Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

  2020          01            02                                             2020/ДШМ/27    

 

Х.Г-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Ганзориг,

хохирогч Г.Д-,

шүүгдэгч Х.Г-,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ..... даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Д-, шүүгдэгч Х.Г-, түүний өмгөөлөгч О.Чинхүсэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Г-эд холбогдох ..... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

...... Г-, 1979 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эрх зүйч мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ......тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

 

Х.Г- нь ...... тоот, өөрийн гэртээ эхнэр Г.Д-тай маргалдан, улмаар түүний баруун гаран тус газар нь өшиглөснөөс эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...... Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Г-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.Г-ийн өмгөөлөгч О.Чинхүсэл давж заалдах гомдолдоо: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... дугаартай шийтгэх тогтоол нь тухайн үед яг ямар үйл явдал болсныг бүрэн тогтоогоогүй, хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлээгүй, зөвхөн яллах талыг буюу нэг талыг баримтлан бодит үнэн байдалд нийцэхгүй шийдвэр гаргасан тул үнэн зөв шийдвэрлүүлэхээр шүүгдэгч Г-ийн өмгөөлөгч О.Чинхүсэл миний бие дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Тухайн үед шүүгдэгч Г- нь оройтож ирээд өглөө босоход эхнэр болох Д- нь хэрүүл эхлүүлж, улмаар хоол хийж байхдаа гарт тааралдсан зүйлээр нөхөр болох Г- руу шидэлж, цохиж эхэлсэн байдаг. Энэ үед тэдгээрийн хажууд бага насны хүүхдүүд нь байсан. Эхнэрийнх нь шидэлж байсан зүйлс нь иртэй халбага сэрээ, том хэмжээтэй таглаа, сав, аяга шаазан зэрэг нь хагарч хүүхдүүдийг гэмтээх магадлал өндөр байсан тул нөхөр нь босч, шидэх гэж байсан зүйлийг булаан авч болиулсан байдаг. Энэ нь өөрийгөө болон өөрийн ойр дотны хүмүүст аюул занал тохиолдох үед түүнийг хамгаалах Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар олгогдсон эрхээ эдэлж гэмт тохиолдол бий болохыг таслан зогсоож, урьдчилан сэргийлсэн. Хэрвээ нөхөр нь энэ үйлдлийг хийгээгүй бол ямар хор уршиг, гэмтэл гарахыг төсөөлөхөд хүнд байгаа юм. Г- нь ингэхдээ эхнэртээ халдсан зүйл огт байхгүй, очоод шидэх гэж байсан зүйлийг авсан, харин биед нь гар хүрээгүй. Бодит болсон үйл явдал нь ердөө л ийм зүйл.

Харин эхнэр нь нөхрөөсөө салахаар шүүхэд өргөдөл өгч, тэр нь эвлэрүүлэн зуучлагчид шилжсэн үед энэ үйл явдал болсон. Нөхөр нь гэр бүлээ салгах хүсэлгүй байсан тул эхнэр нь нөхрөөсөө хүчээр салахын тулд нөхөртөө зодуулдаг байсан гэсэн нотолгоог олохын тулд нөхөртөө зодуулсан мэтээр цагдаад мэдүүлсэн байгаа. Энэ цагдаад тэмдэглүүлсэн зүйлээ авч очоод гэр бүлээ салгуулах л зорилготой байсан. Ингэж зориудаар худал мэдүүлэг өгсөн талаараа мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2, З дахь мэдүүлэгтээ "би анхнаасаа нөхөртөө гомдол саналгүй байсан, цагдаад өгсөн мэдүүлгийн хувьд эдийн засгийн сонирхолтой буюу нөхрөөсөө хурдан салах л зорилготой, байр, хүүхдүүдээ өөр дээрээ авч, шүүхийн журмаар тэтгэмж тогтоолгох зорилготой байсан" гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “миний хувьд нөхөртөө гомдол санал байхгүй, би шүүхийн дүгнэлтэд дурдсан баруун гарын эрхий хурууны гэмтэл, баруун зүүн бугалганы цус хуралтыг дээрх үйл явдал болохоос өмнө өөрөө өөрийгөө гэмтээчихсэн байсан, тухайн үед сав авч шидэх гэж байхдаа хуруугаа хөндчихсөн” гэж тус тус мэдүүлснээр нотлогдож байгаа юм. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ яллах болон цагаатгах талын үйл баримтуудыг адил тэнцүү хэмжээгээр хэлэлцсний үндсэн дээр дүгнэх ёстой байтал зөвхөн яллах талын дүгнэлт, хохирогч болох эхнэрийн “би мөрдөн байцаалтын шатанд анхны мэдүүлгээ худал мэдүүлсэн. Үүндээ хариуцлага хүлээхэд бэлэн, худал мэдүүлснээс болж нөхрийгөө ял авахад хүргэж байгаадаа туйлын гэмшиж байна, түүнд ял оноохгүй байхыг хүсье” хэмээн мэдүүлсээр байтал анхны мэдүүлэгт үндэслэн миний үйлчлүүлэгчийг яллалаа. Энэ хэрэгт хохирогч гэх эхнэр нь хохиролгүй, гомдол саналгүй, би худал мэдүүлсэн юм аа гээд байхад зөвхөн эхнэрийнх нь анхны буюу 1 удаагийн худал мэдүүлэгт тулгуурлан, худал мэдүүлгийн дагуу гаргасан "шинжээчийн дүгнэлт" гэдэг зүйлд тулгуурлан ял оноолоо. Мэдүүлэг авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс шүүхээр шийдвэрлэх хүртлэх үе шатуудад өгч байгаа мэдүүлгүүд нь бүгд л адил хүчин чадал бүхий байх бөгөөд ижил тэнцүү хэмжээгээр үнэлэгдэх зарчимтай байдгаас бус анхны мэдүүлэг л үнэн, бусад нь худал гэсэн зарчим байхгүй. Гэтэл Г-ийн болон эхнэрийн ийм зүйл болоогүй гэдэг мэдүүлэгт бус зөвхөн прокурорын яллах санал, дүгнэлтэд тулгуурласан нь яллах, цагаатгах талын тэнцвэрийг алдагдуулсан зүйл болсон. Энэ хэрэг гэх асуудлын гол зангилаа нь эхнэр нь гэр бүлээ салгахын тулд, хүүхэд, байраа өөр дээрээ авахын тулд эвлэрүүлэн зуучлагчаас ингэвэл хурдан салдаг гэдэг мэдээлэл авсны үндсэн дээр зохион байгуулсан ажиллагааны золиос, хохирогч болон ял шийтгэгдсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх болон шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Д-ын 2, 3 дахь удаагийн, Г-ийн мэдүүлгүүдийн дараа мөрдөн байцаагч болон прокурор бодит байдлыг тогтоохоор ажиллагаа хийгээгүй нь учир дутагдалтай, шүүгч ч үүнийг олж харах байтал анхаараагүй, мэдсэн ч мэдээгүй мэтээр өнгөрсөн байна. Энэ үйл явдал болох үед эхнэр, нөхөр, хүүхдүүд байсан, өөр ямар нэгэн гэрч байхгүй байсан бөгөөд эхнэр, нөхөр хоёр л чухам ямар үйл явдал болсныг үнэн зөвөөр мэдүүлж гэрчлэх субъектүүд. Энэ хоёр хоёулаа хэрэг болоогүй гэдгийг мэдүүлсээр байтал ял оноолоо. Хэрэг болоогүй гэдгийг үүнээс өөрөөр яаж нотолж, мэдүүлэх ёстой билээ. Ер нь ямар ч хохирогч, шүүгдэгч байлаа гэсэн шүүхэд л эцсийн үнэнийг хэлдэг, түүнээс өмнөх шатанд мэдүүлсэн зүйлс бол туйлын үнэн байдаггүйг бүгд мэдэх билээ. Миний үйлчлүүлэгч Г- нь эхнэрээ гэмтээгээгүй, эхнэртээ халдаагүй гэдэг нь талуудын мэдүүлгээр нотлогдож, эхнэр нь өөрөө худал мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байхад ял оногдуулсан нь шударга ёсонд нийцэхгүй, үндэслэлгүйгээр хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Х.Г-ийг цагаатгаж өгнө үү. …” гэжээ.

 

Хохирогч Г.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хохирогч миний шүүхэд өгсөн мэдүүлгийг огтхон ч авч үзэлгүйгээр шийдвэрлэж, гэмгүй хүнд ял оноосон нь шударга бус байгаа тул үнэн зөвийг тогтоолгохоор гомдол гаргаж байна. 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр манай нөхөр Г- өглөө үүрээр орж ирсэн. Би “архи ууж, оройтож ирсэн байна” гэж бодоод уур их хүрч байсан. Тэгээд сэрэхээр нь түүнийг “хаана байж байгаад ирсэн, яасан ийсэн” гэх мэтээр хэрүүл өдөж эхэлсэн. Улмаар хэрүүл даамжирч би түүн рүү хоолны халбага, шанага, аяга, стакан зэргийг шидэж эхэлсэн. Нөхөр эдгээрээс бултаж, зарим нь ч түүнийг онож байсан. Энэ үед хүүхдүүд уйлалдаж, шилэн эд зүйлс нь хагарч бутарч байсан. Энэ үед нөхөр “болиоч” гэж хашгирч, хэлж байсан ч би өөрийгөө хянаж чадахгүй байсан. Нөхөр босч ирээд миний шидэх гэж байсан зүйлийг /би сав барьчихсан байсан/ гарнаас татаж авсан. Ингээд энэ үйл явдал зогссон. Одоо бодоход тухайн үед би уурлаад өөрийн контролыг алдсан байсан, би ер нь огцом ширүүн уурладаг. Тухайн үед нөхөр намайг болиулаагүй байсан бол миний шидсэн зүйлд хүүхдүүд оногдож гэмтэх байсан. Миний шидсэн зарим зүйл нөхрийг онож, нүүр нь жижиг хөхөрсөн, шалбарсан байсан. Нөхөр “чиний шидсэн зүйлд оногдоод ийм болчихлоо” гэж байсан. Би энэ маргаан болохоос өмнө тоглож байгаад баруун гарын эрхий хуруугаа тулгачихсан, жаахан хөндүүртэй байсан. Тэгээд энэ хэрүүлийн үеэр нэг сав авч шидэх гэж байхдаа бариуланд нь нөгөө эрхий хуруугаа хөшөөд хөндөөд гэмтээчихсэн. Түүнээс миний эрхий хуруу энэ хэрүүл маргаан болох үед шинээр гэмтсэн зүйл байхгүй. Мөн баруун, зүүн гарын бугалганд үүссэн цус хуралт энэ үеэр үүсээгүй. Мөн би өмнө нь сагс тоглож байхдаа болон гэрт гэрийн тавилга шилжүүлж байхдаа шүргэж мөргөөд бага зэргийн цус хуралт үүсчихсэн байсан юм. Түүнээс биш энэ маргааны үед манай нөхөр надад халдаагүй, цохиогүй, намайг гэмтээсэн зүйл огтхон ч байхгүй, одоо ч би түүнийг тод санаж байна. Миний хувьд яагаад “нөхрөө намайг зодсон” гэж цагдаад худал мэдүүлсэн бэ гэвэл би 2019 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нөхрөөсөө салах тухай өргөдлөө өгсөн байсан бөгөөд өргөдлийг минь эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн байсан. Миний өргөдлийн талаар эвлэрүүлэн зуучлагч манай нөхрөөс асуухад “гэр бүл салах хүсэлгүй, салах бодолгүй” гэж хэлсэн байсан. “Тэгээд яах вэ” гэж эвлэрүүлэн зуучлагч Хонгорзулаас асуухад “нөхөр тань гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэсэн нотолгоо байвал шүүх шууд салгадаг, ийм зүйл байвал аваад ир” гэж хэлж байсан. Би тэгээд ийм зүйл байвал хурдан салах юм байна гэж бодоод тухайн үед “нөхөртөө зодуулчихлаа, миний гарыг гэмтээчихлээ” гэж Баянзүрх дүүргийн цагдаад худал мэдүүлсэн юм. Би анх өргөдөл өгөхдөө “надад гомдол санал байхгүй, нөхөр дээр хэрэг үүсгэхгүй биз дээ, би цагдаад тэмдэглүүлсэн болон гэмтлийн зэрэг тогтоосон зүйлээ аваад эвлэрүүлэн зуучлагчид өгөх юм” гэж асууж байсан. Тэгэхэд цагдаа “тэгж болно оо, нөхөр дээр чинь хэрэг үүсгэхгүй” гэж хэлэхээр нь асуудал болохгүй юм байна гэж бодоод худал мэдүүлчихсэн. Ингээд шүүх эмнэлэг дээр очиж мөн л адил “нөхөртөө зодуулсан” гэж худлаа хэлээд гэмтлийн зэрэг тогтоолгосон. Миний хувьд хүн амьтнаас асуугаад нөхөр нь асуудал үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан бол хүүхдүүдийг нь, байрыг нь шууд эхэд нь өгөөд тэтгэмж тогтоож өгдөг гэж сонссон тул нөхрийгөө намайг зодсон мэтээр худал мэдүүлсэн. Энэ мэдүүлэг өгөх үед миний уур бухимдал гараагүй, нөхрөө жаахан айлгах гэсэн, мөн хамгийн гол нь хурдан түргэн салах, хүүхэд, байраа авах тухай л бодож байсан тул ийнхүү худал мэдүүлсэн юм. Миний бие ийнхүү худал мэдүүлэг өгсөн нь ийм хор уршигтай гэдгийг тухайн үед мэдээгүй бөгөөд харин дараа нь үүнийгээ ойлгож 2, 3 дахь удаагийн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “нөхөр намайг зодоогүй, надад халдаагүй, би өмнө нь гэмтээсэн байсан гэмтлээ сэдрээсэн, анхны мэдүүлсэн шиг зүйл болоогүй, би зөвхөн эдийн засгийн сонирхлоор л буюу байр, хүүхдүүдээ өөр дээрээ авах, гэр бүлээ хурдан салгах зорилгоор ингэж мэдүүлсэн юм. Миний шүүхэд өгсөн мэдүүлэг л үнэн, анхны мэдүүлэг худал гэдгийг баталгаатайгаар мэдэгдэж байна. Миний хувьд ийнхүү нөхрийнхөө эсрэг худал мэдүүлсэн, үүний улмаас гэмгүй хүн ял шийтгэгдсэнд маш их гэмшилтэй байгаа. Худал мэдүүлэг өгснийхөө хариуцлагыг хүлээхэд бэлэн. Бид ярилцаад учир зүйгээ олж эвлэрсэн, салж сарних асуудлыг хаясан, одоо бид хүүхдүүдийнхээ хамт эвтэй найртай амьдарч байгаа. Иймд хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож, миний өгсөн худал мэдүүлгийн улмаас шийтгэгдсэн миний нөхөр Х.Г-ийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Х.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нь тухайн үед яг ямар үйл явдал болсныг бүрэн тогтоогоогүй, хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлээгүй, зөвхөн яллах талыг буюу нэг талыг баримтлан бодит үнэн байдалд нийцэхгүй шийдвэр гаргасан тул үүнийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүх тухайн үед яг ямар үйл явдал болсныг тогтоохыг хүсээгүй. Яг бодит болсон үйл явдлын талаар өгүүлэхэд 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Х.Г- миний бие ажил дээрээ оройтож ажиллаад гэртээ үүрээр орж ирсэн бөгөөд өглөө босоод байж байтал эхнэр Д- оройтож ирсэн гэдэг шалтгаанаар хэрүүл хийж эхэлсэн. Эхнэр гал тогоонд хоол хийж байсан бөгөөд над руу хоолны жижиг сав, аяга, халбага сэрээ, гурилын мод зэргийг авч шидэж эхэлсэн. Эдгээр нь гэрийн хана болон намайг онож, шилэн эд зүйлс аяга, стакан зэрэг нь хагарч бутарч үсэрсэн. Энэ үед бага насны хүүхдүүд хамт байсан /3-10 настай/ бөгөөд над руу шидсэн эд зүйлс хүүхдүүдийг онох, гэмтээх эрсдэл маш өндөр байсан. Хоолны сав шидэх гэж байхаар нь би булааж авсан. Би эхнэрийн биед халдаагүй, түүнийг цохисон, зодсон үйлдэл байхгүй. Тухайн үед би шидсэн зүйлд нь оногдож нүүрний хэсэгт хөхөрч, шалбархай үүссэн байсан ч би энэ талаар цагдаа сэргийлэх болж яваагүй. Дараа нь бид эвлэрсэн бөгөөд энэ үед эхнэр “миний нөгөө өмнө нь тулгачихсан байсан хуруу сая чам руу хоолны сав авч шидэх гэж байгаад хөшигдөөд хөндөгдчихлөө, тэгээд жаахан хөндүүр байна” гэж хэлж байсан.

Эхнэр бид хоёрын хувьд бусдын нэгэн л адил маргаантай, маргалддаг цаг үе байсан ба 2019 оны 4 дүгээр сард эхнэр надаас гэрлэлтээ цуцлуулахаар Баянзүрх дүүргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан байсан. Эвлэрүүлэн зуучлагчид би “миний хувьд гэр бүлээ цуцлуулах хүсэлгүй байгаа” гэдгээ хэлж байсан ба дахин над руу холбогдоогүй. Энэ хариулт өгсний дараагаар эхнэр надад “шүүх хэн нэг нь салахгүй гэхэд шууд салгадаггүй юм байна, харин нөхөр чинь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, цагдаад тэмдэглүүлж байсан зүйл, нотолгоо байвал шүүх дор нь салгадаг гэж байна” гээд “би чамайг ийм байдалд оруулна, хүчирхийлэл үйлдэж байсан гэж цагдаад мэдэгдээд чамаас сална” гэж хэлэх болсон. Үүнийхээ дараа тэрээр шалтгаангүйгээр хэрүүл хийх нь ихсэж, өөрийн ярьж байсан зүйлийн тохиолдлыг бий болгохоор оролдох болсон. Энэ зорилгоо биелүүлэх нэг хэсэг нь 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн үйл явдал юм. Эхнэр цагдаад “би нөхөртөө зодуулсан зүйл байхгүй ээ, гомдол санал байхгүй ээ, зөвхөн гэмтлийн зэрэг тогтоолгохоор, үүнийгээ гэр бүл салах иргэний шүүх хуралд ашиглах гэсэн юм” гэж хэлэхэд цагдаа "болно, болно, нөхөр дээр чинь ямар нэгэн хэрэг үүсгэхгүй” гэж хэлсэн байдаг. Энэ үед эхнэр цагдаад итгэн “нөхөр намайг зодсоны улмаас би гэмтчихлээ” гэж худал мэдүүлсэн талаараа, дараа нь надад "би тухайн үед чамтай муудалцаад уур хүрсэн, уур гараагүй байсан, салах тухай л бодож байсан тул чамайг намайг зодсон гээд худал мэдүүлчихсэн шүү, хэрэг энэ тэр үүсгэхгүй гэж цагдаа хэлсэн, би чамайг цагдаад мэдэгдсэн зүйлээ барьж очоод Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өгөх гэж байсан юм, үүнийг шүүх хараад л шууд салгах байх гэж бодож байсан тул ийм зүйл хийсэн юм шүү, намайг уучлаарай, гайгүй байхаа” гэж хэлж байсан. Би ч тийм юм бол гайгүй байлгүй гээд бодож байтал, хэрэг үүсгээд явчихсан байсан. Яг бодит болсон зүйл нь энэ бөгөөд үүнийг миний бие мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд мэдүүлсээр байтал шүүх огтхон ч харгалзаж үзсэнгүй, мэдүүлгийг үнэлсэнгүй. Хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох нь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд маш чухал ач холбогдолтой.

Талуудын шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүдийг огтхон ч үнэлээгүй. Шүүгдэгч болон хохирогч нар шүүхэд л итгэн, шүүх үнэн зөвийг дэнслэнэ гэж шүүхэд л үнэнийг мэдүүлдэг. Эхнэр Г.Д- шүүхийн шатанд мэдүүлэхдээ, анхны мэдүүлгийн хувьд "зөвхөн иргэний шүүхэд гэр бүл цуцлахад цагдаад тэмдэглүүлсэн байх гэсэн үндэслэлээр нөхөртөө зодуулсан гэж худал мэдүүлэг өгөхөөс аргагүй байсан" тул миний анхны өгсөн мэдүүлэг худал байсан, хууль сануулж мэдүүлэг авсан ч би үүнийг тухайн үед сайн ойлгоогүй тул худал мэдүүлсэн гэж хэлсэн. 2, 3 дахь мэдүүлгийн хувьд "анхны мэдүүлэгт мэдүүлсэн шиг би зодуулсан зүйл байхгүй ээ, нөхөртөө гомдол санал байхгүй, тухайн үед нөхрөөсөө салах гээд шүүхэд хандчихсан байсан ба нөхөр салахгүй гээд байсан тул салахын тулд, зөвхөн хүүхдүүдээ өөр дээрээ авах, хүүхдийн тэтгэмж тогтоолгохын тулд, байраа өөр дээрээ авахын тулд эдийн засгийн ашиг сонирхлоор анхны мэдүүлэгтээ зодуулсан мэтээр мэдүүлгээ өгсөн юм" гэдгээ давтан илэрхийлж, "өмнө нь гараа тулгачихсан байсан, тухайн үед сав авч шидэх гэж байгаад гэмтээчихсэн байсан гараа хөндчихсөн, нэмж гэмтээсэн, гарын шууны дээд хэсэгт үүссэн хөхрөлт нь мөн адил өмнө нь үүссэн, өөрөө эд зүйлд хүрч хөхөрсөн, тухайн үеийн хэрүүл маргааны үед үүсээгүй, нөхөр миний сэтгэл санаа давчидсны улмаас бусдыг гэмтээж болзошгүй байсан үйлдлийг таслан зогсоож эд зүйлийг гараас булаан авсан" ийм л зүйл бодитоор болсон гэж болсон үйл явдлыг яг үнэнээр нь мэдүүлсэн. Нөхөр бид хоёр одоо эвлэрсэн, анхнаасаа нөхөртөө гомдол санал байгаагүй, миний нөхрийгөө чадах гэсэн, айлгах гэсэн зорилготой худал мэдүүлгээс болж энэ хүн хохирох ёсгүй, энэ хүн буруугүй гэж мэдүүлсээр байтал шүүх эхнэрийн дээрх мэдүүлгүүдийг огтхон ч үнэлсэнгүй, авч үзсэнгүй, зөвхөн яллах талаа л баримтлан шийдвэрлэлээ. Шүүх бол яллах болон цагаатгах талын мэдүүлэг, үйл баримтыг үнэлэх ёстой. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа зөвхөн яллах талыг баримталснаас бус түүнийг үгүйсгэх нөхцөл байдал, үүнийг нотлох, энэ талаарх талуудын мэдүүлгүүдийг авч үзээгүй нь үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн байна гэж үзэж байна. Иймд бодит болсон үйл явдлыг тогтоож, цагаатгах талын баримтууд, хохирогч Г.Д-ын мэдүүлгийг онцгой анхаарч, хэргийн үнэн зөвөөр шийдвэрлэж Х.Г- намайг цагаатгаж өгнө үү. …” гэв.

 

Прокурор Б.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг цуглуулсан. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон. Хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад гурван удаа мэдүүлэг авахад “Г- гар луу өшиглөсөн. Үүнээс болж миний хуруу гэмтсэн” гэдэг. Мөн шүүгдэгч Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “гар нь эвгүй болоод гараад явсан” гэж мэдүүлсэн. Иймд шүүгдэгч Х.Г-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэрээ зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас, Х.Г-ийг ..... тоот, өөрийн гэртээ эхнэр Г.Д-тай маргалдан, улмаар түүний баруун гаран тус газар нь өшиглөснөөс эрүүл мэндэд нь баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад, хохирогч Г.Д- нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед гэмтэл учирсан нөхцөл байдлын талаар нийт 4 удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр “...манай нөхөр Г- архи ууж яваад өглөө үүрийн 05 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд унтаж байгаад босоод надтай маргалдаж, намайг өшиглөхөөр нь би гараараа хаасан чинь миний баруун гарын эрхий хурууны үе хэсэг гэмтсэн. ...” /хх 11/, 2019 оны 8 дугаар сарын 6-ны өдөр “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Анхнаасаа гомдолтой байгаагүй. Миний цагдаагийн байгууллагад хандсан шалтгаан нь нөхөр Г-ээс салах өргөдлөө Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан байгаа юм. Эвлэрүүлэн зуучлагч “та цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн байвал хүүхдийн тэтгэмж тогтоолгох, хүүхдүүдээ өөр дээрээ авахад нөлөөлдөг” гэж хэлсэн учраас хорооныхоо цагдаа дээр очсон. ...” /хх 12-13/, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр “...би нөхөр Г- рүү юм авч шидэхэд намайг “болиочээ” гээд түлхэхээр нь би баруун гараараа хаахад түүний биеийн аль нэг хэсэгт эрхий хуруугаараа тулаад хуруугаа тулгасан. Г- миний 2 гарнаас бариад намайг “шидэх гэж байгаа юмаа хаяач ээ” гэж байхад баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтлийг учруулсан. ...Г-ийн үйлдлийн улмаас болж гэмтээгүй, би эрхий хуруугаа өөрөө гэмтээсэн. ...” /хх 39-40/, шүүхийн хэлэлцүүлэгт “...миний уур хүрээд гарт тааралдсан эд зүйлсийг Г- рүү шидсэн, ...аяга, таваг хагараад хүүхдүүд уйлсан. Тэгээд Г- босож ирээд “чи болиоч” гээд байхаар нь Г-ийг цохих гээд хоол хийж байсан тогоогоо аваад далайхад гарнаас мултраад бариуланд нь миний эрхий хуруу ороод хавсарч цохигдоод хуруугаа гэмтээсэн. ...” /хх 85-86/ гэх тус тус мэдүүлгээс үзэхэд, тэрээр өөрийн биед учирсан гэмтлийн талаар зөрүүтэй, тогтворгүй мэдүүлгүүд өгчээ.

Х.Г-ийн яллагдагчаар “...над руу юм авч шидээд байхаар нь хоёр гараас нь бариад өөрийгөө хамгаалсан. Энэ үед гар сонин болчихлоо гээд байсан. ...” /хх 33-35/ гэсэн мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний энэ мэдүүлгийг хохирогч Г.Д-ын өгсөн мэдүүлгүүдтэй харьцуулан шинжлэн судлаж, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгийн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлэх нь хуульд нийцнэ.

 

Хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж Х.Г-ийг яллах гол үндэслэл болсон Г.Д-ын баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун зүүн бугалганд цус хуралт гэмтэл нь шүүгдэгчийн хохирогчийн шидэх гэж байгаа зүйлийг болиулахаар гарнаас нь барьж ноцолдох үед, эсвэл хохирогчийн өөрөө өмнө авсан /сагсан бөмбөг тоглож байгаад гэмтээсэн гэж гомдолд дурдсан/, эвсэл Х.Г-ийн хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас учирсан эсэх нь хөдөлбөргүй тогтоогдоогүй бөгөөд хэрэв учруулсан гэж үзвэл санаатай эсхүл болгоомжгүй аль хэлбэрээр учруулсан нь тодорхойгүй, энэ талаарх хохирогчийн мэдүүлгүүд илт зөрүүтэй, тогтворгүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч гэм буруутай эсэхэд эргэлзээ төрүүлж буй тул шүүгдэгчид ашигтайгаар буюу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан гэм буруугүйн зарчимд нийцэж байна.

 

Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болж байдаг. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргээр зүйлчлэхийн тулд гэм буруутай этгээдийн хүний бие махбодид гэмтэл учруулахыг хүссэн санаа зорилго, тухайн гэмтлийг учруулахад хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг сайтар тогтоох шаардлагатай.

 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Г-ийн гэмт үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдоогүй бөгөөд түүнийг хохирогч Г.Д-тай гэр бүлийн хүрээнд маргалдсан үйлдлийнх нь төлөө хүний эрүүл мэндэд халдсан байж болзошгүй хэмээн буруутгах үндэслэлгүй болно.    

 

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг баримтлан гэмт хэрэг гарсан байдал болон гэмт хэргийг хэн үйлдсэн талаар дээрх эргэлзээтэй байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн тул “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг...” хүссэн хохирогч Г.Д-, шүүгдэгч Х.Г-, түүний өмгөөлөгч О.Чинхүсэл нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, прокуророос Х.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. ...... дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Х.Г-эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Х.Г-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН