Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 1472

 

                           “Монтрак групп” ХХК-ийн

                              нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00904 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Монтрак групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Өлзий техник сервис” ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 118 590 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

"Монтрак групп" ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр "Өлзий техник сервис" ХХК-тай байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

   

Шүүх хуралдаанд:

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг,

хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Монтрак групп" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Манай компани 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 15/014 дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээг "Өлзий техник сервис" ХХК-тай байгуулсан. Уг гэрээгээр манай компани 2 ширхэг авто ачигч машиныг шилжүүлэх, "Өлзий техник сервис" ХХК нь авто ачигчийн үнэ болох 107 000 ам.доллар төлөх үүргийг тус тус хүлээсэн. 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон боловч "Өлзий техник сервис" ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулаагүй. Тиймээс бид гэрээнд зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 2 авто ачигч автомашинаа буцаан авсан. Тус гэрээний 3.11 дэх хэсэгт зааснаар бидэнд бараагаа буцаан авснаар авто ачигч бүрийг нэг сарын 15 000 000 төгрөг түрээслэсэнд тооцож, ашигласан сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй байна. Хоёр авто ачигчийг 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх нийт 5 cap 25 хоногоор түрээсийн хугацааг тооцоход түрээсийн нийт төлбөр 175 000 000 төгрөг болно. Үүнээс "Өлзий техник сервис" ХХК-ийн төлсөн 95 940 000 төгрөгийг хасч үлдэгдэл төлбөр 79 060 000 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232.6, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч "Өлзий техник сервис" ХХК нь хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн. Иймд 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 107 хоногийн алданги 41 506 500 төгрөг болох боловч алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх ёстой учир 39 530 000 төгрөгийг нэмж, нийт 118 590 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Өлзий техник сервис" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, өмгөөлөгч Д.Наранцэцэг нарын шүүхэд гаргасан тайлбарт: 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр "Өлзий техник сервис" ХХК нь "Монтрак" ХХК-тай хоёр техник зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа өөрийн хүсэлтээр бус "Пүрэвдаш" ХХК-ийн хүсэлтийг үндэслэж "Пүрэвдаш" ХХК-ийн нэрийн өмнөөс гэрээг байгуулсан ба хоёр авто ачигчийг бид хэрэглээгүй. Хоёр авто ачигчийн төлбөр 95 940 000 төгрөгийг "Пүрэвдаш" ХХК болон иргэн Ш.Гансүх нар Ц.Цэнд-Очироор дамжуулж төлж байсан. Тийм ч учраас төлбөрийг төлж байсан Ш.Гансүх 100 000 000 төгрөг төлсөн байж техник ч үгүй, мөнгө ч үгүй үлдэж байна. Гэрээний зүйл болох хоёр техникийг Ш.Гансүх, "Пүрэвдаш" ХХК нар эзэмшиж, ашиглаж байсан учир зөвхөн гэрээ байгуулсан гэдэг утгаараа "Өлзий техник сервис" ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 118 590 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "Пүрэвдаш" ХХК-иин итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Хүрэлсүхийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хувьд тодорхойгүй зүйл нилээд байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан атлаа түрээсийн төлбөр нэхэмжлээд түүнээс алданги нэхэмжилж байна. Иргэний хуульд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ юм уу, эсвэл санхүүгийн түрээс, түрээс юмуу, аль хэлбэрээр нэхэмжилж байна вэ гэдгийг тодруулах шаардлагатай. Гуравдагч этгээд "Пүрэвдаш" ХХК нь Ш.Гансүхийн хамт техникийг худалдан авч орон нутагт ашигласан нь үнэн. Гэхдээ энэ хүмүүс "Монтрак групп" ХХК биш "Монтрак фотом" ХХК-д хоёр техникийн төлбөрийг төлж байсан. Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээний үүргийг шаардах эрх нэхэмжлэгчид байна уу гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэжээ.

 

Хариуцагч "Өлзий техник сервис" ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: “Өлзий техник сервис" ХХК нь "Монтрак групп" ХХК-иас 95 949 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Талуудын
хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 15/014 дугаартай
"Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-нд нэхэмжлэгч компанийг төлөөлөн гүйцэтгэх
захирал Н.Батхишиг гарын үсэг зурж баталгаажуулсан. Хэргийн 4 дүгээр талд авагдсан "Монтрак групп" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хавсралтаас үзэхэд Н.Батхишиг
нь тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д "гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр "ажиллагаа явуулна" гэж заасан. Иймд 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн "Зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-нд Н.Батхишиг "Монтрак групп" ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 56.1.8, Компанийн хуулийн 83.1-д заасныг зөрчсөн байна. Уг хэлцэл нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж байна. Иймд "Монтрак групп" ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр "Өлзий техник сервис" ХХК-тай байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч "Монтрак групп" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Хариуцагч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.11 дэх заалтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байснаа гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бyc болгуулах гэж өөрчилсөн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь өөрөө хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл юм. Гэрээ компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн зөвшөөрлөөр хийгдсэн ба талууд хоёр талаасаа гарын үсгээ зурсан тул сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч "Өлзий техник сервис" ХХК-иас 79 060 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Монтрак групп" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39 530 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч "Өлзий техник сервис" ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн "зээлээр худалдах-худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 908 872 төгрөг, хариуцагчаас төлсөн 778 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 553 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч "Өлзий техник сервис" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Н.Уранчимэг нь "Монтрак групп" ХХК-ийн захирлаар томилогдоогүй байхдаа "Өлзий Техник сервис" ХХК-тай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрхийг Н.Батхишигт олгосон байх бөгөөд энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхгүй байгаа болно. Худалдагч тал "Монтрак групп" ХХК биш бөгөөд "Монтрак фотон" ХХК байсан. Тэгэхээр нэхэмжлэл гаргах этгээд "Монтрак групп" ХХК биш юм. Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ бөгөөд түрээсийн гэрээний зохицуулалтыг шүүх хэрэглэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь засвартай байх бөгөөд энэ гэрээг үндэслэх боломжгүй нотлох баримт юм. Шүүхийн ажиллагаанд гуравдагч этгээдээр Ц.Гансүхийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн болно.

Шүүх гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан Ц.Гансүхийг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагч талд илтэд хохиролтой шийдвэр гаргахад хүргэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                                                                         ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг залруулан шийдвэрт хууль хэрэглээний болон агуулгын өөрчлөлт оруулах шаардлагатай байна. 

 

Нэхэмжлэгч "Монтрак групп" ХХК нь хариуцагч "Өлзий техник сервис" ХХК-д холбогдуулж түрээсийн гэрээний үүрэгт  118 590 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

"Өлзий техник сервис" ХХК нь "Монтрак групп" ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр XG951H маркийн хоёр авто ачигчийг тус бүрийг 53 500 ам.доллар буюу нийт 107 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, №15/014 дугаар "зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан байна.

 

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ, үнийг дараа төлөх нөхцөлтэйгөөр байгуулагдсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн, талууд дараа төлөгдөх төлбөрт ногдох хүүгийн талаар тухайлан тохиролцоогүй, энэ талаар маргаагүй тул шүүхээс зохигчдын хоорондын маргааныг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцааны хүрээнд шийдвэрлээгүйг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй юм.

 

Харин анхан шатны шүүх талуудын гэрээг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т зааснаар тайлбарлаж чадаагүй, тэдний хооронд үүссэн гэрээний үүрэгтэй холбоотой зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь алдаатай болжээ.    

 

Худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал "Монтрак групп" ХХК нь 2 авто ачигчийг худалдан авагч "Өлзий техник сервис" ХХК-д хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. Хэргийн 11-14 дүгээр талд авагдсан авто машин механизмыг хүлээлцэх актад худалдах, худалдан авах гэрээнд заасан эд хөрөнгийг "Пүрэвдаш" ХХК-д шилжүүлэн өгсөн талаар заасан байх бөгөөд уг компани гэрээний зүйлийг хүлээж авахыг талууд зөвшөөрсөн, мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан авто ачигчийг хүлээлгэж өгсөн акт, гэрч Ц.Цэнд-Очирын мэдүүлэг болон зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. /1 хав 8-13, 2 хав 60-61/ Иймд нэхэмжлэгчийн зүгээс үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу хариуцагчийн заасан этгээдэд эд зүйлийг шилжүүлэн өгсөн буюу Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дах хэсэгт зааснаар үүргийг гүйцэтгэсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дах хэсэгт талууд өмнөх үүргийг солихоор тохиролцож болохыг зохицуулсан ба гэрээний 3 дугаар зүйлийн 3.11 дэх хэсэгт төлбөр төлөх хугацааг 14 хоногоос дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд гэрээг цуцлаж түрээсийн төлбөрөөр тооцох, түрээсийн сарын төлбөрийг авто ачигч нэг бүрийг 15 000 000 төгрөг байхаар буюу түрээсийн гэрээнд шилжих талаар тохиролцжээ. Эдгээр тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлон хэлцэл хийсэн байх тул худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд түрээсийн гэрээний үүргээр солих тухай дээрх тохиролцоог хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөх хугацааг 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр байхаар гэрээнд заасан тул 08 дугаар сарын 17-ны өдөр төлбөрийг төлөөгүй бол цаашид түрээсийн төлбөр шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх агуулгатай тохиролцоо хийсэн байна.

 

  Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар 56.1.1, 56.1.8 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч тайлбараа нотлоогүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.    

 

Гэрээнд зааснаар түрээсийн төлбөр шаардах эрх нэхэмжлэгчид 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр буюу худалдах, худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргийг зөрчснөөс хойш 14 дэх хоногоос эхлэн тооцогдоно. Иймд түрээсийн төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс нэхэмжлэлд заасан 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл буюу 3 сар 12 хоногийн хугацаанд түрээсийн зүйл тутамд 15 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгөөр тооцвол хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрт 105 000 000 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

 

Талууд гэрээнд анз төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан шаардлагыг зөрчөөгүй, худалдах, худалдан авах гэрээний 6.4-т худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөөгүй тохиолдолд алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээгээр төлөхөөр тохиролцжээ. Худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх гэрээний үнийг төлөх үүрэг түрээсийн гэрээний үүргээр солигдох хүртэл 14 хоногийн хугацаанд уг үүргээ гүйцэтгээгүйтэй холбоотой алдангийг тооцох нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцнэ.

 

Хариуцагч нь 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 93 330 ам.доллар төлөх үүргийг 14 хоног хэтрүүлсний алданги 6531 ам.долларыг нэхэмжлэгчийн шүүхэд хандан уг үүргийг гүйцэтгүүлэхээр шаардлага гаргасан өдрийн Монгол банкны ам.долларын ханшаар тооцоход 13 035 876 /6531х1996/ төгрөг болно.

 

Дээрх 2 үүргийг /105 000 000 + 13 035 876/ нэмж тооцвол хариуцагчаас нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүрэг 118 035 876 төгрөгөөс, төлсөн 95 940 000 төгрөгийг хасч 22 095 876 төгрөгийг гэрээнд заасны дагуу хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус нийцнэ.

 

Иймээс худалдах, худалдан авах гэрээний дагуу гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны уг гэрээний дагуу төлөгдөөгүй үүрэгт ногдох анз, худалдах, худалдан авах гэрээний үүргийг солих нөхцөл бүрдэж, түрээсийн гэрээний үүрэг шаардах эрх үүссэнээс хойшх хугацааны түрээсийн төлбөрийн зарим хэсгийг гаргуулж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм.   

 

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанчлан худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч талаас төлөөлөх эрхгүй этгээд Н.Батхишиг байгуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдаанд Ц.Гансүхийг оролцуулаагүйг хариуцагчийн гэрээ байгуулах эрх, эрх чөлөөнд халдсан, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00904 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “79 060 000” гэснийг “22 095 876” гэж, “39 530 000” гэснийг “96 494 124” гэж,

3 дахь заалтын “553 250” гэснийг “268 429” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553 250  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                                    ШҮҮГЧИД                     Ч.ЦЭНД

                                                                          

                                                                              Б.НАРМАНДАХ