Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2020/0441

 

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Д.Оюумаа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нарыг оролцуулан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.Г-ийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас “Б.Г-ийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа хариуцагчийг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, ажилд томилохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчийг зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн  ажилгүй байсан хугацаа /2019 оны 12 сарын 30-ны өдрөөс 2020 оны 5 сарын 04-ний өдөр/-ны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож, бичилт хийхийг хариуцагч /Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар/-д даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Б.Г-ийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэхээс өмнө дуудаж ажилдаа эргэн орохыг удаа дараа дуудсан боловч утас нь холбогддоггүй байсан ба Ховд аймаг дахь Засаг даргын тамгын газрын хүний нөөцийн мэргэжилтэн Д.М-аар холбогдуулан яриулахад утсаа аваад ярьсан атлаа “намайг байхгүй байна гэж хэл...” гэж хэлүүлсэн байдаг. Энэ тухай Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Д.М-г хууль сануулж гэрчээр асууж авсан мэдүүлэг нь хавтаст хэрэгт байхад үүнийг шүүх үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд гаргасан үеэс эхлэн хариуцагч тал ажилдаа орох талаар удаа дараа дуудахад ирдэггүй, утас нь холбогддоггүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай Тамгын газрын даргын Б.Г-ийг ажилд эгүүлэн томилсон тушаал гаргасан. Энэ тухай ч мөн өөрт нь утсаар мэдэгдсэн боловч заавал шүүхээр шийдвэрлүүлнэ гэдэг хариу өгч ажилдаа ороогүй. Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 09 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн уг гомдлыг гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн шийдвэрийн тогтоох хэсэг утга найруулгын алдаатай байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт орууллаа.

Нэхэмжлэгч Б.Г-өөс Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа хариуцагчийг эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ажилд томилохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрч, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар түүнийг ажилд нь мөн өдрөөс томилсон байна.

Ийнхүү хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Б.Г-ийг өмнө эрхэлж байсан албан тушаалд томилж буй нь өөрийн хууль бус эс үйлдэхүй гаргасныг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох тул уг эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг нөхөн төлөх үр дагаврыг үүсгэх талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон хуралдаанд гаргасан тайлбартаа “...Б.Г-ийг ажилд нь эргэн оруулахаар  удаа дараа дуудсан боловч утас нь холбогддоггүй, утсаар ярьсан атлаа дуудахад ирдэггүй байсан тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох боломжгүй” гэх боловч нэхэмжлэгчийг ажилдаа эргэн орохыг сануулж, дуудсан талаар баримтгүй, энэ талаарх баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй, түүнчлэн Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтан Д.М-ийн мэдүүлгээр дээрх нөхцөл байдал нотлогдоно гэх боловч уг мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдохгүй байх тул гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Харин ажилгүй байсан хугацааны цалин, олговрын асуудлыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэсэн заалтыг баримталсан нь үндэслэлгүй болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж заасан бөгөөд тухайн тохиолдолд хуулийн энэхүү зүйлд заасан харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, ажилдаа эгүүлэн тогтоогдоогүй, харин захиргааны буруутай үйл ажиллагааны улмаас ажилдаа орж чадаагүй, үүний улмаас учирсан хохиролд ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэхээр шаардаж буйг анхаараагүй байна.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэсэн зохицуулалтын хүрээнд ажилд томилоогүй хариуцагчийн эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь зүйтэй байх тул шүүхийн шийдвэрийн хуулийн зүйл, заалт баримталсан хэсэгт холбогдох өөрчлөлтийг оруулж, мөн шийдвэрийн тогтоох хэсэг утга найруулгын алдаатай байх тул зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-ийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Б.Г-ийг Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилохгүй байгаа Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ажилд томилохыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дахь заалтад “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг баримтлан” гэж өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                      Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН