Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2020/0371

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, хариуцагчийн өмгөөлөгч Т.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 239 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Б.А-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мал эмнэлгийн газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 239 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.3.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн “Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А-аас давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн “П.Д-ын орон тоон дээр 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Б.А-г хүний нөөц, мэдээллийн технологийн ажилтнаар томилон” гэх тухайд:

Б.А нь анх Нийслэлийн мал эмнэлгийн газарт 2015 оны 05 сарын 06-ны Б/18 дугаар тушаалаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын бичиг хэргийн эрхлэгч, мэдээллийн технологийн мэргэжилтнээр анх томилогдсон. П.Д-ын хувьд тухайн 2012 оны 04 сарын 16-ны өдрийн 41 дүгээр тушаалаар Хүний нөөц, дотоод ажил, архив гэсэн ажлын байранд томилогдон ажиллаж байсан. Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/06 дугаар тушаалаар Нийслэлийн мал эмнэлгийн газрын бүтэц орон тоог өөрчилсөн байна. Ингэснээр П.Д-ын ажлын байр Хүний нөөц, мэдээллийн технологийн мэргэжилтэн, Архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн гэх байдлаар хуваагдсан байна.

Дээрх бүтэц орон тоо шинэчлэн батлагдсанаар Б.А-ийн гүйцэтгэж байсан мэдээллийн технологи гэсэн ажлын байр П.Д-ын ажлын байрны хүний нөөц гэсэн хэсэгтэй нийлж нэг ажлын байр болж, нөгөө хэсэг нь Архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байр болсон байна. Үүнээс харахад гуравдагч этгээд П.Д-ын жирэмсний амралтаа авч, ажлаа хүлээлцэж буй тушаалаар түүний ажлын байранд томилох бус түүний ажлын байрнаас Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар хүний нөөц гэх хэсгийг Б.А-д хариуцуулсан байна.

Иймд нэхэмжлэгчийг П.Д-ийн ажлын байранд томилогдон ажилласан гэх дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Шүүхийн шийдвэрийн “Ажлын байрны тодорхойлолтын дагуу Тайлан төлөвлөлт дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалд буцаан ир томилсон гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй ба хэрэгт цугларсан П.Д-ын боловсролын үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, түүнийг ажилд томилсон тушаалууд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэх тухайд:

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А-174 дүгээр Бүтэц орон тоо батлах тухай тушаалаар нийслэл, аймаг, сум, дүүргийн мал эмнэлгийн газрын бүтэц орон тоог шинэчлэн ч. баталсан байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/30 дугаар тушаалын хавсралтаар ажлын байрны тодорхойлолтуудыг баталсан байна.

Үүний нэг болох одоо маргаж буй Тайлан төлөвлөлт дотоод ажил хариуцсан ажилтны ажлын байрыг баталсан байна. Энэхүү ажлын байрны хувьд ТЗ ангилалын төрийн жинхэнэ албан хаагч байх, мэргэжлийн хувьд Төрийн захиргаа, эрх зүй, мэдээллийн технологи зэрэг ажлын байр байхыг шаардахаар байна.

П.Д-ын хувьд төрийн албан шалгалт өгөөгүй, нягтлан бодогч мэргэжилтэй гэдгээр ажлын байрны тодорхойлолтоо хангахгүй байх бол Б.А-ийн хувьд төрийн албаны ТЗ-6 шатлалын шалгалтад орж тэнцсэн, мэдээллийн технологийн мэргэжилтэй гэдгээрээ шаардлагаа хангаж байна.

Мөн түүнчлэн П.Д-ын өмнө жирэмсний амралт авахын өмнө Хүний нөөц, дотоод ажил, архив гэсэн ажлын байранд ажиллаж байсан гэтэл түүний эргэн ажилдаа орон хугацаанд эрх зүй, хүний нөөцийн мэргэжилтэн, бичиг хэрэг , архивын ажилтан, тайлан төлөвлөлт дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэх байдлаар 3 хэсэг болж салсан байсан. Шүүхийн тайлбарлаж байгаа шиг Эрх зүй хүний нөөцийн мэргэжилтэн, тайлан төлөвлөлт дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрнууд мэргэшлийн байдал нь тохирохгүй байсан харин бичиг хэрэг архивын ажилтан гэх ажлын байранд эргэн томилогдох боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл П.Д-ын өмнө эрхэлж байсан ажлын байр 3 хэсэг салсан бөгөөд түүнийг эргэн томилохдоо түүний мэргэшлийн байдлыг харгалзан ажлын байрны тодорхойлолтыг хангаж буй ажил нь дээр нь томилох боломжтой, харин хариуцагчийн томилоод байгаа ажлын байранд мэргэшлийн байдал нь тохирохгүй, төрийн албаны шалгалтаа өгөөгүй зэрэг нөхцөл байдлууд байгаа. Түүний мэргэшлийн байдал өмнө эрхэлж байсан ажилд бүхэлдээ хадгалагдаж буй нь Бичиг хэрэг архивын ажилтан байж болохоор байна.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 239 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 239 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гаргасан гомдлын дагуу хянав.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, шүүх нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд Нийслэлийн мал эмнэлгийн газарт холбогдуулан “Нийслэлийн мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/104 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Тайлан төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх “Маргаан бүхий акт гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бүтэц, орон тооны жагсаалтаас харахад Архив-бичиг хэргийн ажилтан, Эрх зүй-хүний нөөцийн мэргэжилтэн, Тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн гэж П.Д-ын эрхэлж байсан Архив, хүний нөөц, дотоод ажил хариуцсан албан тушаалын байдал нь 3 төрлийн албан тушаалын чиг үүрэгт хуваагдсан нь тухайн байгууллагын чиг үүрэг, цар хүрээ улам тэлж, орон тоо нэмэгдсэнтэй холбоотой төдийгүй, 2018 оны Сайдын тушаалаар төрийн үйлчилгээний ангилалд ажиллаж байсан албан хаагчдын албан тушаалын ангиллыг төрийн захиргаа болгон өөрчилсөн ба олон дахин бүтэц, орон тоо шинэчлэн баталсан төвөгтэй нөхцөл байдал үүссэнийг дурдах нь зүйтэй байна” гэж дүгнэснийг зөвтгөх боломжгүй. Шүүх нотлох үүргийнхээ хүрээнд тухайн байгууллагын бүтэц орон тоог баталсан, дээд хязгаарыг тогтоосон сайдын тушаал төдийгүй байгууллагын даргын тушаал нэг бүрийг цуглуулж орон тоо нэмэгдсэн, хасагдсан эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай байжээ. Шүүх “төрийн үйлчилгээний ангилалд ажиллаж байсан албан хаагчдын албан тушаалын ангиллыг төрийн захиргааны болгон өөрчилсөн ба олон дахин бүтэц, орон тоо шинэчлэн баталсан төвөгтэй нөхцөл байдал үүссэн” гэж дүгнээд, нэр бүхий этгээдүүдийн орон тоо төдийгүй чиг үүрэг хэрхэн шилжиж байсан болохыг нэг бүрчлэн тогтоох шаардлагатай байна.

Мөн нэхэмжлэгчээс бүх ажилтнуудтайгаа “түр орлон гүйцэтгэгчээр тушаал гаргадаг” гэсэн тайлбар гаргаж байгааг зайлшгүй шалган тогтоох шаардлагатай. Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан баталгаа, нэмэлт баталгаагаар хангагдах ёстой бөгөөд жинхлэн ажиллах ёстой байнгын ажлын байранд төрийн албан хаагчийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулах ёсгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Тайлан, төлөвлөлт, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр түр томилсон гэх бөгөөд зайлшгүй “түр томилох” шаардлага байсан эсэх талаар нь дүгнэлт хийх шаардлагатай.

Мөн анхан шатны шүүх Ажлын байрны тодорхойлолт баталсан тушаал болон Ажлын байрны тодорхойлолт зэргийг цуглуулсан боловч нотлох баримтаа хэрхэн үнэлж байгаа нь шүүхийн шийдвэрт тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдаанд болон давж заалдах гомдолдоо “П.Д-ын өмнө эрхэлж байсан ажлын байр 3 хэсэг салсан...” гэж тайлбарлаж байх бөгөөд анхан шатны шүүх орон тоо, бүтэц, чиг үүрэг шилжсэн эсэх, албан тушаалын нэршил өөрчлөгдсөн боловч чиг үүрэг хэвээр хадгалагдсан эсэх талаар тодорхой дүгнэлт хийгээгүй байна.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар 2017 оны А/06 дугаар тушаалын дагуу 53 орон тоотой, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/174 дүгээр тушаалын дагуу 37 орон тоотой, харин 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/35 дугаар тушаалаар 69 орон тоотой /орон тоо нэмэгдсэн мэт/ ойлгогдож байх тул энэ байдалд дүгнэлт хийж, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын бүтэц орон тоо ямар ямар эрхийн актын дагуу хэрхэн өөрчлөгдөж байсан болохыг нарийвчлан тогтоох шаардлагатай байна.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон