Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2017/01396

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар     

            Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00904 дүгээр шийдвэр,

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1472 дугаар магадлалтай,

            “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            “Ө” ХХК-д холбогдох

            Гэрээний үүрэгт 118.590.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

          “М” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Ө” ХХК-тай  байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

           нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чимэдрэгзэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

           Нэхэмжлэгч “М” ХХК-ийн  гаргасан нэхэмжлэлд: Манай компани 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 15/014 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээг “Ө” ХХК-тай  байгуулсан. Уг гэрээгээр манай компани 2 ширхэг авто ачигч машиныг шилжүүлэх, “Ө” ХХК  нь авто ачигчийн үнэ болох 107.000 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээсэн. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон боловч “Ө” ХХК  нь гэрээний үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулаагүй. Тиймээс бид гэрээнд зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 авто ачигч автомашинаа буцаан авсан. Тус гэрээний 3.11 дэх хэсэгт зааснаар бидэнд бараагаа буцаан авснаар авто ачигч бүрийг нэг сарын 15.000.000 төгрөг түрээслэсэнд тооцож, ашигласан сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна. Хоёр авто ачигчийг 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх нийт 5 cap 25 хоногоор түрээсийн хугацааг тооцоход түрээсийн нийт төлбөр 175.000.000 төгрөг болно. Үүнээс “Ө” ХХК -ийн төлсөн 95.940.000 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөр 79.060.000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Ө” ХХК  нь хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 107 хоногийн алданги 41.506.500 төгрөг болох боловч алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой учир 39.530.000 төгрөгийг нэмж, нийт 118.590.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч “Ө” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын  гаргасан хариу тайлбарт: 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Ө” ХХК  нь “М” ХХК-тай  хоёр техник зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа өөрийн хүсэлтээр бус "Пүрэвдаш" ХХК-ийн хүсэлтийг үндэслэж "Пүрэвдаш" ХХК-ийн нэрийн өмнөөс гэрээг байгуулсан ба хоёр авто ачигчийг бид хэрэглээгүй. Хоёр авто ачигчийн төлбөр 95.940.000 төгрөгийг "Пүрэвдаш" ХХК болон иргэн Ш.Гансүх нар Ц.Цэнд-Очироор дамжуулж төлж байсан. Тийм ч учраас төлбөрийг төлж байсан Ш.Гансүх 100.000.000 төгрөг төлсөн байж техник ч үгүй, мөнгө ч үгүй үлдэж байна. Гэрээний зүйл болох хоёр техникийг Ш.Гансүх, "Пүрэвдаш" ХХК нар эзэмшиж, ашиглаж байсан учир зөвхөн гэрээ байгуулсан гэдэг утгаараа “Ө” ХХК  нь нэхэмжлэлийн шаардлага болох 118.590.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "Пүрэвдаш" ХХК-иин итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хүрэлсүхийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хувьд тодорхойгүй зүйл нилээд байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан атлаа түрээсийн төлбөр нэхэмжлээд түүнээс алданги нэхэмжилж байна. Иргэний хуульд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ юм уу, эсвэл санхүүгийн түрээс, түрээс юм уу, аль хэлбэрээр нэхэмжилж байна вэ гэдгийг тодруулах шаардлагатай. Гуравдагч этгээд "Пүрэвдаш" ХХК нь Ш.Гансүхийн хамт техникийг худалдан авч орон нутагт ашигласан нь үнэн. Гэхдээ энэ хүмүүс "Монтрак групп" ХХК биш "Монтрак фотом" ХХК-д хоёр техникийн төлбөрийг төлж байсан. Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид байна уу гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэжээ.

            Хариуцагч “Ө” ХХК -иас гаргасан сөрөг нэхэмжлэлд: “Ө” ХХК  2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 2 ширхэг авто ачигчийг Зээлээр худалдах, худалдан авах гэрээг “М” ХХК-тай байгуулсан бөгөөд манай компани 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 70.000.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 25.940.000 төгрөг, нийт 95.940.000 төгрөгийг төлсөн юм. “М” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 ширхэг авто ачигчийг буцаан авсан ба 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн төлбөрийн үлдэгдэл 79.060.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Талуудын хооронд “Түрээсийн гэрээ” гэж байгуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 262-264 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон Зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан тул нэгэнт худалдагч тал болох “М” ХХК гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд бидний 2 авто ачигчийн үнэнд төлсөн 95.940.000 төгрөгийг буцаан өгөх ёстой. Иймд “М” ХХК-иас  95.940.000 төгрөгийг УТХ-ийн хамт гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан ба уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 15/014 дугаартай "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-нд нэхэмжлэгч компанийг төлөөлөн гүйцэтгэх захирал Н.Батхишиг гарын үсэг зурж баталгаажуулсан. Хэргийн 4 дүгээр талд авагдсан ”М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хавсралтаас үзэхэд Н.Батхишиг нь тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д "гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр "ажиллагаа явуулна" гэж заасан. Иймд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-нд Н.Батхишиг “М” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 56.1.8, Компанийн хуулийн 83.1-д заасныг зөрчсөн байна. Уг хэлцэл нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд “М” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Ө” ХХК-тай  байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

          Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас  гаргасан хариу тайлбарт: Хариуцагч нь Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.11 дэх заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байснаа гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бyc болгуулах гэж өөрчилсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь өөрөө хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл юм. Гэрээ компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн зөвшөөрлөөр хийгдсэн ба талууд хоёр талаасаа гарын үсгээ зурсан тул сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

           Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00904 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Ө” ХХК -иас 79.060.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39.530.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Ө” ХХК -ийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 908.872 төгрөг, хариуцагчаас төлсөн 778.400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 553.250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1472 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00904 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1  дэх заалтын  “79.060.000”  гэснийг “22.095.876” гэж, “39.530.000” гэснийг “96.494.124” гэж, 3 дахь заалтын “553.250” гэснийг “268.429” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх “Техникийг ашигласан хугацааны төлбөрийг буюу нэг сарын түрээсийн үнэлгээг 15.000.000 төгрөгөөр тооцон түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 79.060.000 төгрөгийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу шаардах эрхтэй байна гэж тайлбарласан. Тиймээс гэрээ байгуулж техник хүлээлгэн өгсөн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс техникээ буцаан хүлээн авсан 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх 5 сар 25 хоног хариуцагч техник ашигласан түрээсийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх ойлгомжтой, үндэслэлтэй тайлбарласан байтал Давж заалдах шатны шүүх түрээсийн төлбөрийн үнийн дүнг худалдах, худалдан авах гэрээний хүү алданги орсон үнийн дүнтэй хольж хутган будлиантуулж байгаа нь сонирхолтой, дэндүү хийсвэр илтэд хууль зөрчин тайлбарлажээ.

      Талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн хариуцагчийн үүрэг төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс дуусгавар болж, түрээсийн төлбөрийн төлөх үүргээр солигдож буйг анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан нягтлан үзэж үндэслэлтэй шийдвэрлэсэн байхад Давж заалдах шатны шүүх “гэрээнд зааснаар түрээсийн төлбөр шаардах эрх нэхэмжлэгчид 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр буюу худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг зөрчснөөс хойш 14 дэх хоногоос эхлэн тооцогдоно. Иймд түрээсийн төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс нэхэмжлэлд заасан 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл буюу 3 сар 12 хоногийн хугацаанд түрээсийн зүйл тутам 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгөөр тооцвол хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт 105.000.000 төгрөг төлөх үүрэг үүссэн байна” гэжээ. Хэрэгт 2 ширхэг техникийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан, хүлээлцэх актууд байгаа. Хариуцагч тал ч түрээсийн хугацаа дээр маргаагүй, 14 дэх хоногоос эхлэн түрээсийг тооцох тухай гэрээний заалт огт байхгүй, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 74 хоног техникийг ашигласан, түрээслэсэн элэгдэл хорогдол гарган хуучруулсан хугацааг орхиж байгаа нь утгагүй, ойлгомжгүй, ташаарчээ. Мөн шүүх “Талууд гэрээнд анз төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232.6 дах хэсэгт заасан шаардлагыг зөрчөөгүй, худалдах худалдан авах гэрээний 6.4-т худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөөгүй тохиолдолд алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээгээр тохиролцжээ. Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх үүрэг түрээсийн гэрээний үүргээр солигдох хүртэл 14 хоногийн хугацаанд уг үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой алдангийг тооцох нь Иргэний хуулийн 186.1, 232.6 дах хэсэгт нийцнэ, мөн худалдах, худалдан авах гэрээний 14 хоног хэтрүүлсний алданги 6531 ам.долларын тооцоо 13.035.876 /6531*1996/ төгрөг болно” гэжээ. Бид хариуцагч талаас зөвхөн түрээсийн төлбөр, түрээсийн төлбөрийн алданги зэргийг нэхэмжилсэн байгаа. Гэтэл түрээсийн төлбөрт худалдан авах гэрээний төлбөрийн тооцооллыг хольж хутган будлиантуулсанд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх мөн анхан шатны шүүхтэй хууль зүйн хувьд адил шийдвэр гаргасан боловч 15/014 тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.11 дэх хэсгийг буруу ойлгож, 2015.06.04-2015.11.29 хүртэлх 5 сар 25 хоногийн түрээсийг шаардах эрх үүсэх 2015.08.17-ны өдрөөс эхлэн 3 сар 12 хоног болгосон, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар гэрээний үүргийг талууд солихоор тохиролцсон байна гэж үзэх үндэслэлийг хуульд нийцүүлэн зөв дүгнэсэн боловч гэрээг буруу ойлгож төлбөр тооцоонд Жнь: Худалдах, худалдан авах гэрээний заалтын дагуу төлбөр төлөөгүй хугацааны алданги 6531 ам.долларыг түрээсийн гэрээний тооцоон дээр нэмж тооцон тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Түрээсийн гэрээний бичгийн хэлбэр гэдэг нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, түүнийг бичиглэн баталгаажуулах юм. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 15/014 тоот “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г талууд бичгээр байгуулж баталгаажуулсан, мөн худалдан авагч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд өмнөх үүргийг солих, ийнхүү гэрээний үүрэг солигдсноор талуудын эдлэх эрх, хүлээх үүргийг мөн уг гэрээгээр зохицуулж, гэрээний гол нөхцөл болох сарын түрээсийн төлбөрийг 15.000.000 төгрөг гэж харилцан тохиролцсоныг гэрээний 3.11 дэх заалтаар зохицуулсан. Түрээсийн төлбөрийг техник хүлээж авсан 2015 оны 06 сарын 04-ний өдрөөс тооцно хэмээх гэрээний агуулгыг давж заалдах шатны шүүх ойлгож тайлбарласангүй. Мөн Иргэний хуулийн 39.1, 40.1-д зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Учир нь талууд байгуулсан гэрээнийхээ хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүйгээр гэрээг үргэлжлүүлж, гэрээний үр дагаврыг бий болгосон, үр шимийг олж авсан, гэрээгээр түрээслэгч нь эд хөрөнгө ашигласны төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн тул хариуцагч түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Иймд Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийг зөрчиж гэрээний 3.11-т заасан агуулгыг зөв тодорхойлоогүйгээс бид хохирч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, түрээсийн төлбөр болон түрээсийн төлбөр төлөх хугацааны алданги болох 118.590.000 төгрөгийг “Ө” ХХК -иас гаргуулж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

          Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ө” ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагч тохирсон ёсоор биелүүлээгүй учир гэрээний 3.11-д зааснаар хоёр авто ачигчийг 5 сар 25 хоног ашигласны түрээсийн төлбөрт 79.060.000 төгрөг, алданги 39.530.000 төгрөг, нийт 118.590.000 төгрөгийг гаргуулна гэжээ.

        Хариуцагч “Ө” ХХК  нь “... гэрээг “Пүрэвдаш” ХХК-ийн хүсэлтийг үндэслэж байгуулсан, авто ачигчийг ашиглаагүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний 3.11 дэх  заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж өөрчилсөн байна.  

           Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн худалдах, худалдан авах гэрээний үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар түрээсийн үүргээр солигдсон гэж дүгнэн, хариуцагч “Ө” ХХК -иас 79.060.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39.530.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Ө” ХХК -ийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

         Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 22.095.876 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

           2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хариуцагч “Ө” ХХК  нь нэхэмжлэгч “М” ХХК-тай   ХG951Н маркын хоёр авто ачигчийг тус бүрийг 53,500 ам доллар буюу нийт 107.000 ам доллараар худалдан авахаар харилцан тохиролцож, №15/014 дугаартай гэрээ байгуулсан байх бөгөөд талууд энэ гэрээгээ "зээлээр худалдах-худалдан авах” гэж нэрлэсэн хэдий ч анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

             Худалдан авагч нь дээрх гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 13,670 ам доллар төлөхөөр, үлдэх 93,330 ам долларыг 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр худалдагч талд төлөхөөр тохиролцсон байна.

      “М” ХХК нь дээрх гэрээний дагуу хариуцагч “Ө” ХХК-д хоёр техникийг шилжүүлэн өгсөн, хариуцагчаас нийт 95.940.000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй, энэ тухай баримт хэрэгт авагджээ.

          Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.11-д “...худалдан авагч гэрээний 3.8-д заасан хуваариас 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд худалдагч гэрээг цуцалж, түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүснэ. Түрээсийн сарын төлбөр нэг бүрийн гэрээ хийх үеийн зах зээлийн ханшаар сарын 15.000.000 төгрөг болно” гэсэн нөхцөл тохирчээ.

           Хариуцагч гэрээний дагуу хоёр техникийн төлбөр төлөх үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд худалдах-худалдан авах гэрээний үүрэг нь “түрээсийн гэрээний үүрэг” болж өөрчлөгдөхийг зохигчид дээрх байдлаар харилцан тохирсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 189 дүгээр зүйлийн 189.1, 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсгүүдтэй харшлаагүй байна гэж анхан шатны шүүх дүгнэхдээ Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

          “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.11-т заасан нөхцлийг үндэслэж, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж үзэх нь гэрээний үүргийн эрх зохицуулалтад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд Иргэний хуульд заасан “бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээ”-ний үүргийг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар үүсгэсэн байх бөгөөд харин энэ төрлийн үүргийг “бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой гэрээ”-ний үүрэг болгож солихоор тохиролцсон гэж үзэх нөхцөл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хэрэв худалдан авах үүргийг түрээсийн үүргээр сольсон гэж үзэх тохиолдолд шинээр үүссэн түрээсийн харилцаатай холбоотой түрээслүүлэгч, түрээслэгчийн эрх, үүргийг хэрхэн тохиролцсон нь тодорхойгүй, дан ганц түрээсийн төлбөрийн хэмжээг зааснаар энэ төрлийн гэрээний үүрэг үүссэн гэж үзэх нь учир дутагдалтай юм.

          Харин гэрээний дээрх 3.11–т заасан нөхцлийн агуулгаас үзэхэд худалдагч тал худалдан авагч талыг төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс бий болох эрсдлийг тооцох буюу гэрээний зүйлийг ашигласан үеийн хохирлын хэмжээг хэрхэн тооцох тухай талууд урьдчилан тохиролцсон, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.   

            Хариуцагч “Ө” ХХК  нь 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан “зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-гээр хүлээсэн үүрэг буюу 93,330 ам долларыг 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрөө гүйцээж төлөөгүй, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хоёр техникийн нэхэмжлэгч тал татан авсан талаар зохигчид маргаагүй.

            “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.11 дэх хэсэгт төлбөр төлөх хугацааг 14 хоногоос дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гэрээг цуцлаж, түрээсийн төлбөрөөр тооцох, сарын төлбөрийг авто ачигч нэг бүрийг 15.000.000 төгрөг байхаар тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгчид энэ төлбөрийг шаардах эрх 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр буюу худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг зөрчсөнөөс хойш 14 дэх хоногоос эхлэн тооцогдоно гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

          Иймд дээрх гэрээнд заасан төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс нэхэмжлэлд заасан 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл буюу 3 сар 12 хоногийн хугацаанд гэрээний зүйл тутамд 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгөөр тооцвол хариуцагч нь нэхэмжлэгчид 105.000.000 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

           Талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 6.4-т “худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөөгүй тохиолдолд алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээгээр төлөх”-өөр тохиролцсон байх бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 93.330 ам.доллар төлөх үүргийг хариуцагч нь 14 хоног хэтрүүлсний алдангийг 6531 ам.доллар  буюу 13.035.876 төгрөг гэж тооцсон давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6–д нийцсэн гэж үзнэ.

         Дээрх 2 үүрэг буюу хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг 118.035.876 төгрөгөөс, төлсөн 95.940.000 төгрөгийг хасч 22.095.876 төгрөгийг гэрээнд заасны дагуу хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулахдаа хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар  үнэлжээ.   

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч тайлбараа нотлоогүй гэх үндэслэлээр хариуцагчаас гаргасан “2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн "зээлээр худалдах, худалдан авах гэрээ’’-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл” болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

         Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулаагүй байна.      

            Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00904 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1472 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1“ гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           2. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 640.430 /зургаан зуун дөчин мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                  Д.ЦОЛМОН