Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 216

 

Ш.Цэнд-Аюушт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол,

Хохирогч Г.Ганзориг

Нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 415 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 389 дүгээр магадлалтай 201525012562 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцолын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1971 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Боржигон овогт Шаравдоржийн Цэнд-Аюуш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад заасан “Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Цэнд-Аюушийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар 18 /арван найм/ жилийн хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар урьд цагдан хоригдсон 161 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Цэнд-Аюуш түүний өмгөөлөгч Ц.Алтанцол, А.Нацагдорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Ц.Алтанцол нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  “...шинжээч нарын гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байхад, шүүхүүд шинээр өөр бүрэлдэхүүнтэйгээр дүгнэлт гаргах тухай санал хүсэлтийг хангалгүй, шинжээчийн мэдүүлгийг үндэслэн, энэ дүгнэлтээс өөр үнэн байхгүй мэтээр таамаглалд үндэслэн, хийсвэрлэн дүгнэлт хийж ялтны эрхзүйн байдлыг дордуулсан тогтоол гаргаж, дээрх алдааг давж заалдах шатны шүүх хамгаалсан, өмгөөлөгчийн саналыг үндэслэлгүй шалтгаанаар хүлээж авалгүй таамаглалаар дүгнэж, уг үйлдлээ прокурорын хэрэг хөдөлбөргүй үнэн мэтээр дүгнэсэнд бид гомдолтой байна. Мөн Цэнд-Аюушийн хувийн байдлыг шалгаж тогтоох юм бол хэргийн зүйлчлэл болон ял шийтгэл өөрчлөгдөх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Шүүгдэгч Цэнд-Аюуш нь Ганболдыг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь заалтад зааснаар хэргийг зүйлчилсэн байсныг шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй байна. Хэргийн зүйлчлэл тохирсон тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан эсэхийг хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ мөн хуулийн 353 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагааг бүрэн хянан үзлээ.

Ш.Цэнд-Аюушыг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1500 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6-р хороо, Баянзүрх захын баруун талын автомашины зам дээр иргэн Ганболдыг танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн, улмаар шүүх танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэгт буруутган ял шийтгэжээ.

Шүүхийн тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагыг бүрэн хангахаас гадна дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэлтэй болж чадна. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаагүй, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд хийгээгүй байхад шүүх хэргийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 01 сарын 04-ний 1143 дугаар дүгнэлтээр “Ш.Цэнд-Аюуш нь хэрэг үйлдэх үедээ “Бие хүний органик эмгэг” сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, чадвартай байсан байна. Болсон хэргийн талаар зөв тайлбарлаж мэдүүлэг өгөх чадвартай. 2009 онд СЭМҮТ-д 10 хоног хэвтэн эмчлэгдсэн гэх мэдээлэл байвч өвчний түүх олдохгүй байна” гэж дүгнэлт гаргасан байх бөгөөд дүгнэлт гаргахдаа 2007 оны 09 дүгээр сарын 09-нөөс 22-ныг хүртэл “F25.0 шизоаффектив эмгэг” оноштойгоор хэвтэн эмчлүүлсэн гэх үеийн болон Ш.Цэнд-Аюушийн өвчний онош, эмчилгээний түүхийн талаарх мэдээлэл зэргийг бүрэн цуглуулж, харгалзан үзсэн эсэх нь тодорхойгүй байх тул уг дүгнэлтийг үндэслэн шүүгдэгчийн сэтгэцийн өвчний шинж чанар, түүний хувийн байдал тогтоогдсон гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээ төрүүлэхүйц болжээ.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг зөрчсөн дээрх зөрчил нь хэрэг хэлэлцэхэд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэн, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Иймд шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дахин гаргуулж, шүүгдэгчийн хувийн байдалд хамаарах нөхцөлийг бүрэн шалгаж, хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгыг үндэслэлтэй тодорхойлсны үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцолын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 415 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 389 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ш.Цэнд-Аюушт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТЦЭРЭН                     

                                    ШҮҮГЧ                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН