Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 663

 

                                                           

 

 

 

 

 

2019         7               02                                            2019/ДШМ/663

 

 

                                                        Э.Ут холбогдох эрүүгийн

            хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

прокурор Б.Дэлгэрмаа,

шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа,

хохирогч Б.Мөнхдолгор, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Э.Ут холбогдох эрүүгийн 1903001460121 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ганзав овгийн Энхжаргалын У, 1996 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өмнөговь аймгийн Театрт бөмбөрчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруунсайханы тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Шүүгдэгч Э.У нь 2019 оны 2 дугаар сарын 09-ний өглөө 10 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Айдасын давааны хойд замд Хонда Инсайт маркийн 11-25 ӨМҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.1-т заасан “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Тоёота Спасио маркийн 58-34 УБҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч 9 настай С.Эрдэнэзаяа, 80 настай, Г.Баянмөнх нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Мөнхдолгорын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Э.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ганзав овгийн Энхжаргалын Уийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Энхжаргалын Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уээс 322.596 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мөнхдолгор /РД: НК77032201/-т олгож, хохирогч Б.Мөнхдолгорийн нэхэмжлэлийн шаардлагаас 620.880 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Г.Баянмөнх, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одгэрэл, иргэний нэхэмжлэгч Б.Гантулга, Г.Чулуунцэцэг нарт төлөх төлбөргүй, хохирогч Б.Мөнхдолгор эмчилгээний зардал болон бусад зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 1903001460121 дугаартай хэрэгт хураагдаж ирсэн Э.Уийн №1047395 дугаартай жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж, №02289904 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Э.Ут буцаан олгож, Эрүүгийн 1903001450121 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эдлэх ялыг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.У гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа ойлгож, хохирогч нарт санаа тавьж, гарсан зардал, хохирлыг цаг тухайд нь бүрэн төлж, одоо ямар нэг хохирол гомдол байхгүй. Шийтгүүлснээс хойш 2.600.000 төгрөг өгч гомдол саналгүй болгосон. Миний бие Өмнөговь аймгийн театрт ажилладаг. Эхнэр оюутан, 1 нас 7 сартай хүүтэй мөн эхнэр 6 сартай жирэмсэн. Бид 3 эцэг, эхийнхээ дэргэд монгол гэрт тусдаа амьдардаг. ...эхнэр удахгүй төрөх тул зайлшгүй асаргаа хэрэгтэй. Түүнд тусалж дэмжих, хань болох хүн надаас өөр хүн байхгүй. Миний бие өнгөрсөн хугацаанд маш их зүйл ойлгож, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. ...залуу насандаа алдсан алдаагаа дахин давтахгүй, ажил хөдөлмөр хийж эхнэр, хүүхдэдээ сайн аав, халамжтай хань байж ...зөв амьдарч чадах тул ар гэрийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Э.Уийн өмгөөлөгч Ш.Оюумаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.У өөрийн хийсэн хэрэгт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж ойлгодог ба хэргийг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн бүх хохирогчид хуулийн дагуу гарсан болон нотлох баримтаар гараагүй хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан байдаг. Шүүхийн шатанд хохирогч нэмэгдэл хохирлын баримт өгч үүнээс 322.596 төгрөг төлөхөөр гарсан. Уийн хувийн байдлын хувьд ар гэрийнхэн нь өнөөдрийн байдлаар маш хүнд байгаа ба эхнэр нь 5 сартай жирэмсэн, оюутан, 1 хүүхэдтэй. Охиныг нь харах хүнгүй айл, айлаар дамжин харуулж байна. Ял шийтгэл оногдуулснаас хойш хохирогч нарын хохирлыг барагдуулж, хохирогч Б.Мөнхдолгорт 2.600.000 төгрөгийн хохирлын мөнгийг төлж барагдуулсан. Хохирогчид ямар нэгэн гомдол саналгүй болсон зэргийг харгалзан ял шийтгэлийг биечлэн эдлүүлэлгүй шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэгтээ чин санаанаасаа гэмшин ойлгож байгаа, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болоод бусад туслалцаа үзүүлсэн, санаатай биш санамсар болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдал нь хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүй тэнсэн харгалзаж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Б.Мөнхдолгор тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс хорих ялыг тэнсэж, хянан харгалзахад татгалзах зүйлгүй...” гэв.

 

 

Хохирогч Б.Мөнхдолгорын өмгөөлөгч Б.Минжүүрдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг шүүгдэгчээс хүлээн авсан. Хорих ялыг тэнсэж, хянан харгалзахад татгалзах зүйлгүй...” гэв.

 

Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Гэвч давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Ут оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзахад татгалзах зүйлгүй...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Э.У нь 2019 оны 2 дугаар сарын 09-ний өглөө 10 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Айдасын давааны хойд замд Хонда Инсайт маркийн 11-25 ӨМҮ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 12.1-т заасан “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Тоёота Спасио маркийн 58-34 УБҮ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч С.Эрдэнэзаяа, Г.Баянмөнх нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Мөнхдолгорын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Мөнхдолгорын “...2019 оны 2 дугаар сарын 09-ний өдөр аав Баянмөнх, авга эгч Чулуунцэцэг нарын хамт Төв аймгийн төвөөс Улаанбаатар хот орох гээд аймгийн Музейн урд талаас нэг цагаан өнгийн суудлын машинд суугаад Улаанбаатар хот руу явсан. Машин дотор би хойд суудалд зүүн хаалган талд суусан явж байгаад Айдасын даваа руу өгсөж явахад би зүүрмэглэсэн байсан гэнэт тас буугаад осол болсон...”/хх 19-21/,

хохирогч Г.Баянмөнхийн “...2019 оны 2 дугаар сарын 09-ний өдөр охин Мөнхдолгор, дүү Чулуунцэцэг нарын хамтаар аймгийн Музейн урд талаас машинд суугаад Улаанбаатар хот руу явсан. Би машины урд суугаад явж байсан ба Айдасын даваа уруудаад явж байхад эсрэг урсгалаас 5-6 машин ирж явснаас 3 машины ар талаас хар өнгийн суудлын машин шууд урсгал сөрж гарч ирээд мөргөлдсөн. ...Тухайн үед гадаа цэлмэг, нартай, зам хальтиргаа гулгаагүй байсан...” /хх 47-49/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одгэрэлийн “...2019 оны 2 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед охин Эрдэнэзаяа, Мишээл нарын хамтаар Улаанбаатар хот орох гээд 58-34 УБҮ улсын дугаартай Тоёота Спасио маркийн машинд суусан. Улаанбаатар хотын чиглэлд явж байхад Айдасын даваа уруудаад явж байхад эсрэг урсгалд явж байсан машинуудаас нэг хар машин гарч ирээд манай машинтай мөргөлдсөн...” /хх 57-60/,

иргэний нэхэмжлэгч Г.Чулуунцэцэгийн “...2019 оны 2 дугаар сарын 09-ний өдөр ах Баянмөнх, дүү Мөнхдолгор нарын хамт Төв аймгаас Улаанбаатар орохоор цагаан өнгийн суудлын машины хойд талын голд суугаад явж байхад Айдасын даваа урдуудаад явж байхад эсрэг урсгалаас хар өнгийн машин шууд урсгал сөрөөд гарч ирээд яах ийхийн зуургүй мөргөлдсөн...” /хх 51-54/,

иргэний нэхэмжлэгч Б.Гантулгын “...2019 оны 2 дугаар сарын 09-ний өглөө 10 цагт Төв аймгийн музейн үүднээс хүмүүс суулгаад хот руу явсан. Тэгээд 10 цаг 50 минутын үед Айдасын даваанаас уруудаад явж байхад эсрэг урсгалд явж байсан 5-6 машинуудын нэг нь болох хар өнгийн машин урсгал сөрөөд урдаас гараад ирэхээр нь би баруун гар тал руугаа жолоогоо дарахад нөгөө машин бас дараад мөргөлдсөн. ...Урд суудалд суусан эмэгтэй бүс зүүсэн, хойд талд Одгэрэл хоёр хүүхэдтэйгээ, Чулуунцэцэг, Мөнхдолгор гэх хүмүүс суучихсан явж байсан...” /хх 62-63/,

гэрч А.Оюунцэцэгийн “...2019 оны 2 дугаар сарын 09-ний өглөө Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг явах гээд танил Уийн машины зүүн хойд талд суугаад 10 цаг өнгөрч байхад хотоос гарсан. Тэгээд 10 цаг 30 минутын үед Айдасын даваа руу өгсөж байхад манай машины урд хоёр машин явж байсан, урд нь явж байсан машин удаан яваад, зогсох гэж байгаа юм шиг тоормосоо гишгэж байсан. Тэгтэл манай машины жолооч уг хоёр машиныг гүйцэж түрүүлэх гээд дохиогоо өгч, эсрэг урсгал руу яваад ороход өөдөөс машин ороод ирсэн. Би “өмнөөс чинь машин, яаж байна аа” гээд хашхирахад жолооч зүүн гар тал руугаа дараад нөгөө машинтай мөргөлдөөд зогссон. Манай машин намайг харахад 76 км/цагийн хурдтай явж байсан. ...Жолооч бүс зүүсэн бусад зорчигч нар бүс зүүгээгүй байсан...” /хх 64/,

гэрч Л.Эрдэнэсайханы “...2019 оны 2 дугаар сарын 09-ний өглөө Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу явах гээд ...тухайн тээврийн хэрэгслийн хойд талд суугаад 10 цаг өнгөрч байхад хотоос гарсан. Хотоос гараад зүйрмэглээд унтчихсан байсан. Нэг мэдсэн чинь гэнэт хүмүүс хашхираад түр, тар хийгээд явчихсан. Буугаад харахад манай машин эсрэг урсгал руу ороод мөргөлдсөн байсан...” /хх 65/,

гэрч Э.Уянгын “...2019 оны 2 дугаар сарын 09-ний өглөө Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг явах гээд нөхөр, хүүхдийн хамт ...хотоос гараад Айдасын даваа руу өгсөөд явж байхад манай машины урд талын машин тормосоо гишгээд хурдаа хассан. Тэгээд манай нөхөр эсрэг урсгал руу орсон, машин харагдахгүй байсан, холоос машин харагдсан, манай машин амжаад орчих байх гэсэн чинь амжилгүй мөргөлдсөн..." /хх 67/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч Э.Уийн хэргээ хүлээн мэдүүлсэн /хх 127-128/ мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2621, 2622, 2232, 2233, тоот дүгнэлтүүд /хх 82, 87, 93, 104/,

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн магадлагаа /хх 111-112/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 2-12/ зэргээр нотлогджээ.

Хэрэгт, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Уийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн хуулийн заалттай нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Уийн “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Ш.Оюумаагийн “...хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүд юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно...” гэж, мөн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тус тус заажээ.

Энэхүү заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш байна.

 

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

 

Шүүгдэгч Э.Уийн хувийн байдал, хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй үзэв.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.У тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож яваагүй, эсрэг урсгалд орж хоёр хүний биед хүндэвтэр, нэг хүний биед хүнд гэмтэл учруулсан, Тоёота Спасио маркийн 58-34 УБҮ улсын дугаартай автомашины жолооч Б.Гантулга Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байдлуудаас дүгнэвэл, шүүхээс шүүгдэгчид хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин шүүгдэгч Э.У нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан, хохирогч нар гомдол саналгүй болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, хохирогч Б.Мөнхдолгор, Г.Баянмөнх, Г.Чулуунцэцэг нарын тус шүүхэд ирүүлсэн “хохирол барагдуулсан, гомдол саналгүй” тухай өргөдөл, хохирогч Б.Мөнхдолгор болон түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарын тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

 

            Иймээс шүүгдэгч Э.У нь гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогч нар гомдол саналгүй зэргийг харгалзан хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Э.У, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.