Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/823

 

 

 

     2019        9           17                                   2019/ШЦТ/823                                              

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2019/0820/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Э.Халиун

Шүүгдэгч П.Т, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Т-д холбогдох эрүүгийн 1909028450848 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 8 удаагийн ял шийтгэлтэй,

  • Улаанбаатар хотын шүүхийн 1980 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64б, 109в, 63б-д зааснаар 4 жилийн хорих ялаар,
  • 1982 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174.1, 109б-д зааснаар 6 жилийн хорих ялаар,
  • Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 281 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64б, 66б, 73.1, 88б, 153б, 168в-д зааснаар цаазаар авах ялаар шийтгүүлж, Монгол Улсын Дээд шүүхийн 1984 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 593 дугаартай магадлалаар 15 жил хорих ял болгон өөрчилсөн,
  • Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1995 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 6 жил 9 сар 27 хоног хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлэхээр шийтгүүлж, ялаа эдэлж байгаад Төв аймгийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 325 дугаартай захирамжаар 1 жил 5 сар 04 хоногийн ялыг тэнсэн суллагдсан,
  • Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4, 125 дугаар зүйлийн 125.2, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгүүлж, “онц аюултай гэмт хэрэгтэн”-ээр тооцогдсон,
  • Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 01-ний 266 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10 жил 06 сарын хорих ялаар,
  • Сүхбаатар дүүргийн шүүхийн 12 дугаар сарын 10-ны өдрийн 384 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 12 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
  • Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 125 дугаар тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн №389 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 жил 02 сар 27 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан П.Т /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Т нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар  дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьт”-ын зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Б.Уранбилэгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай зуслангийн байшингийн төмөр хаалганы цоожийг эвдэн хууль бусаар  нэвтрэн орж хонины мах 4 кг, эмэгтэй хүний хар өнгийн арьсан цүнх, бэлэн 19800 төгрөг, нийт 94.600 төгрөгийн эд зүйлсийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч П.Т-ийн шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Нацагдорж гэдэг найзындаа очих гээд явж байсан. Дунд буудал дээр буугаад Нацагдоржийг асуугаад явж байгаад нэг залуутай таарсан. Тэгээд тэр залуутай хамт архи уусан. Нэг мэдэхэд айлд ороод ийм хэрэг болсон байсан. Гэм буруутайгаа хүлээж байгаа” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Уранбилэгийн мэдүүлэг, гэрч Г.Энхсайханы мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ зэрэг болно.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татан шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Пүрэвжалын П.Т нь согтуугаар 2019.08.01-ний өдрийн 18 цагийн орчимд Сүхбаатар  дүүргийн 19 дүгээр хороо Шарга морьтын зуслангийн задгайд оршин суух хохирогч Батжаргалын Уранбилэгийн эзэмшлийн 2 давхар зуслангийн байшингийн хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар  нэвтрэн орж 94 600 төгрөгийн эд зүйлсийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Уранбилэгийн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар  дүүргийн 19 дугаар хороо, Шарга морьтын зуслан дээрээ 2 хүүхдийн хамт байсан бөгөөд 18 цагийн орчимд 2 хүүхдийн хамт гэрийн хаалгаа түгжээд мод руу орсон бөгөөд 30 минутын дараа буцаад ирэхэд нөхөр Энхсайхан гэртээ ирсэн байшин дотор үл таних эрэгтэй хаалга эвдэж ороод эд зүйл хулгайлах гэж байсан болохоор манай нөхөр Энхсайхан бид хоёр хаалгаа гаднаас нь түгжээд барьж авсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд тэр хүнийг хүлээлгэн өгсөн. Цагдаа дээр ирээд нэрийг нь мэдсэн бөгөөд П.Т гэх хүн хөргөгчнөөс мах, миний цүнх болон бэлэн 19.800 төгрөг авсан байсан болохоор гэрт байхад нь карманаас нь 19.800 төгрөг, мах, цүнхээ буцаан аваад тэр хүнийг цагдаад өгсөн. ...Манай гэрээс эд зүйл хулгайлах гэж байсан П.Т ганцаараа явж байсан бөгөөд өөр ямар нэгэн хүн байгаагүй. Би П.Т гэх хүнийг манай гэрээс эд зүйл хулгайлах гэж байхад нь анх харсан тэрнээс өмнө харж байгаагүй…Одоо манай гэр бүлд энэ хүнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Бид нараас хулгай хийж авч гарах гэж байсан эд зүйлээ буцаан авсан. Гэрийн хаалга эвдсэн асуудал дээр нэхэмжлэх зүйл алга. ” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

Гэрч Г.Энхсайханы: “...Би 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед Сүхбаатар  дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн байшиндаа ирэх үед байшингийн хаалга цоож эвдэрсэн байдалтай модноос эхнэр хүүхдүүд ирж байсан. Цонхоор харсан чинь үл таних сүүлд нэрийг нь мэдсэн ТөгсЭрдэнэ гэх эрэгтэй хүн эхнэрийн цүнх болон мах барьчихсан гарах гээд хаалганы хажууд зогсож байсан. Тэр хүн намайг хараад эд зүйлээ хаяад цаанаас гэрийн гал тогооны шүүгээнээс заазуур авахаар нь би хашаанд байсан сүх бариад гэр рүү орсон чинь заазуураа хаяад зогсохоор нь барьж аваад эхнэр цагдаад дуудлага өгсөн. Тэгээд тэр залуугийн карманаас эхнэрийн 19.800 төгрөг гарч ирсэн бөгөөд эд зүйлээ буцаан аваад цагдаад өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-14 тал/ зэрэг нотлох баримтуудаар болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Т-н үйлдэл хангалттай тогтоогдсон тул гэм буруугийн талаар няцаах, үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч П.Т-н дээрх үйлдэл нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хулгайлах гэмт хэрэг нь шүүгдэгч П.Т-н хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас төгсөөгүй, өөрөөр хэлбэл хулгай хийх зорилгоор бусдын орон байранд  хууль бусаар нэвтэрч ороод эд зүйлийг нь хулгай хийж байх үед нь гэрийн эзэд ирэх таарч, гэрт нь хулгай орж байгааг мэдэж, түүнийг үйлдэл дээр нь илрүүлэн саатуулж Цагдаагийн байгууллагад хандсанаар түүний үйлдсэн гэмт хэрэг туйлдаа хүрч төгсөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхээр завдсанд тооцож, ял оногдуулах нь зүйтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч П.Т-н хувьд гэмт зан үйлээ засахгүй, урьд гэмт хэрэг байнга үйлдэж, бусдын хүч хөдөлмөрөөр бий болсон өмч хөрөнгө, мөнгийг хулгайлах замаар өөрийн хэрэгцээг хангаж амар хялбар аргаар амьдрах гэсэн шунахай зан байдал нь нөлөөлсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч П.Т-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт өгч байгаа гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар  зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П.Т-д 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ.

Шүүгдэгч П.Т-н хувьд урьд гэмт хэрэг үйлдэж 8 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан боловч өөрийн үйлдэлд гэмшээгүй, дахин хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.3-т заасан ял хөнгөрүүлэх журмыг хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч П.Т-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 46 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Т-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П.Т-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч П.Т-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч П.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР