Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1597

 

                        

 

 

 

 

 

 

 2019         10         21                                         2019/ШЦТ/1597

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          Улсын яллагч Ц.Сүхбат,

          Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэтулга /ҮД:0458/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1809 04377 0296 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1978 оны 08 сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч ажиллаж байсан, цагдаагийн хошууч цолтой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Нарны гудамжны 74 дүгээр байрны 24 тоотод оршин суух, Хууль зүйн тэргүүний ажилтан, Цагдаагийн гавъяа, Цагдаагийн алдар, Цэргийн хүндэт тэмдгээр тус тус шагнагдаж байсан, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бийн О /РД:......../,

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

          Б.О нь Тан Тэ Юэн /TANG TIEYING-ийн үйлдсэн зам тээврийн ослын 180300727 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа түүний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлхийн тулд шууд 1.420.000 /нэг сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий албан тасалгааны тавилгыг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан өрөөндөө 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хахуульд авсан, мөн 20.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оы өгсөн: “Би цагдаагийн байгууллагын ёс зүй зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэргийн шинжтэй авлигал авсан зүйл байхгүй. Намайг сэлгүүлэн ажиллуулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очсон. Тэр хугацаанд ямар нэгэн байдлаар надад ширээ, сандал хариуцуулж өгөөгүй. Би тухайн үед Ган-Очирыг залуу хүний хувьд яах уу гэж гүйгээд байхад нь “чи тавилганы үнэ судлаад ир” гэж хэлсэн. Тэрнээс тавилга аваад ир гэж хэлээгүй. Тухайн үед 20.000.000 сая төгрөг нэхсэн асуудал яригдаад байдаг. Би үүнийг ойлгохгүй байна. Хохирогчийн оршуулгын зардалд ихэнх тохиолдолд 20.000.000 сая төгрөг гардаг. Ийм учраас хохирогчийн оршуулгын зардал 20.000.000 сая орчим төгрөгийн зардал гарна. Үүнийг төлөх ёстой юм байна шүү гэж хэлсэн. Тэрнээс би хувьдаа авах гэсэн санаа зорилго, шахаж шаардсан зүйл байхгүй. Баянзүрх дүүргийн замын цагдаагийн нэгдүгээр хэлтэст камер байдаг. Энэ камерыг хуулбарлаж авсан бол камерын бичлэгт хэн орж гарсан бүх зүйл тодорхой болох байсан. Энэ тухай мөрдөгчид хэлж байсан. Тухайн тавилгыг нэгэнт авчраад өгсөн учраас тодорхой хугацаанд хэрэглэж байгаад буцаан өгье гэсэн бодолтой байсан. Ган-Очирыг утсаар ярьж дарамтлан шаардсан гэж байна. Үүнийг утасны биллийг нь шалгаж нотлох ёстой байсан боловч шалгаагүй. Хэргийг хэт нэг талыг барьж шалгасан юм...” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Н.Ган-Очирын өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн орой 20-21 цагийн хооронд манай компанийн захирал БНХАУ-ын иргэн /Өвөр монгол эмэгтэй/ Тогосоогийн нөхөр Тан Тэ Юэний найз YUAN YIBAO гэдэг хүн над руу яриад Сонсголонгийн замд гүүрний тэнд Тан Тэ Юэн зам тээврийн осол гаргаж явган зорчигч эмэгтэй хүнийг дайрсан байсан. Тэгээд 08-09 цагийн үед зам тээврийн ослын хэмжилт хийсэн байцаагч О нь Тан Тэ Юэн болон түүний найз YUAN YIBAO нарыг дуудаад өрөөндөө уулзсан. Тэгээд тэр 2 удалгүй гарч ирээд “маргааш өглөө хүрээд ир гэж байна, маргааш өглөө Баянзүрх дүүргийн Замын цагдаа дээр хүрээд ир” гэж байна гээд гарч ирцгээсэн. Би тэр хоёрыг гэрт хүргэж өгөөд ажил руугаа явсан. Маргааш өглөө нь буюу 30-ны өглөө Баянзүрх дүүргийн Замын цагдаа дээр очоод О байцаагчийн 9911-тэй дугаар луу залгаад “бид нар өмгөөлөгчтэйгөө ирчихлээ, хэдэн тоот өрөөнд орох вэ” гэж асуухад “Төв замын цагдаа дээр хүрээд ир, өмгөөлөгчөөр яах гэсэн юм” гээд байсан. Төв замын цагдаа дээр очоод Тан Тэ Юэн болон түүний найз YUAN YIBAO, бид гурвыг дуудаж уулзаад “энэ зам тээврийн ослын хэргийг намайг шалга гэж цохолт хийсэн, би энэ асуудлыг шалгана. Энэ зам тээврийн ослын улмаас талийгаачийн ар гэрийнхэнд өгөх оршуулгын зардалд 20 сая орчим төгрөг болно, тэрийгээ та нар бэлдээрэй, өмгөөлөгч аваад байх шаардлага байхгүй, хэрэв өмгөөлөгч авахаар бол надад хэлээрэй би зохицуулна, та нар миний хэлсэн заавраар байна шүү” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд “та нар гарч бай” гээд гаргасан, тэгснээ намайг дуудаад “чи иймэрхүү ширээ, шкафны үнийг мэдээдэх” гэж хэлсэн. “Би Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг руу очиж ажиллахаар болсон” гэж хэлсэн. Тэгэхээр өрөөнөөс нь 10 цагийн үед гараад гадаа гарч нөгөө хоёртойгоо уулзаад “О байцаагч ширээ, шкафны үнэ мэдээд ир гэж байна” гээд бид 3 Мишээл Экспо худалдааны төв рүү явцгаасан. Мишээл экспо худалдааны төв дээгүүр явж байхдаа гар утсан дээрээ ширээ, шкафны үнэ, зургийг аваад явж байхад 12 цагийн үед О байцаагч над руу залгаад “хаана явж байна” гэсэн, тэгэхээр нь “Мишээл дээр явж байна” гэж хэлэхэд “чи 2 ширээ, 2 шкаф аваад Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн 303 тоот өрөө лүү явуулчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь О байцаагчийн хэлснийг Тан Тэ Юэнд найз YUAN YIBAO-oop дамжуулан хэлэхэд “за авч өгье” гэсэн. Тэгээд албан тасалгааны тавилга борлуулж байсан нэг лангуун дээр очоод “2 ширээ, 2 шкаф худалдан авья, та нар Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн 303 тоот өрөөнд хүргэж өгөөд угсраад өгөөч” гэж хэлсэн, тэгэхэд худалдагч нь “та нар мөнгөө бүрэн төлсний дараа бид хүргэлт хийнэ” гэсэн тэгэхээр нь энэ байдлыг Тан Тэ Юэнд найз YUAN YIBAO-oop дамжуулан хэлэхэд “одоо мөнгө байхгүй байна, мөнгө олж худалдан авъя” гэж байсан. Энэ хугацаанд О байцаагч над руу өөр, өөр дугаарын утаснаас залгаад “өнөөдөр 17 цагт Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасагт албан тасалгааны тавилгуудыг авчраарай за юу” гээд чанга дуугаар хэлж байсан. Тэгээд тавилга худалдах газраас нэхэмжлэхийг нь аваад Тан Тэ Юэн-д өгсөн тэгээд ажил дээр ирээд ажлаа хийж байхад О байцаагч дахин залгаад “тавилга яасан бэ” гэж асууж байсан, тэгэхээр нь “мөнгө төгрөг нь одоо шийдэгдэх байх” гэсэн, тэгж байсаар байгаад 17 цагийн үед Тан Тэн Юэн “тавилганы мөнгө 1.420.000 төгрөгийг тавилга зарж байгаа компанийн данс руу нь шилжүүлсэн” гэсэн, тэгэхээр нь тавилганы компанийн 9905-тай утас руу нь залгаад “танай данс руу мөнгө шилжүүлсэн, та одоо Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг руу хүргээд өгөөч” гэхэд “одоо ажил тарсан, маргааш хүргэж өгье” гэсэн. Тэгэхээр нь энэ байдлыг О байцаагчид хэлэхэд “маргааш 15 цагт аваад ирээрэй” гэсэн. Би тавилга зарж байгаа компанийн утас руу залгаад “та нар маргааш 15 цагт тавилгуудыг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн 303 тоот өрөөнд хүргээд өгөөрэй” гэж хэлээд О байцаагчийн 9911-тэй дугаарыг хэлж өгсөн байгаа. Маргааш нь буюу 31-ний өдрийн 16 цагийн үед тавилга хүргэж өгөх хүмүүс над руу залгаад “яг хаана хүргэж өгөх юм” гэж асууж байсан. Тэгэхээр нь “Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн 303 тоот өрөөнд хүргэж өгнө” гэсэн тэгээд 17 цагийн үед О байцаагч над руу залгаад ““үлдсэн тавилга нь яасан бэ” гэж асуухаар нь гайхаад яасан талаар асуухад “1 шкаф дутуу байна шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь тавилга хүргэж хүмүүс рүү залгаад “яасан бэ” гэхэд “1 шкаф дутуу байсан, тэрийг нь одоо оруулж байна” гэсэн” гэх мэдүүлэг /хх.1.134-138/,

          “... Би энэ О гэдэг байцаагчийг анх 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн орой харж байсан. Учир нь миний ажилладаг үйлдвэрийн захирал Тогосоогийн нөхөр Тан Тэн Юэн “зам тээврийн осол хийсэн байна” гэхэд би хэргийн газар очиход энэ О гэдэг байцаагч ирсэн хэмжилт хийж байсан, тэгэхэд анх харсан гэж ойлгож болно... би 2018 оны 06 дугаар сард Морингийн даваан дээр очиж Мазаалай гэдэг тэмцээн очиж үзээгүй, 2018 оны 08 дугаар сарын 24-25-ны үед би ажил ихтэй үйлдвэрээсээ гарах сөхөөгүй байсан учир нь 22-ны өдөр миний төрсөн өдөр болоод төрсөн өдрөө тэмдэглээд ажил дээрээ очихгүй 1-2 хоносон, тэгээд ажил дээр очсон, баахан захиалга ирсэн ажил ихтэй юун гадагшаа гарах мантай байсан. О байцаагч ёстой худлаа ярьж байна. Тийм асуудал ёстой байхгүй, эхлээд “албан тасалгааны тавилганы үнэ үзээд ир” гэсэн тэгээд очоод үзээд үнэ хэлэхэд “наад тавилгаа аваад ир” гээд утсаар загнаж зандраад байсан шүү дээ. Надад хүнд түр хэрэглүүлэх илүүдээ гарсан тавилга байхгүй, манай гэрт ч тэр, манай ажил дээр ч тэр. Би өөрөө түрээсийн байранд амьдардаг юун хүнд илүүчилж тавилга авч өгөх манатай юм байна. Тэр өдөр ахлах мөрдөгч Б.О оршуулгын зардал 20 гаран сая төгрөг болсон талаарх баримт үзүүлээд “энэ мөнгийг төлөөрэй” гэсэн, тэгэхэд би “энэ баримтыг аваад явчих уу” гэхэд “давраад байгаарай” гэж хэлсэн. Тэгээд Тогосоо захирал бид хоёрыг өрөөнөөсөө гаргасан тэгснээ араас намайг дуудуулаад өрөөнд нь ороход надад хандаж “мөрдөн байцаагч нарын баяр болох гэж байна, надад 1-2 сая төгрөг хэрэгтэй байна, захирлаасаа аваад ир гэсэн, тэгээд надад 20 сая төгрөг өгнө шүү” гэж хэлсэн, тэгэхээр нь “захирлаас асууя” гэж хэлээд өрөөнөөс нь гарсан. Тэгээд захирал Тогосоо дээр очоод “байцаагч баяр болох гэж байна, 1 сая төгрөг аваад ир гэж байна” гэж хэлэхэд “мөнгө алга байна” гэж хэлсэн, тэгэхээр нь би буцаж оролгүй тэндээс явсан” гэх мэдүүлэг /хх.1.139-40/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч БНХАУ-ын иргэн Юан oвoгт Ибао /YUAN ҮIВАО/-гийн өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн орой 20 цаг 30 минутын үед миний найз Тан Тэ Юэн над руу залгаад “би машин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж явган зорчигч дайрчихлаа” гэсэн, тэгээд “хаана вэ” гэж асуухад “Сонсголонгийн гүүрнээс Нисэх рүү явах замд” гэж хэлсэн, тэгээд намайг ирээч гэсэн. Би гэрээсээ гараад зам тээврийн осол болсон газар очиход замын цагдаагийн хүмүүс ирсэн хэмжилт хийж байсан, тэр үед эмнэлгийн машин ирээд явган зорчигчийг аваад явсан... зам тээврийн осол болсон газарт хэмжилт хийж байсан байцаагч О биднийг дуудаад “би энэ хэргийг шалгахаар болсон өнөөдрөөс эхлэн та нар надтай уулзах болно” гэсэн тэгээд бид нарт “тэгж болохгүй, ингэж болохгүй” гэж чанга дуугаар, зандрангуй байдлаар ярьсан. Тэгээд биднийг “маргааш өглөө хүрээд ир” гэж хэлсэн, тэгэхэд “манай энд ажиллах ажлын байрны багтаамж муу учир би Баянзүрх дүүргийн Замын цагдаа дээр ажиллах болсон, маргааш өглөө Баянзүрх дүүргийн Замын цагдаа дээр хүрээд ир” гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 30-ны өглөө Баянзүрх дүүргийн Замын цагдаа дээр очоод О байцаагчийн 9911-тэй дугаар руу Ган-Очир залгаад “бид нар ирчихсэн байна, хэдэн тоот өрөөнд орох вэ, бид өмгөөлөгчтэйгөө ирсэн байна” гэдгээ хэлж ярьсан, тэгэхэд “Төв замын цагдаа дээр хүрээд ир” гэж хэлсэн байсан. Тэгээд бид хэд Төв замын цагдаа дээр очоод Тан Тэ Юэн, Ган-Очир бид гурвыг дуудаж уулзаад “өмгөөлөгчийн хэрэг байхгүй, би энэ зам тээврийн ослын хэргийг шалгах учир надтай асуудлаа ярь, өмгөөлөгч авах шаардлага гарвал би та нарт хэлнэ, энэ талаар сайн өмгөөлөгч надад байгаа шүү, зам тээврийн ослын улмаас талийгаачийн ар гэрийнхэнд өгөх оршуулгын зардалд 20 сая орчим төгрөг болох байх тэрийг та нар бэлдээрэй, та нар миний хэлсэн заавраар байна шүү” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэр үед О байцаагч би “Баянзүрх дүүргийн Замын Цагдаагийн хэлтэст очиж ажиллах юм байна, миний ажиллах өрөөнд ширээ сандал, шкаф байхгүй юм байна, та нар яваад ширээ, сандал, шкафны үнийг мэдээдэх, өнгө нь цайвар шаргал байх ёстой шүү” гээд өнгийг нь хэлж байсан. Тэгээд О байцаагчийн өрөөнөөс бид хэд гараад Мишээл Экспо худалдааны төв рүү явцгаасан. Мишээл экспо худалдааны төв дээгүүр явж байхдаа Ган-Очир гар утсан дээрээ ширээ, шкафны үнэ, зургийг аваад явж байсан, тэр үед “О байцаагч залгаад байна” гээд ширээ, сандал, шкафны үнийг хэлээд байсан, тэгж байгаад албан тасалгааны тавилга зардаг газраас ширээ сандал шкафны нэхэмжлэх аваад бид тэндээс гэр лүүгээ явж амарсан... 2018 оны 09 дүгээр сарын 10-ны үед шиг санаж байна, Тан Тэ Юэн эхнэр Тогосоогийн хамт манай гэрт ирээд “зам тээврийн ослын улмаас хохирогчийн ар гэрийнхэнд 22.500.000 төгрөгийн хохирол гарсан гэж байна, О байцаагч энэ хэргийг бид нарын талд аятайхан шийдэж байгаа юм байна, О байцаагч биднээс 20.000.000 төгрөг өгөхийг нэхээд байна, маргааш цагдаагийн баяр болох гээд мөнгө хэрэгтэй байна, 1-2 сая төгрөг өгөөч гээд шаардаад байна, яавал дээр вэ” гэж надаас асууж ярилцсан. Тэгэхэд нь “би та нар нэгэнт өмгөөлөгч авсан хууль зүйн зөвлөгөө авч байгаа учир өмгөөлөгчийнхөө хэлсэнээр явах хэрэгтэй. Ахлах мөрдөгч О одоо 20.000.000 төгрөг өгөхийг шаардаж байгаа юм чинь дараа нь “та нараас 200-300 сая төгрөг нэхвэл яах юм бэ, та нар өмгөөлөгчтэйгөө сайн ярилц гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх.1.129-132/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд БНХАУ-ын иргэн Тан Тэн Юэн /TANG TIEYING/-ий гэрчээр өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс миний хэргийг ахлах мөрдөгч О шалгахаар болсон гэсэн, тухайн үед би эхнэр Тогосоогийн үйлдвэрт ажилладаг Ган-Очир, миний найз БНХАУ-ын иргэн YUAN YIBAO нарын хамт байсан, тэгэхэд ахлах мөрдөгч О бид гурвыг дагуулан гадаа гараад “миний ажил Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг руу очиж ажиллахаар болж байна, тэнд өрөөний тавилга байхгүй байгаа, та нар надад албан тасалгааны тавилга авч өг” гэсэн. Энэ асуудлыг Ган-Очир, найз YUAN YIBAO надад хятадаар хэлж ойлгуулсан, тэгээд Ган-Очирыг ажил руугаа дагуулан ороод нэг өрөө лүү оруулаад “ийм тавилга шүү” гэж үзүүлсэн гэсэн. Тэгээд “та нар Мишээл Экспо худалдааны төв рүү яваад ийм тавилга ямар үнэтэй байна, үнийг нь судлаад надад хэл” гэж хэлээд явуулсан. Ган-Очир, миний найз БНХАУ-ын иргэн YUAN YIBAO бид 3 Мишээл Эксо худалдааны төв дээр очиж албан тасалгааны тавилганы үнэ судлахад 1 сая гаран төгрөг болж байсан. Тэгээд ахлах мөрдөгч Б.Од “албан тасалгааны тавилга 1 сая гаран төгрөгийн үнэтэй юм байна” гэж Ган-Очир утсаар хэлэхэд “наад тавилгаа ав, хурдан аваад миний ажиллах өрөөнд аваачиж угсар за юу” гэж шаардан шахаж, дарамталсан байсан. Тухайн өдөр мөнгө байхгүй байсан учир гэр лүүгээ харьсан. Тэгээд маргааш нь буюу 30-ны өдөр Мишээл Экспо худалдааны төв рүү Ган-Очир, YUAN YIBAO бид 3 очиж урд өдөр нь үзсэн тавилгануудаа сонгоод эхнэрийн ажлын Дорждулам гэдэг хүн рүү яриад тавилга зарж байгаа газрын дансны дугаарыг өгөөд 1.420.000 төгрөгийг шилжүүлүүлсэн. Тавилга зарж байгаа газрынхан албан тасалгааны тавилгыг өөрсдөө хүргэн угсарч өгдөг учир хаана хүргүүлэх талаар асуухад нь “Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасагт хүргэж өгнө” гэдгийг хэлсэн. Энэ хугацаанд ахлах мөрдөгч О нь Ган-Очир луу байнга залгаад “яасан бэ хурдлаач, та нар” гээд загнаад дарамтлаад байсан. Тавилга хүргэж өгөх компанийхан 30-ны өдрөө тал тасалгааны тавилга хүргэж өгсөн гэсэн, тэгэхэд О байцаагч манай Ган-Очир луу залгаад “үлдсэн тавилга нь яасан бэ” гээд янз бүрийн өөр өөр утаснаас залгаж яриад байсан гэсэн. Тэгэхээр нь Ган-Очир тавилга хүргэж өгөх компаний утас руу залгаж асуухад 2 тасарч хүргэж өгч байгаа талаар хэлсэн байсан. Түүнийг нь О байцаагч руу Ган-Очир утсаар залгаж хэлсэн байсан. Үүнээс гадна 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн орой зам тээврийн осол гаргасны дараа Замын цагдаагийн газар дээр очоод шөнийн 03 цаг хүртэл байж байгаад гэртээ харьж амраад маргааш өглөө нь дахин цагдаа дээр очсон, тэгээд ахлах мөрдөгч Отой уулзахад “та нар өмгөөлөгч аваад байх шаардлага байхгүй, би та нарын бүх асуудлыг зохицуулна, таныг хорихгүй гадуур шалгана, наашаа өдөр болгон ирээд байх шаардлага байхгүй, намайг дуудахаар ирж уулзаарай” гэсэн зүйл хэлээд “оршуулгын зардал 20 сая орчим төгрөг болно, тэрийг өгөөрэй” гэж хэлж байсан. Үүний дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 10-ны намайг замын цагдаагийн албанаас ирж уулзахыг мэдэгдсэн тэгээд очоод уулзахад дарга нь бололтой хүн байсан түүний хажууд 2 хүн байсан, тэр 2 хүн намайг Цагдаагийн ерөнхий газар луу дагуулан авч яваад ахлах мөрдөгч Од тавилга авч өгсөн асуудлын талаар мэдүүлэг авсан” гэх мэдүүлэг /хх.1.114-117/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Ч.Тогосоо /TAOGESU/-гийн өгсөн: “.. Манай хүү Анда БНХАУ-ын Хөх хотын 10-н жилийн сургуульд сурдаг юм, тэгээд хүүхдээ хүргэж өгөхөөр 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн орой Улаанбаатараас Хөх хот руу явсан юм, тэгээд 28-ны өдрөө Хөх хотод очоод байж байтал манай нөхөр утсаар залгаж ярихдаа зам тээврийн осол хийгээд явган зорчигч дайраад амь насыг нь хохироосон хэрэг хийсэн талаараа хэлсэн, тэгээд найз Ибао, манай үйлдвэрийн ажилтан Ган-Очир нарын хамт Замын цагдаагийн газар дээр байгаа талаараа хэлсэн. Тэгээд нэг ярихад хэргийг шалгаж байгаа байцаагч албан тасалгааны тавилга авч өг гэсэн, тэгээд үнийг нь судлаад гадуур явж байгаа талаар хэлсэн тухайн үед хэргийг шалгаж байгаа байцаагч нь тэгдэг юм байх гэж бодоод орхисон. Тэгж байгаад үйлдвэрийн инженер Ган-Очиртой утсаар ярихад “байцаагч О гэдэг хүн албан тасалгааны тавилга авч өг гээд бид нарыг шахаж дарамтлаад янз бүрийн утаснаас залгаад байна, бид Мишээл Экспо худалдааны төв дээр албан тасалгааны тавилганы үнэ судлаад 1.420.000 төгрөгийн тавилга авахаар нэхэмжлэхийг нь авсан байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд “байцаагчийн утасны дугаар хэд юм бэ” гэж асуухад “мэдэхгүй янз бүрийн дугаараас залгаад байна” гэсэн, тэгээд нөхөр Тан Тэ Юэнтэй утсаар ярихад “надад мөнгө алга байна, чи энэ тавилганы мөнгийг төлчих” гэж надад хэлсэн, тэгээд үйлдвэрийн менежер Дорждулам руу утсаар яриад “чамд мөнгө байна уу, би Монголд очоод мөнгийг нь өгье” гэсэн, тэгэхэд “хэдэн төгрөг юм” гэж асуухаар нь Ган-Очирын хэлсэн 1.420.000 төгрөг гэдгийг хэлсэн, тэгэхэд Дорждулам “мөнгө байгаа юм байна, би гар утаснаасаа шилжүүлье” гэсэн. Тэгээд би 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Монголд ирээд нөхөртэйгөө уулзан болсон зүйлүүдийн талаар ярилцсан, тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үйлдвэрийн инженер Ган-Очирын хамт Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр очиж О байцаагчтай уулзахад “талийгаачийн талаас оршуулгын зардлын баримт гаргаж өгөөгүй байна, оршуулгын зардлын мөнгийг бэлдэж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үйлдвэрийн инженер Ган-Очирын хамт хэрэг шалгаж байгаа О байцаагч дээр очиж уулзсан, тэгэхэд талийгаачийн ар гэрээс оршуулгын зардалд 22.493.390 төгрөг болсон байна, энэ оршуулгын зардлын баримт байна” гэж баахан баримт үзүүлсэн, тэгээд “энэ мөнгийг хурдан шуурхай төлж барагдуулаарай” гэж хэлсэн, тэгээд “намайг гарч бай” гээд намайг гаргаад Ган-Очирыг “байж бай” гээд үлдээсэн. Би гадаа гараад хүлээж байхад хэсэг хугацааны дараа Ган-Очир гарч ирээд “та сая харсан уу, байцаагчийн өрөөнд байгаа шкаф, ширээ, шургуулга нь манай авч өгсөн тавилганууд шүү дээ” гэж хэлсэн, тэгээд бодоход байцаагчийн өрөөнд ороод зүүн гар талын хананд 2 шкаф нийлүүлээд тавьсан байсан, дээрээ нэг, доод талд нь нэг ширээ тавьсан байсныг дүрсэлж санасан... Ган-Очирт оршуулгын зардал 22.493.390 төгрөгнөөс гадна “надад 20.000.000 төгрөг өг, маргааш цагдаагийн баяр болох гэж байна, надад 1.000.000 төгрөг өг гэж шаардсан” гэж хэлсэн байсан. Манай найз Ибао-гийн ярьж байгаа нь үнэн, энэ асуудлын талаар нөхөр бид 2 гэрт нь очиж ярьсан юм” гэх мэдүүлгүүд /хх.1.118-121, 124-126/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Г.Дорждуламын өгсөн: “... Манай компанийн захирал Тогсоо нь БНХАУ-руу хүүхдээ сургуульд хүргэж өгөх ажилтай явсан байсан, тэгсэн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр захирал БНХАУ-аас над руу залгаад “чамд мөнгө байна уу, байгууллагын касс дээр мөнгө байхгүй байна” гэсэн тэгэхээр нь “хэдэн төгрөг” гэж асуухад 1.420.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би “дансаа шалгаад хэлье” гэсэн, тэгээд би дансаа шалгахад 1.420.000 төгрөг байсан, тэгэхээр нь мөнгө байгаа гэдгээ хэлэхэд “би чам руу дансны дугаарыг нь өгье, чи шилжүүлчих, би 2-3 хоногоос очно, тэгэхээрээ чамд өгье” гэсэн, “аль банк вэ” гэж асуухад “Худалдаа хөгжлийн банк” гэсэн, тэгээд би өөрийн гар утсан дээр Мост Мони програм ашиглан захирал Тогсоогийн өгсөн данс руу нь 1.420.000 төгрөгийг ширээ, шкафны мөнгө гээд шилжүүлсэн байгаа. Тухайн гүйлгээ нь ямар учиртай болох талаар сайн мэдээгүй, захирал хэлсэн болохоор тухайн мөнгийг нь шилжүүсэн байгаа, захирал 2018 оны 09 дүгээр сарын 03-нд ирээд надад 1.420.000 төгрөгийг буцаагаад бэлнээр өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хх.1.141-143/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Б.Оы гэрчээр өгсөн: “... 2018 оны 06 дугаар сард Морин даваанд Мазаалай гэдэг спорт машины уралдаан болсон, энэ үед Ганаа гэдэг залуутай танилцаад түүнээс хойш нэг нэгэнтэйгээ мэнд устай болоод нэг нэгийгээ мэдэх болсон. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 24-нөөс 25-ны үед Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны тэнд Ганаатай /Ган-Очир/ таарсан, мэнд мэдээд ярьж байхдаа би Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ирж албан өрөөнд нь сууж ажил үүрэг гүйцэтгэж байгаа талаар хэлэхэд “албан өрөөндөө тохижиж байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь “одоогоор тохижиж амжаагүй байна” гэж хэлэхэд “манай дээр албан тасалгааны тавилга байгаа, тэрийг аваад түр хэрэглэж байхгүй юу” гэж хэлсэн, тэгэхээр нь “тэгье тэгье” гэж хэлсэн, түүний дараа хэзээ билээ албан тасалгааны тавилгууд авчирч өгсөн байгаа. Нэг ёсондоо хүний албан тасалгааны тавилгыг түр хэрэглэж байгаа гэж ойлгож болно” гэх мэдүүлэг /хх.1.157-160/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Б.Жамьянсүрэнгийн өгсөн: “... Манай компани Мишээл Экспо худалдааны төвийн Е-23 тоот павилонд албан тасалгааны тавилга худалдан борлуулдаг бөгөөд тэнд манай худалдагч зогсдог. 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай компанийн Худалдаа хөгжлийн банкны данс руу албан тасалгааны тавилгын үнэ 1.420.000 төгрөг орсон байсан ба манай худалдагч “Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хажууд байх Замын цагдаагийн тасагт хүргэж өгөх ёстой” гэж хэлсэн. Би өөрөө компанийн захирлын ажил хийхээс гадна хэрэглэгч нарын худалдан авсан тавилгыг хүргэн өгөөд угсарч өгдөг юм. Тухайн үед манай компанид ажилд орох гэж байсан Золоо гэж дууддаг залуугийн хамт Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасагт 2 шкаф, 2 ширээ зэргийг хүргэн өгөөд угсарч өгсөн байгаа. Тухайн үед хүргэлтийн машинд багтахгүй байсан учир эхний ээлжинд тавилгуудын талыг хүргэж өгөөд буцан агуулахаас үлдсэн тавилгыг аваад буцан хүргэж өгөөд угсарч өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн 3 давхарт шатаар гараад баруун гар тийш эргээд 2 дахь хаалганд тавилгуудыг угсарч өгсөн байгаа. Ягаан туяатай шаргал өнгөтэй, саарал хүрээтэй ханын шкаф, ширээ байх ёстой, 2 ширээ нь 2 шургуулгатай байгаа” гэх мэдүүлэг /хх.1.144-146/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Г.Золбаярын өгсөн: “... Тухайн өдөр нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байсан шиг санагдаж байна, захирал Жамьянсүрэн “тавилга зөөж угсрах ажил гарчихлаа” гээд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг руу явсан, тэнд очоод албан тасалгааны шкаф, ширээ зөөж оруулсан ба намайг “угсарч байгаарай” гэж хэлээд захирал агуулах руугаа яваад үлдсэн зарим нэг зүйлийг авчрахаар явсан, тэр хойгуур нь би ханын шкаф нэгийг, ширээ хоёрыг угсарсан, тэгж байхад Жамьянсүрэн захирал угсарсан бэлэн шкаф авчраад тэрийг нь зөөн оруулж өгчихөөд явсан байгаа. Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн 3 давхар баруун гар тийш эргээд 00-ын өрөөний хажуу талын өрөөнд ханын шкаф хоёрыг, ширээ хоёрыг, шургуулга хоёрыг тус тус оруулан угсарч өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хх.1.148-150/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа Г.Ганзоригийн өгсөн: “... Манай хэлтсийн байранд ахлах мөрдөгч Б.О ирж ажиллах болсонтой холбоотойгоор ажиллах өрөө, 2 ширээ, сандал зэргийг тавьж өгсөн. Миний тавьж өгсөн тавилгыг ахлах мөрдөгч Б.О харчихаад “энэ арай ч дээ, би өөрөө албан тасалгааны тавилга авчирч тавина” гэж хэлсэн, тэгээд яг хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй байна шкаф, ширээ, шүүгээ зэрэг албан тасалгааны тавилга авчирсан байсан, тэр үед “тохижсон байна шүү дээ” гэхэд “тиймээ” гэж байсан. Миний тавьж өгсөн 2 ширээг гаргаад коридорт тавьсан байсан” гэх мэдүүлэг /хх.1.154-156/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч С.Мөнхжаргалын өгсөн: “... Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэст хөдөлгөөний эд хөрөнгө хариуцсан цагдаа а/а Ганзориг ажилладаг, энэ хүн ахлах мөрдөгч Б.Од ямар ямар тавилга эд хөрөнгө хүлээлгэж өгсөн талаар мэднэ. Төвд ажиллаж байгаа бидний хувьд жилийн эцсээр дүүргүүдийн замын цагдаагийн хэлтсүүдэд байгаа эд хөрөнгө, хогшлыг тоолон хариуцаж байгаа алба хаагч нар дээр тоолоод явдаг. Дүүрэг дээрх хөдөлгөөнийг тухайн хэлтсийн эд хариуцагч цагдаа мэдэх ёстой... Хэрэв алба хаагч нараас албан тасалгааны тавилга эд хогшил хүрэлцээгүй байна, хувиасаа албан тасалгааны тавилга авч хэрэглэх гэж байгаа бол энэ тухайгаа илэрхийлсэн өргөдөл хүсэлт өгсний үндсэн дээр тухайн албан тасалгааны тавилгуудыг байгууллагад хэрэглэдэг. Ахлах мөрдөгч Б.О албан өрөөндөө албан тасалгаандаа тавилга авч хэрэглэж байгаа талаараа ямар нэгэн байдлаар бидэнд мэдэгдээгүй байна. Гэхдээ бид дотоод нөөц бололцоогоо ашиглан алба хаагч нарын ая тухтай ажиллах нөхцөл бололцоог хангаж албан тасалгааны тавилга, эд хогшлоор ханган ажиллаж байгаа. Байгууллагад албан тасалгааны тавилга орлогод авахаар бол ЦЕГ-ын зөвшөөрлөөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тогтоол гарснаар байгууллагын орлогод авдаг. Мөн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс ахлах мөрдөгч Б.О албан өрөөндөө албан тасалгааны тавилга авч хэрэглэж байгаа талаар ямар нэгэн бичиг тоот ирээгүй” гэх мэдүүлэг /хх.1.151-153/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Ц.Насанбатын өгсөн: “... Манай хэлтэст 2018 оны 06 дугаар сарын сүүлээр шинээр томилогдсон 8 мөрдөгч томилогдон ирсэн, үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанд суун ажиллаж байсан мөрдөгч нарыг дүүргүүдэд хуваарилан суулгах, шинээр томилогдсон 8 мөрдөгч нарыг төв дээрээ суулган ажлын дадлага туршлагатай болгоё гэж удирдлагын түвшинд ярьж байсан. Үүний дагуу 2018 оны 08 дугаар сард Мөрдөн шалгах газрын дарга хуваарь гаргаж, төв дээр ажиллаж байсан ахлах мөрдөгч Б.О Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байранд ажиллах болсон юм. Мөрдөн шалгах газрын даргын хуваарь гарах үед ахлах мөрдөгч Б.О ээлжийн амралттай байсан ба 2018 оны 08 дугаар сарын сүүлээр 27-ны үед ажилдаа ороод 1-2 хоног төв дээр ажиллаж байгаад Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс рүү нүүн очиж ажилласан... Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтэс нь байр савны асуудалтай байдаг болохоор Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байранд очиж ажиллахаар болсон... би Мөрдөн байцаах албаны даргад албан бичгээр хүсэлт тавьж ширээ сандал нэмж аван мөрдөгч нарыг ажиллах нөхцөл бололцоогоор нь хангаж байсан. Энэ үед ахлах мөрдөгч Б.О нь ширээ сандал авахгүй өөрөө ширээ авсан гэж байсан... Ахлах мөрдөгч Б.О нь надад энэ асуудлын талаар танилцуулж зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Мөрдөн шалгах газрын даргад хандаж зөвшөөрөл авсан зүйл байхгүй байх, мэдэхгүй байгааг бодоход зөвшөөрөл аваагүй. Улаанбаатар хотын хэмжээнд гарч байгаа зам тээврийн осол хэргийн хүндэвтэр гэмтлээс дээшээ зам тээврийн осол хэргийн газарт манай хэлтсийн жижүүрт гарч байгаа мөрдөгч нар хэргийн газарт очиж үзлэг, хэмжилт хийдэг. Энэ 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гарсан зам тээврийн осол хэргийн газрын үзлэгт ахлах мөрдөгч Б.О өөрөө очиж ажилласан тул энэ хэргийг Б.Од шалгах цохолтыг хийсэн. Үүний дагуу уг хэргийг ахлах мөрдөгч Б.О шалгасан гэж ойлгож болно... Энэ асуудал болохын өмнө ахлах мөрдөгч Б.О нь “эхнэрийнхээ ажлаас ширээ авчраад тавьсан байгаа” гэж хэлж байсан, тэгэхээр нь би дотроо эхнэр нь дүүргийн ЗДТГ-ын дарга хийдэг болохоор дэл сул ширээ сандал байдаг байх гэж бодоод орхисон” гэх мэдүүлэг /хх.1.161-164/,

          “Их Жээт” ХХК-с “Инуд” ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бичсэн 1.420.000 төгрөгийн нэхэмжлэх хуудас, тавилгын төлбөрийн баримт /хх.1.13-14/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Г.Золбаярыг оролцуулан зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх.1.26-28/,

          Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.29-30/,

          Гэрч Б.Жамьянсүрэнгийн хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн “Их Жээт” ХХК-ны Худалдаа хөгжлийн банк дахь 406093436 тоот дансанд 2018 оны 08 дугаар сарын 30-нд 1.420.000 /нэг сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөг /ширээ шкаф үнэ/ гэж орсон дансны хуулга /1.146-147/,

          Эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол, эд мөрийн баримтыг хураан авсан болон мөрдөгчийн бусад тэмдэглэлүүд /хх.1.168-181/,

          Б.Оы ажил байдлын тодорхойлолт, ажилд томилсон тушаалын хуулбар /хх.2.4-13/,

          Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 247 дугаартай магадлал зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

          Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

          Б.О нь Тан Тэ Юэн /TANG TIEYING-ийн үйлдсэн зам тээврийн ослын 180300727 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа түүний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлхийн тулд шууд 1.420.000 /нэг сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий албан тасалгааны тавилгыг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан өрөөндөө 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хахуульд авсан, мөн 20.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Н.Ган-Очирын өгсөн: “... Маргааш өглөө нь буюу 30-ны өглөө Баянзүрх дүүргийн Замын цагдаа дээр очоод О байцаагчийн 9911-тэй дугаар руу залгаад “бид нар өмгөөлөгчтэйгөө ирчихлээ, хэдэн тоот өрөөнд орох вэ” гэж асуухад “Төв замын цагдаа дээр хүрээд ир, өмгөөлөгчөөр яах гэсэн юм” гээд байсан. Төв замын цагдаа дээр очоод Тан Тэ Юэн болон түүний найз YUAN YIBAO, бид гурвыг дуудаж уулзаад “энэ зам тээврийн ослын хэргийг намайг шалга гэж цохолт хийсэн, би энэ асуудлыг шалгана. Энэ зам тээврийн ослын улмаас талийгаачийн ар гэрийнхэнд өгөх оршуулгын зардалд 20 сая орчим төгрөг болно, тэрийгээ та нар бэлдээрэй, өмгөөлөгч аваад байх шаардлага байхгүй, хэрэв өмгөөлөгч авахаар бол надад хэлээрэй би зохицуулна, та нар миний хэлсэн заавраар байна шүү” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд “та нар гарч бай” гээд гаргасан, тэгснээ намайг дуудаад “чи иймэрхүү ширээ, шкафны үнийг мэдээдэх” гэж хэлсэн. “Би Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг руу очиж ажиллахаар болсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь өрөөнөөс нь 10 цагийн үед гараад гадаа гарч нөгөө хоёртойгоо уулзаад “О байцаагч ширээ, шкафны үнэ мэдээд ир гэж байна” гээд бид 3 Мишээл Экспо худалдааны төв рүү явцгаасан. Мишээл экспо худалдааны төв дээгүүр явж байхдаа гар утсан дээрээ ширээ, шкафны үнэ, зургийг аваад явж байхад 12 цагийн үед О байцаагч над руу залгаад “хаана явж байна” гэсэн, тэгэхээр нь “Мишээл дээр явж байна” гэж хэлэхэд “чи 2 ширээ, 2 шкаф аваад Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн 303 тоот өрөө лүү явуулчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь О байцаагчийн хэлснийг Тан Тэ Юэнд найз YUAN YIBAO-oop дамжуулан хэлэхэд “за авч өгье” гэсэн... Энэ хугацаанд О байцаагч над руу өөр, өөр дугаарын утаснаас залгаад “өнөөдөр 17 цагт Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасагт албан тасалгааны тавилгуудыг авчраарай за юу” гээд чанга дуугаар хэлж байсан. Тэгээд тавилга худалдах газраас нэхэмжлэхийг нь аваад Тан Тэ Юэн-д өгсөн тэгээд ажил дээр ирээд ажлаа хийж байхад О байцаагч дахин залгаад “тавилга яасан бэ” гэж асууж байсан, тэгэхээр нь “мөнгө төгрөг нь одоо шийдэгдэх байх” гэсэн... Тэгэхээр нь энэ байдлыг О байцаагчид хэлэхэд “маргааш 15 цагт аваад ирээрэй” гэсэн. Би тавилга зарж байгаа компанийн утас руу залгаад “та нар маргааш 15 цагт тавилгуудыг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн 303 тоот өрөөнд хүргээд өгөөрэй” гэж хэлээд О байцаагчийн 9911-тэй дугаарыг хэлж өгсөн байгаа. Маргааш нь буюу 31-ний өдрийн 16 цагийн үед тавилга хүргэж өгөх хүмүүс над руу залгаад “яг хаана хүргэж өгөх юм” гэж асууж байсан. Тэгэхээр нь “Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн 303 тоот өрөөнд хүргэж өгнө” гэсэн, тэгээд 17 цагийн үед О байцаагч над руу залгаад ““үлдсэн тавилга нь яасан бэ” гэж асуухаар нь гайхаад яасан талаар асуухад “1 шкаф дутуу байна шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь тавилга хүргэж хүмүүс рүү залгаад “яасан бэ” гэхэд “1 шкаф дутуу байсан, тэрийг нь одоо оруулж байна” гэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.134-138/,

          “... Тэгээд Тогосоо захирал бид хоёрыг өрөөнөөсөө гаргасан тэгснээ араас намайг дуудуулад өрөөнд нь ороход надад хандаж “мөрдөн байцаагч нарын баяр болох гэж байна, надад 1-2 сая төгрөг хэрэгтэй байна, захирлаасаа аваад ир” гэсэн, тэгээд “надад 20 сая төгрөг өгнө шүү” гэж хэлсэн, тэгэхээр нь “захирлаас асууя” гэж хэлээд өрөөнөөс нь гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.139-40/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч БНХАУ-ын иргэн Юан oвoгт Ибао /YUAN ҮIВАО/-гийн өгсөн: “... зам тээврийн осол болсон газарт хэмжилт хийж байсан байцаагч О биднийг дуудаад “би энэ хэргийг шалгахаар болсон өнөөдрөөс эхлэн та нар надтай уулзах болно” гэсэн тэгээд бид нарт “тэгж болохгүй, ингэж болохгүй” гэж чанга дуугаар, зандрангуй байдлаар ярьсан. Тэгээд биднийг “маргааш өглөө хүрээд ир” гэж хэлсэн, тэгэхэд “манай энд ажиллах ажлын байрны багтаамж муу учир би Баянзүрх дүүргийн Замын цагдаа дээр ажиллах болсон, маргааш өглөө Баянзүрх дүүргийн Замын цагдаа дээр хүрээд ир” гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 30-ны өглөө Баянзүрх дүүргийн Замын цагдаа дээр очоод О байцаагчийн 9911-тэй дугаар руу Ган-Очир залгаад “бид нар ирчихсэн байна, хэдэн тоот өрөөнд орох вэ, бид өмгөөлөгчтэйгөө ирсэн байна” гэдгээ хэлж ярьсан, тэгэхэд “Төв замын цагдаа дээр хүрээд ир” гэж хэлсэн байсан. Тэгээд бид хэд Төв замын цагдаа дээр очоод Тан Тэ Юэн, Ган-Очир бид гурвыг дуудаж уулзаад “өмгөөлөгчийн хэрэг байхгүй, би энэ зам тээврийн ослын хэргийг шалгах учир надтай асуудлаа ярь, өмгөөлөгч авах шаардлага гарвал би та нарт хэлнэ, энэ талаар сайн өмгөөлөгч надад байгаа шүү, зам тээврийн ослын улмаас талийгаачийн ар гэрийнхэнд өгөх оршуулгын зардалд 20 сая орчим төгрөг болох байх, тэрийг та нар бэлдээрэй, та нар миний хэлсэн заавраар байна шүү” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэр үед О байцаагч би “Баянзүрх дүүргийн Замын Цагдаагийн хэлтэст очиж ажиллах юм байна, миний ажиллах өрөөнд ширээ сандал, шкаф байхгүй юм байна, та нар яваад ширээ, сандал, шкафны үнийг мэдээдэх, өнгө нь цайвар шаргал байх ёстой шүү” гээд өнгийг нь хэлж байсан... 2018 оны 09 дүгээр сарын 10-ны үед шиг санаж байна, Тан Тэ Юэн эхнэр Тогосоогийн хамт манай гэрт ирээд “зам тээврийн ослын улмаас хохирогчийн ар гэрийнхэнд 22.500.000 төгрөгийн хохирол гарсан” гэж байна, О байцаагч энэ хэргийг бид нарын талд аятайхан шийдэж байгаа юм байна, О байцаагч биднээс 20.000.000 төгрөг өгөхийг нэхээд байна, маргааш цагдаагийн баяр болох гээд мөнгө хэрэгтэй байна, 1-2 сая төгрөг өгөөч гээд шаардаад байна, яавал дээр вэ” гэж надаас асууж ярилцсан...” гэх мэдүүлэг /хх.1.129-132/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд БНХАУ-ын иргэн Тан Тэн Юэн /TANG TIEYING/-ий гэрчээр өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс миний хэргийг ахлах мөрдөгч О шалгахаар болсон гэсэн, тухайн үед би эхнэр Тогосоогийн үйлдвэрт ажилладаг Ган-Очир, миний найз БНХАУ-ын иргэн YUAN YIBAO нарын хамт байсан, тэгэхэд ахлах мөрдөгч О бид гурвыг дагуулан гадаа гараад “миний ажил Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг руу очиж ажиллахаар болж байна, тэнд өрөөний тавилга байхгүй байгаа, та нар надад албан тасалгааны тавилга авч өг” гэсэн. Энэ асуудлыг Ган-Очир, найз YUAN YIBAO надад хятадаар хэлж ойлгуулсан, тэгээд Ган-Очирыг ажил руугаа дагуулан ороод нэг өрөө лүү оруулаад “ийм тавилга шүү” гэж үзүүлсэн гэсэн. Тэгээд “та нар Мишээл Экспо худалдааны төв рүү яваад ийм тавилга ямар үнэтэй байна, үнийг нь судлаад надад хэл” гэж хэлээд явуулсан. Ган-Очир, миний найз БНХАУ-ын иргэн YUAN YIBAO бид 3 Мишээл Эксо худалдааны төв дээр очиж албан тасалгааны тавилганы үнэ судлахад 1 сая гаран төгрөг болж байсан. Тэгээд ахлах мөрдөгч Б.Од “албан тасалгааны тавилга 1 сая гаран төгрөгийн үнэтэй юм байна” гэж Ган-Очир утсаар хэлэхэд “наад тавилгаа ав, хурдан аваад миний ажиллах өрөөнд аваачиж угсар за юу” гэж шаардан шахаж, дарамталсан байсан... Энэ хугацаанд ахлах мөрдөгч О нь Ган-Очир луу байнга залгаад “яасан бэ хурдлаач, та нар” гээд загнаад дарамтлаад байсан. Тавилга хүргэж өгөх компанийхан 30-ны өдрөө тал тасалгааны тавилга хүргэж өгсөн гэсэн, тэгэхэд О байцаагч манай Ган-Очир луу залгаад ““үлдсэн тавилга нь яасан бэ” гээд янз бүрийн өөр өөр утаснаас залгаж яриад байсан гэсэн. Тэгэхээр нь Ган-Очир тавилга хүргэж өгөх компаний утас руу залгаж асуухад 2 тасарч хүргэж өгч байгаа талаар хэлсэн байсан. Түүнийг нь О байцаагч руу Ган-Очир утсаар залгаж хэлсэн байсан... тэгээд ахлах мөрдөгч Отой уулзахад “та нар өмгөөлөгч аваад байх шаардлага байхгүй, би та нарын бүх асуудлыг зохицуулна, таныг хорихгүй гадуур шалгана, наашаа өдөр болгон ирээд байх шаардлага байхгүй, намайг дуудахаар ирж уулзаарай” гэсэн зүйл хэлээд “оршуулгын зардал 20 сая орчим төгрөг болно, тэрийг өгөөрэй” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.114-117/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Ч.Тогосоо /TAOGESU/-гийн өгсөн: “... тэгээд найз Ибао, манай үйлдвэрийн ажилтан Ган-Очир нарын хамт Замын цагдаагийн газар дээр байгаа талаараа хэлсэн. Тэгээд нэг ярихад хэргийг шалгаж байгаа байцаагч албан тасалгааны тавилга авч өг гэсэн, тэгээд үнийг нь судлаад гадуур явж байгаа талаар хэлсэн, тухайн үед хэргийг шалгаж байгаа байцаагч нь тэгдэг юм байх гэж бодоод орхисон. Тэгж байгаад үйлдвэрийн инженер Ган-Очиртой утсаар ярихад “байцаагч О гэдэг хүн албан тасалгааны тавилга авч өг гээд бид нарыг шахаж дарамтлаад янз бүрийн утаснаас залгаад байна, бид Мишээл Экспо худалдааны төв дээр албан тасалгааны тавилганы үнэ судлаад 1.420.000 төгрөгийн тавилга авахаар нэхэмжлэхийг нь авсан байгаа” гэж хэлсэн... тэгээд “намайг гарч бай” гээд намайг гаргаад Ган-Очирыг “байж бай” гээд үлдээсэн. Би гадаа гараад хүлээж байхад хэсэг хугацааны дараа Ган-Очир гарч ирээд “та сая харсан уу, байцаагчийн өрөөнд байгаа шкаф, ширээ, шургуулга нь манай авч өгсөн тавилганууд шүү дээ” гэж хэлсэн, тэгээд бодоход байцаагчийн өрөөнд ороод зүүн гар талын хананд 2 шкаф нийлүүлээд тавьсан байсан, дээрээ нэг, доод талд нь нэг ширээ тавьсан байсныг дүрсэлж санасан... Ган-Очирт оршуулгын зардал 22.493.390 төгрөгнөөс гадна “надад 20.000.000 төгрөг өг, маргааш цагдаагийн баяр болох гэж байна, надад 1.000.000 төгрөг өг гэж шаардсан” гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлгүүд /хх.1.118-121, 124-126/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Г.Дорждуламын өгсөн: “... тэгсэн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр захирал БНХАУ-аас над руу залгаад “чамд мөнгө байна уу, байгууллагын касс дээр мөнгө байхгүй байна” гэсэн тэгэхээр нь “хэдэн төгрөг” гэж асуухад 1.420.000 төгрөг гэсэн. Тэгэхээр нь би “дансаа шалгаад хэлье” гэсэн, тэгээд би дансаа шалгахад 1.420.000 төгрөг байсан, тэгэхээр нь мөнгө байгаа гэдгээ хэлэхэд “би чам руу дансны дугаарыг нь өгье, чи шилжүүлчих, би 2-3 хоногоос очно, тэгэхээрээ чамд өгье” гэсэн, “аль банк вэ” гэж асуухад “Худалдаа хөгжлийн банк” гэсэн, тэгээд би өөрийн гар утсан дээр Мост Мони програм ашиглан захирал Тогосоогийн өгсөн данс руу нь 1.420.000 төгрөгийг ширээ, шкафны мөнгө гээд шилжүүлсэн байгаа. Тухайн гүйлгээ нь ямар учиртай болох талаар сайн мэдээгүй, захирал хэлсэн болохоор тухайн мөнгийг нь шилжүүсэн байгаа, захирал 2018 оны 09 дүгээр сарын 03-нд ирээд надад 1.420.000 төгрөгийг буцаагаад бэлнээр өгсөн байгаа” гэх мэдүүлэг /хх.1.141-143/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Б.Жамьянсүрэнгийн өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай компанийн Худалдаа хөгжлийн банкны данс руу албан тасалгааны тавилгын үнэ 1.420.000 төгрөг орсон байсан ба манай худалдагч “Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хажууд байх Замын цагдаагийн тасагт хүргэж өгөх ёстой” гэж хэлсэн. Би өөрөө компанийн захирлын ажил хийхээс гадна хэрэглэгч нарын худалдан авсан тавилгыг хүргэн өгөөд угсарч өгдөг юм. Тухайн үед манай компанид ажилд орох гэж байсан Золоо гэж дууддаг залуугийн хамт Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасагт 2 шкаф, 2 ширээ зэргийг хүргэн өгөөд угсарч өгсөн байгаа. Тухайн үед хүргэлтийн машинд багтахгүй байсан учир эхний ээлжинд тавилгуудын талыг хүргэж өгөөд буцан агуулахаас үлдсэн тавилгыг аваад буцан хүргэж өгөөд угсарч өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн 3 давхарт шатаар гараад баруун гар тийш эргээд 2 дахь хаалганд тавилгуудыг угсарч өгсөн байгаа. Ягаан туяатай шаргал өнгөтэй, саарал хүрээтэй ханын шкаф, ширээ байх ёстой, 2 ширээ нь 2 шургуулгатай байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.144-146/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Г.Золбаярын өгсөн: “... Тухайн өдөр нь 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байсан шиг санагдаж байна, захирал Жамьянсүрэн “тавилга зөөж угсрах ажил гарчихлаа” гээд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг руу явсан, тэнд очоод албан тасалгааны шкаф, ширээ зөөж оруулсан ба намайг “угсарч байгаарай” гэж хэлээд захирал агуулах руугаа яваад үлдсэн зарим нэг зүйлийг авчрахаар явсан, тэр хойгуур нь би ханын шкаф нэгийг, ширээ хоёрыг угсарсан, тэгж байхад Жамьянсүрэн захирал угсарсан бэлэн шкаф авчраад тэрийг нь зөөн оруулж өгчихөөд явсан байгаа. Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн 3 давхар баруун гар тийш эргээд 00-ын өрөөний хажуу талын өрөөнд ханын шкаф хоёрыг, ширээ хоёрыг, шургуулга хоёрыг тус тус оруулан угсарч өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.148-150/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа Г.Ганзоригийн өгсөн: “... Миний тавьж өгсөн тавилгыг ахлах мөрдөгч Б.О харчихаад “энэ арай ч дээ, би өөрөө албан тасалгааны тавилга авчирч тавина” гэж хэлсэн, тэгээд яг хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй байна шкаф, ширээ, шүүгээ зэрэг албан тасалгааны тавилга авчирсан байсан, тэр үед “тохижсон байна шүү дээ” гэхэд “тиймээ” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.154-156/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч С.Мөнхжаргалын өгсөн: “... Төвд ажиллаж байгаа бидний хувьд жилийн эцсээр дүүргүүдийн замын цагдаагийн хэлтсүүдэд байгаа эд хөрөнгө, хогшлыг тоолон хариуцаж байгаа алба хаагч нар дээр тоолоод явдаг. Дүүрэг дээрх хөдөлгөөнийг тухайн хэлтсийн эд хариуцагч цагдаа мэдэх ёстой... Хэрэв алба хаагч нараас албан тасалгааны тавилга эд хогшил хүрэлцээгүй байна, хувиасаа албан тасалгааны тавилга авч хэрэглэх гэж байгаа бол энэ тухайгаа илэрхийлсэн өргөдөл хүсэлт өгсний үндсэн дээр тухайн албан тасалгааны тавилгуудыг байгууллагад хэрэглэдэг. Ахлах мөрдөгч Б.О албан өрөөндөө албан тасалгаандаа тавилга авч хэрэглэж байгаа талаараа ямар нэгэн байдлаар бидэнд мэгдээгүй байна... Мөн Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс ахлах мөрдөгч Б.О албан өрөөндөө албан тасалгааны тавилга авч хэрэглэж байгаа талаар ямар нэгэн бичиг тоот ирээгүй” гэх мэдүүлэг /хх.1.151-153/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Ц.Насанбатын өгсөн: “... Энэ үед ахлах мөрдөгч Б.О нь ширээ сандал авахгүй, өөрөө ширээ авсан гэж байсан... Ахлах мөрдөгч Б.О нь надад энэ асуудлын талаар танилцуулж зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Мөрдөн шалгах газрын даргад хандаж зөвшөөрөл авсан зүйл байхгүй байх, мэдэхгүй байгааг бодоход зөвшөөрөл аваагүй... Энэ 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гарсан зам тээврийн осол хэргийн газрын үзлэгт ахлах мөрдөгч Б.О өөрөө очиж ажилласан тул энэ хэргийг Б.Од шалгах цохолтыг хийсэн. Үүний дагуу уг хэргийг ахлах мөрдөгч Б.О шалгасан гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг /хх.1.161-164/,

          “Их Жээт” ХХК-с “Инуд” ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бичсэн 1.420.000 төгрөгийн нэхэмжлэх хуудас, тавилгын төлбөрийн баримт /хх.1.13-14/,

          Мөрдөн шалгах ажилллагаанд гэрч Г.Золбаярыг оролцуулан зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх.1.26-28/,

          Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.29-30/,

          Гэрч Б.Жамьянсүрэнгийн хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн “Их Жээт” ХХК-ны Худалдаа хөгжлийн банк дахь 406093436 тоот дансанд 2018 оны 08 дугаар сарын 30-нд 1.420.000 /нэг сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөг /ширээ шкаф үнэ/ гэж орсон дансны хуулга /хх.1.146-147/,

          Эд мөрийн баримтаар хураан авах тухай тогтоол, эд мөрийн баримтыг хураан авсан болон мөрдөгчийн бусад тэмдэглэлүүд /хх.1.168-181/,

          Б.Оы ажил байдлын тодорхойлолт, ажилд томилсон тушаалын хуулбар /хх.2.4-13/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Оы өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо илт зөрүүтэй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “... Н.Ган-Очироос тавилга түр хэрэглэхээр авсан...” гэх мэдүүлэг, уг тавилгын өмчлөгчийг тогтоогоогүй, Б.О 20 сая төгрөг өгөхийг шаардсан талаар гэрч нарын мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байна гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

          Б.Оы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Б.Оы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, хорих ялыг эдэлж дууссаны дараа нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг тоолж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Б.Од эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б.О нь хөнгөн ял оногдуулахыг хүсч байх боловч уг гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюул, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэхэд шүүгдэгчийн хүсэлтийг хангах шаардлагагүй, мөн түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг шүүгдэгчийн өмгөөлөгч хүсч байх боловч тухайн хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах учир өмгөөлөгчийн хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

          Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдан, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод шилжүүлвэл зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Бийн Оыг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Од оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, Б.Од оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг тоолсугай.

          5. Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          6. Б.О урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Авлигатай тэмцэх газарт хадгалж буй ягаан туяатай шаргал өнгөтэй, саарал хүрээтэй, 4 хаалгатай ханын шкаф 2 ширхэг, шургуулгатай ширээ 2 ширхэг зэрэг тавилгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод шилжүүлсүгэй.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                     ШҮҮГЧ                          С.ӨСӨХБАЯР