| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | . |
| Дугаар | 2024/ХШТ/113 |
| Огноо | 2024-10-02 |
| Зүйл хэсэг | 13.1.2.2., |
| Улсын яллагч | С.Батсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 2024/ХШТ/113
А.М-д холбогдох
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүрэн, хоригдол А.М-ийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Монгол Улсын иргэн, 1975 оны ... дүгээр сарын ...-ний өдөр 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,
Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 210 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 2, 224 дүгээр зүйлийн 3-т зааснаар нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Улсын дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан 6 жил 7 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлсэн,
Б овгийн А-ийн М /РД: ... /.
Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 05 дугаар дүгнэлтэд: “... А.М нь ... хорих ял эдлэх хугацаанд хөдөлмөр, сургалтад хамруулж ажилласнаар хувь хүний өөрчлөлтөд эерэг өөрчлөлт гарч, аливаад хүлээцтэй ханддаг болсон талаар тодорхойлсон байна. Шүүхээс оногдуулсан 6 жил 07 сарын хорих ялаас 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар цагдан хоригдсон 95 хоногтой, биеэр эдэлсэн 4 жил 06 сар 15 хоног, шагналын 10 сар 04 хоног, нийт 5 жил 04 сар 19 хоногийн хорих ял эдэлсэн, одоо 1 жил 02 сар 11 хоногийн хорих ял үлджээ. Хоригдол А.М-ийн хувийн хэрэг, холбогдох материалыг хянавал биеийн эрүүл мэндийн байдал 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн эмчийн дүгнэлтээр мэдрэл сульдал, мэдрэлийн эмгэг 2 туйлт сэтгэцийн эмгэг урьдчилсан байдлаар онош тогтоогдсон, 2022, 2023 онд Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн эмч нарын эрүүл мэндийн үзлэгээр “сэтгэл хөөрлийн хам шинж”, “дэмийрлийн хам шинж, оношоор эмийн эмчилгээ тус тус хийлгэж байсан, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын төлбөргүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ял эдлэх хугацаандаа сахилгын 1 удаагийн зөрчил гаргаж байсан, хорих ангийн оёдлын үйлдвэрт оёдолчин, хоригдлын хувцас хадгаламжийн өрөөний цэвэрлэгчийн ажилд хуваарилагдан ажиллахдаа хөдөлмөрлөх үүргээ сайн биелүүлж, хорих ангийн даргын тушаалаар шагналын хоногоор шагнагдсан, шүүхээс оногдуулсан ялынхаа эдэлбэл зохих буюу гуравны хоёроос доошгүй хувийг эдэлсэн, зан төлөвийн хувьд засарч хүмүүжиж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд заасан шаардлага, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан нийгэмшүүлэх зорилгыг хангасан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.6 дугаар зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 256 дугаар зүйлийн 256.4, Прокурорын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.7 дахь заалтыг тус тус удирдлага болгон хоригдол А.М-ийн эдлээгүй үлдсэн хорих ялаас 1 жил 02 сар 11 хоногийн хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоолгохоор прокурорын дүгнэлт үйлдэв” гэжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын дүгнэлтийг хянан хэлэлцээд: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно” гэж, 6 дахь хэсэгт “Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 12.3 дугаар зүйлийн 4.1 дэх заалт, 13.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг. 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохгүй" гэж тус тус заажээ. Ялтан А.М-ийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт заасан “Бусдыг хуурч мэхлэн биеийг нь үнэлүүлэн ашиг олох зорилгоор Сингапур улсад аваачиж хил давуулан худалдаалсан" гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хоёр, түүнээс олон хүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж худалдаалах” гэмт хэрэгт хамаарч байх ба уг гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоохгүй гэж дээрх Эрүүгийн хуульд заасан байх тул ялтан А.М-г хугацаанаас өмнө суллаж. хяналт тогтоох тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. ...” гэж дүгнэж, хоригдол А.М-г эдлээгүй үлдсэн 1 жил 01 сар 17 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгожээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх: “... Ялтан А.М нь 2006 онд гэмт хэрэг үйлдэж, 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан хорих ялынхаа 2/3 хувийг эдэлж, хуульд заасан шаардлагыг хангасан үндэслэлээр хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоолгох санал, прокурорын дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн...” гэж дүгнэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ.
Дээд шатны прокурор Ц.Ариунболд хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “... Хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай прокурорын дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг өөр өөрөөр тайлбарлаж, хэрэглэсэн ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “... хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянуулах шаардлага үүсч байна. Иймд шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Ялтан А.М- хяналтын шатны шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Би тус ангид 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хүчин төгөлдөр бус шийтгэх тогтоолоор хоригдоод өнөөдрийн байдлаар Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлын шийдвэр нь хугацаанаас өмнө тэнсэн суллах нь зүйтэй гэж үзлээ гэж шийдвэр гаргаснаас хойш үргэлжлүүлэн хорьсоор өнөөдөр хуулийн хэллэгээр өөрийгөө тодорхойлох ямар ч хэл зүйн хэрэглээгүй болоод байж байна. Тодорхой нөхцөл байдал гэж байдаг. Тэгвэл хууль бусаар хоригдож байсан миний хувьд тодорхой хэлбэр дүрс бүхий хэллэг байсан бол яг одоогийн нөхцөлд өөрийгөө хэн гэж тодорхойлж чадахгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн тавин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ”. Ингэхдээ ямар тохиолдолд Үндсэн хуулийн арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн буюу “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасныг зөрчин, шүүх дундын хууль хэрэглээний маргаанд иргэнийг хорин маргалдаж байна гэхээр шударга шүүхээр шүүлгэх эрх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх гээд Үндсэн хуулиар олгогдсон эрхийг шүүх иргэний хорьж байгаад маргалдаж байна гэдэг тайлбар хүсье. ...” гэжээ.
Хоригдол А.М-ийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. А.М 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар ял шийтгүүлсэн. Ял эдлэх хугацаанд 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуулийн өөрчлөлтөөс өмнө дүгнэлт хүргэгдсэн байтал анхан шатны шүүх эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх журмыг зөрчсөн. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэх боломжгүй учир мөн хуулийн 6.12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан зохицуулалт А.М-д хамаарахгүй юм. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Давж заалдах шатны шүүхээс шууд суллачих боломжтой байтал анхан шатны шүүхэд буцаасан нь учир дутагдалтай. Хугацаанаас өмнө суллах дүгнэлтийг шүүх шийдвэрлэснээс хойш суллагдах эрхээ эдэлж чадахгүй олон сар хоригдсон нөхцөл байдал бий. ...” гэв.
Прокурор С.Батсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “... Эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж байна. Хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийхдээ хүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх нь хамгийн чухал юм. А.М-ийн хувьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар ял шийтгүүлж, ялын тодорхой хувийг эдэлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан талаар бичсэн прокурорын дүгнэлтийн талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан ба энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 12.3 дугаар зүйлийн 4.1 дэх заалт, 13.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохгүй байх заалтыг хэрэглэсэн нь ялтны эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний зөрүүтэй байдалд дүгнэлт хийж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.1.Хяналтын шатны шүүх нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эсхүл эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр хэргийг хүлээн авч, хянадаг болно.
2.2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нийтэд аюулгүй болсноо зан байдлаараа харуулсан, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй ялтан хорих ялын хуульд заасан хувийг эдэлсэн бол хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоон шийдвэрлэж болохоор хуульчилжээ.
Мөн зүйлийн 6 дахь хэсэгт хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн ялтныг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохгүй байхаар тусгайлан зохицуулсан нэмэлтийг Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар оруулсан нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.
Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хоригдол А.М-г хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохгүй талаарх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн хэмээн хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий анги дахь хэм хэмжээний талаар хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тул энэхүү хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзсэн болно.
Эдгээр хэм хэмжээг материаллаг, эсхүл процессын хуульд тусгагдсан эсэхээс үл хамаарч зохицуулахыг зорьж буй харилцааны агуулга, онцлогоор нь ялган заагладаг. Өөрөөр хэлбэл, мөн чанар, агуулгын хувьд процессын шинж чанартай заалтыг зөвхөн Эрүүгийн хуульд тусгагдсан хэлбэрээр нь авч үзэж материаллаг эрх зүйн хэм хэмжээтэй адилтган дүгнэх боломжгүй юм.
Эрүүгийн эрх зүй дэх материаллаг хэм хэмжээ нь хэрэг явдал болж өнгөрсний дараа үйлчилж эхэлсэн боловч буцаан хэрэглэгдэх боломжтой байдаг бол процессын хэм хэмжээ нь бүхий л тохиолдолд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн цаг хугацаанаас хойш зөвхөн одоо үйлчилж буй хэм хэмжээ нь мөрдөгдөж, өмнө нь үйлчилж байсан хэм хэмжээг цаашид буцаан хэрэглэхгүй.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн шинж, гэм буруу, ял, албадлагын арга хэмжээ, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг нь материаллаг хэм хэмжээнд хамаардаг бол процессын хэм хэмжээний хувьд бодит хэрэг маргаанд тодорхой этгээдийн хувьд тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр, дарааллыг тогтоох байдлаар материаллаг хэм хэмжээний үр дагаврыг нөхцөлдүүлдэг буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг нотлон тогтоох, тооцон хэрэгжүүлэх аргачлалыг заана.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хуульчлагдсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа /1.10 дугаар зүйл/, хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ялыг нэгтгэн оногдуулах /6.8 дугаар зүйл/, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох /6.12 дугаар зүйл/ зэрэг нь хэдийгээр материаллаг хуульд тусгагдсан боловч зохицуулж буй харилцааны мөн чанар, агуулгын хувьд процессын шинжийг илэрхийлдэг зохицуулалт болно.
Иймд Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зарим тодорхой төрлийн хэргүүдийг үйлдсэн ялтныг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохгүй байхаар зохицуулсныг ялтны эрх зүйн байдал дордсон, түүнд ашиггүй байдал бий болгосон эсэхээс үл хамааран буцаан хэрэглэх хууль зүйн боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ