Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2020/0437

 

 

 

 

 

“С-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 404 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор “С-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 404 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.9-д заасныг баримтлан “С-У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 7-ны өдрийн 6-12209 дугаартай захиргааны актын тендер шалгаруулалтын 87 дугаар багцад гэрээ байгуулах эрх олгосон “И х” ХХК-ийн ХБНГУ-ын “Q” компаниас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1а-д заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн холбогдох хэсэг”-ийг илт хууль бус болохыг тогтоож, Сангийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 6-1/2269 дугаартай шийдвэрийн “С-У” ХХК-ийн тендерийн баталгааны орлогын 100900000753 тоот дансанд төвлөрүүлж мэдэгдэнэ үү гэсэн хэсгийг хүчингүй болгуулж, “С-У” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ххххххххх данснаас гаргуулан авсан 175,000 төгрөгийн хохирлыг гаргуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

          2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Л.Б нар давж заалдах гомдолдоо: “...1. Захиалагч Хавдар Судлалын Үндэсний Төв нь ХСҮТ/202001001/0101 дугаартай тендерийн 87 дугаар багцад “И х” ХХК-ийг буруу шалгаруулж, “С-У” ХХК-ийг үндэслэлгүй хасаж, “И х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан тул захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч “С-У” ХХК нь Монгол Улсын Сангийн яаманд хандан 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хуульд зааснаар гомдол гаргасан.

2. Монгол Улсын Сангийн яам нь гомдлыг дутуу хянаад “захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн шийдвэрийг. 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 6-1/2209 дүгээр захиргааны актыг гаргасан.

3. Энэ шийдвэрийн дараа Монгол Улсын Сангийн яам нь “С-У” ХХК-ийн тендерийн баталгааны 87 дугаар багцын 175.000 төгрөгийг Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын хххххххххххх тоот дансанд төвлөрүүлж, мэдэгдэнэ үү” гэсэн шийдвэрийг “2020 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр 6-1/2269 актыг гаргасан.

4. Улмаар “С-У” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ххххххххх данснаас тендерийн баталгааны 175.000 төгрөгийг гаргуулан авсан. Гэтэл:

1. Тендерт шалгарсан гэх “И х” ХХК нь “гадаадын үйлдвэрлэгчээс зөвшөөрөлтэй эсэх” асуудал үүссэн тул тендерээсээ сайн дураараа татгалзсан байна. (ХХ-84)

2. Иймд захиалагч нь “И х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр”-ээ 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүчингүй болгож, мөн өдрөө “С-У” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон байна. (ХХ-85) Энэ шийдвэрийг бидэнд тендер шалгаруулалт түр түдгэлзсэн байхад 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мэдэгдсэн. Харин:

3. Монгол Улсын Сангийн яам нь 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 6-1/1901 дүгээр тендерийн баримт бичгийг захиалагчаас гаргуулан авах, тендерийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.

4. Захиалагч нь Монгол Улсын Сангийн яаманд “И х” ХХК-ийн тендерээс татгалзсан хүсэлт, “И х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож, “С-У” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, холбогдох тайлбарыг хүргүүлсэн байсан.

5. Харин Монгол Улсын Сангийн яам нь “тендерийн 87 дугаар багцад “И х” ХХК-ийг шалгаруулж, “С-У” ХХК-ийг хассан, “И х” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон” захиалагчийн шийдвэрийг “С-У” ХХК-ийн гомдлын дагуу хянасан нь хууль зөрчсөн байна. Учир нь маргаан бүхий захиргааны акт нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хуульд зааснаар хүчингүй болсон байна. Гэтэл Сангийн яам нь “С-У” ХХК-ийн гомдол гаргаад байгаа Хавдар Судлалын Үндэсний төвийн “хүчингүй болсон” шийдвэр буюу захиргааны актыг “захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэж шийдвэрлээд тендерийн баталгаа 175.000 төгрөгийг хураан авч хохирол учруулсан.

6. Өөрөөр хэлбэл, доод шатны захиргааны байгууллагаас гаргасан бөгөөд хуулийн дагуу “хүчингүй болсон” захиргааны актад хэн ч гомдол гаргаагүй. “хүчингүй болсноор” хэний ч эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байхад дээд шатны захиргааны байгууллага “хүчин төгөлдөр” мэтээр хянаж, “хүчинтэй байгаа мэтээр” хэвээр үлдээн шийдвэрлэж, үүнийгээ үндэслэн дараагийн шийдвэр гаргаж, бусдын өмч хөрөнгийг 20.000.000 төгрөгийн хязгаарт хураан авч байгааг огт ойлгохгүй байна. Харин:

7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3-д “Тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгохоор заасан” байна. Харин тендерт оролцогч нь нэгдүгээрт “үндэслэлтэй гомдол” гаргасан, “гомдол үндэслэлтэй” гэдгийн хувьд тайлбар өгье. “И х” ХХК-ийг шалгаруулсан нь, гэрээ байгуулах эрх олгосон нь буруу.

8. Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэлийн 7, 8-д “И х” ХХК-иас болон “С-У” ХХК-иас тендерийн 87 дугаар багцад хамаарах бүтээгдэхүүний үйлдвэрлэгч БНХАУ-ын “C” компанитай чөлөөт худалдааны гэрчилгээ, хамтын ажиллагааны гэрчилгээ, бүтээгдэхүүний гэрчилгээг 2020 оны 03 дугаар 05-ны дотор тодруулж ирүүлэх” гэж шийдвэрлэж байсан байна.

Энд БНХАУ-ын “C” компани гэсэн болохоос Сангийн яамны шийдвэрт байгаа шиг ХБНГУ-ын “Q” компани гээгүй болохыг анхаарна уу. Харин захиалагч нь эмнэлгийн хэрэгсэл биш харин тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Q” компанийн бичиг баримтыг гарган өгсөн “И х” ХХК-ийг хууль бусаар шалгаруулсан.

9. “И х” ХХК нь ХБНГУ-ын “Q” компанийн аль 2015 онд гарган өгч байсан 2016 он хүртэл хүчинтэй үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн он, сар, үг, үсгийг өөрчлөн засаж, ашигласан нь гэмт хэрэг гэсэн мэдэгдлийг, БНХАУ-ын “C” компаниас Монголын холбогдох албан тушаалтнуудад ирүүлсэн байна.

“С-У” ХХК-ийг үндэслэлгүй хассан нь буруу.

10. Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаартай хурлын тэмдэглэлийн 87 дугаар багц гэдэгт “С-У” ХХК 86 оноо, “И х” ХХК 85 оноо гэсэн хэрнээ “И х” ХХК-ийг шалгаруулсан (XX- 8) байна. Учир нь тендерийн Үнэлгээний хорооны хянан шалгах үзүүлэлтийн тэмдэглэл 07-д “С-У” ХХК-ийн эм, эмнэлгийн хэрэгсэл нь хатуу зохицуулалттай орны эрх бүхий тул 5 оноо, нийт 20 оноо гэсэн хэрнээ балаар засвар оруулж, 5 оноог 0 оноо болгож, БНХАУ гэж бичээд, нийт 20 оноог -15 оноо гэж балаар зассан байна. Өөрөөр хэлбэл, тендерийн бичиг баримтад гишүүд гарын үсэг зурснаас хойш “гадны хөндлөнгийн нөлөө оруулж” засварлаж өөрчилсөн байна. (ХХ-73)

11. Захиалагч нь Сангийн яаманд тайлбар өгсөн байна (ХХ-138). “Үнэлгээний хорооны гишүүд “С-У” ХХК чанарын оноог 20 гэж үнэлсэн боловч, гарал үүсэл нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн гэсэн учир хатуу зохицуулалттай орны тоонд орохгүй гэж үзэж 5 оноо хасч тооцох болсон учир 81 оноогоор шалгараагүй” гэсэн байна. Энд дэлхийд эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл болон анагаах ухааны технологиор өндөр хөгжсөн, хатуу зохицуулалтын орны гишүүн улс болох БНХАУ-ыг гүтгэн гүжирдэж (XX-73) байгаад “С-У” ХХК-ийн чанарын онооноос 5 оноог хасаж, зориуд “И х” ХХК-ийн доогуур оруулсан байна.

Хоёрдугаарт Тендерт оролцогч нь “маргаан бүхий захиргааны акт нь хуулийн дагуу хүчингүй болсон” тул захиргааны байгууллагад болон 3 шатны шүүхэд эрхээ хамгаалан гомдол гаргах хууль зүйн боломжгүй болсон.

Иймд манай гомдлыг хянан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний 404 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу тендерийн баталгааг хураан авсан шийдвэрийг хүчингүй болгож, хураан авсан 175.000 төгрөгийг буцаан олгуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ...” гэж заасны дагуу давж заалдах гомдлын үндсэн дээр шүүхийн шийдвэрийг хянаад, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний 404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.9-д “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно” гэж заажээ.

          Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны ххххххххх данснаас гаргуулан авсан 175.000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүсэж байгаа бөгөөд мөн үүнтэй холбогдуулан Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6-1/2209 дүгээр захиргааны актын “тендер шалгаруулалтын 87 дугаар багцад гэрээ байгуулах эрх олгосон “И х” ХХК-ийн ХБНГУ-ын “Q” компаниас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1а-д заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” байна гэсэн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 6-1/2269 дүгээр шийдвэрийн ““С-У” ХХК-ийн тендерийн баталгааны орлогын хххххххххххх тоот дансанд төвлөрүүлж мэдэгдэнэ үү” гэсэн хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж байна.  

          Нэхэмжлэгчийн “Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6-1/2209 дугаартай захиргааны актын “тендер шалгаруулалтын 87 дугаар багцад гэрээ байгуулах эрх олгосон “И х” ХХК-ийн ХБНГУ-ын “Q” компаниас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1а-д заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж үзэв.

          Учир нь нэхэмжлэгч “илт хууль бус” гэж маргаж байх бөгөөд энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг харгалзан үзэх ёстой. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдаан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь заалт буюу “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тайлбарлаж маргаж байна.

          Нэхэмжлэгч “С-У” ХХК-ийн гаргасан гомдлыг хянаад Монгол Улсын Сангийн яамнаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6-1/2209 дугаартай албан бичгийг гаргаж, Хавдар судлалын үндэсний төвд /хувийг “С-У” ХХК-д/ хүргүүлжээ.

Уг албан бичгээр ямарваа нэгэн үүрэг даалгавар өгөгдөөгүй, энэхүү гомдолд өгсөн хариуны дагуу “С-У” ХХК-д болон Хавдар судлалын үндэсний төвд ямар нэгэн үүрэг ногдоогүй байна. Иймд түүнийг бодит байдалд биелүүлэх тухай асуудал байхгүй бөгөөд хуулийн дээрх заалтыг захиргааны байгууллагаас тухайн нөхцөл байдалд огт тохирохгүй үүргийг ногдуулсныг ойлгох бөгөөд тухайн нөхцөлд нэхэмжлэгчийн гомдлыг хуульд заасны дагуу хянаж шийдвэрлэснийг энэ үндэслэлд хамруулахгүй.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч тухайн албан бичиг буюу өгсөн хариуны “тендер шалгаруулалтын 87 дугаар багцад гэрээ байгуулах эрх олгосон “И х” ХХК-ийн ХБНГУ-ын “Q” компаниас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 18.1а-д заасан шаардлагыг хангасан гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна” гэсэн хэсгийг илт хууль бус гэж үзэж байх бөгөөд энэхүү хэсгийг ч бодит байдалд биелүүлэх асуудал байхгүй юм.

Иймд “Монгол Улсын Сангийн яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлыг хянан үзэж” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

“И х” ХХК 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “тендерийн багц 87-с татгалзаж байна” гэж мэдэгдсэн нь “С-У” ХХК-ийн гомдлыг хянаад хуульд заасан хугацааны дотор хариу өгөхөд хамаарахгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “нэгэнт тендерээс татгалзсан байхад гомдлыг хянаад ийм хариу өгсөн нь үндэслэлгүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Монгол Улсын Сангийн яам тухайн үед “И х” ХХК-ийг тендерээс татгалзсан болохыг мэдээгүй “С-У” ХХК-д хариу өгсөн нь буруу гэж үзвэл үүнтэй мөн адил эхнээсээ “С-У” ХХК мөн адил татгалзсан тендер дээр гомдол гаргасан нь буруу болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс “манай оноог дарсан” гэсэн агуулгатай тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргасан бөгөөд энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нөгөө талаар энэхүү тайлбар нь шүүхэд гаргасан чухам аль шаардлагын үндэслэл болж буй нь тодорхойгүй байна..

Нэгэнт Монгол Улсын Сангийн яамнаас 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 6-1/2209 дугаартай албан бичгийг илт хууль бус гэж үзэх боломжгүй тул Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.9-д “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох ...” гэж заасныг хэрэгжүүлж гарсан Сангийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 6-1/2269 дугаартай шийдвэрийн ““С-У” ХХК-ийн тендерийн баталгааны орлогын хххххххххххх тоот дансанд төвлөрүүлж мэдэгдэнэ үү” гэсэн хэсгийг хүчингүй болгож боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.