Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1192

 

 

 

 

 

 

 

                                               

Б.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Сүхбат,

шүүгдэгч Б.Оы өмгөөлөгч Г.Должинсүрэн,  

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,

                      

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/1597 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Од холбогдох 1809043770296 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

  

Б.О нь Тан Тэ Юэн /TANG TIEYING/-ийн үйлдсэн зам тээврийн ослын 180300727 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа түүний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 1,420,000 /нэг сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийн үнэ бүхий албан тасалгааны тавилгыг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан өрөөндөө 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хахуульд авсан, мөн 20.000.000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Оы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Оыг “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Од оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Од оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг тоолж, Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Авлигатай тэмцэх газарт хадгалж буй ягаан туяатай шаргал өнгөтэй, саарал хүрээтэй, 4 хаалгатай ханын шкаф 2 ширхэг, шургуулгатай ширээ 2 ширхэг зэрэг тавилгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулга давж заалдах гомдолдоо: “...Хэргийг анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байх хугацаанд буюу 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр шүүгдэгч БНХАУ-н иргэн Тан Тэ Юэн нь Улаанбаатар-Эрээн чиглэлийн МН-863 дугаартай аяллын галт тэргээр Монгол Улсын хилээр нэвтэрсэн нь Хил Хамгаалах Ерөнхий газрын 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2-5а/10783 дугаартай албан бичгээр нотлогдсон байна.

Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЗ/2960 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг тусгаарлаж хэлэлцэх”, 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал” гэж заасныг удирдлага болгон шүүгдэгч Б.О, Тан Тэ Юэн нарт холбогдох 1809043770296 дугаартай хэргээс Тан Тэ Юэнд холбогдох хэргийг тусгаарласан, мөн өдрийн 2019/ШЗ/2967 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараах шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, тухайн хэрэгт холбоотой бусад шүүгдэгчийн хувьд шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ”, 34.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүгдэгч оргон зайлсан бол түүнийг олж ирүүлэх хүртэл”, 34.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Оргон зайлсан, хүндээр өвчилсөн шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан бусад шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэх нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэж тус тус заасныг удирдлага болгон шүүгдэгч Тан Тэ Юэнд холбогдох 1809043770296 дугаартай хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд Б.Од холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЗ/2960 дугаартай “Хэргийг тусгаарлах тухай” захирамж, мөн өдрийн 2019/ШЗ/2967 дугаартай “Хэргийг түдгэлзүүлэх тухай” захирамж, тус шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/1597 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь дараах байдлаар нотлогдож байна.

1. Анхан шатны шүүх хэргийг тусгаарлахдаа хэргийн нөхцөл байдал, хэргийн тогтоогдсон байдал, хахууль өгөгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилго байсан эсэх, уг зорилго нь нотлогдож, тогтоогдсон эсэх, хахууль авагч хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэх, уг зорилго мөн тогтоогдсон зэргийг харгалзан хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй нөхцөл байдал тогтоогдож, хэрэг хянан шийдвэрлэхэд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2-т заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17, 34.18 дугаар зүйлийн аль тохирох хэсгийг хэрэглэж хэргийг тусгаарлаж, түдгэлзүүлэх нь зүйтэй юм.

Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, БНХАУ-ын иргэн Тан Тэ Юэнд холбогдох эрүүгийн хэргийг тусгаарлаж, түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Учир нь, хахууль өгөгч гэх БНХАУ-ын иргэн Тан Тэ Юэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс үзвэл “...өөрт холбогдох хэргийг ашигтай байдлаар шийдүүлэх зорилгоор Б.Од шкаф, ширээ авч өгөөгүй, тийм санаа зорилго байгаагүй...” гэж мэдүүлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, хахууль өгөгч Тан Тэ Юэн нь өөрийгөө гэм буруугүй буюу гэмт хэрэг хийсэн гэж үзэхгүй байгаа нөхцөл байдал харагддаг.

Албан тушаалын эсрэг гэмт хэрэг, хахууль өгөх, хахууль авах гэмт хэрэг нь холбоотой ойлголтууд бөгөөд хахууль өгөгч нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилго агуулсан, харин хахууль авагч нь тэрхүү зорилгыг ойлгон ухамсарлаж, хүлээн зөвшөөрч, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан байхыг шаарддаг. Хахууль өгөгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй буюу өөртөө давуу байдал бий болгох зорилго агуулаагүй гэсэн тохиолдолд хэргийг тусгаарлан шийдвэрлэх боломжгүй, шүүх хахууль өгөгчийн үйлдлийг гэмт хэрэгт тооцсон тохиолдолд хахууль авагчийн үйлдлийг мөн гэмт хэрэгт тооцох боломжтой юм.

Хэрэв хахууль өгөгч өөрийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхгүй, мөн үндэслэл байгаа тохиолдолд тухайн хэрэг хэрэгсэхгүй болох боломжтой бөгөөд хахууль өгөгчийн үйлдэл гэмт хэрэг биш бол хахууль авагчийн үйлдэл мөн гэмт хэрэг биш болох ёстой.

Тус хэргийн хувьд хахууль өгөгч гэх Тан Тэ Юэнгийн үйлдэлд шүүх хууль зүйн дүгнэлт өгөөгүй тохиолдолд хахууль авагч гэх Б.Оы үйлдэлд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдал байхад Б.Од холбогдох хэргийг тусгаарлан эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Мөн шүүх 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЗ/2967 дугаартай “Хэргийг түдгэлзүүлэх тухай" захирамж гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1, 3 дахь заалтыг зэрэг хэрэглэсэн нь тухайн захирамжийг агуулгын хувьд зөрүүтэй захирамж болгосон байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг бол зарим шүүгдэгчид холбогдох хэсгийг түдгэлзүүлэх зохицуулалт бол 34.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх буюу хэргийг бүхэлд нь түдгэлзүүлэх ойлголт юм.

           2. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019/ШЦТ/1597 дугаартай шийтгэх тогтоолдоо: “...Мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Оы өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо илт зөрүүтэй байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...Ган-Очироос тавилга түр хэрэглэхээр авсан...’’ гэх мэдүүлэг, уг тавилгын өмчлөгчийг тогтоогоогүй, Б.О 20 сая төгрөг өгөхийг шаардсан талаар гэрч нарын мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байна гэсэн шүүгдэгчийн  өмгөөлөгчийн тайлбар нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана” гэжээ.

Шүүхийн дээрх дүгнэлт нь өмгөөлөгчийн тайлбар ямар нотлох баримтаар хэрхэн няцаагдаж байгаа нь ойлгомжгүй, ерөнхий дүгнэлт болжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар хахуульд өгсөн гэх шкаф, ширээг худалдсан “Их Жээт” ХХК-ний Худалдаа Хөгжлийн банк дахь 406093436 дугаартай дансанд 1.420.000 төгрөг /ширээ, шкаф үнэ/ орсон дансны хуулга, “Их Жээт" ХХК-иас “Инуд” ХХК-д 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бичсэн 1.420.000 төгрөгийн нэхэмжлэх зэрэг баримтаар хахуульд өгсөн гэх 2 шкаф, 2 ширээний өмчлөх эрх нь Б.Од байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5-д заасан гэмт хэргүүд нь холбоотой ойлголтууд бөгөөд хахууль өгөгч нь хахууль авагчид эд зүйл өгсөн, ... тэдгээрийн өмчлөлд шилжүүлсэн байж гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх боломжтой бөгөөд шүүх 2 шкаф, 2 ширээний өмчлөх эрх хэнд байсан болохыг тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Б.О нь хахуульд өгсөн гэх эд зүйлийг хувийн хэрэгцээндээ бус, ажлын хэрэгцээнд хэрэглэж байсан нь түүнд эзэмших, ашиглах эрх үүссэнээс захиран зарцуулах эрх үүссэн байсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийтгэх тогтоол биш байх тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/1597 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсье. ...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1. Яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар Б.Оыг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.420.000 төгрөгийн үнэ бүхий албан тасалгааны тавилга хахуульд авсан, 20.000.000 төгрөгийг хахууль өгөхийг шаардсан хоёр үйлдэлд буруутгасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно”, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж тус тус заасан.

Яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд зааснаар гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр буюу албан тасалгааны тавилга хүлээн авсан цаг хугацаагаар тооцсон байна. Харин 20.000.000 төгрөг шаардсан гэмт үйлдлийг хэзээ хийсэн болохыг тогтоогоогүй, хууль зүйн дүгнэлт өгөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 20.000.000 төгрөгийг албан тасалгааны тавилга авснаас өмнө эсхүл хойно өгөхийг шаардсан болохыг тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг зөв тогтооход ач холбогдолтой байхад энэ талаар шийтгэх тогтоолд дурдаагүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүйг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.1-д “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн/ болохыг тогтоогоогүй гэж үзэхээр байна.

Б.О нь 1.420.000 төгрөгийн үнэ бүхий албан тасалгааны тавилга хахуульд авсан, 20.000.000 төгрөгийг хахууль өгөхийг шаардсан гэх үйлдэл тус бүрт нь хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь уг үйлдлийг үргэлжилсэн үйлдэлтэй гэмт хэрэг гэж үзсэн, эсхүл тус бүрт нь гэмт хэрэг гэж үзсэн эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

  1. Хавтас хэрэгт авагдсан гэрч Н.Ган-Очир, гэрч БНХАУ-н иргэн Юан овогт Ибао, гэрч Ч.Тогосоо нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтаар Б.О Н.Ган-Очироос албан тасалгааны тавилга, 20.000.000 төгрөг өгөхийг шаардсан, мөн тавилга судлах, худалдан авах ажиллагаанд Н.Ган-Очир оролцсон болох нь харагддаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5-д “Хахууль өгөх” гэмт хэрэг нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эсхүл тэдгээрийг амласан, санал болгосон” бол гэмт хэрэг гэж үзнэ.

Гэтэл Н.Ган-Очир нь Тан Тэ Юэний ашиг сонирхлын үүднээс дээрх үйлдлийг хийсэн эсэх, Н.Ган-Очирын эдгээр үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5-д заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг хэн үйлдсэн”-ийг тогтоогоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

  1. Анхан шатны шүүхээс Б.Оыг “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн, өөрөөр хэлбэл Б.О нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлэх гэж байсан эсэхийг тогтоосон байж уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх боломжтой.

Гэтэл Б.О нь Тан Тэ Юэний ямар ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, эсхүл хэрэгжүүлэх талаар амлалт өгсөн талаар нотолж тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг” тогтоогоогүй нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

4. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Од холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж Б.О, Тан Тэ Юэн нарт холбогдох хэргийг тусгаарлаж /Хэргийг тусгаарлах тухай 2019/ШЗ/2960 дугаартай захирамж/, Тан Тэ Юэнд холбогдох эрүүгийн хэргийн түдгэлзүүлж /Хэргийг түдгэлзүүлэх тухай 2019/ШЗ/2967 дугаартай захирамж/, Б.Од холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж /Шүүх хуралдааныг хойшлуулах тухай 2019/ШЗ/2961 дугаартай захирамж/ шийдвэрлэсэн.

Тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2960 дугаартай тэмдэглэлд “Шүүгчийн захирамжид Б.Од холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүгдэгч Б.Од авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хяналт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хуралдааны бэлтгэл хангаж, оролцогчдод хуралдааны товыг мэдэгдэхийг шүүгчийн туслах С.Түвшинтөрд даалгаж, тус шүүгчийн захирамжид гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг мэдэгдэж, шүүх хуралдааныг 14 цаг 10 минутад дуусгав” гэжээ.

2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б.О нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанаас 3 өөр захирамж гарсан байх бөгөөд харин тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэснээс өөрөөр ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэж үзэхээр байна.

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн 3 захирамж нь хоорондоо илт зөрүүтэй, шүүх хуралдаанаар хэргийн оролцогч нарт зөвхөн шүүх хурал хойшлуулж шийдвэрлэсэн болохыг уншиж сонсгосон боловч шүүхээс 3 өөр эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Хэргийг тусгаарлах тухай 2019/ШЗ/2960 дугаартай захирамж”, мөн өдрийн "Хэргийг түдгэлзүүлэх тухай 2019/ШЗ/2967 дугаартай захирамж”, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/1597 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнийхээ хүрээд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсье. ...” гэв.

 

Прокурор Ц.Сүхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үед Тан Тэн Юэн шүүх хуралдаанд оролцсон бөгөөд тухайн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн захирамж гарч хязгаарлалт тогтоох, Монгол Улсын хилээр үл гарах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ асуудлаар өмгөөлөгч болон орчуулагчаар дамжуулан өөрт нь хэлсэн боловч тухайн өдрөө Монгол Улсын хилээр нэвтэрч гарсан болох нь лавлагаагаар тогтоогдсон. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хуралдаан болох үед Тан Тэн Юэн Монгол Улсын хилээр гарсан байсныг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч оргон зайлсан гэж үзэх үндэслэлтэй гэж үзэн прокурорын зүгээс шүүгдэгч Б.Од холбогдох хэргийг тусгаарлаж, Тан Тэн Юэнд холбогдох хэргийг оргон зайлсан гэх үндэслэлээр түдгэлзүүлэх санал гаргасан. Мөн өдөр шүүгдэгч Б.О өмгөөлөгчөөсөө татгалзсан гэх үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон. Шүүгчийн эхний хоёр захирамж нь прокурорын саналын дагуу гарсан бөгөөд гурав дахь захирамж нь шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан үндэслэлээр гарсан. Эдгээрийг үндэслэн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгчийн захирамж гарч хязгаарлалт тогтоосон боловч тухайн өдрөө хилээр гарч явсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүгдэгч оргон зайлсан гэдэг нь тогтоогдсон. Улмаар хэргийг тусгаарлаж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Мөн тус шүүх хуралдаанаар шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хуралдаан хойшилсон. 1,420,000 төгрөгийн үнэ бүхий албан тасалгааны тавилга авсан үйлдэл, 20,000,000 төгрөг өгөхийг шаардсан үйлдэл нь нэг гэмт хэрэг. Энэ асуудлаар прокурор эсэргүүцэл бичиж хэлэлцэгдсэн асуудал. Хахууль өгөхийг шаардсан үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан гэрч Тогосоо, Ибао, Ган-Очир нарын мэдүүлгээр нотлогдож тогтоогдсон. Прокурор яллах дүгнэлт үйлдэж, яллагдагчаар татахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэж яллагдагчаар татсан тул хэрэгжүүлсэн эсэхийг шалгах шаардлагагүй. Өмгөөлөгч Б.Эрдэнэтулгын давж заалдах гомдолд дурдсан хахууль өгөх, хахууль авах гэмт хэргүүдийг хамтад нь шалгах ёстой гэж дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг тусгаарлах, түдгэлзүүлэх үндэслэл бий болсон байсан учраас хэргийг тус тусад нь шийдвэрлэх бүрэн боломжтой. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Эд зүйлийн захиран зарцуулах эрх нь шилжсэн бөгөөд эд зүйлийг өгсөн нь хавтас хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Б.О нь Тан Тэ Юэн /TANG TIEYING/-ийн үйлдсэн зам тээврийн ослын 180300727 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа түүний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд:

 

1. 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1,420,000 төгрөгийн үнэ бүхий албан тасалгааны тавилгыг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан өрөөндөө хахуульд авсан болох нь:

 

гэрч Н.Ган-Очирын “... 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн орой 20-21 цагийн хооронд манай компанийн захирал БНХАУ-ын иргэн /Өвөр монгол эмэгтэй/ Тогосоогийн нөхөр Тан Тэ Юэний найз YUAN YIBAO гэдэг хүн над руу яриад Сонсголонгийн замд, гүүрний тэнд Тан Тэ Юэн зам тээврийн осол гаргаж, явган зорчигч эмэгтэй хүнийг дайрсан байсан. Тэгээд 08-09 цагийн үед зам тээврийн ослын хэмжилт хийсэн байцаагч Отгон нь Тан Тэ Юэн болон түүний найз YUAN YIBAO нарыг дуудаад өрөөндөө уулзсан. Тэгээд тэр 2 удалгүй гарч ирээд “...маргааш өглөө Баянзүрх дүүргийн Замын цагдаа дээр хүрээд ир” гэж байна гээд гарч ирцгээсэн. Би тэр хоёрыг гэрт хүргэж өгөөд ажил руугаа явсан. Маргааш өглөө нь буюу 30-ны өглөө Баянзүрх дүүргийн Замын цагдаа дээр очоод Отгон байцаагчийн 9911-тэй дугаар руу залгаад “бид нар өмгөөлөгчтэйгөө ирчихлээ, хэдэн тоот өрөөнд орох вэ” гэж асуухад “Төв замын цагдаа дээр хүрээд ир, өмгөөлөгчөөр яах гэсэн юм” гээд байсан. Төв замын цагдаа дээр очоод Тан Тэ Юэн болон түүний найз YUAN YIBAO бид гурвыг дуудаж уулзаад “энэ зам тээврийн ослын хэргийг намайг шалга гэж цохолт хийсэн, би энэ асуудлыг шалгана. Энэ зам тээврийн ослын улмаас талийгаачийн ар гэрийнхэнд өгөх оршуулгын зардалд 20 сая орчим төгрөг болно, тэрийгээ та нар бэлдээрэй, өмгөөлөгч аваад байх шаардлага байхгүй, хэрэв өмгөөлөгч авахаар бол надад хэлээрэй би зохицуулна, та нар миний хэлсэн заавраар байна шүү” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгээд “та нар гарч бай” гээд гаргасан. Тэгснээ намайг дуудаад “чи иймэрхүү ширээ, шкафны үнийг мэдээдэх. Би Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг руу очиж ажиллахаар болсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь өрөөнөөс 10 цагийн үед гараад, гадаа гарч нөгөө хоёртойгоо уулзаад “Отгон байцаагч ширээ, шкафны үнэ мэдээд ир гэж байна” гээд бид гурав Мишээл экспо худалдааны төв рүү явцгаасан. Мишээл экспо худалдааны төв дээгүүр явж байхдаа гар утсан дээрээ ширээ, шкафны үнэ, зургийг аваад явж байхад 12 цагийн үед Отгон байцаагч над руу залгаад “хаана явж байна” гэсэн. Тэгэхээр нь “Мишээл дээр явж байна” гэж хэлэхэд “чи 2 ширээ, 2 шкаф аваад Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн 303 тоот өрөө рүү явуулчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь Отгон байцаагчийн хэлснийг Тан Тэ Юэнд найз YUAN YIBAO-oop дамжуулан хэлэхэд “за авч өгье” гэсэн. Тэгээд албан тасалгааны тавилга борлуулж байсан нэг лангуун дээр очоод “2 ширээ, 2 шкаф худалдан авья, та нар Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн 303 тоот өрөөнд хүргэж өгөөд угсраад өгөөч” гэж хэлсэн. Тэгэхэд худалдагч нь “та нар мөнгөө бүрэн төлсний дараа бид хүргэлт хийнэ” гэсэн. Тэгэхээр нь энэ байдлыг Тан Тэ Юэнд найз YUAN YIBAO-oop дамжуулан хэлэхэд “одоо мөнгө байхгүй байна, мөнгө олж худалдан авъя” гэж байсан. Энэ хугацаанд Отгон байцаагч над руу өөр өөр дугаарын утаснаас залгаад “өнөөдөр 17 цагт Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасагт албан тасалгааны тавилгуудыг авчраарай, за юу” гээд чанга дуугаар хэлж байсан. Тэгээд тавилга худалдах газраас нэхэмжлэхийг нь аваад Тан Тэ Юэн-д өгсөн. Тэгээд ажил дээр ирээд ажлаа хийж байхад Отгон байцаагч дахин залгаад “тавилга яасан бэ” гэж асууж байсан. Тэгэхээр нь “мөнгө төгрөг нь одоо шийдэгдэх байх” гэж хэлсэн. Тэгж байсаар байгаад 17 цагийн үед Тан Тэн Юэн “тавилганы мөнгө 1.420.000 төгрөгийг тавилга зарж байгаа компанийн данс руу нь шилжүүлсэн” гэсэн. Тэгэхээр нь тавилганы компанийн 9905-тай утас руу нь залгаад “танай данс руу мөнгө шилжүүлсэн, та одоо Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасаг руу хүргээд өгөөч” гэхэд “одоо ажил тарсан, маргааш хүргэж өгье” гэсэн. Тэгэхээр нь энэ байдлыг Отгон байцаагчид хэлэхэд “маргааш 15 цагт аваад ирээрэй” гэсэн. Би тавилга зарж байгаа компанийн утас руу залгаад “та нар маргааш 15 цагт тавилгуудыг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн 303 тоот өрөөнд хүргээд өгөөрэй” гэж хэлээд Отгон байцаагчийн 9911-тэй дугаарыг хэлж өгсөн байгаа. Маргааш нь буюу 31-ний өдрийн 16 цагийн үед тавилга хүргэж өгөх хүмүүс над руу залгаад “яг хаана хүргэж өгөх юм” гэж асууж байсан. Тэгэхээр нь “Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасгийн 303 тоот өрөөнд хүргэж өгнө” гэсэн. Тэгээд 17 цагийн үед Отгон байцаагч над руу залгаад “үлдсэн тавилга нь яасан бэ” гэж асуухаар нь гайхаад асуухад “1 шкаф дутуу байна шүү дээ” гэсэн. Тэгэхээр нь тавилга хүргэж хүмүүс рүү залгаад “яасан бэ” гэхэд “1 шкаф дутуу байсан, тэрийг нь одоо оруулж байна” гэсэн” /1 хх134-138/,

 

гэрч БНХАУ-ын иргэн Юан oвoгт Ибао /YUAN ҮIВАО/-ийн “... 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн орой 20 цаг 30 минутын үед миний найз Тан Тэ Юэн над руу залгаад “би машин жолоодож яваад зам тээврийн осол гаргаж явган зорчигч дайрчихлаа” гэсэн. ...зам тээврийн осол болсон газарт хэмжилт хийж байсан байцаагч Отгон биднийг дуудаад “би энэ хэргийг шалгахаар болсон, өнөөдрөөс эхлэн та нар надтай уулзах болно” гэсэн. Тэгээд бид нарт “Тэгж болохгүй, ингэж болохгүй” гэж чанга дуугаар, зандрангуй байдлаар ярьсан. Тэгээд биднийг “Маргааш өглөө хүрээд ир. Манай энд ажиллах ажлын байрны багтаамж муу учир би Баянзүрх дүүргийн Замын цагдаа дээр ажиллах болсон” гэж хэлсэн. Маргааш өглөө нь буюу 30-ны өглөө Баянзүрх дүүргийн замын цагдаагийн газарт очоод Отгон байцаагчийн 9911-тэй дугаарт Ган-Очир залгаад “бид нар ирчихсэн байна, хэдэн тоот өрөөнд орох вэ, бид өмгөөлөгчтэйгөө ирсэн байна” гэдгээ хэлж ярьсан. Тэгэхэд “Төв замын цагдаа дээр хүрээд ир” гэж хэлсэн байсан. Тэгээд бид хэд Төв замын цагдаа дээр очоод Тан Тэ Юэн, Ган-Очир бид гурвыг дуудаж уулзаад “өмгөөлөгчийн хэрэг байхгүй, би энэ зам тээврийн ослын хэргийг шалгах учир надтай асуудлаа ярь, өмгөөлөгч авах шаардлага гарвал би та нарт хэлнэ, энэ талаар сайн өмгөөлөгч надад байгаа шүү, зам тээврийн ослын улмаас талийгаачийн ар гэрийнхэнд өгөх оршуулгын зардал 20 сая орчим төгрөг болох байх, тэрийг та нар бэлдээрэй, та нар миний хэлсэн заавраар байна шүү” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэр үед Отгон байцаагч би “Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст очиж ажиллах юм байна. Миний ажиллах өрөөнд ширээ сандал, шкаф байхгүй юм байна. Та нар яваад ширээ, сандал, шкафны үнийг мэдээдэх, өнгө нь цайвар шаргал байх ёстой шүү” гээд өнгийг нь хэлж байсан. Тэгээд Отгон байцаагчийн өрөөнөөс бид хэд гараад Мишээл Экспо худалдааны төв рүү явцгаасан. Мишээл экспо худалдааны төв дээгүүр явж байхдаа Ган-Очир гар утсан дээрээ ширээ, шкафны үнэ, зургийг аваад явж байсан. Тэр үед “Отгон байцаагч залгаад байна” гээд ширээ, сандал, шкафны үнийг хэлээд байсан.  ...” /1 хх 129-132/,

 

БНХАУ-ын иргэн Тан Тэн Юэн /TANG TIEYING/-ий гэрчээр өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс миний хэргийг ахлах мөрдөгч Отгон шалгахаар болсон гэсэн. Тухайн үед би эхнэр Тогосоогийн үйлдвэрт ажилладаг Ган-Очир, миний найз БНХАУ-ын иргэн YUAN YIBAO нарын хамт байсан. Тэгэхэд ахлах мөрдөгч Отгон бид гурвыг дагуулан гадаа гараад “миний ажил Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг руу очиж ажиллахаар болж байна. Тэнд өрөөний тавилга байхгүй, та нар надад албан тасалгааны тавилга авч өг” гэсэн. Энэ асуудлыг Ган-Очир, найз YUAN YIBAO надад хятадаар хэлж ойлгуулсан. Тэгээд Ган-Очирыг ажил руугаа дагуулан ороод нэг өрөөнд оруулаад “ийм тавилга шүү” гэж үзүүлсэн гэсэн. Тэгээд “та нар Мишээл Экспо худалдааны төв рүү яваад ийм тавилга ямар үнэтэй байна, үнийг нь судлаад надад хэл” гэж хэлээд явуулсан. Ган-Очир, миний найз БНХАУ-ын иргэн YUAN YIBAO бид гурав Мишээл Эксо худалдааны төв дээр очиж албан тасалгааны тавилганы үнэ судлахад 1 сая гаран төгрөг болж байсан. Тэгээд ахлах мөрдөгч Б.Од “албан тасалгааны тавилга 1 сая гаран төгрөгийн үнэтэй юм байна” гэж Ган-Очир утсаар хэлэхэд “наад тавилгаа ав, хурдан аваад миний ажиллах өрөөнд аваачиж угсар, за юу” гэж шаардан шахаж, дарамталсан байсан. Тухайн өдөр мөнгө байхгүй байсан учир гэр рүүгээ харьсан. Тэгээд маргааш нь буюу 30-ны өдөр Мишээл Экспо худалдааны төв рүү Ган-Очир, YUAN YIBAO бид 3 очиж урд өдөр нь үзсэн тавилгануудаа сонгоод эхнэрийн ажлын Дорждулам гэдэг хүн рүү яриад тавилга зарж байгаа газрын дансны дугаарыг өгч 1.420.000 төгрөгийг шилжүүлсэн. Тавилга зарж байгаа газрынхан албан тасалгааны тавилгыг өөрсдөө хүргэн угсарч өгдөг учир хаана хүргүүлэх талаар асуухад нь “Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасагт хүргэж өгнө” гэдгийг хэлсэн. Энэ хугацаанд ахлах мөрдөгч Отгон нь Ган-Очир руу байнга залгаад “яасан бэ, хурдлаач, та нар” гээд загнаад дарамтлаад байсан. Тавилга хүргэж өгөх компанийхан 30-ны өдрөө зарим тавилгыг хүргэж өгсөн. Тэгэхэд Отгон байцаагч манай Ган-Очир руу залгаад “үлдсэн тавилга нь яасан бэ” гээд өөр өөр утаснаас залгаж яриад байсан гэсэн. Тэгэхээр нь Ган-Очир тавилга хүргэж өгөх компаний утас руу залгаж асуухад 2 тасарч хүргэж өгч байгаа талаар хэлсэн байсан. Түүнийг нь Отгон байцаагч руу Ган-Очир утсаар залгаж хэлсэн байсан. Үүнээс гадна 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн орой зам тээврийн осол болсны дараа Замын цагдаагийн газар дээр очоод шөнийн 03 цаг хүртэл байж байгаад гэртээ харьж амраад маргааш өглөө нь дахин цагдаа дээр очсон. Тэгээд ахлах мөрдөгч Отгонтой уулзахад “та нар өмгөөлөгч аваад байх шаардлага байхгүй, би та нарын бүх асуудлыг зохицуулна, таныг хорихгүй гадуур шалгана, наашаа өдөр болгон ирээд байх шаардлага байхгүй, намайг дуудахаар ирж уулзаарай” гэсэн зүйл хэлээд “оршуулгын зардал 20 сая орчим төгрөг болно, тэрийг өгөөрэй” гэж хэлж байсан. ...” /1 хх 114-117/,

 

гэрч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Ч.Тогосоо /TAOGESU/-гийн “...2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Хөх хотод очоод байж байтал манай нөхөр утсаар залгаж ярихдаа зам тээврийн осол хийгээд явган зорчигч дайраад амь насыг нь хохироосон хэрэг хийсэн талаараа хэлсэн. Тэгээд найз Ибао, манай үйлдвэрийн ажилтан Ган-Очир нарын хамт Замын цагдаагийн газар дээр байгаа талаараа хэлсэн. Тэгээд нэг ярихад хэргийг шалгаж байгаа байцаагч албан тасалгааны тавилга авч өг гэсэн, үнийг нь судлаад гадуур явж байгаа талаар хэлсэн. Тухайн үед хэргийг шалгаж байгаа байцаагч нь тэгдэг юм байх гэж бодоод орхисон. Тэгж байгаад үйлдвэрийн инженер Ган-Очиртой утсаар ярихад “байцаагч Отгон гэдэг хүн албан тасалгааны тавилга авч өг гээд бид нарыг шахаж дарамтлаад янз бүрийн утаснаас залгаад байна, бид Мишээл Экспо худалдааны төв дээр албан тасалгааны тавилганы үнэ судлаад 1,420,000 төгрөгийн тавилга авахаар нэхэмжлэхийг нь авсан байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд “байцаагчийн утасны дугаар хэд юм бэ” гэж асуухад “мэдэхгүй янз бүрийн дугаараас залгаад байна” гэсэн. Тэгээд нөхөр Тан Тэ Юэнтэй утсаар ярихад “надад мөнгө алга байна, чи энэ тавилганы мөнгийг төлчих” гэж надад хэлсэн. Үйлдвэрийн менежер Дорждулам руу утсаар яриад “чамд мөнгө байна уу, би Монголд очоод мөнгийг нь өгье” гэсэн. Тэгэхэд “хэдэн төгрөг юм” гэж асуухаар нь Ган-Очирын хэлсэн 1.420.000 төгрөг гэдгийг хэлсэн.  Дорждулам “мөнгө байгаа юм байна, би гар утаснаасаа шилжүүлье” гэсэн. Тэгээд би 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монголд ирээд нөхөртэйгөө уулзан болсон зүйлийн талаар ярилцсан. 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр үйлдвэрийн инженер Ган-Очирын хамт Баянзүрх дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр очиж Отгон байцаагчтай уулзахад “талийгаачийн талаас оршуулгын зардлын баримт гаргаж өгөөгүй байна. Оршуулгын зардлыг бэлдэж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр үйлдвэрийн инженер Ган-Очирын хамт хэрэг шалгаж байгаа Отгон байцаагчтай очиж уулзсан. Тэгэхэд талийгаачийн ар гэрээс оршуулгын зардалд 22.493.390 төгрөг болсон байна. Энэ оршуулгын зардлын баримт нь байна” гэж баахан баримт үзүүлсэн. Тэгээд энэ мөнгийг хурдан шуурхай төлж барагдуулаарай гэж хэлсэн. Тэгээд “намайг гарч бай” гээд Ган-Очирыг “байж бай” гээд үлдээсэн. Би гадаа гараад хүлээж байхад хэсэг хугацааны дараа Ган-Очир гарч ирээд “та сая харсан уу, байцаагчийн өрөөнд байгаа шкаф, ширээ, шургуулга нь манай авч өгсөн тавилганууд шүү дээ” гэж хэлсэн. Байцаагчийн өрөөнд ороод зүүн гар талын хананд 2 шкаф нийлүүлээд тавьсан, дээрээ нэг, доод талд нь нэг ширээ тавьсан байсныг дүрсэлж санасан. ...“ /1 хх 118-121/,

 

гэрч Г.Дорждуламын “...Манай компанийн захирал Тогосоо 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-аас над руу залгаад “чамд мөнгө байна уу, байгууллагын касс дээр мөнгө байхгүй байна” гэсэн. Тэгэхээр нь “хэдэн төгрөг” гэж асуухад 1,420,000 төгрөг гэсэн. Би дансаа шалгахад 1,420,000 төгрөг байсан. Тэгэхээр нь мөнгө байгаа гэдгээ хэлэхэд “би чамд дансны дугаарыг нь өгье, чи шилжүүлчих, би 2-3 хоногоос очно, тэгэхээрээ чамд өгье” гэсэн. Тэгээд би өөрийн гар утаснаас захирал Тогосоогийн өгсөн данс руу нь 1,420,000 төгрөгийг ширээ, шкафны мөнгө гээд шилжүүлсэн байгаа. Тухайн гүйлгээ нь ямар учиртай болох талаар сайн мэдээгүй, захирал хэлсэн болохоор тухайн мөнгийг нь шилжүүсэн, захирал 2018 оны 9 дүгээр сарын 3-нд ирээд надад 1,420,000 төгрөгийг буцаагаад бэлнээр өгсөн байгаа. ...” /1 хх 141-143/,

 

гэрч Б.Жамьянсүрэнгийн “...2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай компанийн Худалдаа хөгжлийн банкны данс руу албан тасалгааны тавилгын үнэ 1,420,000 төгрөг орсон байсан ба манай худалдагч “Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хажууд байх Замын цагдаагийн тасагт хүргэж өгөх ёстой” гэж хэлсэн. ...Тухайн үед манай компанид ажилд орох гэж байсан Золоо гэж дууддаг залуугийн хамт Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасагт 2 шкаф, 2 ширээ зэргийг хүргэн өгөөд угсарч өгсөн байгаа. ...” /1 хх 144-146/,

 

гэрч Г.Золбаярын “...Тухайн өдөр нь 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байсан шиг санагдаж байна, захирал Жамьянсүрэн “тавилга зөөж угсрах ажил гарчихлаа” гээд Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасаг руу явсан. ...Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасгийн 3 давхар баруун гар тийш эргээд нойлын өрөөний хажуу талын өрөөнд ханын шкаф хоёрыг, ширээ хоёрыг, шургуулга хоёрыг тус тус оруулан угсарч өгсөн. ...” /1 хх 148-150/,

 

гэрч Г.Ганзоригийн “... Манай хэлтсийн байранд ахлах мөрдөгч Б.О ирж ажиллах болсонтой холбоотойгоор ажиллах өрөө, 2 ширээ, сандал зэргийг тавьж өгсөн. Миний тавьж өгсөн тавилгыг ахлах мөрдөгч Б.О харчихаад “энэ арай ч дээ, би өөрөө албан тасалгааны тавилга авчирч тавина” гэж хэлсэн. Тэгээд яг хэзээ гэдгийг хэлж мэдэхгүй байна, шкаф, ширээ, шүүгээ зэрэг албан тасалгааны тавилга авчирсан байсан. Тэр үед “тохижсон байна шүү дээ” гэхэд “тиймээ” гэж байсан. Миний тавьж өгсөн 2 ширээг гаргаад коридорт тавьсан байсан. ...” /1 хх 154-156/,

 

гэрч Ц.Насанбатын “...Манай хэлтэст 2018 оны 6 дугаар сарын сүүлээр шинээр 8 мөрдөгч томилогдон ирсэн. Үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанд суун ажиллаж байсан мөрдөгч нарыг дүүргүүдэд хуваарилан суулгах, шинээр томилогдсон 8 мөрдөгч нарыг төв дээрээ суулган ажлын дадлага туршлагатай болгоё гэж удирдлагын түвшинд ярьж байсан. Үүний дагуу 2018 оны 8 дугаар сард Мөрдөн шалгах газрын дарга хуваарь гаргаж, төв дээр ажиллаж байсан ахлах мөрдөгч Б.О Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн байранд ажиллах болсон юм. ... би Мөрдөн байцаах албаны даргад албан бичгээр хүсэлт тавьж, ширээ сандал нэмж аван мөрдөгч нарыг ажиллах нөхцөл бололцоогоор нь хангаж байсан. Энэ үед ахлах мөрдөгч Б.О нь ширээ сандал авахгүй, өөрөө ширээ авсан гэж байсан. ...Энэ асуудал болохын өмнө ахлах мөрдөгч Б.О нь “эхнэрийнхээ ажлаас ширээ авчираад тавьсан байгаа” гэж хэлж байсан. ...” /1 хх 161-164/ гэх мэдүүлгүүд,

 

“Их Жээт” ХХК-иас “Инуд” ХХК-д 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бичсэн 1.420.000 төгрөгийн нэхэмжлэх хуудас, тавилгын төлбөрийн баримт /1 хх 13-14/,

гэрч Б.Жамьянсүрэнгийн хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн “Их Жээт” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 406093436 тоот дансанд 2018 оны 8 дугаар сарын 30-нд 1.420.000 /нэг сая дөрвөн зуун хорин мянга/ төгрөг /ширээ, шкаф үнэ/ гэж орсон дансны хуулга /1 хх 146-147/,

Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 303 дугаар бүхий өрөөнөөс эд мөрийн баримтаар “...цайвар шаргал, 2 хажуу, ар хэсэг нь саарал өнгөтэй хоёр шкаф, цайвар шаргал өнгөтэй 2 ширхэг ширээг тус тус хураан авч, Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалсан...” тухай эд мөрийн баримт хураан авах тогтоол, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 168-181/ зэрэг,

 

2. 2018 оны 9 дүгээр сард 20,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан болох нь:

 

гэрч Н.Ган-Очирын “...ахлах мөрдөгч Б.О оршуулгын зардал 20 сая гаран төгрөг болсон талаарх баримт  үзүүлээд “энэ мөнгийг төлөөрэй” гэсэн. Тэгэхэд би “энэ баримтыг аваад явчих уу” гэхэд “давраад байгаарай” гэж хэлсэн. Тэгээд Тогосоо захирал бид хоёрыг өрөөнөөсөө гаргасан,  араас намайг дуудуулаад өрөөнд нь ороход надад хандаж “мөрдөн байцаагч нарын баяр болох гэж байна, надад 1-2 сая төгрөг хэрэгтэй байна. Захирлаасаа аваад ир гэсэн. Тэгээд надад 20 сая төгрөг өгнө шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь “захирлаас асууя” гэж хэлээд өрөөнөөс нь гарсан. Тэгээд захирал Тогосоо дээр очоод “байцаагч баяр болох гэж байна, 1 сая төгрөг аваад ир гэж байна” гэж хэлэхэд “мөнгө алга байна” гэж хэлсэн. Би буцаж оролгүй тэндээс явсан. ...” /1 хх 139-40/,

 

гэрч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Ч.Тогосоо /TAOGESU/-гийн “...Ган-Очирт оршуулгын зардал 22.493.390 төгрөгнөөс гадна надад 20.000.000 төгрөг өг, маргааш цагдаагийн баяр болох гэж байна, надад 1.000.000 төгрөг өг гэж шаардсан” гэж хэлсэн байсан. Манай найз Ибао-гийн ярьж байгаа нь үнэн, энэ асуудлын талаар нөхөр бид 2 гэрт нь очиж ярьсан юм. ...” /1 хх 120-121, 124-126/,

 

гэрч БНХАУ-ын иргэн Юан oвoгт Ибао /YUAN ҮIВАО/-ийн “...2018 оны 9 дүгээр сарын 10-ны үед шиг санаж байна. Тан Тэ Юэн эхнэр Тогосоогийн хамт манай гэрт ирээд “зам тээврийн ослын улмаас хохирогчийн ар гэрийнхэнд 22.500.000 төгрөгийн хохирол гарсан гэж байна. Отгон байцаагч энэ хэргийг бид нарын талд аятайхан шийдэж байгаа юм байна, Отгон байцаагч биднээс 20.000.000 төгрөг өгөхийг шаардаад байна. Маргааш цагдаагийн баяр болох гээд мөнгө хэрэгтэй, 1-2 сая төгрөг өгөөч гээд шаардаад байна. Яавал дээр вэ” гэж надаас асууж ярилцсан. Тэгэхэд нь “Би та нар нэгэнт өмгөөлөгч авсан, хууль зүйн зөвлөгөө авч байгаа учир өмгөөлөгчийнхөө хэлснээр явах хэрэгтэй. Ахлах мөрдөгч Отгон одоо 20.000.000 төгрөг өгөхийг шаардаж байгаа юм чинь дараа нь та нараас 200-300 сая төгрөг нэхвэл яах юм бэ, та нар өмгөөлөгчтэйгөө сайн ярилц” гэж хэлсэн. ...” /1 хх 129-132/ гэсэн мэдүүлгүүд зэрэг тус тус хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.О нь Тан Тэ Юэн /TANG TIEYING/-ийн үйлдсэн зам тээврийн ослын 180300727 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа түүний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд:

- 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шууд 1,420,000 төгрөгийн үнэ бүхий албан тасалгааны тавилгыг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн албан өрөөндөө хахуульд авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд ...хахууль ...авсан” гэсэн гэмт хэргийн шинжийг,

-2018 оны 9 дүгээр сард 20,000,000 /хорих сая/ төгрөг өгөхийг шаардсан үйлдэл нь мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байна.

 

Нийтийн албан тушаалтан Б.Оы Тан Тэ Юэн /TANG TIEYING/-ийн үйлдсэн зам тээврийн ослын 180300727 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа түүний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр шууд 1,420,000 төгрөгийн үнэ бүхий албан тасалгааны тавилгыг хахуульд авсан, 2018 оны 9 дүгээр сард 20,000,000 /хорих сая/ төгрөг өгөхийг шаардсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргээр зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээрээ хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасанд нийцнэ.

 

Харин гэрч Н.Ган-Очирын “...2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр захирал Тогосоог урдаас ирэхээр нь нөхөр Тан Тэ Юэнтай хамт Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг дээр дагуулан очиж Отгон байцаагчтай уулзуулаад...” /1 хх 136/, гэрч БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Ч.Тогосоо /TAOGESU/-гийн “...Би 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Монголд ирээд нөхөртэйгээ уулзан болсон зүйлүүдийг ярилцсан. ...7-ны өдөр үйлдвэрийн инженер Н.Ган-Очиртой хамт хэрэг шалгаж байгаа байцаагч Отгон дээр очиж уулзсан...” /1 хх 120-121/, гэрч БНХАУ-ын иргэн Юан oвoгт Ибао /YUAN ҮIВАО/-ийн “...2018 оны 9 дүгээр сарын 10-ны үед шиг санаж байна. Тан Тэ Юэн эхнэр Тогосоогийн хамт манай гэрт ирээд “...Отгон байцаагч энэ хэргийг бид нарын талд аятайхан шийдэж байгаа юм байна, Отгон байцаагч биднээс 20.000.000 төгрөг өгөхийг шаардаад байна. Маргааш цагдаагийн баяр болох гээд мөнгө хэрэгтэй 1-2 сая төгрөг өгөөч гээд шаардаад байна. Яавал дээр вэ...” гэж надаас асууж ярилцсан. ...” /1 хх 129-132/ гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Оы Тан Тэ Юэн /TANG TIEYING/-ийн үйлдсэн зам тээврийн ослын 180300727 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа түүний ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 20,000,000 /хорих сая/ төгрөг өгөхийг шаардсан үйлдлийг 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн гэж үзэх боломжгүй байх тул уг гэмт хэргийг үйлдсэн цаг хугацааг 2018 оны 9 дүгээр сар гэж давж заалдах шатны шүүх өөрчлөн дүгнэлээ.

 

Ингэж Б.Оы хахууль өгөхийг шаардсан үйлдлийн цаг хугацааг давж заалдах шатны шүүх өөрчилснөөр шүүгдэгчийг тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход эргэлзээ үүсэхгүй төдийгүй, шүүгдэгч Б.Оы эрх зүйн байдлыг дордуулахгүй. Учир нь, шүүгдэгч Б.Оыг тус үйлдэлд нь яллагдагчаар татсан /1 хх 216-221/, яллах дүгнэлт үйлдсэн /2 хх 26-33/, анхан шатны шүүх дүгнэлт хийжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулга “...Анхан шатны шүүх хахууль өгөх гэмт хэргийн шүүгдэгч БНХАУ-н иргэн Тан Тэ Юэнд холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн шатанд тусгаарлаж, түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хахуульд өгсөн гэх 2 шкаф, 2 ширээний өмчлөх эрх нь Б.Од байсан гэж үзэх үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Б.О нь тус тавилгыг хувийн хэрэгцээндээ бус ажлын хэрэгцээнд хэрэглэж байсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Хахууль авах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд шууд ...хахууль ...авсан” гэсэн гэмт хэргийн шинж үгүйсгэгдэхгүй бөгөөд албаны чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор шүүгдэгч Б.О нь гэмт хэрэгт холбогдогч Тан Тэ Юэн /TANG TIEYING/-тай холбогдсон, албаны чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа Тан Тэ Юэн /TANG TIEYING/-аас шууд 1,420,000 төгрөгийн үнэ бүхий албан тасалгааны тавилгыг хахуульд авсан болох нь дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 

Мөн шүүгдэгч БНХАУ-ын иргэн Тан Тэ Юэн /TANG TIEYING/-д холбогдох хэргийг түдгэлзүүлэх Эрүүгийн хэрэг хянан шийвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...шүүгдэгч оргон зайлсан бол;...” гэсэн үндэслэл хэрэгт бий болсон болох нь шүүгдэгч Тан Тэ Юэний Монгол Улсын хилээр гарсан тухай Хил хамгаалах Ерөнхий газрын 219 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2-5а/10783 дугаартай “...БНХАУ-ын иргэн Tang Tieying /1958.01.29-нд төрсөн, ПД:ЕЕ4558456/ нь 2019 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр УБ-Эрээн чиглэлийн MR-863 дугаар аялалын онгоцоор улсын хилээр гарсан бүртгэлд авагдсан байна.” гэсэн албан тоот /2 хх 179/, албан тоотын хавсралт /2 хх 181/-аар нотлогджээ.

 

Мөн шүүгдэгч БНХАУ-ын иргэн Тан Тэ Юэн /TANG TIEYING/-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг тусгаарлан шүүгдэгч Б.Од холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн нотлох баримтууд өөрчлөгдөхгүй, Б.Оы үйлдсэн хэргийн бодит байдлыг тогтооход саад учраагүй байх тул шүүгдэгч Тан Тэ Юэн /TANG TIEYING/-д холбогдох хэргийг тусгаарласан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЗ/2960 дугаартай “Хэргийг тусгаарлах тухай”, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2019/ШЗ/2967 дугаартай “хэргийг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжуудыг тус тус хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах талаарх давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, ... эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж энэ гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох болон хорих ялыг сонгох боломжтойгоор хуульчилсан.  

 

Шүүгдэгч Б.Оы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгож, тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялын дээд хэмжээ болох хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр оногдуулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Хуульд зааснаар, Б.Оы 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 37 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон торгох ялаас хасч тооцов.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/1597 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “...27,000 /хорин долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 /хорин долоон сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

 

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Од оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг тоолсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Од оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилсүгэй.  

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч Б.Од торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Од мэдэгдсүгэй.” гэсэн,  

 

тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Оы цагдан хоригдсон 37 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, таван зуун тавин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг Б.Од оногдуулсан хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялаас хасаж, Б.Оы биелүүлэх торгох ялын хэмжээг хорин зургаан мянга дөрвөн зуун дөчин таван нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 26,445,000 төгрөг /хорин зургаан сая дөрвөн зуун дөчин таван мянган төгрөг/-өөр тогтоосугай.” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэтулгын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүгдэгч Б.Оыг нэн даруй сулласугай.

 

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

                                ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ