Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 451

 

 

 

 

 

 

 

 

 

      О.Энхбатад холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор А.Сайнбаяр,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 5/34 дүгээр эсэргүүцлийг үндэслэн О.Энхбатад холбогдох 201725010074 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Бодонгууд овгийн Отгончулууны Энхбат, 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун түрүүгийн 11-20 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 43-52 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: УХ90112736/

 

О.Энхбат нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Энканто” таунд байрлах “Голомт” банкны АТМ-ийг багаж хэрэгсэл ашиглан эвдэлж, бусдын эд хөрөнгийг хулгайлахаар завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Энхбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Энхбатыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Эрүүгий хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар О.Энхбатад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс даалгаж, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг “CD”-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэж заасан. Гэтэл шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг баримтлалгүй орхигдуулсан. Мөн шүүгдэгч О.Энхбатад 2 жилийн хорих ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Уг хуульд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзвэл оногдуулах ял нь 1 жил 4 сараас хэтрэхгүй байх тухай ойлголт юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “эд хөрөнгийг хураах буюу хураагүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх  хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байхад шүүх мөн ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх эсэхийг нь шийдвэрлэлгүй орхигдуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив...” гэжээ.  

 

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны шаардлагад нийцээгүй байна.

 

О.Энхбат нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Энканто таун” орон сууцны хороололд байрлах “Голомт” банкны автомат мөнгөний машиныг багаж хэрэгсэл ашиглан эвдэж, бэлэн мөнгө хулгайлахыг завдсан гэж үзэн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, холбогдох хэргийн хамт шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэж О.Энхбатад ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан завдсан үйлдэлд ял оногдуулах журмыг хэрэглэлгүй, төгссөн гэмт хэрэгт оногдуулах хэмжээний ял оногдуулснаас гадна нэмэгдэл ял хэрэглэх эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Энхбатад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 246 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Энхбатад холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Хэрэг шүүхэд очтол О.Энхбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

М.ПҮРЭВСҮРЭН