Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 315

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Мөнгөншагай, хохирогч Г.Б-, хохирогч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж, иргэний нэхэмжлэгч Б.Г-, Г.Ч-,  шүүгдэгч Э.У-, түүний өмгөөлөгч Ж.Оюумаа, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Г овогт Э-ын Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903001460121 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, халх бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн ..... ...... ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын .. дүгээр баг, .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Г овогт Э-ын У.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.У нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 10 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Айдасын давааны хойд замд Хонда Инсайт маркийн **-** ӨМҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.1-т заасан “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Тоёота Спасио маркийн **-** УБҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч 9 настай С.Э-, 80 настай, Г.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Б.М-: “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот орох гээд **-** улсын дугаартай машинд сууж явсан. Би осол гарах үед ухаан алдсан, нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэг дээр хүргэгдсэн байсан. Би 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ухаан орсон ба толгой маш их өвдөөд ярьж чадахгүй байсан. 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Гэмтлийн эмнэлгээс гараад хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх гэтэл гэртээ байж биеэ тэнхрүүлэх хэрэгтэй гэхээр нь би 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр эмнэлгээс гараад гэртээ байсан. Энэ өдрөөс хойш хэвтрийн дэглэм барьсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд тархи болон нүдэндээ хүнд гэмтэл авсан хагалгаанд орох шаардлагатай байна. Мөн таны хамар мурийсан байна гэсэн. Одоо миний хамар мурийсан, зүүн нүд бүрэлзээд, толгой хааяа өвддөг болсон. ...Одоогоор Төв аймгийн эмнэлгийн хяналтад байгаа. Би хувийн эмнэлэгт хэвтэх гэтэл таны гэмтэл 6 сараас хойш илэрнэ. Иймд үүнээс өмнө эмнэлэгт хэвтэх боломжгүй гэсэн. Харин улсын эмнэлэгт хэвтэх гэтэл ор байхгүй учир гэртээ байгаа. Би гомдолтой байна. Би инженер хийдэг ба орон нутгаар шалган туслах ажил хийдэг байсан, гэтэл намайг 1 жил орон нутгаар явж болохгүй гэсэн. Томилолтын зардал 4-9 сарын хугацаанд 1.000.000 төгрөг авдаг байсан бол энэ жил тухайн мөнгийг авч чадахгүй болсон. Иймд гомдолтой байна...” гэв.

 

Хохирогч Г.Б-: “...Би гомдолтой байна. Осол гарахад байсан хүмүүс нэг гэр бүлийн хүмүүс. Манай том охин ажилгүй болсон. Бид гурав гурвуулаа хөдөлгөөн муутай болсон. Миний хувьд гомдолтой байна. Өөр хэлэх зүйл байхгүй..” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Ч-: “...Би шүүгдэгчээс эмнэлэгт хэвтсэн зардал 480.000 гаруй төгрөг авсан. Одоо толгой өвддөг болсон...” гэв.

 

Иргэнийн нэхэмжлэгч Б.Г-: “...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгаас 2-оос 3 хүн аваад мөн О- гэдэг хүн 2 хүүхэд хүнийг аваад явсан. Айдасын даваа уруудаад нааш ирэх замд өөдөөс гэнэт хар өнгийн машин хурдтай орж ирээд мөргөсөн. Тухайн үед нөгөө машин өөдөөс яваад байсан. Би баруун гар тал руугаа дараад шороон зам дээр зогссон. Тухайн үед миний машиныг мөргөж жалга руу унагаасан тул эдгээр хүмүүс гэмтсэн. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр даатгалд бичиг баримтаа өгөөд 2019 оны 4 дүгээр сарын эхээр даатгалаас 5.000.000 төгрөг авсан ба үнэлгээгээр 5.170.000 төгрөг гэж үнэлэгдсэн. Би шүүгдэгчээс 700,000 төгрөгийг бэлнээр аваагүй, бэлнээр 400.000 төгрөг өгсөн. Энэ нь машины оношилгоо хийлгэсэн зардал. Би машиныхаа засварын төлбөрт мөнгө авсан ба 170.000 төгрөг дутуу байгаа. Миний хувьд гомдолгүй..” гэв.

 

Шүүгдэгч Э.У-: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагийн үед Өмнөговь аймаг орохоор 2 хүн аваад явж байсан. Тэгээд миний машины өмнүүр нэг машин орж ирсэн. Тухайн үед би тоормослоод араас нь дагаад орсон. Миний машин тухайн машинаас зайтай байсан тул тухайн машины урд гарах гээд эсрэг урсгал руугаа орох гэхэд өөдөөс машин ирж байсан боловч амжина гэж бодоод эсрэг урсгал руу орсон боловч амжаагүй мөргөлдсөн...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр аав Б-, авга эгч Ч- нарын хамт Төв аймгийн төвөөс Улаанбаатар хот орох гээд аймгийн Музейн урд талаас нэг цагаан өнгийн суудлын машинд суугаад Улаанбаатар хот руу явсан. Машин дотор би хойд суудалд зүүн хаалган талд суусан явж байгаад Айдасын даваа руу өгсөж явахад би зүүрмэглэсэн байсан гэнэт тас буугаад осол болсон...” /хх-ийн 19-21/ гэсэн,

 

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин М-, дүү Ч- нарын хамтаар аймгийн Музейн урд талаас машинд суугаад Улаанбаатар хот руу явсан. Би машины урд суугаад явж байсан ба Айдасын даваа уруудаад явж байхад эсрэг урсгалаас 5-6 машин ирж явснаас 3 машины ар талаас хар өнгийн суудлын машин шууд урсгал сөрж гарч ирээд мөргөлдсөн. ...Тухайн үед гадаа цэлмэг, нартай, зам хальтиргаа гулгаагүй байсан...” /хх-ийн 47-49/ гэсэн,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед охин Э-, М- нарын хамтаар Улаанбаатар хот орох гээд **-** УБҮ улсын дугаартай Тоёота Спасио маркийн машинд суусан. Улаанбаатар хотын чиглэлд явж байхад Айдасын даваа уруудаад явж байхад эсрэг урсгалд явж байсан машинуудаас нэг хар машин гарч ирээд манай машинтай мөргөлдсөн...” /хх-ийн 57-60/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ах Б-, дүү М- нарын хамт Төв аймгаас Улаанбаатар орохоор цагаан өнгийн суудлын машины хойд талын голд суугаад явж байхад Айдасын даваа урдуудаад явж байхад эсрэг урсгалаас хар өнгийн машин шууд урсгал сөрөөд гарч ирээд яах ийхийн зуургүй мөргөлдсөн...” /хх-ийн 51-54/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 10 цагт Төв аймгийн музейн үүднээс хүмүүс суулгаад хот руу явсан. Тэгээд 10 цаг 50 минутын үед Айдасын даваанаас уруудаад явж байхад эсрэг урсгалд явж байсан 5-6 машинуудын нэг нь болох хар өнгийн машин урсгал сөрөөд урдаас гараад ирэхээр нь би баруун гар тал руугаа жолоогоо дарахад нөгөө машин бас дараад мөргөлдсөн. ...Урд суудалд суусан эмэгтэй бүс зүүсэн, хойд талд О- хоёр хүүхэдтэйгээ, Ч-, М- гэх хүмүүс суучихсан явж байсан...” /хх-ийн 62-63/ гэсэн,

 

Гэрч А.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өглөө УБ хотоос Өмнөговь аймаг явах гээд танил У-ийн машины зүүн хойд талд суугаад 10 цаг өнгөрч байхад хотоос гарсан, тэгээд 10 цаг 30 минутын үед Айдасын даваа руу өгсөж байхад манай машины урд хоёр машин явж байсан, урд нь явж байсан машин удаан яваад, зогсох гэж байгаа юм шиг тоормосоо гишгэж байсан, тэгтэл манай машины жолооч уг хоёр машиныг гүйцэж түрүүлэх гээд дохиогоо өгч, эсрэг урсгал руу яваад ороход өөдөөс машин ороод ирсэн, би өмнөөс чинь машин, яаж байна аа гээд хашгирахад жолооч зүүн гар тал руугаа дараад нөгөө машинтай мөргөлдөөд зогссон. Манай машин намайг харахад 76 км/цагийн хурдтай явж байсан. ...Жолооч бүс зүүсэн, бусад зорчигч нар бүс зүүгээгүй байсан...” /хх-ийн 64/ гэсэн,

 

Гэрч Л.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өглөө Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу явах гээд фэйсбүүкийн Өмнөговь аймгийн зарын групп дээр Өмнөговь аймаг явна гэсэн машины жолоочтой холбогдож Сансарын КТМС-ийн буудал дээрээс тухайн тээврийн хэрэгслийн хойд талд суугаад 10 цаг өнгөрч байхад хотоос гарсан. Хотоос гараад зүйрмэглээд унтчихсан байсан, нэг мэдсэн чинь гэнэт хүмүүс хашгиралдаад түр тар хийгээд явсан. Буугаад харахад манай машин эсрэг урсгал руу ороод мөргөлдсөн байсан...” /хх-ийн 65/ гэсэн,

 

Гэрч Э.У- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өглөө Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг явах гээд нөхөр, хүүхдийн хамт манай нөхөр машинаа жолоодоод хотоос гараад Айдасын даваа руу өгсөөд явж байхад манай машины урд талын машин тормосоо гишгээд хурдаа хассан. Тэгээд манай нөхөр эсрэг урсгал руу орсон, машин харагдахгүй байсан, холоос машин харагдсан, манай машин амжаад орчих байх гэсэн чинь амжилгүй мөргөлдсөн...” /хх-ийн 67/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өглөө өөрийн эзэмшлийн **-** ӨМҮ улсын дугаартай Хондо Инсайт маркийн машинаа жолоодоод зарын дагуу 2 хүн аваад машины хойно суулгаад, эхнэр хүүхэд хоёроо урд суудалд суулгаад 10 цаг өнгөрч байхад хотоос гарсан. Хотоос гараад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Айдасын даваа руу өгсөх замд хойноос урагшаа чиглэлтэй явж байтал миний урд 4 машин явж байсан, миний урд явж байсан саарал өнгийн машин хурдаа хасаад тоормосоо гишгэхээр нь би тоормосоо гишгэтэл уг машины араас мөргөх гээд байхаар нь зүүн гар талруугаа дараад эсрэг урсгал руу яваад ортол өөдөөс цагаан өнгийн Тоёото Спасио маркийн машин орж ирээд мөргөлдсөн. Урд талын машинаа мөргөчих гээд байхаар нь яалт ч үгүй эсрэг урсгал руу орсон. Ослын өмнө дугуй хагарах, жолоо булаах зүйл болоогүй. 60-70 км/цагийн хурдтай явж байсан, би бүсээ зүүсэн, зорчигч нар бүсээ зүүгээгүй...” /хх-ийн 127-128/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №2622 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б-ийн биед цээжний зүүн дээд урд хэсэгт цус хуралт, зүүн уушгины доод дэлбэнгийн ар хэсгээр шугаман авчилт, баруун 3, 4 дүгээр хавирга, эгэмний дунд шугамаар зөрүүтэй хугарал, зүүн 5-р хавирга суганы урд шугамаар зөрүүгүй, хугарал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 82/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн №2621 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ч-ийн биед духны зүүн хэсэгт арьсан дор цусан хураа, зүүн дээд, доод зовхи, хамрын уг нуруунд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдэд цус хуралт зөөлийн эдийн няцрал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..” /хх-ийн 87/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №2233 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.М-ын биед дух ясны баруун талаас духны хөндий, самалдагийн хөндий, баруун нүдний ухархайн дээд болон дотор хана, доод хануудыг хамарсан баруун талын хоншоорын хөндий рүү үргэлжилсэн, хугарлын нөгөө салаа нь зүүн нүдний ухархайн дээд хана, суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун талын чамархайн ясны хоёрлосон хугарал, баруун чамархайн урд үзүүр хэсэгт 1.2 см гүн зузаан тархины хатуу бүрхүүл дээрх цус хуралт, духанд шарх, хоёр нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн чамархайнд зулгаралт, зүүн чамархай, хүзүүний зүүн хэсгийн цус хуралт, тархи доргилт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн ослын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 93/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №2232 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. С.Э-гийн биед баруун гарын атгаал ясны ташуу далд хугарал гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 104/ гэсэн,

 

- Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №60 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...1. Тоёота Спасио маркийн **-** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Батболдын Г- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2. Хонда Инсайт маркийн **-** ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.У Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 111-112/ гэсэн дүгнэлтүүд,  

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-12/

- Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн  14-16/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 24-46/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 70-73, 74-78/,

- Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 85, 90/,

- Хохирогчдийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 94-102, 105-110/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 129/,

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 139-141/,

- Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 143-144/,  

- Хохирол төлсөн баримт /хх-ийн 148-156/,

- Шүүгдэгч Э.У-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 130-136, 158/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч, нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.У-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Э.У нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өглөө 10 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Айдасын давааны хойд замд Хонда Инсайт маркийн **-** ӨМҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн, мөн дүрмийн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Тоёота Спасио маркийн **-** УБҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч С.Э-гийн /9 настай/ эрүүл мэндэд баруун гарын атгаал ясны ташуу далд хугарал бүхийн хүндэвтэр хохирол, зорчигч Г.Б-ийн /80 настай/ эрүүл мэндэд цээжний зүүн дээд урд хэсэгт цус хуралт, зүүн уушгины доод дэлбэнгийн ар хэсгээр шугаман авчилт, баруун 3, 4 дүгээр хавирга, эгэмний дунд шугамаар зөрүүтэй хугарал, зүүн 5 дугаар хавирга суганы урд шугамаар зөрүүгүй, хугарал бүхий хүндэвтэр хохирол, зорчигч Б.М-ын эрүүл мэндэд дух ясны баруун талаас духны хөндий, самалдагийн хөндий, баруун нүдний ухархайн дээд болон дотор хана, доод хануудыг хамарсан баруун талын хоншоорын хөндий рүү үргэжилсэн, хугарлын нөгөө салаа нь зүүн нүдний ухархайн дээд хана, суурь яс руу үргэжилсэн нийлмэл хугарал, баруун талын чамархайн ясны хоёрлосон хугарал, баруун чамархайн урд үзүүр хэсэгт 1.2 см гүн зузаан тархины хатуу бүрхүүл дээрх цус хуралт, духанд шарх, хоёр нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн чамархайнд зулгаралт, зүүн чамархай, хүзүүний зүүн хэсгийн цус хуралт, тархи доргилт бүхий хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.М-ын “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр аав Б-, авга эгч Ч- нарын хамт Төв аймгийн төвөөс Улаанбаатар хот орох гээд аймгийн Музейн урд талаас нэг цагаан өнгийн суудлын машинд суугаад Улаанбаатар хот руу явсан. Машин дотор би хойд суудалд зүүн хаалган талд суусан явж байгаад Айдасын даваа руу өгсөж явахад би зүүрмэглэсэн байсан гэнэт тас буугаад осол болсон...” /хх-ийн 19-21/ гэсэн, хохирогч Г.Б-ийн “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр охин М-, дүү Ч- нарын хамтаар аймгийн Музейн урд талаас машинд суугаад Улаанбаатар хот руу явсан. Би машины урд суугаад явж байсан ба Айдасын даваа уруудаад явж байхад эсрэг урсгалаас 5-6 машин ирж явснаас 3 машины ар талаас хар өнгийн суудлын машин шууд урсгал сөрж гарч ирээд мөргөлдсөн...” /хх-ийн 47-49/ гэсэн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-ийн “...Улаанбаатар хотын чиглэлд явж байхад Айдасын даваа уруудаад явж байхад эсрэг урсгалд явж байсан машинуудаас нэг хар машин гарч ирээд манай машинтай мөргөлдсөн...” /хх-ийн 57-60/ гэсэн, иргэний нэхэмжлэгч Г.Ч-ийн “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ах Б-, дүү М- нарын хамт Төв аймгаас Улаанбаатар орохоор цагаан өнгийн суудлын машины хойд талын голд суугаад Айдасын даваа урдуудаад явж байхад эсрэг урсгалаас хар өнгийн машин шууд урсгал сөрөөд гарч ирээд яах ийхийн зуургүй мөргөлдсөн...” /хх-ийн 51-54/ гэсэн, иргэний нэхэмжлэгч Б.Гантулгын “...Айдасын даваанаас уруудаад явж байхад эсрэг урсгалд явж байсан 5-6 машинуудын нэг нь болох хар өнгийн машин урсгал сөрөөд урдаас гараад ирэхээр нь би баруун гар тал руугаа жолоогоо дарахад нөгөө машин бас дараад мөргөлдсөн...” /хх-ийн 62-63/ гэсэн, гэрч А.О-ийн “...Айдасын даваа руу өгсөж байхад манай машины урд хоёр машин явж байсан, урд нь явж байсан машин удаан яваад, зогсох гэж байгаа юм шиг тоормосоо гишгэж байсан, тэгтэл манай машины жолооч уг хоёр машиныг гүйцэж түрүүлэх гээд дохиогоо өгч, эсрэг урсгал руу яваад ороход өөдөөс машин ороод ирсэн, би өмнөөс чинь машин явж байна аа гээд хашгирахад жолооч зүүн гар тал руугаа дараад нөгөө машинтай мөргөлдөөд зогссон...” /хх-ийн 64/ гэсэн, гэрч Э.Уянгын “...Айдасын даваа руу өгсөөд явж байхад манай машины урд талын машин тормосоо гишгээд хурдаа хассан. Тэгээд манай нөхөр эсрэг урсгал руу орсон, машин харагдахгүй байсан, холоос машин харагдсан, манай машин амжаад орчих байх гэсэн чинь амжилгүй мөргөлдсөн...” /хх-ийн 67/ гэсэн, шүүгдэгч Э.У-ийн “...Хотоос гараад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Айдасын даваа руу өгсөх замд хойноос урагшаа чиглэлтэй явж байтал миний урд 4 машин явж байсан, миний урд явж байсан саарал өнгийн машин хурдаа хасаад тоормосоо гишгэхээр нь би тоормосоо гишгэтэл уг машины араас мөргөх гээд байхаар нь зүүн гар талруугаа дараад эсрэг урсгал руу яваад ортол өөдөөс цагаан өнгийн Тоёото Спасио маркийн машин орж ирээд мөргөлдсөн. Урд талын машинаа мөргөчих гээд байхаар нь яалт ч үгүй эсрэг урсгал руу орсон...” /хх-ийн 127-128/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №2622, №2232,  №2233 дугаартай /хх-ийн 82, 93, 104/ гэсэн дүгнэлтдүүд,

- Тээврийн цагдаагийн албаны 2019 оны №60 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: “...1. Тоёота Спасио маркийн **-** УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Батболдын Г- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2. Хонда Инсайт маркийн **-** ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.У Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн, 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” /хх-ийн 111-112/ гэсэн, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-12/, жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн  14-16/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 85, 90/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 139-141/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 143-144/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зохих заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан бөгөөд тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзэв.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь Э.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.У-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ын эрүүл мэндэд дух ясны баруун талаас духны хөндий, самалдагийн хөндий, баруун нүдний ухархайн дээд болон дотор хана, доод хануудыг хамарсан баруун талын хоншоорын хөндий рүү үргэжилсэн, хугарлын нөгөө салаа нь зүүн нүдний ухархайн дээд хана, суурь яс руу үргэжилсэн нийлмэл хугарал, баруун талын чамархайн ясны хоёрлосон хугарал, баруун чарахайн урд үзүүр хэсэгт 1.2 см гүн зузаан тархины хатуу бүрхүүл дээрх цус хуралт, духанд шарх, хоёр нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, зүүн чамархайд зулгаралт, зүүн чамархай, хүзүүний зүүн хэсгийн цус хуралт, тархи доргилт бүхий хүнд хохирол,

насанд хүрээгүй хохирогч С.Э-гийн эрүүл мэндэд баруун гарын атгаал ясны ташуу далд хугарал бүхий хүндэвтэр хохирол,

хохирогч Г.Б-ийн эрүүл мэндэд цээжний зүүн дээд урд хэсэгт цус хуралт, зүүн уушгины доод дэлбэнгийн ар хэсгээр шугаман авчилт, баруун 3, 4 дүгээр хавирга, эгэмний дунд шугамаар зөрүүтэй хугарал, зүүн 5 дугаар хавирга суганы урд шугамаар зөрүүгүй, хугарал бүхий хүндэвтэр,

иргэний нэхэмжлэгч Г.Ч-ийн эрүүл мэндэд духны зүүн хэсэгт арьсан дор цусан хураа, зүүн дээд, доод зовхи, хамрын уг нуруунд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдэд цус хуралт зөөлийн эдийн няцрал бүхиий хөнгөн хохирол тус тус,

иргэний нэхэмжлэгч Б.Гантулгын эд хөрөнгөд 5,170,000 төгрөгийн хохирол учирчээ.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч С.Э-гийн хууль ёсны төлөөлөгч Д.О-д эмчилгээний зардалд 306,100 /хх-ийн 156/ төгрөг, хохирогч Г.Б-өд 715,200 /хх-ийн 152/  төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Ч-т 574,790 /хх-ийн 153/ төгрөгийг тус тус төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүх хуралдаанд хохирогч Г.Б-, иргэний нэхэмжлэгч Г.Ч- нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шийтгэх тогтоолоор тэдэнд төлөх төлбөргүй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Г- шүүх хуралдаанд “...минийн тээврийн хэрэгслийн эвдрэлд үнэлгээгээр 5,170,000 төгрөгийн зардал гарснаас даатгалаас 5 сая төгрөгийн хүлээж авсан, үлдэгдэл 170,000 төгрөгийг нэхэмжилнэ...” /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар **-** УБҮ улсын дугаартай Тоёото Спасио маркийн тээврийн хэрэгслийн журмын хашааны төлбөр, тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөсөн зардал болон Б.Гантулгын толгойны компьютер томографын зардалд нийтдээ 315,000 төгрөг /хх-ийн 154-155/ гарсныг шүүгдэгч Э.У төлж барагдуулсан, улмаар бусад зардалд Б.Гантулгын Хаан банкны 5009256107 дугаартай дансанд 400,000 төгрөгийг шилжүүлсэн /хх-ийн 155/ байх тул иргэний нэхэмжлэгч Б.Гантулгын нэхэмжилсэн 170,000 төгрөг төлөгдсөн, гэм буруутай этгээдээс гаргуулах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

 

Харин хохирогч Б.М- эмчилгээний зардал, асрагчийн зардал, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүнд нийтдээ 2,461,038 төгрөг нэхэмжилснийг шүүх дараах үндэслэлээр 322,596 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 620,880 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Үүнд: хохирогч Б.М- төрсөн дүү Б-ийн Гэрэлмаа ажлаасаа чөлөө авч өөрийг нь асарсан хугацааны цалин, өөрөө ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүүг 1,852,178 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Б.Гэрэлмаа, Б.М- нар нь хэнийн хэдэн сарын цалингийн зөрүү хэдэн төгрөг, хэн нь хэдэн сар ажилгүй байсан хугацааны хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Энэ талаар баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй.

Мөн хохирогч Б.М- өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авсны зардалд нэхэмжилсэн 500.000 төгрөгийн тухайд хохирогч Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч, хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр үйлчлүүлсний төлөө /өөрөөр хэлбэл өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хооронд Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан/ төлсөн төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болоод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд орж тооцогдохгүй юм.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж заасан ба өмгөөлөгч авах эсэх нь хохирогчийн эрхийн асуудал бөгөөд энэ хэргийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заавал өмгөөлөгч авах нөхцөл шаардлагад хамаарахгүй учир өмгөөллийн зардлын 500.000 төгрөгийн шаардлагыг, хүнсний зүйл авсан /чавга, үрлэн помидор, рулет, талх, чихэр/ гэх 120,880 төгрөгийн шаардлагыг /хх-ийн 38, 39, 46/ шүүх тус тус хангах эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн эмчилгээ хийлгэсэн баримтуудаар /хх-ийн 38-40, 42, 45-46/ нийтдээ 1,710,596 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,388,000 төгрөгийг төлсөн /хх-ийн 148, 156/ байх тул төлөгдөөгүй 322,596 төгрөгийг шүүгдэгч Э.У-ээс гаргуулж, хохирогч Б.М-т олгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэр хэмжээ буюу гэмт хэргийн улмаас дөрвөн хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол, нэг хүний эд хөрөнгөд бага бус хэмжээний хохирол тус тус учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөөгүй, хохирогч Г.Б-, Б.М-, иргэний нэхэмжлэгч Г.Ч- нар гомдолтой гэж буй нөхцөл байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 хоёр жилийн хугацаагаар хасч, 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т оногдуулан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, хэрэгт хураагдаж ирүүлсэн Э.У-ийн №104**** дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэснийг шүүх дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн 1903001450121 дугаартай хэрэгт хураагдан ирсэн №0228**** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлөр болмогц шүүгдэгч Э.У-т буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Г овогт Э-ын У-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э-ын У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т оногдуулсан 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У / .............., Өмнөговь аймгийн Даланзадгад сумын .... дүгээр баг, .......тоотод оршин суух хаягтай/-ээс 322,596  /гурван зуун хорин хоёр мянга таван зуун ерөн зургаа/ төгрөг гаргуулж хохирогч Б.М- /РД: ..........., Төв аймаг Зуун мод ...... дүгээр баг, .......... тоотод оршин суух хаягтай/-т олгож, хохирогч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 620,880 /зургаан зуун хорин мянга найман зуун наян мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Б-, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-, иргэний нэхэмжлэгч Б.Г-, Г.Ч- нарт төлөх төлбөргүй, хохирогч Б.М- эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1903001460121 дугаартай хэрэгт хураагдаж ирсэн Э.У-ийн №104**** дугаартай жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж,  №0228**** дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Э.У-т буцаан олгосугай.

 

7. Эрүүгийн 1903001450121 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР