Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 25

 

Б

 

 

 

 

   2019          12             26                                           2020/ДШМ/25                                                             

 

                                   Б.Ст холбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ж.Энх-Амгалан,

хохирогч Э.Энхбат, түүний өмгөөлөгч Э.Ганбат,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Болортуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/893 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Энхбат, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Болортуяа нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Ст холбогдох эрүүгийн 1809016560669 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Б.С, 1989 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдрэлийн эмч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн их эмч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 31 дүгээр байрны 85 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УШ89120938/;

 

Б.С нь үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Урбанек” центрийн 305 тоотод байрлах “Фүжи капитал” ХХК-иас зээл авахдаа хуурамч бичиг баримт ашиглан, бодит байдлыг нуух замаар, хуурч 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 37-77 УБД улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер 200” авто машиныг барьцаалж 28.000.000 төгрөг,

- 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 02-20 УНВ улсын дугаартай “Лексус 570” маркийн автомашиныг барьцаалан 40.000.000 төгрөг, нийт 68.000.000 төгрөгийг залилан авсан,

- 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 90-60 УНҮ улсын дугаартай “Лексус 570 авто машин, 37-72 УНУ улсын дугаартай “Волксваген Тoypeг” машиныг барьцаалан 50.000.000 төгрөгийг залилан авахаар завдсан,

 

- Мөн үргэлжилсэн үйлдлээр 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Урбанек” центрийн 305 тоотод байрлах “Фүжи капитал” ХХК-иас зээл авахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээний хэвлэмэл маягтанд дээрх бичлэгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                             

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Б.Сыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан, залилахаар завдсан, хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Сыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хугацаагаар хорих ял болгон нийт 30 хоногийн хорих ялд тооцон шүүгдэгч Б.Сын биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Саас 135.125.000 /нэг зуун гучин таван сая, нэг зуун хорих таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч “Фүжи Капитал” ХХК-д олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 09-11 УНМ улсын дугаартай LANDROVER FREELANDER маркийн автомашины №01909555 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Э. Энхбатад, 74-14 УБҮ улсын дугаартай JЕЕР СОМРАSSO маркийн автомашины №01710573 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч “Фүжи капитал” ХХК-д тус тус буцаан олгож, шүүгдэгч Б.Сын хуурамчаар үйлдэж ашигласан 37-72 УНУ улсын дугаартай VOLKSWAGEN TOUREG маркийн автомашины №01885669 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 90-60 УНН улсын дугаартай LEXUS 570 маркийн автомашины №01885602 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Тээврийн цагдаагийн албанд шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Э.Энхбат давж заалах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Энхбат миний бие Б.Ст холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдон оролцож байгаа бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шуүгдэгчид хэт хөнгөн ял оногдуулсан, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах ёстой гэж үзэж байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлын талаар заасан бөгөөд шүүгдэгч Б.С нь энэ зүйл ангид заасан “1.2. Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн.” мөн “1.8.гэм буруугаа хүлээж хохирлоо төлөх үүрэг хүлээсэн хүн шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй.”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад “зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтаас үзэхэд Бямбадорж, З.Баярбаясгалан нар нь манай компаниас зээл авах нэрийдлээр зохион байгуулалттай, санаатай залилсан гэж үзэж байна. Учир нь Нийслэлийн прокурорын газраас хэргийг хүлээн авч хянаад Авлигын гэмт хэргийн шинжтэй гэж үзэж Авлигатай тэмцэх газар шилжүүлсэн боловч З.Баярбаясгалан нь Авлигын эсрэг хуулийн 4.1-т заасан албан тушаалтанд хамаарахгүй гэж үзсэн. 3.Баярбаясгалан нь залилангийн гэмт хэрэгт хамтран оролцсон талаар Б.С мэдүүлдэг. Б.С нь Б.Бямбадоржид хуурамч бичиг баримт өгсөн. Түүгээр зээл авах гэж оролдсон нь залилах гэмт хэргийг хамтарч зохион байгуулалттайгаар үйлдсэн гэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл 3.Баярбаясгалан нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн. Б.Ст өгдөг, уг гэрчилгээг Б.Бямбадоржид шилжүүлж зээл авах гэж завдсан, хуурамч бичиг баримтаар зээл авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг болох нь тогтоогдож байхад шүүхээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилж 2 жил 30 хоногийн хорих ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн эггээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

Шүүгдэгч Б.С нь мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд хохирол төлөх талаар ямар нэгэн санаачлага огт гаргаагүй, төлбөрөөс нэг ч төгрөг барагдуулаагүй бөгөөд шүүхийн шатанд хохирол төлөх хугацаа авсан боловч мөн адил ямар нэгэн байдлаар төлбөр төлөгдөөгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” бол хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэх байтал прокуророос З.Баярбаясгалангийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дахь заалтад энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн гэж үзэн хэргийг хаасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульд заасан байх боловч  шүүгдэгч Б.С нь хохирол төлөөгүй өөрийн үйлдсэн хэргийн гэм буруу ойлгоогүй байхад анхан шатны шүүх хэт хөнгөн ял оноосон, мөн хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж шийдсэн гэж үзэж байна.

               Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/893 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасны дагуу хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн цаашид хохирлоо төлж барагдуулах, тухайн компанийг хохиролгүй болгохоо амлаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинэчилсэн мэдүүлэгтээ өмгөөлөгчийн хамт үнэн зөв мэдүүлэг өгсөн бөгөөд гэрч Б.Бямбадорж, мөн З.Баярбаясгалантай холбоотой хэргийг үнэн зөвөөр мэдүүлснээ дахин илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж заасан.  Миний ажил хөдөлмөр эрхлэлт, боловсрол, нийгмийн байдал, өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг, мөн хохирогчийн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрх, хохирлыг нөхөн төлүүлэх боломжийг хангах зорилгоор мөн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн ял, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ” гэсэн заалтын  дагуу хорих ял, мөн торгох ял нь үндсэн ялын адил хэлбэр гэж ойлгож байгаа бөгөөд хорих ял шийтгэсэн нь хохирогчийн эрхийг хангуулахын эсрэг чиглэсэн. Тухайлбал хохирогчийн нөхөн төлбөр авах, хохирол барагдуулах эрхийг хойшлуулсан. Миний хохирол барагдуулах боломжийг бүрэн хорьсон шийдвэр гэж үзэж байна.

            2. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 50.000.000 төгрөг зээлдэхээр залилан авахаар завдсан хэргийг хүлээгээгүй бөгөөд яллах дүгнэлтэд дурьдсан гэрч З.Хүрэлбаатарын мэдүүлэг болон нүүрэлдүүлэн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг нь үнэн зөв. Мөн 90-60 УНЧ, 37-72 УНУ гэх тээврийн хэрэгслүүдийн эзэмшигч тодорхойгүй, намайг таньдаг гэдэг нь тогтоогдохгүй, мөн завдах хэрэгт хураагдсан баримтуудыг миний бие үйлдээгүй.

            3. Фүжи капитал ББСБ-т учруулсан 64.500.000 төгрөг нь анхан шатны шүүхийн шийдвэр буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтад заасан тогтоол нь бодит байдалтай нийцэн 135.125.000 төгрөг болсон байгаа нь хэр үнэн зөвөөр тогтоогдсон эсэх, тухайн компанитай байгуулсан гэрээ нь  хуулийн дагуу хүчин төгөлдөр эсэхийг тодруулж өгнө үү.

            Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэж байгаа тул 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/893 тоот шийтгэх тогтоолыг өөрчилж, гэмт хэрэг үйлдэхээр завдсан хэргийг тусгааарлаж надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасны дагуу торгох ял оногдуулж, хохирогчийн хохирлыг барагдуулах боломж олгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Болортуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болон миний үйлчлүүлэгчийн эрхийг зөрчсөн нь хавтаст хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: “Фүжи Капитал” ХХК-иас цагдаагийн байгууллагад 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр гомдол гаргасан. /1хх 12/, “Фүжи Капитал” ХХК-иас Э.Энхбатыг итгэмжилж буй тухай хүсэлтийг 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан. /1хх 94/, Үүнээс өмнө буюу 2019 оны 4 дүгээр сарын 3-нд Э.Энхбатыг хохирогчоор тогтоогоод байцаалт авсан. /1хх 18/ Нийслэлийн прокурорын газраас харъяалал тогтоож хэргийг /1хх 233/ АТГ-руу шилжүүлснээр хэргийг шалгаад 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр /1хх 245/ Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү шилжүүлэхдээ “З.Баярбаясгалан нь Б.Сыг залилах гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг өгсөөр байхад дан ганц З.Баярбаясгалангийн өөрийнх нь мэдүүлгээр /2хх 7/ буюу “тэр автомашины гэрчилгээнүүдийг хаягдсан байх л гэж бодож байна” гэх мэдүүлгээр нь ямарч ажиллагаа хийлгүй түүний үйлдлийг хайнга хандсан мэтээр түүнд ашигтайгаар шийдвэрлэсэн. Хэрвээ З.Баярбаясгалангийн үйлдлийг хаясан, хайнга хандсан гэх хууль зүйн дүгнэлт хийх аваас миний үйлчлүүлэгч гээгдэл эд хөрөнгө ашигласан болж улмаар хүнийг гүтгэсэн, гээгдэл эд хөрөнгө ашигласан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх нь зүйтэй. 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн /2хх 62/ шүүгчийн захирамжид өмгөөлөгч Эрдэнэболорын хүсэлтийг хангаж гэрчээр Б.Бямбадоржийг оролцуулахаар шийдвэрлэсэн захирамж хүчинтэй байгаа гэж үзэж байна.  Энийг хэрхэх талаар шүүгч ямар нэг асуулт ч тавиагүй. “Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай” 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЗ/1057/ дугаар “шүүгчийн захирамжид” ...хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд:

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хэн үйлдсэн, 1.5. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолж ирүүлээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Завдсан гэмт хэрэгт Б.Бямбадоржийн үйлдэл оролцоо байгаа эсэхийг шалгаж тодруулаагүй. Б.Бямбадорж тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн эсэх, уг үйлдэлд Б.Сын үйлдэл оролцоо бий эсэх, тухайн үйлдэлд Б.Бямбадоржийн үйлдэл оролцоо байсан эсэхийг шалгаж шийдвэрлүүлэхээр хэргийг буцаасан боловч 2019 оны 5 дугаар сарын 20-ноос яллах дүгнэлт 7 дугаар сарын 30-нд үйлдэгдэх хүртэл хохирогч Э.Энхбат, гэрч Б.Нацагдорж, Б.Бямбадорж нараас нэг удаа мэдүүлэг аваад хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлт өмнөх яллах дүгнэлттэй адил бичигдсэн, дахин ажиллагаа хийхэд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэгт ач холбогдол өгөөгүй. Анхан шатны шүүхэд Б.Сын гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлож 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг болсон боловч шүүгдэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Тодруулбал шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч заавал өмгөөлөгчтэй оролцоно гэж дурдсан байхад даргалагчаас “эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хавтас хэрэгт авагдаагүй, тэр талаар нотлох баримт байхгүй учраас шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлэх нь зүйтэй" гэж эрхийг нь зөрчиж эрх зүйн туслалцаа авах тал дээр ямар нэг арга хэмжээ ч аваагүй төдийгүй Б.Сын “шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэлд дурдагдсан ажиллагаануудыг огт хийгээгүй учраас хэргийг дахин прокурорт буцааж өгнө үү “ гэсээр байхад нь санал, хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхээр тогтсон болохыг дурдаж,... гэхдээ ерөнхий шүүгчийн захирамжид гэж тэмдэглэл үйлдсэн байх ба шүүгчийн захирамжид ч “анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэхээр тогтов” гэж заасан атлаа анхан шатны шүүх хуралдаанаар энэ талаар огт дурдаагүй, шийдвэрлээгүй орхигдуулсан. Өмгөөлөгчийн зүгээс 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хэргийн материалтай танилцахад шийтгэх тогтоол гардуулсан баримт болон шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт байхгүй байсныг онцлон хэлэх нь зүйтэй.. Шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй. Үүнд: Тогтоолын тодорхойлох хэсэгт: Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч нь үндсэн зээл, хүү, алдангид нийт 138.720.000 төгрөгийн хохирлыг “Фүжи капитал” ХХК-д төлөх ёстой ба шүүхийн өмнөх шатанд үүнээс /зээл аваад 1 сарын дараа төлсөн байхад шүүхийн өмнөх шатанд өгсөн мэтээр дүгнэлт хийсэн/ 3.595.000 төгрөгийг төлсөнд тооцож, шүүгдэгч Б.Саас хохиролд 135.125.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсэн заалтыг зөрчиж хохирлыг бодитоор гаргаагүй, яллах дүгнэлтийн хүрээнд шууд учирсан 68.000.000 төгрөгийн хэмжээнд хохирлыг тооцоолоогүй. Хүү, алдангийг эрүүгийн хэрэгт тооцон гаргах хууль зүйн үндэслэл байхгүй, хавтас хэрэгт авагдсан зээлийн гэрээний 2.3 дугаар заалтад хугацааг 30 хоног байна, гэрээний хавсралтад ч зээлийн гэрээний хугацааг 30 хоногоор заасан байхад хэт нэг талыг барьж олон сарын хүүг гаргахаар шийдвэрлэсэн нь дүгнэлт хууль ёсны дагуу гараагүйг нотолно. 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дахин өмгөөлөгч авч шүүх хуралдаан эхлэхэд 2 сая төгрөгийг авч очоод өгөх гэтэл хэрэггүй, хохирогч авахгүй гэснээс нь болоод шүүх хурлыг “5 хоногоор завсарлуулсан, энэ нь шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөрөө их бага ямар нэг хэмжээгээр төлөөгүй” гэсэн дүгнэлтийг өгөхөд хүрсэн байх юм. Б.С нь эмч мэргэжилтэй, шалгагдаж байх явцдаа багшилж байсан, зээлсэн мөнгөөрөө газрын бизнест хөрөнгө оруулалт хийсэн гэдгээ удаа дараа мэдүүлсээр байсан.Боломжтой нөхцөл бүрдсэн үедээ газарт оруулсан хөрөнгө оруулалтаараа, бусдад зээлдүүлсэн мөнгөө аваад өгнө гэсэн зорилготой байсныг харгалзан үзээгүй. З.Баярбаясгалан 2 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээ түүнд өгөөгүй байсан бол ийм асуудалд орохгүй байсан. Тэрээр 2 ширхэг тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр хуурамч бичилт хийгээд зээл авснаа хүлээн зөвшөөрдөг, хохирлоо барагдуулахаа илэрхийлдэг. Зүйлчлэлийн хувьд өмгөөлөгчийн зүгээс маргах зүйлгүй. Энэ гэмт хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан, дээрх нөхцөл байдлуудад үнэлэлт, дүгнэлт өгч хэргийг Б.Ст ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

              Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй. Шийтгэх тогтоол хууль хэрэглээний хувьд, ялын бодлогын хувьд алдаатай шийдвэр болсон. Уг хэрэг З.Баярбаясгалан, Б.С хоёрын хамтран үйлдсэн  нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Гэрч Г.Ганхишигийн мэдүүлэгт “Автотээврийн үндэсний төв дээр явж байхад З.Баярбаясгалан, Б.С бид гурав тааралдсан. Тэгэхэд Баярбаясгалан “би энэ юмаа хаясан, хаясан чинь өөрийнх нь таньдаг хүн олоод авсан” гэх зүйл ярьсан” гэдэг. З.Баярбаясгалангийн үйлдлийг албан тушаалдаа хайнга хандсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “З.Баярбаясгалангаас авсан. Түүнд 1.500.000 төгрөг шилжүүлсэн” гэдэг. Бэлнээр хэдэн төгрөг өгсөн болохыг хэн ч мэдэхгүй. Энэ талаарх мэдүүлэг байдаггүй. Эдгээр баримтуудаас харахад З.Баярбаясгалан уг үйлдэлд бүлэглэж оролцсон харагдаж байна. Сүүлийн 2 машиныг барьцаалж зээл авахдаа Б.Бямбадоржийг явуулсан гэдэг. Гэхдээ Б.Бямбадоржийн мэдүүлэгт “Б.Сын хэлснээр би бүгдийг хийсэн. Б.С хэлэхдээ З.Баярбаясгалан гэх манай найз бас машин тавих гэж байгаа гэж хэлсэн” гэсэн байдаг. Б.Бямбадорж, Б.С, З.Баярбаясгалан нар хамтарч уг хэргийг үйлдсэн. Сүүлийн үйлдлийг Б.Бямбадорж ганцаараа хийсэн. З.Баярбаясгалан гэрчилгээнүүдийг хаясан юм бол хэргийн хувьд өөр нөхцөл байдал тогтоогдох ёстой. Гэтэл албан тушаалдаа хайнга хандсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан З.Баярбаясгалангийн үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. З.Баярбаясгалан, Б.С хоёр бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогч Э.Энхбат хэлэхдээ “намайг прокурор дуудаад, тогтоол дээр гарын үсэг зурдаг юм гээд хэрэгсэхгүй болгосон тогтоол дээр санал, хүсэлтгүй гээд гарын үсэг зуруулчихсан” гэдэг. Тэр прокурор нь одоо шүүх хуралд орж буй прокурор биш, өөр прокурор байсан. З.Баярбаясгалангийн үйлдлийг хэрэгсэхгүй болгоод, Б.Сыг ганцаар үйлдсэн гэж ялласан. Мөн шүүхээс оногдуулсан ялын бодлого алдагдсан. Хохирлоо төлөөгүй байхад хорих ялын хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулсан. Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд хохирол төлнө гэж 5 хоногийн завсарлага аваад хохирлыг төлөөгүй байсан. Илтэд төлөхгүй байдал нь харагдаж байхад 2 жилийн хорих ял оногдуулсан. Хууль хэрэглээ хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт хэргийг буцаах саналтай байна. ...” гэв.

             

              Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокуророос: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. З.Баярбаясгаланг албан тушаалтай нь холбогдуулж мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол Нийслэлийн прокурорын газраас гарсан. Уг тогтоол хүчин төгөлдөр болж, талуудаас гомдол хүсэлт гараагүй. Хавтас хэрэгт авагдсан материалаас үзэхэд З.Баярбаясгаланд 1.500.000 төгрөг өгсөн гэх Б.Сын мэдүүлэг, өөр мэдүүлэг байхгүй. Яллагдагчийн мэдүүлэг давхар нотлох баримтаар нотлогдбол нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг. Энэ өөрөө нотлох баримт байхгүй учир хэрэгсэхгүй болгосон шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Бямбадоржийн үйлдэлтэй хамтран оролцсон эсэхэд шүүхээс хэргийг буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж Б.Бямбадорж болон бусад оролцогч нараас дахин мэдүүлэг авах ажиллагаа явагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж байгаа талаараа мэдээгүй, ойлгоогүй үйлдэл хийсэн байна гэж үзээд Б.Бямбадоржийг холбогдуулж татаагүй. Гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлыг 68.000.000 төгрөг, шууд бус хохирлыг 135.125.000 төгрөг гаргаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрий 893 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн  давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Анхан шатны шүүх Б.Сыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилсан, залилахаар завдсан, хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Сыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хугацаагаар хорих ял болгон нийт 30 хоногийн хорих ялд тооцон шүүгдэгч Б.Сын биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 30 /гуч/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэжээ.

 

 Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн ямар нөхцөл байдал, мөн шүүгдэгчийн ямар хувийн байдлыг харгалзан тухайн зүйл ангийн хамгийн доод хэмжээнд заасан ялуудыг оногдуулсан нь тодорхой биш, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”-ийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой тусгагдаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн заасан шударга ёсны зарчимтай түүнд оногдуулсан ял хэрхэн уялдаж байгааг анхан шатны шүүх дүгнээгүй байна.

 

Мөн шүүх 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх үед шүүгдэгч Б.С нь шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох талаар хүсэлт гаргасан байхад “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй” гэсэн үндэслэлээр хуралдааныг үргэлжлүүлж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн, мөн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүх хуралдааны хойшлуулж гэм буруугийн шүүх хуралдааны товыг 2019 оны 10 дугаар сарын 4-ний өдөр тогтоосон атлаа 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр шүүхээр хэргийг хэлэлцүүлсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхээр байна. 

 

 Прокуророос “...Б.Сын автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж ашигласан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ “гурван удаагийн үйлдлээр тээврийн хэрэгслийн гэрчилгээний хэвлэмэл маягтанд бичлэгийг хуурамчаар үйлдсэн” гэж дүгнэсэн байх бөгөөд Б.С нь ямар хугацаанд, ямар сери дугаартай гэрчилгээг, ямар хэрэг үйлдэхдээ хуурамчаар үйлдэж ашигласан болох нь ойлгомжгүй учир шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр энэ талаар хэлэлцэж, тодорхой дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

Дээрх асуудлыг хэлэлцэж дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан” зөрчил  тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл болно.

 

Мөн шүүгдэгч Б.Сын “Фүжи капитал” ХХК-иас зээл авахдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээний хэвлэмэл маягтанд дээрх бичлэгийг хуурамчаар үйлдсэн” хэрэг буюу Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэн хөөн хэлэлцэх хугацаа  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар  дууссан байхад энэ талаар дүгнэлт хийлгүй  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь  үндэслэлгүй байна.     

 

Иймд  шүүгдэгч Б.Сын өмгөөлөгч Б.Болортуяагийн   “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийг өмгөөлөгчтэй оролцох эрхээр хангаагүй, шүүхийн шийтгэх тогтоолд үнэдэслэл бүхий дүгнэлт өгөөгүй тул тогтоолыг хүчингүй болгох”  талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ст холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэх болсон тул хохирогч Э.Энхбатын “ял шийтгэлийг хүндрүүлэх”, шүүгдэгч Б.Сын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан гомдлын үндэслэлд тодорхой дүгнэлт өгөөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2019/ШЦТ/893 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ст холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай. 

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Б.Ст авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.ОЧ

 

              ШҮҮГЧ                                                                    М.АЛДАР

 

              ШҮҮГЧ                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ