Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1092

 

 

 

 

 

 

  2019          10            31                                             2019/ДШМ/1092    

 

П.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Түвшинбаяр,

шүүгдэгч П.Т-ийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 823 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Т-ийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор П.Т-д холбогдох 1909028450848 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Таван хонгор овгийн П-ын Т-, 1962 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, /РД:......./,

Улаанбаатар хотын шүүхийн 1980 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 64 дүгээр зүйлийн б, 63 дугаар зүйлийн б, 109 дүгээр зүйлийн б, 174 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдийн 1979 оны 349 дүгээр зарлигийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, 1982 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

1982 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 174 дүгээр зүйлийн 1, 109 дүгээр зүйлийн б-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 280 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн б, 64 дүгээр зүйлийн б, 65 дугаар зүйлийн б, 73 дугаар зүйлийн 1, 88 дугаар зүйлийн 2, 109 дүгээр зүйлийн б, 153 дугаар зүйлийн б, 168 дугаар зүйлийн в-д тус тус зааснаар цаазаар авах ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 1984 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 593 дугаартай магадлалаар 15 жилийн хорих ял болгон өөрчилсөн,

Улаанбаатар хотын шүүхийн 1988 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 189 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Улаанбаатар хотын шүүхийн 1984 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 280 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялыг багтаасан,

Өвөрхангай аймгийн Хархорин хот дахь сум дундын 2 дугаар шүүхийн 1995 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 59 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 9 сарын 27 хоногийн ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 6 жил 9 сар 27 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 10 дугаар сарын 4-ний өдөр 1 жил 5 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 17 жилийн хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өмнөх тогтоолоор оногдуулсан 17 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 15 жил 6 сар 16 хоногийн хорих ялын зарим болох 7 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 18 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улсын Дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 288 дугаартай тогтоолоор 15 жилийн хорих ял болгон өөрчилсөн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 12 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 15 жилийн хугацаагаар тогтоож, 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 389 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 жил 2 сар 27 хоногийн хорих ялаас чөлөөлсөн;

 

П.Т- нь 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн ....... задгай тоотод байрлах иргэн Б.У-ийн зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, хонины мах 4 килограмм, эмэгтэй хүний хар өнгийн арьсан цүнх, биет 19.800 төгрөг, нийт 94.600 төгрөгийн хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: П.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Таван хонгор овогт П-ын Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П-ын Т-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 46 /дөчин зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч П.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Т-ийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.Т- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдон 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Тэрээр гэм буруугийн талаар маргаагүй, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт авагдсан баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдсон. ...П.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг 1 жил болгон бууруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч П.Т-д анхан шатны шүүхээс 2 жилийн хорих ял оногдуулсан. Тэрээр өмнө 8 удаа ял шийтгүүлж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах ёстой. Шүүгдэгч П.Т-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

П.Т- нь 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн ...... тоотод байрлах иргэн Б.У-ийн зуслангийн байшингийн бүргэд хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрч, хонины мах 4 килограмм, эмэгтэй хүний хар өнгийн арьсан цүнх, биет 19.800 төгрөг, нийт 94.600 төгрөгийн хөрөнгийг хулгайлахыг завдсан болох нь:

 

хохирогч Б.У-ийн “...Т- гэх хүн хөргөгчнөөс мах, миний цүнх болон бэлэн 19.800 төгрөг авсан байсан ба гэрт байхад нь 19.800 төгрөг, мах, цүнхээ буцааж аваад тэр хүнийг цагдаад хүлээлгэн өгсөн. ...” /хх 19-22/,

гэрч Г.Энхсайханы “...зуслангийн байшиндаа ирэхэд байшингийн хаалга, цоож эвдэрсэн байдалтай, эхнэр, хүүхдүүд модноос ирж байсан бөгөөд цонхоор харахад үл таних /сүүлд нэрийг нь мэдсэн Т- гэх/ эрэгтэй хүн эхнэрийн гар цүнх, мах барьчихсан гарах гээд хаалганы хажууд зогсож байсан. Намайг хараад эд зүйлээ хаяад гал тогооны шүүгээнээс заазуур авахаар нь би хашаанд байсан сүх бариад гэр лүү ороод заазуураа хаяхаар нь барьж аваад эхнэр цагдаад дуудлага өгсөн. ...тэр залуугийн халааснаас эхнэрийн 19.800 төгрөг гарч ирсэн бөгөөд эд зүйлээ буцааж аваад цагдаад өгөөд явуулсан. ...” /хх 25-27/,

П.Т-ийн яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа ойлгож, хохирлоо барагдуулсан, хийсэн хэрэгтээ харамсаж байна. Согтуу байх үедээ буруу зүйл хийсэн байна. ...” /хх 43-44/ гэх мэдүүлгүүд,

эд зүйлийн үнэлгээ /хх 33-34/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Т-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч П.Т-ийн хохирогч Б.У-ийн зуслангийн байранд нэвтэрч, 94.600 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг авч гарах гэж байхдаа баригдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлсан шүүгдэгчийн үйлдэл нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу гэрийн эзэн ирснээр гарч чадалгүй таслан зогсоогдож туйлдаа хүрээгүй учир завдалт гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ял нь төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ялгаатай байхаар заажээ.

 

Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч П.Т-д төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч П.Т-ийн гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг 1 жил болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч П.Т-ийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяагийн гаргасан “...шүүгдэгч П.Т-д оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 823 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П-ын Т-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч П-ын Т-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч П.Т-ийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН