Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2019/ШЦТ/893

 

   2019        10         14                                   2019/ШЦТ/893                                              

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2019/0397/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Хохирогч Э.Энхбат,

Шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч П.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн 1809016560669 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдрэлийн эмч мэргэжилтэй, одоо Улаанбаатар Төмөр замын нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн их эмч ажилтай гэх, ам бүл 3, эцэг, эхийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 31 дүгээр байрны 85 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.С /РД: /

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.С нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Урбанек” центрийн 305 тоотод байрлах “Фүжи капитал” ХХК-аас зээл авахдаа хуурамч бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар, хуурч

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 37-77 УБД улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” авто машиныг барьцаалж 28.000.000 төгрөг,

2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 02-20 УНВ улсын дугаартай “Лексус 570” маркийн автомашиныг барьцаалан 40.000.000 төгрөг, нийт 68.000.000 төгрөгийг залилан авсан,

2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 90-60 УНҮ улсын дугаартай “Лексус 570” автош машин, 37-72 УНУ улсын дугаартай “Волксваген Тоурег” машиныг барьцаалан 50.000.000 төгрөгийг залилан авахаар завдсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2018 оны      3 дугаар сарын 07-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Урбанек” центрийн 305 тоотод байрлах “Фүжи капитал” ХХК-наас зээл авахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээний хэвлэмэл маягтанд дээрх бичлэгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.С-н шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баярбаясгалангаас авсан тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр хуурамч бичилт хийж 2 удаа зээл авсан нь үнэн. Би авсан зээлээ үр тариа тарихад зарцуулсан боловч тариалалт хийж чадаагүй юм. Завдалтын хэргийн талаар анх мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөрөө өгсөн. Гэтэл нэгэнт тогтоогдохгүй байгаа учраас миний эрх зүйн байдал дордохгүй учраас бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо найз нөхдийнхөө дэмжлэг, мөн өөрөө ажилд орсон учраас хохирлоо төлөх боломжтой гэж үзэж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Энхбатын шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ хэрэг нь 2018 оны 02 дугаар сараас эхлэлтэй. Б.С нь эхлээд 28.000.000 сая төгрөг дараа нь 40 сая төгрөг авсан. Эхний төлөлт хийсэн гэж тайлбарлаж байна. Тэр төлөлт нь 2 дахь машинаа залилах гэж байхдаа л өгсөн асуудал гэж үзэж байна. Түүнээс хойш ямар ч төлөлт хийгээгүй, хийе ч гэж бодоогүй. Одоо үндсэн хохирол 68.000.000 төгрөг, үүн дээр хүү алданги тооцогдож байгаа. Хүүгийн төлбөрт 36.720.000 төгрөг, алданги 34 сая төгрөг, үндсэн мөнгө, хүү, алданги бүгд нийлээд 138.720.000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгчийн төлсөн мөнгийг хасаад 135.125.000 төгрөгийг шүүгдэгч Б.С-с нэхэмжилж байна.  Б.С нь зээлээ төлөх талаар ямар ч арга хэмжээ авдаггүй. Хэрвээ тодорхой хэмжээгээр төлье гээд хичээх юм бол би хохирлоо багасгаж нэхэмжлэх, хөнгөрүүлэх бүрэн боломжтой байсан боловч шүүгдэгчийн зүгээс ямар ч тийм зүйл хийгээгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Э.Энхбатын мэдүүлэг, гэрч З.Хүрэлбаатар, Б.Нацагдорж, Р.Мягмарсүрэн, Ж.Гантөмөр нарын мэдүүлэг, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 03/226 дугаартай дүгнэлт зэрэг болно.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татан шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.С нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Тээвэрчдийн гудамж Урбанек центрийн оффист барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг Фүжи капитал ХХК-аас зээл авахдаа хуурамч бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар, хуурч 2018.02.07-ны өдөр 37-77 УБД улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200    авто машиныг барьцаалж 28.000.000 /хорин найман сая /төгрөг, 2018.03.07-ны өдөр 02-20 УНВ улсын дугаартай Лексус-570 маркийн автомашиныг барьцаалан 40.000.000 төгрөг, нийт 68.000.000 /жаран найман сая/ төгрөгийг залилан авсан,

2018.04.03-ны өдөр 90-60 УНҮ улсын дугаартай Лексус-570 автомашин, 37-72 УНУ улсын дугаартай Волксваген Тоурег машиныг барьцаалан 50.000.000 /тавин сая/ төгрөгийг залилан авахаар завдсан,

 мөн үргэлжилсэн үйлдлээр 2018.02.07-ны өдөр, 2018.03.07-ны өдөр, 2018.04.03-ны өдрүүдэд Фүжи капитал ХХК-наас зээл авахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээний хэвлэмэл маягтанд хуурамч бичилт хийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Энхбатын: “...Манай компани 2016 оноос хойш барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулж эхэлсэн. 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баттогтох овогтой Б.С нь 37-77 УБД улсын дугаартай “Тоёота ланд круйзер-200” авто машиныг 28.000.000 төгрөгөөр, 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр          02-20 УНВ улсын дугаартай “Лексус 570” маркийн автомашиныг барьцаалан 40.000.000 төгрөгийн зээлийг тус тус авсан. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр буюу өнөөдөр Б.С нь өөрийн танил Баяраа овогтой Бямбадоржтой хамт 90-60 УНУ улсын дугаартай “Лексус 570” машин, 37-72 УНУ улсын дугаартай “Тоурег” зэрэг авто машиныг барьцаалан 50.000.000 төгрөгийн зээл авах гэж байхад нь шалгаж үзэхэд авто машины гэрчилгээ хуурамч байсан... автомашины гэрчилгээ хуурамч гэдгийг өнөөдөр л мэдсэн..” гэх мэдүүлэг /1хх-ийн 20 тал/,  

Гэрч З.Хүрэлбаатарын: “...90-60 УНУ улсын дугаартай автомашин бол миний “Хьюндай аксент верна” маркийн мөнгөлөг саарал машин. Би 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр худалдаж авсан... Би машиныхаа бичиг баримтыг бусдад ашиглуулсан зүйл байхгүй... Б.С гэдэг хүнийг танихгүй ээ...” гэх  мэдүүлэг /1хх-ийн 26 тал/

Гэрч Б.Нацагдоржийн: “...Фүжи холдинг” ХХК-ийн зээлийн эдийн засагчаар 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллаж байна. Манай байгууллага нь зөвхөн автомашин барьцаанд авч зээл олгодог учраас барьцаанд тавихаар ирсэн автомашиныг биеэр үзэж танилцаж гэрэл зургийг нь аваад үнэлээд боломжтой бол байгууллагын нэр дээр шилжүүлээд зээл олгох үйл ажиллагаа явуулдаг. Би 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр барьцаанд тавьсан 37-77 УБД улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” автомашиныг Б.С нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр авч ирэхэд уг автомашиныг худалдан авах гэж байгаа юм гээд нэг ахыг энэ хүнээс худалдан авч байгаа танайхаас 28 сая төгрөгийг гаргуулаад үлдсэнийг нь бартераар авах гэж байгаа гэсэн. Тэгээд маргааш нь Б.С нь би өөрийхөө нэр дээр шилжүүлчихлээ, би найзыгаа явуулчихлаа гэсэн. Тэгээд манай байгууллагын нэр дээр нөгөө машинаа шилжүүлээд ирсэн... УНВ улсын дугаартай “Лексус 570” машиныг би судлаагүй... гүйцэтгэх захирал Золжаргал өөрөө судалсан...” гэх  мэдүүлэг /1хх-ийн 27 тал/

Гэрч Р.Мягмарсүрэнгийн: “...би хувиараа автомашин борлуулдаг. 37-77 УБД улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” маркийн автомашиныг интернэтээс зарна гэсэн зар тавьчихсан байсан. Тэгсэн нэг эрэгтэй залгаад хорооллын эцэст уулзсан. Тэгэхэд нэг маш их сахалтай залуу байсан бөгөөд машиныг чинь урьдчилгаа мөнгө өгөөд худалдаж авья гэдэг саналыг тавьж автомашиныг үзээд Циркийн урд талд нэг банк бус санхүүгийн байгууллагад хамтдаа очиж үзүүлсэн. Тэр банк бус санхүүгийн байгууллагын хүн нь үзээд хоёр талаас нь зураг дарчихаад яваад өгсөн тэр залуу ахаа би урьдчилгаа мөнгөө бүтвэл эргээд ярья гээд тэр залуу яриагүй ээ...” гэх  мэдүүлэг /1хх-ийн 33 тал/,

Гэрч Ж.Гантөмөрийн: “...би өөрийнхөө 02-20 УНВ улсын дугаартай “Лексус 570” автомашиныг зарах гээд интернэтээр зарна гэсэн зар тавьсан байсан юм. Тэгээд миний машиныг 5-6 хүн үзсэн. ...нэг хүн нь миний өөрийн харьцдаг банк бус санхүүгийн байгууллага байдаг юм, түүнд тавиад таны мөнгийг гаргаад өгье гэсэн би өөрөө банк бус санхүүгийн байгууллагатай тэрэндээ тавиад чиний мөнгийг гаргаад өгье  гэхэд тэр залуу хэрэггүй ээ би өөрийн харьцдаг банк бус санхүүгийн байгууллагатай, зээлээ бараг гаргачихсан байгаа, машинаа харуулаад болоо гэж хэлсэн. Тэгээд Нарны зам дагуу байсан байх нэг газар очоод өөрөө дотогш ороод гарч ирээд өөр бас нэг машины сонголт байгаа юм мөнгө бол бэлэн, би аль нэгийг нь сонгох гээд байгаа юм таны машиныг  авахаар бол өглөө холбогдьё гээд алга болсон ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 35 тал/

2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 03/226 дугаартай: “...01885602, 01885669, 01710573 гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйлс нь адилтгалын шинжилгээний шаардлагыг хангана. Шинжилж буй 01885602, 01885669, 01710573 гэсэн дугаартай 3 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйлс нь харьцуулах загвараар ирүүлсэн 0109555, 01759754 гэсэн дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйлсийн нөхөх хэсэгт бичсэн бичгүүдийн хэвлэлийн  шинж нь харьцуулах загвараар ирүүлсэн 01909555 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний нөхөх хэсэгт бичсэн бичгүүдийн хэвлэлийн шинжтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 38 тал/

Б.С-н яллагдагчаар өгсөн: “...ял сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг 10 жилийнхээ найз Мөнхөө гэдэг хүүхдийн нөтбүүк гуйж авч байгаад хороололд байсан байхаа, яг газрыг нь санахгүй байна. Нэг интернэт үйлчилгээний газарт сканнердаж оруулан файл болгон авч нөөтбүүк дээрээ фотошопоор янзлаад хүүхдийн 100-д байдаг нэг интернэт газраар өнгөт принтерээр гаргуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 51-52 тал/ зэрэг нотлох баримтуудаар болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч өөрийн гэм буруугийн талаар маргаагүй, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С-н үйлдэл хангалттай тогтоогдсон тул гэм буруугийн талаар няцаах, үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.С-н автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжийг, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан, хуурч, бичиг баримт ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авахыг завдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай бусдыг Залилах, Залилахаар завдах гэмт хэргийн шинжийг тус тусдаа бүрэн хангасан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.С-н хувьд амар хялбар аргаар ашиг хонжоо, мөнгө олох гэсэн шунахай зан  байдал нөлөөлсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.С-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт өгч байгаа гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч нь үндсэн зээл, хүү, алдангид нийт 138.720.000 төгрөгийн хохирлыг “Фүжи капитал” ХХК-д төлөх ёстой ба шүүхийн өмнөх шатанд үүнээс 3.595.000 төгрөгийг төлсөнд тооцож, шүүгдэгч Б.С-с хохиролд 135.125.000 /нэг зуун гучин таван сая нэг зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж, Фүжи капитал ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 02 жил 06 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 02 жил 07 сарын хугацаагаар хорих ялаар эдлэх ялаар тогтоолгох саналыг гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Гансүх нь ялыг хөнгөрүүлж өгнө үү, торгох ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Б.С-н хувьд баримт бичгийг хуурамчаар үйлдэх, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн, хохирол төлбөрөө төлөөгүй учир торгуулийн ял оногдуулах боломжгүй бөгөөд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.С болон түүний өмгөөлөгчөөс хохирол төлбөр төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг ажлын 5 хоногоор завсарлуулсан хэдий ч энэ хугацаанд шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрөө их бага ямар нэг хэмжээгээр төлөөгүй, шүүхийн өмнөх шатанд ч мөн бусдад учруулсан хохирол төлбөрөө төлөх талаар санаачилга гаргаагүй, идэвхтэй үйлдэл хийгээгүй тул ялын хувьд хорих ял оногдуулахаас өөр сонголтгүй болгож байх бөгөөд торгох ял оногдуулах боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 09-11 УНМ улсын дугаартай LANDROVER FREELANDER маркийн автомашины №01909555 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Энхтайваны Энхбатад, 74-14 УБҮ улсын дугаартай JEEP COMPASSO маркийн автомашины №01710573 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Фүжи капитал ХХК-д тус тус буцаан олгож, шүүгдэгч Б.Сын хуурамчаар үйлдсэн 37-72 УНУ улсын дугаартай VOLKSWAGEN TOUREG маркийн автомашины №01885669 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 90-60 УНН улсын дугаартай LEXUS-570 маркийн автомашины №01885602 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Тээврийн цагдаагийн албанд шилжүүлж, шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.С-г үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан, залилахаар завдсан, хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.С-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хугацаагаар  хорих ял болгон нийт 30 хоногийн хорих ялд тооцон шүүгдэгч Б.С-н биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.С-с 135.125.000 /нэг зуун гучин таван сая, нэг зуун хорих таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч “Фүжи Капитал” ХХК-д олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 09-11 УНМ улсын дугаартай LANDROVER FREELANDER маркийн автомашины №01909555 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Э. Энхбатад, 74-14 УБҮ улсын дугаартай JEEP COMPASSO маркийн автомашины №01710573 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Фүжи капитал ХХК-д тус тус буцаан олгож, шүүгдэгч Б.Сын хуурамчаар үйлдэж ашигласан 37-72 УНУ улсын дугаартай VOLKSWAGEN TOUREG маркийн автомашины №01885669 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 90-60 УНН улсын дугаартай LEXUS 570 маркийн автомашины №01885602 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Тээврийн цагдаагийн албанд шилжүүлсүгэй.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорьсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР