Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0412

 

Б.Ж-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ш нарыг оролцуулан Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор Б.Ж-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 27.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийн 20 дах буюу “Б.Жид ...” хамаарах заалтыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчаас давж заалдах гомдолдоо: “...Хатгал тосгоны оршин суугчдын хурлаар тухайн бүс нутаг газар эзэмшиж байгаа иргэн, байгууллагын талаар хэлэлцэж, Хөвсгөл нуурын эргэн тойрны газарт байршиж буй газар эзэмшигчид болон Усны тухай хуулийн хэрэгжилт, усны хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийг хуулиар тогтоосон хэмжээг барилгүйгээр хамгаалалтын бүс дотор газар эзэмшүүлсэн, энэ нь Хөвсгөл нуурыг бохирдуулах аюултай байдалд орсон гэх асуудал ноцтойгоор яригдаж ер нь Усны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасан байхад нуурын эргээс 50м хүрэхгүй зайд газар эзэмшүүлсэн, энэ нь Усны тухай хуулийн 3.1.9.“онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг, 3.1,10.“эрүүл ахуйн бүс” гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг; 22 дугаар зүйлийн 22.2 “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэсэн заалтуудыг болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан журам болон Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 тоот тогтоолуудыг тус тус зөрчсөн байна гэдгийг тогтоож, улмаар дээр нь хашаа барьснаас өөрөөр ашиглаагүй байгаа дээр нь газар эзэмших эрхийг нь цуцлах нь зүйтэй юм гэж үзсэн.

Тиймээс хууль зөрчиж хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн учраас газар эзэмшигч нарт хуульд заасан хугацаанд мэдэгдлийг нь өгч сонсох ажиллагаа явуулсан. Ингэхэд энэхүү Ж гэдэг хүнтэй холбогдох боломжгүй байсан тул өдөр тутмын сонин хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар явуулж захиргааны байгууллагаас мэдэгдэх бүх л боломжит арга хэмжээг авсан. Захиргааны хэргийн шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр, хамгаалалтын бүс дотор газар эзэмших нь зүйтэй гэдгийг дэмжсэн утга бүхий шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөвсгөл нуурыг хамгаалах бодит амьдралд нийцсэн шийдвэр гаргаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүх маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч шийдвэрийн тогтоох хэсэг утга найруулгын алдаатай,  хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаангүй” нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх учиртай.

Нөгөөтэйгүүр ийнхүү нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоох нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасанд нийцэх юм.

Гэтэл Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.6-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Ж-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” эсэхийг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийж гүйцэтгэлгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргах ...” гэж заасанд нийцэхгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч Б.Ж нь тухайн газрыг 2 жил дараалан ашигласан эсэх, хэрэв ашиглаагүй бол тэр нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг сумын Засаг даргаас тогтоох ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдсон, тодруулбал хариуцагчаас “...Хатгал тосгоны оршин суугчдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний хурлаар газар эзэмших эрхийг нь цуцлах саналыг дэмжсэн, ...ажлын хэсэг гарч мэдэгдэх ажиллагааг хийсэн” энэ нь оршин суугчдын болон ажлын хэсгийн хурлын тэмдэглэлээр нотлогдоно гэснээс өөр баримтыг гаргаж мэтгэлцээгүй, эдгээр хурлын тэмдэглэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдлыг тогтоосонд тооцох баримт биш байна.

Нэхэмжлэгчээс “...газраа зориулалтын дагуу ашиглаж байсан, ...зуны улиралд гэр барьж ашигласан, хашаа татсан, газрын төлбөрийг хугацаандаа төлж байсан” гэж тайлбарлан маргасан, шүүхийн үзлэгээр маргаан бүхий газарт хашаа барьсан байсан болох нь тогтоогдсон байхад хариуцагчаас “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэж үзэж байсан бол нэхэмжлэгчээс тэр талаар тодруулж, газар ашиглахтай холбогдуулан тодорхой үйл ажиллагаа явуулж байсан эсэх талаарх нөхцөл байдлыг бүрэн тогтоосны эцэст шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна.

Мөн энэ үндэслэлээр нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар мэдэгдээгүй, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх бололцоогоор хангаагүй байх тул “...урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг хэрэгжүүлж, сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхгүй талаар анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохын өмнө орон нутгийн сонин болон телевизээр зар явуулж, мэдэгдсэн, тосгоны төвийн үйлчилгээний газруудад зар нааж мэдэгдсэн гэх боловч үүнийг нэхэмжлэгч Б.Жид мэдэгдсэн гэж үзэх боломжгүй...” хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй.

Нөгөөтээгүүр, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэснээс үзвэл хүчин төгөлдөр гэрээнд заагдсан зориулалтын дагуу гэрээ байгуулагдсанаас хойш газраа 2 жил дараалан ашиглаагүй байхыг ойлгохоор байх боловч Хатгал тосгоны газрын даамлаас Б.Ж-той 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэх нотлох баримтын шаардлага хангахгүй газар эзэмшүүлэх гэрээнээс[1] өөр “газрыг гэрээнд заасан зориулалтаар ашигласан” эсэхийг тогтоох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагчид мөн үүнийг нотлох баримт байхгүй[2] учраас хэзээ, хэнтэй байгуулсан, ямар гэрээнд заасан, ямар  зориулалтын дагуу Б.Ж-ийг газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгасан нь тодорхойгүй, маргаан бүхий актын үндэслэл нь нотлогдохгүй байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Ж-ийн газар баталгаажилтын хувийн хэрэг болон холбогдох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд үүнийгээ “Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны байр шатсан”[3] гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Ж-ийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” зөрчил гаргасан гэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон атлаа хариуцагчаас давж заалдах гомдолдоо “... хууль зөрчиж Хөвсгөл нуурын хамгаалалтын бүсэд газар эзэмшүүлсэн байсан тул хүчингүй болгосон, ... шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр, хамгаалалтын бүс дотор газар эзэмших нь зүйтэй гэдгийг дэмжсэн утга бүхий шийдвэр гаргасан” хэмээн захирамжид заагаагүй үндэслэлийг дэлгэрүүлэн тайлбарлаж, шүүхийг буруутгасныг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагагүй, үндэслэл болоогүй хуулийг баримталсан, шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэснээ орхигдуулж бичвэрийн алдаа гаргасан байх тул холбогдох өөрчлөлтийг оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ж-ийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийн Б.Ж-ид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 


[1] Хх-05 дугаар хуудсанд авагдсан

[2] ХХ-63 дугаар хуудсанд авагдсан

[3] Хх-63 дугаар хуудсанд авагдсан