаа л гэж байсан...” /4хх-ийн 24-25/ гэсэн мэдүүлэгзэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байх бөгөөд Р.Онон нь дээрх орон сууцыг нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаандаа хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн болох нь тогтоогдсон гэж үзнэ.Харин Р.Орхоны дээр дурдсан илт худал мэдүүлсэн үйлдлүүдийг шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:Р.Орхон нь Р.Ононгийн төрсөн ах мөн бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт“...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ...гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэж Монгол улсын иргэний үндсэн эрхийг хуульчилсан.Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэгт “Гэрч нь гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэж заасан байх бөгөөд Р.Орхоныг гэрчээр байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.7 дахь хэсэгт заасан эрхийг нь бүрэн ойлгуулж, хангасан эсэх нь эргэлзээтэй буюу түүний гэрчээр байцаагдсан байцаалтын тэмдэглэлд “...Би гэрчийн эрх үүрэгтэй уншиж танилцлаа, гэрч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг болон гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэйг ойлгож мэдлээ...” гэж дурдсан байх боловч хэрэв гэрч гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхээ эдлэхгүй гэвэл өөрийн мэдэх зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, хэрэв худал мэдүүлбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх талаар урьдчилан сануулсан талаар тодорхой тусгаагүй зэрэг нөхцөл байдлуудаас үүдэн Р.Орхонд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн болно.Иймд Р.Онон, Р.Орхон нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.
Яллагдагч нарын өмгөөлөгч М.Дэлгэрнасангаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт зааснаар хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэргсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна. Яллах дүгнэлтэд дурдагдсан зарим үндэслээр, шүүгчийн захирамжид дурдагдсан тодорхой үндэслэлүүдэд тайлбар хэлье. Юуны өмнө Р.Ононг онц их хэмжээний эд хөрөнгө олсон гэж үзсэн. Энэ орон сууц Р.Ононгийнх болохыг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй бөгөөд уг орон сууц нь Р.Орхоны өмчлөлийнх юм. Тийм ч учраас шүүх Р.Орхоны орон сууцыг Р.Ононтой холбоотой гэж үзэж байна вэ гэдгийг тогтоох хэрэгтэй гэж шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Р.Онон орон сууцны мөнгийг гаргасан, түүнд ийм хэмжээний мөнгө байсан, өөртөө авсан юм гэдгийг нотлох нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарсан байх. Тэр байтугай гэр бүлийнх нь хүний өмчлөл, хадгаламжинд ийм хэмжээний мөнгө байсан гэдгийг тогтоогоогүй. Төрсөн дүү Отгонтулга, хадам эгч Алдармаа, эхнэр Агиймаа болон өөрсдийнх нь мэдүүлгээр нотлож байна гэсэн зүйл ярьж байна. Эдгээр хүмүүсийг хууран мэхэлж, айлган сүрдүүлж, яг хэлэх гэсэн үгийг нь хэлүүлэлгүй ийм мэдүүлэг хэлүүлсэн гэдгийг мэдүүлэг өгсөн хүмүүс мэдүүлдэг. Ингэж авсан мэдүүлгээр яллаж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчиж байна гэсэн дүгнэлтэд хүрдэг. Нөгөө талаар эдгээр байдлыг яагаад шалгаж тогтоохгүйгээр ирүүлж байгаа юм бэ гэхэд, “эрхээ эдлээд өөрөө мэдүүлэг өгдөггүй” гэж хариулж байна. Өөрийнх нь мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй гэдгийг энэ нь илэрхийлж байгаа юм байна. Ийм байж болохгүй. Нотлох баримтыг хөдөлбөргүй тогтоосны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх ёстой. Ахынхаа эхнэрийг эдийн засагч мэргэжилтэй болохоор нь мөн төрсөн дүү Отгонтулгадаа байрны мөнгийг тушаачих гэж хэлж мөнгийг өгч явуулж тушаалгасан гэж Орхон хэлдэг. Орхоны өмчлөлийн гэрчилгээтэй орон сууцыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас гадуур хураан авах гэж байгаа бол хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоож байж, өмчид нь халдах, шүүх ял шийтгэл оногдуулах ёстой гэж үзэж байна. Ах дүү нар нь туслаж, нийлж байж байрны мөнгө тушаасан асуудлыг хууль зүйн үүднээс үнэлж, дүгнэж үзэх юм бол хууль ёсны болно. Ёс зүйн хувьд буруутгах үндэслэлгүй юм. Отгонтулга, бэр Агиймаа нар энэ асуудалд хөндлөнгөөс оролцсон болохоор Р.Ононгийн орон сууц байж таарна үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Р.Онон уг орон сууцыг авсан юм бол хэрхэн худалдаж авсан бэ, төлбөрийг ямар эх үүсвэрээр олсон юм бэ гэдгийг нарийвчлан тогтоох ёстой гэж үзэж байна. Авлигатай тэмцэх газраас Р.Ононг бусдаас хээл хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэж олон сараар шалгасан. Түүний эд хөрөнгө, бусдаас зээлсэн мөнгө зэргийг нэг бүрчлэн шалгасан. Мөн зээлдэгч нарын өмч хөрөнгө, аж ахуйн нэгжийн тайлан баланс, тайлан зэрэг Р.Ононтой холбогдсон бүх зүйлийг хураан авч маш их хууль зөрчсөн ажиллагаа явуулсан. Р.Ононг ямар нэг байдлаар буруутгах гэж, мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан. Түүний гэм буруутай нь тогтоогдоогүй учир дээрх бүх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнтэй зэрэгцүүлээд ахынх нь байрны асуудлыг гаргаж тавьж шалгасан юм. Өөрийнх нь өмч яагаад ингэж өссөн бэ гэдгийг тайлбарлахыг шаарддаг. Нөгөөтэйгүүр орлогын эх үүсвэрийг тогтоох ёстой. Р.Орхон хуулийн байгууллагын эсрэг, хараат бус, бие даасан байдалд нөлөөлөх гэсэн үйлдэл хийгээгүй. Түүнийг төрсөн дүүгийнхээ эсрэг худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлд зааснаар үйлдлийг нь зүйлчилсэн. Р.Орхоны хувьд хэргийн бүрдэл хангагдаагүй, хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзэж байна. Түүнийг уг зүйл ангид зааснаар буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Р.Ононг санхүүгийн хувьд амьдрах ямар ч эх үүсвэргүй болгосон. Ихэр хүүхдүүдийнх нь хадгаламжид байсан 20 гаруй сая төгрөг болон бусад данснуудыг битүүмжилж харгис, хэрцгий хандсанд гомдолтой байна. Үүний өмнөх шүүх хуралдаанд эхнэрийг нь яллагдагчаар татсан. Төрсөн дүү Отгонтулгыг мэдүүлэг өгснийх нь төлөө ажиллаж буй байгууллага руу нь албан тоотявуулснаар ажлаасаа халагдсан гэх мэтчилэн хууль бус ажиллагаа хэрэг шалгагдах явцад явагдсан. Нөгөө талаар Цог, Лхагвадаш нарыг худал мэдүүлэг өгүүлсэн гэж байгаа. Тэд худал мэдүүлэг өгсөн юм бол адилхан шалгагдах ёстой. Анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Яллагдагч нарын өмгөөлөгч Д.Нямдоржоос шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний үйлчлүүлэгч Р.Ононд 640 000 000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нэр дээр нь байхгүй. Р.Орхоны орон сууцанд Р.Онон амьдраад эхнэр Агиймаа нь төлбөр төлсний төлөөр нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоос гадна орлого олсон байна гэж үзсэн. Ийм учраас л маргаж байгаа юм. Р.Орхон нь нийтийн албан тушаалтан биш юм гэв.
ХЯНАВАЛ:
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 462 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Р.Онон нь нийтийн албан тушаалын цалингаас өөр орлоготой,онц их хэмжээний хөрөнгийг худалдан авах хуримтлалтай эсэх талаараа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд тэрээр онц их хэмжээний хөрөнгөтэй болсон эх сурвалжаа мэдүүлэхгүй байхад шүүх, прокурор өөрийн санаачлагаар нотлох шаардлагагүй, Р.Ононг Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Австрали улсад ажиллаж байхдаа мөнгөн хөрөнгө хуримтлуулсан эсэхийг шалгахыг даалгаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй байна.
Иймд прокурор Т.Оргил-Очирын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 18 тоот прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 462 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас нь эхлэн хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж, прокурор Т.Оргил-Очирын бичсэн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 18 тоот прокурорын эсэргүүцлийг хангасугай.
2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыгдурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.МЯГМАРЖАВ
О.ЧУЛУУНЦЭЦЭГ