Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1559

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

    2019        10         10                                  2019/ШЦТ/1559

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч М.Үүрийнтуяа,   

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Хохирогч Г.Даваадулам,

Шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч О.Чинхүсэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Гэд холбогдох эрүүгийн 1906 03455 1738 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х.Г.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57/2 дугаар байрны 20 тоотод байрлах гэртээ эхнэр Г.Даваадуламтай маргалдан улмаар баруун гаран тус газар нь өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                   /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 03455 1738 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Х.Г нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Г.Даваадуламын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай нөхөр Х.Г нь архи ууж яваад 2019 оны 06-р сарын 07-ны үүрийн 05 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд өглөө 09 цагт унтаж байгаад босоод надтай маргалдаж намайг өшиглөхөөр нь би гараараа хаагаад хаалт хийсэн чинь миний гарын баруун гарын эрхий хурууны үе хэсэгт гэмтсэн. Тэгээд одоо хүрч болохгүй хавдаж өвдөөд гараа хөдөлгөж болохгүй сойчихсон байна. Урьд өмнө зодож байсан. Сүүлийн нэг жилд байнга зоддог болсон. Энэ байдал нь маш дарамттай байна. Гэмтлийн зэрэг тогтоолгох зорилгоор өргөдөл гаргаж байна. Намайг өшиглөөд байхаар нь би гараараа өөрийгөө хамгаалсан. Миний гарыг өшиглөж гэмтээсэн.

Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Анхнаасаа гомдолтой байгаагүй. Миний цагдаагийн байгууллагад хандсан шалтгаан нь зөвхөн эдийн засгийн зорилготой байсан юм. Эдийн засгийн зорилго гээд байгаа нь би нөхөр Х.Гээс салах өргөдөлөө Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан байгаа юм. Тус өргөдөлд эвлэрүүлэн зуучлагч Хонгорзул нь та цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн байвал таны хүүхдийн тэтгэмж тогтоолгох, хүүхдүүдээ өөр дээрээ авах тал дээр нөлөөлдөг юм гэж хэлсэн учираас хорооныхоо цагдаа дээр очсон. Тэгсэн чинь хорооны цагдаа харин Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү намайг явуулсан юм. Би гэрлэлтээ цуцлуулж, мөн хүүхдийн тэтгэмж тогтоолгох гэсэн болохоос Х.Гэд ямар нэг гомдол санал огт байхгүй.

Би Х.Г рүү юм авч шидэхэд намайг болиоч ээ гээд түлхэхээр нь баруун гараараа хаахад түүний биеийн аль нэг хэсэгт нь эрхий хуруугаараа тулаад хуруугаа тулгасан. Х.Г миний 2 гарнаас бариад намайг шидэх гэж байгаа юмаа хаяач гээд барьж байхадаа баруун зүүн бугалганд цус хуралт гэсэн гэмтлийг учруулсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 39-40/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ныөдрийн 7072 дугаартай:

Г.Даваадуламын биед баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/,

 

Шүүгдэгч Х.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 09 цагийн үед гэртээ Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 57/2 байр 20 тоотод эхнэр Даваадулам надаас хэрүүл өдөж хэрүүл эхлүүлээд над руу гал тогооны өрөөнд байсан юмнууд аваад шидээд байхаар нь би болиулах гээд мөн өөрийгөө хамгаалах гээд аргагүй хамгаалалт хийж өөрийгөө хамгаалаад цааш түлхсэн. Би түүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Над руу юм авч шидээд байхаар нь 2 гарнаас бариад зуурч өөрийгөө хамгаалсан. Энэ үед гар сонин болчихлоо гээд байсан. Би эхнэрийнхээ биед халдсанаа хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Над руу юм авч шидээд байхаар нь өөрийгөө хамгаалаад гарнаас нь бариад зууралдахад гэмтсэн байх. Би эхнэр Г.Даваадуламыг зүгээр байхад нь зодож цохисон зүйл байхгүй. Санаатайгаар гэмтээсэн зүйл байхгүй  гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

-Хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /хх-ийн 4/,

-аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 5-8/,

-гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 41-45/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Х.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, НД-ийн шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 21-25/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Г нь гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Х.Гийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Г.Даваадуламын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Г.Даваадулам нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Х.Г нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилж хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Багшийнх овогт Хүрэлбаатарын Х.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гийг долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу долоон зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.         

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Гэд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ