Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 453

 

 

 

 

 

 

 

 

 

      М.Ширчин, Д.Болдсайхан нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                        

            прокурор Д.Галбадрах,

            ялтан М.Ширчин, түүний өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг, С.Нэргүй,

            ялтан Д.Болдсайханы өмгөөлөгч С.Тунбаяр,

            хохирогч Д.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан М.Ширчин, түүний өмгөөлөгч С.Нэргүй, С.Эрдэнэцэцэг, ялтан Д.Болдсайханы өмгөөлөгч С.Тунбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн М.Ширчин, Д.Болдсайхан нарт холбогдох 201624001009 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Боржигон овгийн Мөнхөөгийн Ширчин, 1966 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, илчит тэрэгний машинч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Ган замын 1-018б тоот оршин суух албан ёсны хаягтай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 50-03 тоотод түр оршин суух,

1983 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 1 жил 5 сар хорих ял шийтгүүлсэн,

1984 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэх ялыг 2 жил хорих ялаар тогтоож, 1984 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1984 оны 11 дүгээр сарын 13-ны 249 дүгээр зарлигийн 1б-д зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 3 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

1987 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 73 дугаар зүйлийн А, 278 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж, 1991 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр эдлээгүй үлдсэн 5 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

2001 онд Эрүүгийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ял шийтгүүлсэн. /регистрийн дугаар: УУ66071133/

 

2. Сартуул овгийн Доржийн Болдсайхан, 1986 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оффис менежер мэргэжилтэй, “Төмөр харгуй” ХХК-ийн захирал ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 11-262 тоотод оршин суух албан ёсны хаягтай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 25-15 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЧО86040774/

 

М.Ширчин, Д.Болдсайхан нар согтуугаар, бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар төмөр замын “Ногоон зоорь”-ийн ажилчдын байранд ялимгүй зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, догшин авирлаж Д.Мөнхжаргалын толгойн орой хэсэгт заазуурдаж, зүүн нүдний ухархайд хутгалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: М.Ширчин, Д.Болдсайхан нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Ширчин, Д.Болдсайхан нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар М.Ширчинд 6 жил 6 cap хорих ял, Д.Болдсайханд 5 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, М.Ширчин, Д.Болдсайхан нарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Д.Болдсайханы цагдан хоригдсон 98 хоног, М.Ширчингийн цагдан хоригдсон 157 хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар М.Ширчин, Д.Болдсайхан нараас тус бүр 384,000 төгрөг гаргуулан хохирогч Д.Мөнхжаргалд олгож, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хангахгүй орхиж, хохирогч цаашид гаргах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга, заазуур болон хохирогч Д.Мөнхжаргалын өмсөж явсан пальто, пиджак, цамц зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, камерийн бичлэг бүхий 2 ширхэг “СD”-ийг хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Ялтан М.Ширчингийн өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг, С.Нэргүй нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шат, шүүхийн хэлэлцүүлгийн үед хэргийн талаар нотолбол зохих зүйлийг тал бүрээс нь бүрэн судалж, дүгнэж тогтоогоогүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг буюу “гэмт хэргийн сэдэлт гэм буруугийн хэлбэр”-ийг тогтоох талаар тогтоосонгүй гэж үзэж байна. Үүнд: М.Ширчин нь хохирогч Д.Мөнхжаргалтай олон жилийн өмнөөс хувийн таагүй харьцаатай байсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн үед тодорхой хэлсэн. Хохирогч Д.Мөнхжаргал нь 1990-ээд оны үед ОХУ-д ганзагын наймаа хийж байхдаа М.Ширчингийн барааг хулгайлж байсан.

Хохирогч нь Улаанбаатар төмөр замын ногоон зоорийг түрээсээр ажиллуулж байхдаа тэнд харуулаар ажиллаж байсан М.Ширчингийн төрсөн ах М.Доржийг дарамталж, аар саар өөр ажил хийлгэдэг байсан зэрэг нь М.Ширчинд урьдын таагүй харьцааг сэргээсэн нөхцөл байдал үүсгэжээ. Мөн уулзахаар очих үед өөдөөс нь шууд дайрч доромжилж харьцсан зэргээс энэ гэмт хэрэг гарсан байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгааныг тогтоохдоо дараах зүйлийг анхаараагүй байна. М.Ширчин, Д.Мөнхжаргал нарын урьдын таагүй харьцааны үндсэн дээр үүссэн гэмт хэрэг гэдэг талаас нь тогтоосонгүй. Харин үл ялих зүйлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн байна гэж улсын яллагчаас тодорхойлж хэлээд байгааг үндэслэн шийдсэн нь бодит байдал дахь шалтгаан нөхцлийг бүрэн тогтоогоогүй гэж үзэж байна.

Хохирогч Д.Мөнхжаргал нь М.Ширчинтэй урьд өмнө таагүй харьцаатай байснаа шүүх хуралдаанд хэлж байсан. Харин мөрдөн байцаалтын үед энэ талаар нуун дарагдуулж, М.Ширчинд зодуулсан нөхцөл байдлаа овжин ажиглаж, урьд нь цагдаагийн ажилтнуудыг гүтгэж, шийтгүүлж байсан өс хонзонгоо авах зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Цагдаа нарын захиалгаар зодуулсан” гэж мэдээлэл цацсан. Мөн хохирогч мэдүүлэгтээ ч ингэж хэлсэн байдаг. Бүүр даамжирсаар УБТЗ-ын Цагдаагийн хэлтсийн дарга байсан хурандаа Энхсайхантай ажлын зөрчилдөөнөөс үүсэлтэй маргаантай холбогдуулан, түүний захиалгаар зодуулсан мэтээр тайлбарладаг.

Хохирогчийн мэдүүлгүүд нь хэргийн байдлыг буруугаар ашиглаж цагдаагийн ажилтнуудыг буруутгах зорилгоор мэдүүлсэн байна. Түүний өргөдөл, мэдүүлэгт тодорхой бий.

Хохирогч Д.Мөнхжаргал нь Авдрантын хорих ангид ял эдэлж байсан, мөн цагдаагийн албан хаагчдыг гүтгэсэн асуудлаар шийтгүүлж байснаа нуун дарагдуулж шүүх хуралдаан дээр өөрийгөө хэзээ ч ял шийтгэл эдэлж байгаагүй гэж чанга дуугаар тайлбарлаж, хэрэгт холбогдолгүй асар их зүйлийг маш удаан ярьж байсан зэргээс үзэхэд хохирогчийн хувийн байдлыг тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

1531 дугаар шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Дүгнэлтийг гаргахдаа нүдний нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг үндэслэл болгосон гэсэн боловч гол үндэслэл болсон “нүдний эмчийн үзлэг” гэх албан баланкгүй гар бичмэл баримт нь хэн гэдэг, ямар зэрэг цолтой мэргэжлийн эмч болох нь тодорхойгүй эмчийн баримтыг үндэслэл болгосон нь шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж байна. Учир нь нүдний нулимсны суваг тасралтыг тогтоохдоо дуран, зураг авалт, шинжилгээний үндсэн дээр л тогтоох боломжтой байтал гадна талаас нь хараад тогтоох боломжгүй гэмтлийг дурдаж бичсэн баримтыг үндэслэж урд нь тогтоосон гэмтлийн зэргийг өөрчилж, хүндэвтэр гэмтлийн зэрэг гэж тогтоосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

М.Ширчин нь өөрийн үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлнө гэдгээ анхнаасаа хэлж байсан. Харин хохирогч Д.Мөнхжаргал авахгүй гэдэг. Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирол төлбөр хэдэн төгрөг нэхэмжилж байгаа юм бэ гэдэг асуултыг улсын яллагч, өмгөөлөгч, шүүгч асууж байсан ч тодорхой тоо, хариу хэлээгүй, хэрэгт холбогдолгүй өөр зүйл ярьж, шүүгч нартай маргалдсаар байгаад өнгөрөөсөн. Хохирогч Д.Мөнхжаргал нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрэгт ач холбогдолгүй зүйлс маш ихээр ярьж, шүүхэд ямар нэг байдлаар дарамттай байдал үүсгэж нөлөөлөл үзүүлсэн нь шүүх хуралдааны бичлэгт байгаа.

Иймд дээрх нөхцөл байдлыг шалгаж, тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан М.Ширчин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолын зарим заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Мөнхжаргалын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нь “улсын яллагчаас шүүгдэгч нарт ял сонсгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийг журамлаагүй нь хууль зөрчсөн тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэж хүсэлт гаргасныг шүүх үндэслэлгүй гэж үзсэн нь буруу бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нь хохирогчийн өмгөөлөгч атлаа улсын яллагчийн хэлсэн үндэслэлийг хүлээн зөвшөөрөөгүйн дээр хууль зүйн үндэслэлтэй өмгөөлөл хийсэн гэж үзэж байгаа тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.

2. Хохирогч Д.Мөнхжаргал нь аж ахуйн нэгжийн захирал хүн учир албан тасалгаанд нь орж ирсэн хүмүүстэй зөв боловсон харилцахын оронд “зайл” гэж бүдүүлэг үг хэрэглэж хөөж гаргахыг хүссэн нь зөрчилдөөн үүсэх эх үүсвэрийг эхэлж тавьсан. Иймд хохирогч Д.Мөнхжаргал яагаад бидэнтэй зүй бусаар харьцсан шалтгааныг шалгаж, тогтоож өгнө үү.

3. Гэрч М.Дорж “Мөнхжаргал нь анх энэ Ногоон зоорийг 2014 оноос эхлэн ажиллуулж байгаа бөгөөд анх ирэхдээ 30 гаран жил ажилласан нярав Оюун болон дарга Түмэн-Өлзий нарыг шууд “зайлцгаа” гэж дарамталдаг байсан бөгөөд бусад ажилчдыг ч бас “зайлцгаа, би та нарыг энд гуйж ажиллуулаагүй” гэж их дээрэнгүй харьцдаг болохоор  би энэ хүнтэй таарахгүй хүн гэж бодоод хол ажилласан” гэсэн нь хохирогч Д.Мөнхжаргалын чухам ямар зан харьцаатай хүн болохыг баталж байгаа. Иймд тухайн газар ажиллаж байсан ажилчид болон Оюун, Түмэн-Өлзий нарыг гэрчээр байцаалгаж өгнө үү.

4. Гэрч Г.Энхжаргал мэдүүлэхдээ “ах Амгалангийн сайн найз М.Ширчин нь хүнтэй сайн харьцдаг, хүнд тусархуу зантай, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байхыг хүсдэггүй хүн” гэсэн нь Д.Мөнхжаргалын ёс зүйгүй, буруу харьцаанаас маргаан үүссэн болохыг баталсан.

5. Шинжээчийн 15792 дугаар дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтлийг хөнгөн зэрэгт хамаарна гэж, шинжээч эмч Т.Номинцэцэгийн “гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Намайг байхгүй байхад Амгаланболд эмчээр нэмэлт шинжилгээ хийлгэсэн байна. Уг хохирогч нь намайг анх гэмтлийг үзэх үед нарийн мэргэжлийн эмчид үзүүлээгүй, үзүүлнэ гээд ирээгүй юм. Сүүлд нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн бичиг баримтаа Амгаланболд эмчид өгч дүгнэлтээ гаргуулсан байна” гэсэн байдаг. Шинжээч Т.Номинцэцэг нь анхлан хохирогч Д.Мөнхжаргалд учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлтээ гаргаж, мэдүүлсэн. Гэтэл Д.Мөнхжаргал нь ямар мэргэжлийн хэн гэдэг эмчид үзүүлсэн, үнэхээр нулимсны суваг нь тасарсан нь тогтоогдсон эсэхийг тогтоогоогүй. Учир нь Д.Мөнхжаргал нь компанийн захирал, эрх дархтай, мөнгө ихтэй хүн учир ямар ч хүнээр бичиг баримт гаргуулж чадах учир шинжээч эмч Т.Номинцэцэгт худлаа хэлж зугтаасан байна. Иймд нарийн мэргэжлийн эмч гээд бичиг баримт бичиж өгсөн эмч нарыг гэрчээр байцаалгаж өгнө үү.

Би Д.Болдсайхантай харилцан тохиролцож, төлөвлөгөө гаргаж урьдаас бэлдсэн бүлэглэл байгуулаагүй. Д.Мөнхжаргалыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглээгүй. Харин Д.Мөнхжаргал нь ахмад настай намайг үл хүндэтгэн дайрч довтолсон, албаны байранд Д.Мөнхжаргалын зүй бус харьцаанаас болж маргалдсан. Би эхэлж догшин авирлаагүй харин Д.Мөнхжаргал эхэлж догшин авирласан, би хутга, заазуурыг зэвсэг болгон хэрэглээгүй бөгөөд ил байсан газраас барьж байсан ба Д.Мөнхжаргал өөрөө зодох гэж хөдлөхдөө өөрөө хутганы үзүүрт нүдний гадна талаар бага хэмжээтэй зүссэн. Үүнийг Д.Мөнхжаргал ч мэдүүлдэг. Иймд надад холбогдуулсан гэмт хэргийг мөрдөн байцаалтад буцааж, Эрүүгийн хуулийн тохирох зүйл ангиар шалгуулахаар буцааж өгнө үү. Би олон жилийн өмнө мөн нүдний нулимсны сувгаа таслуулж байсан. Одоо зөв зүгээр байна.” гэв.

 

Ялтан Д.Болдсайханы өмгөөлөгч С.Тунбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн мэдүүлгийг барьж миний үйлчлүүлэгчийг танхайрсан гэж үзэж байгаа нь учир дутагдалтай. Танхайрсан хүн нь М.Ширчин юм. Харин тэр үйлдлийг таслан зогсоосон хүн нь Д.Болдсайхан гэдэг нь хавтаст хэргээс тодорхой байдаг. Хэрэв Д.Болдсайханыг хохирогч Д.Мөнхжаргалын мэдүүлгээр буруутгаж байгаа бол түүнд учруулсан хохирол нь хөнгөн гэмтэл байдаг. Гэтэл шийтгэх тогтоолын 6-д Д.Болдсайхан М.Ширчин нараас тус бүрээс нь 384,000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулж цаашид хохирогчоос гаргах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжилж болно гэжээ. Энд Д.Мөнхжаргалд хүндэвтэр, цаашид эмчилгээ шаардсан гэмтэл учруулсан хүн нь М.Ширчин болохоос Д.Болдсайхан биш тул уг тогтоолд өөрчлөлт оруулж буруутай этгээд М.Ширчингээс нэхэмжилж болно гэж тогтоох ёстой.

Улсын яллагч шүүгдэгч нарт ял сонсгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн З6 дугаар зүйлийг журамлаагүй, хууль зөрчсөн байдлыг шүүх анхаарч үзээгүй. Д.Болдсайхан нь М.Ширчингээс тусдаа танхайрсан уу, эсвэл танхайрах үйлдэлд хамтран оролцогч юм уу гэдгийг тодорхой болгох нь чухал.

Д.Болдсайхан нь урьд ямар нэг ял шийтгэл байтугай хэрэгт холбогдож байгаагүй ажил хөдөлмөрөөрөө ар гэрээ авч явдаг, компанидаа тогоочоос нь гүйцэтгэх захирал болтлоо өөрийгөө хөгжүүлж амьдралын төлөө тэмцсэн хариуцлагатай нэгэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн түүний асрамжид 3 нас хүрээгүй хүүхэдтэй хүн байсаар байтал шүүх чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдсэн нь бас учир дутагдалтай байна. Хохирогч Д.Мөнхжаргал нь мэдүүлэхдээ Д.Болдсайханы гарыг хазаж барьж байсан заазуурыг нь тавиулсан гэж ярьдаг. Гэтэл Д.Болдсайханы гар дээр ямар ч сорви, шарх байдаггүй. Хохирогч худал мэдүүлэх ёсгүй. Д.Болдсайхан нь Д.Мөнхжаргалыг заазуураар толгойн тус газар нь цохиход заазуурыг нь М.Ширчингээс салгасан гэдгээ мэдүүлдэг. Энэ асуудлыг мөрдөн байцаалтад эцэслэн тогтоох боломжтой байтал тогтоогоогүй. Д.Мөнхжаргалын биед шүүх эмнэлгийн шинжээч 2 удаа дүгнэлт гаргахдаа 2 өөр дүгнэлт гаргасан байдаг. Эхнийх нь хөнгөн, дараагийнх нь хүндэвтэр гэсэн тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө хохирогчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагт миний үйлчлүүлэгч хохирогчид төлүүлэхээр шийтгэх тогтоолд заасан өөрийн 384,000 төгрөг болон М.Ширчингийн төлөх 384,000 төгрөгийг шилжүүлсэн.” гэв.

 

Ялтан М.Ширчингийн өмгөөлөгч С.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд М.Ширчин, Д.Болдсайхан нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй гэсэн байр суурьтай байсан. Учир нь 1-р хх-3-р талд авагдсан Д.Мөнхжаргалын өргөдөлд “М.Ширчин ширээн дээр байсан хутга, заазуурыг зэрэг бариад дайрсан. Заазуураар нь толгойн тус газарт цохиж, хутгаар нүдний дотор ухархай руу хатгасан” гэсэн бол тайлбартаа “Ер нь тэр хамт явсан залуу нь өндөр юм байна лээ. Өндөр болохоор миний толгой дээрээс заазуурдсан байх гэж бодож байна” гэдэг. Д.Мөнхжаргалын мэдүүлэгт “М.Ширчингийн гараас тэр залуу заазуурыг булааж аваад” гэж мэдүүлсэн. Үйл явдал нэг л байх ёстой. Үнэн нэг л байх ёстой. Гэтэл маш олон өөр байдлаар мэдүүлгээ өгч байгаа учир Д.Болдсайхан энэ хүнд ямар гэмтэл учруулсан бэ гэдгийг одоо ч гэсэн ойлгохгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгч шүүх хуралдааны дараа шүүхийн шийдвэрийг тайлбарлахдаа “Д.Болдсайхан энэ хэрэгт оролцоотой нь тогтоогдохгүй байна. Хохирогч Д.Мөнхжаргалыг яаж зодсон нь тогтоогдохгүй байгаа боловч хэргийн газарт байснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайн гэмт хэрэгт холбогдоно” гэж тайлбарласан. Шийтгэх тогтоолд Д.Болдсайхан нь М.Ширчин, Д.Мөнхжаргал нарыг зодолдох үед салгасан гэж мэдүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Ширчин, хохирогч Д.Мөнхжаргал нарыг маргалдах үед Д.Болдсайхан салгасан гэх боловч шүүгдэгч М.Ширчингийн бие махбодид гэмтэл учраагүй бөгөөд зөвхөн хохирогч Д.Мөнхжаргалын биед олон тооны гэмтэл учирснаас үзэхэд шүүгдэгч Д.Болдсайхан зодооныг салгасан гэх мэдүүлэг нотлогдохгүй байна” гэсэн. Д.Болдсайхан салгасан байх юм бол М.Ширчинд гэмтэл учрах ёстой юм байна гэсэн дүгнэлтийг шүүх хийж байгааг ойлгохгүй байна. Хэдийгээр Д.Болдсайхан, М.Ширчин нарын үйлдлийг танхайн гэмт хэрэг гэж зүйлчилж байгаа боловч 2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх Эрүүгийн хуульд танхайрах гэмт хэрэг гэж байхгүй тул хэргийн үнэн зөвийг олох боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Д.Болдсайхан яаж гэмтэл учруулаад энэ гэмт хэрэгт холбогдож байна вэ. Гэмтлийн зэргээр үйлдлийг нь зүйлчилье гэхэд хэрэгт оролцсон оролцоо байхгүй харагдаж байна. Үүнийг нарийн тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Д.Болдсайханы ямар цохилтын улмаас хохирогч Д.Мөнхжаргалд гэмтэл учирсан бэ гэдгийг тогтоох ёстой. Энэ байдлыг тогтоохгүйгээр хэргийг цааш явуулах юм бол залуу хүний амьдрал хэцүүдэх гээд байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгуулж өгнө үү.” гэв.

 

Ялтан М.Ширчингийн өмгөөлөгч С.Нэргүй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Ширчингийн гаргасан давж заалдах гомдолд шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлыг голлон бичсэн байдаг. Энэ асуудлыг С.Эрдэнэцэцэг өмгөөлөгч бид хоёр давж заалдах гомдолдоо дурдсан. Д.Мөнхжаргал нүднийхээ доод талд хутгаар нэг удаа хатгуулсан гэдгийг хохирогч болон М.Ширчин мэдүүлдэг. Анхны шинжээчийн дүгнэлтээр уг гэмтлийг хөнгөн гэмтэл гэж дүгнэсэн байхад үүний дараа шинжээч эмч Амгаланбаатар нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг үндэслэн хүндэвтэр гэмтэл гэж дүгнэлт гаргасан. Нарийн мэргэжлийн эмчийн онош гэж байгаа нь ердөө ганцхан хуудас баримт байдаг. Үүнийг хараад хэн ч гэсэн нарийн мэргэжлийн эмч бичсэн зүйл мөн үү, биш үү гэж бодох байх. Уг дүгнэлтэд “нүдний дээд, доод нулимсны суваг тасарсан” гэж бичсэн. Уг баримтад мэдрэлийн эмчид үзүүлэх В, С вирусын шинжилгээ өгөх гэж, дан элэгний өвчний талаар бичигдсэн зүйл болох нь харагддаг. Нарийн мэргэжлийн эмч мөн үү, биш үү гэдгийг нэн даруй шалгах ёстой. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч Амгаланбаатараас яагаад нүдний дээд, доод зовхи зэрэг гэмтдэг юм. Эдгээр нь өөр өөр газар байрлалтай байдаг биз дээ гэж асуухад хатгах үед нүдээ аньсан бол зэрэг хатгагдан тасрах боломжтой гэснээс өөр хариулт өгч чадаагүй. Хэрэв хохирогч нүдээ аньсан бол нүд л сохорно. Нүдний зовхи нь зөвхөн нүдээ л хамгаалж байдаг зүйл. Хохирогч Д.Мөнхжаргалын нүдний доод зовхинд нэг удаа хатгагдсан сорви байдаг. Шинжээч эмчийн тайлбар ямар ч хүнд үнэмшилгүй тайлбар болсон. Хохирогчид учирсан гэмтлийг зөвхөн хүндэвтэр гэмтэл гэсэн дүгнэлт гаргах байр суурьнаас гаргасан зүйл юм. Дээд, доод зовхины нулимсны суваг тасарсан гэсэн үндэслэлгүй, шаардлага хангахгүй баримтыг үндэслэн шинжээч эмч анхны дүгнэлтийг өөрчилсөн гэж үзэж байна. Дээд, доод зовхины нулимсны суваг тасралтыг энгийн нүдээр хараад оношлох боломжгүй. Заавал зураг болон нарийн мэргэжлийн эмчийн шинжилгээгээр тогтооно. Үндэслэлгүй шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн гэж үзэж байна.

М.Ширчин, Д.Мөнхжаргал нарын хоорондын зөрчилтэй асуудлууд байсан уу гэвэл байсан. Үүнийг М.Ширчин олон жилийн өмнөх наймааны үеэр Д.Мөнхжаргал миний бараатай гахайг аваад алга болж байсан. Үүнээс хойш бид хоёр уулзалдах бүртээ таагүй харьцаатай байсан гэж хэлсэн байдаг. Мөн Д.Мөнхжаргал М.Ширчингийн ахтай зүй бус харьцаж байсан талаар хэлж байсан. Өмнөх хувийн таарамжгүй харьцааны улмаас хэрэг гарсан байхад үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас хутга, заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн, догшин авирлаж, танхайрсан гэж үзсэн нь үндэслэлгүй. Үүгээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтаг, шалтгааныг тодруулалгүй хэргийг зүйлчилж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд ч тэр хохирогч нь их хэл амтай хүн гэж бүгд л хэлдэг байсан. Хэрэгт ингэж хандаж байсан болж таарч байна. Хохирогч Д.Мөнхжаргал нь М.Ширчинтэй зодолдсоноо өмнө нь таагүй харьцаатай байсан цагдаагийн байгууллагын албан хаагчид руу хандуулж цагдаагийн хурандаа нар бусдад захиалга өгч намайг зодууллаа гэдэг зүйлийг олон удаа мэдүүлсэн. Энэ асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүртэл цацагдсан. Энэ хүн өөрөө хувийн байдлын хувьд ямар хүн бэ гэдгийг зайлшгүй тогтоох шаардлагатай. Д.Мөнхжаргал энэ хэргээр далимдуулан өөр бусад хүмүүсийг гүтгэсэн. Төмөр замын цагдаагийн хэлтсийн дарга байсан хурандаа Энхсайханыг заавал шүүх хуралдаанд оролцуулах ёстой гэдэг байр суурьнаас хандаж байсан. Өмнө нь бизнесийн таагүй харьцаатай байснаа энд овжингоор ашиглаж байна. М.Ширчин хохирол төлье гэхэд Д.Мөнхжаргал хохирол авахгүй гэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгч “та яг хэдэн төгрөг авах юм бэ” гэж асуухад “би баян хүн” гэж хэлээд мөнгөний асуудлыг огт яриагүй. Энэ нь шүүх хурадааны бичлэгт тодорхой байгаа. Хохирогчийн зүгээс мөнгө, төгрөг авна гэдэг асуудал огт яриагүй бөгөөд хэдэн төгрөгөөр хохирсон бэ гэдэг асуудлаа тодорхой хэлэхгүй байсаар шүүх хуралдааныг дуусгасан. Бүлэглэн бусдыг зодож, танхайрсан гэдэг асуудал яригддаг. Д.Болдсайхан, М.Ширчин, Д.Мөнхжаргал нарыг салгах гэж оролдсон байхад түүнийг М.Ширчинтэй бүлэглэж энэ хэргийг үйлдсэн гэдэг асуудал ярьсан. Ийм нөхцөл байдлууд байгаа тул шүүх ялангуяа хавтаст хэргийн 145 дугаар талд авагдсан нарийн мэргэжлийн эмчийн баримт, шинжээчийн дүгнэлт, хохирогч яг хаанаа хатгуулсан болон дээд, доод зовхинд нэгэн зэрэг гэмтэл учрах боломжтой эсэхийг судалж үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Д.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би цагдаагийн байгууллагад анх гаргасан өргөдөлдөө “өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хэн гэдэг хүний захиалгаар энэ хэргийг хийсэн бэ гэдгийг тодруулж өгнө үү” гэж бичсэн. Би үр хүүхдээ алуулчихаад дараа нь гомдлоо илэрхийлсний төлөө 10,000,000 төгрөгөөр торгуульж, дараа нь бусдын захиалгаар хутгалуулсан. Төр, хууль шүүхийн байгууллагын шийдвэрийг хүндэтгэж үзэж байгаа ч гутралтай, хямралтай яваа хүн. Би гэмт хэрэг хийж, архи ууж, аз жаргал хөөж яваа хүн биш. Ажил үүргээ явуулж байгаа хүн. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар галзуу хүний өдрийн тэмдэглэл хөтөлж байгаа шиг зүйл ярьж байсан. Чөтгөр ч гэсэн өмгөөлүүлэх эрхтэй байх. Гэхдээ хүний хөл дээр гишгэсэн хүн уучлаарай гэж хэлэх ёстой биз дээ. Шүүгдэгч нар анхан шатны шүүх хуралдаанд орж ирээд ядаад уучлаарай гэж хэлсэн бол би арай өөр байх байсан. Гэтэл уучлал гуйх нь бүү хэл М.Ширчингийн ахыг Москвад явж байхад нь барааг нь хулгай хийж байсан гэж намайг гүтгэсэн. Би хар нялхаасаа өнчин өрөөсөн өссөн хүн. Би өөрийн урдах ажлаа л хийж яваа хүн. Олон зуун сая төгрөгийн бараа материал хариуцаж байгаа хүн. Гаднаас согтуу хүмүүс орж ирэхэд нь “яах гэж байгаа юм бэ” гэж асуусан. Би юм ярилгүй шууд гараад явчихаж болох байсан ч санал, хүсэлтийг нь сонсож хүлээж авсан. Гэтэл намайг “матдаг хулгайч” гэх зэргээр доромжилсон. Би тэдэнд гарцгаа гэдэг шаардлага тавьсан. Би хүүгээ алуулчихаад анхан шатны шүүх хуралдаанд яг эд нар шиг тайлбар авч байсан. Би анхан шатны шүүх хуралдаанд гомдлоо илэрхийлсэн... Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар миний амьдралыг видеогоор харж байгаа юм шиг л ярьж байна. Намайг орж ирээд хэн хутгалсан, хэн заазуурдсаныг би мэднэ. М.Ширчин намайг заамдаж байх үед хажуугаас Д.Болдсайхан ирээд надтай ноцолдсон. М.Ширчин хутга, заазуур барьж “лалар минь алнаа” гээд над руу дайрсан. Д.Болдсайхан заазуур аваад миний толгой руу заазуурдсан. Анхан шатны шүүх хуралдаанд “толгойноос нь ингэж цус нь годгодоод” гээд доромжилсон. М.Ширчин намайг 3 удаа хутгалсан талаараа анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Би эрийн сайндаа л амьд гарсан. Ноцолдож байх явцад суга руу 2-3 удаа хутга орж ирснийг зогсоож, гарыг нь барьж авсан. Д.Болдсайхан миний толгой руу заазуурдахад гараас нь хазаж байж заазуурыг нь алдуулсан. Үүний дараа М.Ширчин заазуур, хутга бариад 2 талаас сийчээд эхэлсэн. Өмгөөлөгч нар “Мөнхжаргал Авдрантын хориход ял эдэлж байсан” гэж байна. Хүнийг ингэж гүтгэж болохгүй. М.Ширчин, Д.Болдсайхан нарын шийтгэлийг шүүх биш төрсөн ах нь л өгсөн. Би төрсөн ах Доржтой нь хамт ажиллаж байгаагүй.” гэв.

 

Хохирогч Д.Мөнхжаргалын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч М.Ширчин болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. М.Ширчин, Д.Болдсайхан нарт холбогдох хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлыг давж заалдах гомдлууддаа ярьж байна. Хохирогчийн биед хийсэн үзлэг нь өөрөө дүгнэлт биш, онош юм гэдгийг хохирогчийн анх үзлэг хийсэн эмч хэлсэн. С.Нэргүй өмгөөлөгч дээд, доод зовхины нулимсны суваг тасралт нэг удаагийн үйлдлээр үүсгэгдээгүй гэж байна. Ямар нэг зүйлээр чичих, хатгах үед хүний нүд заавал анивчдаг. Ингэж анивчих явцад зэрэг тасарсан гэж шинжээч эмч хангалттай мэдүүлсэн. Шинжээийн дүгнэлттэй маргах зүйлгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөвтгөж хэрэглэх ёстой гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35, 36 дугаар зүйлүүдийг журамлаж байгаа юм бол хэний, ямар үйлдлээр, аль гэмтэл учруулсныг тогтоох ёстой. Ингэж байж шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана. Мөрдөн байцаалтын шатанд Энхсайхан гэж хурандаагийн оролцооны асуудал яригдаж байсан. Энхсайхан гэж хүний дор М.Ширчингийн төрсөн ах Дорж нь ажиллаж байсан. Төмөр замтай холбоотой, түрээсийн гэрээтэй холбоотой асуудалд Энхсайхан хурандаагийн ашиг сонирхол байна уу, үгүй юу гэдэг асуудлыг хохирогчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн байдаг. Д.Мөнхжаргалын бизнесийн ажилд Энхсайхан гэж хүн ямар холбоотой вэ. Танхайн гэмт хэрэг нь ямар нэг санаа зорилгогүй үйлдэгддэг. Хэрэв өмнө нь бизнесийн зөрчил байгаа бол өс хонзонгийн сэдэлт байгаа юм биш үү. Иймд хэргийн нөхцөл байдлыг зөвтгөөд оруулаад ирээч гэсэн саналыг анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Давж заалдах шатны шүүх хүсэлтүүдийг хэсэгчлэн болон бүхэлд нь хүлээн авах боломжтой талаас нь харна уу.” гэв.

 

Прокурор Д.Галбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг бүрэн нотолсон. Д.Болдсайхан, М.Ширчин нар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын бие махбодид гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын тухайд хэрэгт авагдсан нотлох баримтуудад өөр өөрсдийн дүгнэлтийг хийж, хууль зүйн туслалцаа өгөх буюу өөр өөрийн байр суурьнаас ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн уг хэргийг танхайн сэдэлтэй гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэг танхайн сэдэлтэй болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогддог. Энэ гэмт хэрэг нь гэнэт үүссэн байдаг. Энэ нь танхайрах гэмт хэргийн гол шинж юм. Шүүгдэгч М.Ширчин “манай ах Доржсайханыг Д.Мөнхжаргал дарамталдаг байсан” гэж мэдүүлсэн боловч өмнө нь таарамжгүй харьцаатай байсан нь тогтоогдоогүй. Шүүгдэгч Д.Болдсайхан “Бид гадуур архи ууж яваад Төмөр замын ногоон зооринд очсон. Манаачийн байранд уг хэрэг үйлдэгдсэн” гэж мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч нар нь хэргийн газарт очихоос өмнө очоод ингэнэ тэгнэ гэсэн зүйл яриагүй байдаг. Д.Мөнхжаргал “Энхсайхан захиалсан” гэж ярьдаг бөгөөд энэ талаар шалгуулах хүсэлт гаргаж байсан. Энхсайханаас Д.Болдсайхан, М.Ширчин нарыг таних уу, Д.Мөнхжаргалтай таарамжгүй харьцаа байсан уу, үгүй юу гэдэг байдлаар асуусан. Мөн Д.Мөнхжаргал Дорж гэж хүнийг гэрчээр оролцуулж өгнө үү гэдэг хүсэлт гаргасны үндсэн дээр түүнийг шүүх хуралдаанд оролцуулж Д.Мөнхжаргалтай өмнө нь хувийн таарамжгүй харьцаа байсан уу гэж асуухад байхгүй гэсэн бөгөөд хэргийг Энхсайхан захиалсан гэдэг талаар мэдүүлээгүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах гол үндэслэл нь шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан гэж байна. Хохирогчийн биед дүгнэлт гаргуулахаар хэрэг гарсны маргааш баримтыг хүргүүлж шинжээч эмч Номинцэцэг дүгнэлт гаргасан. Эхний дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэсэн. Үүний дараа хохирогч нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхэд “нулимсны суваг тасарсан” гэсэн байдаг. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахад уг гэмтэл нь хүндэвтэр гэмтэл болохыг тогтоосон. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч оролцож дүгнэлтээ тайлбарласан. Үүнд хийсвэр дүгнэлт хийж, ярьж байгаа нь үндэлслэлгүй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад ямар ажиллагаа хийх,  юу хийлгэх гээд байгаа талаар тодорхой зүйл хэлдэггүй. Зүгээр л нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэж ярьж байгаа болохоос тодорхой нотлох баримттай зүйл яригдахгүй байна. Прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд хамтран оролцсон хэлбэрийг зааглаж өгөөгүй гэж байна. Уг хэрэг нь гэнэт үүссэн, урьдчилан үгсэн тохиролцоогүй тул энэ байдлыг нарийвчлан тогтоох шаардлагагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

М.Ширчин, Д.Болдсайхан нар согтуугаар, бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар төмөр замын “Ногоон зоорь”-ийн ажилчдын байранд ялимгүй зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Д.Мөнхжаргалын толгойн орой хэсэгт заазуурдаж, зүүн нүдний ухархайд хутгалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан зэвсгийн чанартай зүйл хэрэглэж догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хохирогч Д.Мөнхжаргалын: “... 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 40 минутын үед “Ногоон зоорь”-ны ажилчдын өрөөнд сууж байтал гаднаас 2 эрэгтэй хүн орж ирcэн. Эхлээд орж ирсэн нь надаас насаар дүү, махлаг өндөр залуу байсан. Араас нь миний танил Ширчин орж ирсэн. Түрүүлж орж ирсэн залуу амандаа “новш, ална” гээд үглээд байхаар нь би гайхсан бөгөөд өөдөөс харсан буйдан дээр тэд суусан. Би юу хийж явааг нь асуухад Ширчин “Яах гэж яваагаа чамд хэлэх алба уу” гээд томроод эхэлсэн. Тэгэхээр нь “юун тухайгаа хэлэхгүй бол та хоёр гар” гэсэн чинь Ширчин босч ирсэн ба би ч бас гаргах санаатай хамт бостол шууд миний энгэрээс зуурч аваад “чи муу матдаг биз” гэхээр нь “чамайг яаж матсан юм” гэж асуутал “чи муу цагдаа матдаг биз дээ” гэхээр нь “чамд ямар хамаатай юм бэ?, би хүүхдээ алуулсан хүн” гэхэд хажуугаас нөгөө залуу нь босч ирээд баруун шанаа руу цохиод, энгэрээс боосон... Гэтэл Ширчин миний нүүрэнд цохих гэхээр нь бултаад цохиулаагүй өнгөртөл ширээн дээр байсан хутга, заазуур хоёрыг бариад над руу дайрсан. Энэ үед нөгөө залуу Ширчингийн гараас заазуурыг нь шүүрч аваад миний толгойн орой хэсэгт нэг удаа цавчиж, дахиад далайх үед нь заазууртай гараас нь хазахад заазуураа алдсан. Гэтэл Ширчин хутгаар хэд хэдэн удаа хутгалах гээд дайрсан бөгөөд нэг удаад нь зүүн хөмсөгний дээд хэсэгт хатган, дараагийн удаад нь хамарны зүүн хажууд хатгагдан сүүлд нь зүүн нүдний дотор ухархайн хэсэг рүү хутга шир гээд л ороод явчихсан... Халуун цус толгой, нүднээс зэрэг гойжоод ирсэн... Ингээд би Ширчингийн хутга барьсан гар, хоосон гар хоёрыг барьж байгаад Ширчин чамд би ямар ч гэм хийгээгүй шүү гээд гарыг нь савж байгаад чангалсан талын эсрэг тал руу нь саваад байрнаас гараад гүйсэн...” /1-р хх-55-56, 57-58/,

- Гэрч Т.Мягмарсүрэнгийн: “... 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг 20 минутын орчим 36-38 насны, нөгөө нь 40 гаруй насны 2 эрэгтэй хүн ирээд “Мөөгий ахтай уулзъя” гэсэн. Би хариу хэлэхгүй байж байтал өндөр тарган, шар залуу нь “өө энэ Мөөгий ахын машин нь байна, ажил дээрээ байгаа юм байна” гээд ажилчдын байр руу яваад орсон... Удалгүй цонх хагарах шиг чимээ гарахаар нь очоод байрны наад талын цонхоор харахад Мөнхжаргал даргын нүүр болон цээж хэсэг нилдээ цус болсон байсан. Тэр хоёр залуугийн өндөр том биетэй, шар царайтай залуу нь Мөнхжаргал даргатай барьцалдсан байдалтай зогсож байсан ба хажууд намхан нь гартаа хутга барьсан, гap болон өмсөж явсан хар өнгийн хувцас нь цус болсон байсан. Тэр хөгшин эрэгтэй хүн “чамайг ойртох юм бол ална шүү” гэж хэлэхээр нь би айсандаа буцаж яваад Мөнхжаргал даргын эхнэр рүү нь утсаар залгаж энэ тухай хэлсэн...” /1-р хх-59-60/,

- Гэрч Д.Батбаярын: “... Би 79-78 УНИ улсын дугаартай Субару Импреза загварын автомашинтай... хүүхдийн толгой бариулах гээд явж байхад Болдсайхан залгаад дуудсан. Очиход Болдсайхан, Ширчин ахынхаа хамт байсан. Ширчин ах нь нилээд уучихсан байсан ба Болдсайханаас архи үнэртэж байсан. Ингээд хаана очихыг асуухад Ширчин ах “хүнээс мөнгө авахаар суудлын вагон депо орно” гэсэн... Баянгол дүүргийн Замын цагдаагийн үүдээр гараад “Жаст ойл” ШТС-ын хажуугаар суудлын вагон депо орохоор явж нэг онгорхой хаалга өнгөрөөд буцаж эргэж тэр хаалга руу орсон шиг санаж байна... Тэгээд улаан тоосгон байшингийн хажууд очиж эргээд зогсоход хоёулаа буугаад орсон... хэр зэрэг удсаныг нь мэдэхгүй байна, хүүхэдтэйгээ ярьж байсан болохоор цаг хараагүй. Болдсайхан гарч ирээд “чи явж бай” гээд гараараа дохиход гар нь цус болсон байсан. Манай хүүхэд бүр “Боогий ахын гар цус болсон байна” гээд сайн харсан байсан...” /1-р хх-61-62/,

- Гэрч Ж.Лхамын: “... 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагийн үед М.Ширчин манай бааранд өндөр, тарган, шар залуутай орж ирсэн. Тэд зодоон хийсэн бололтой нүүр, гар, хувцас нь цус болсон архи үнэртүүлсэн байдалтай байсан. Манай бааранд орж ирээд... нэг нэгээрээ угаалгын өрөөнд орж цусаа угаагаад гарч ирээд явсан. Ширчин манай бааранд орж ирэхдээ ямар ч байсан хамт явсан хүндээ “буцаж очоод дахиад зодох уу” гэж ярьж байсан...” /1-р хх-76-77, 78-79/,

- Гэрч С.Балжиннямын: “... 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр охин Лхамын түрээсээр ажиллуулдаг “Вест” нэртэй бааранд 15 цагийн орчимд гаднаас гар, хувцас нь нилдээ цус болсон 2 хүн орж ирсэн. Нэг нь залуухан, өндөр, шар царайтай, нөгөө нь 50 орчим насны хөгшин хүн байсан. Тэд хоёр ариун цэврийн өрөө орж гар нүүрээ угаачихаад үүдэнд ирж зогсоод хөгшин нь “хоёулаа дахиж очоод алалцъя” гэхэд нөгөө залуу нь “яах юм бэ очиж хэрэггүй” гээд байсан. Харин нөгөө хөгшин нь “явъя л даа, дахиад очъё” гэж байсан...” /1-р хх-80/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “Д.Мөнхжаргалын биед зүүн зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх бүхий гэмтэл нь ир бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл” гэсэн шинжээчийн №15792 дугаар дүгнэлт /1-р хх-136/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “шинжээч эмч Т.Номинцэцэгийн гаргасан №15792 дугаар дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлсэн баримтаар Д.Мөнхжаргалын биед 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зүүн зовхины шарх, зүүн нүдний нулимсны сувгийн тасрал бүхий гэмтэл учирсан байна... Д.Мөнхжаргалын биед учирсан зүүн зовхины шарх, зүүн нүдний нулимасны сувгийн тасрал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн №1531 дүгээр дүгнэлт /1-р хх-142-143/,

- Шинжээч Т.Номинцэцэгийн: “...Би 2016 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 5-ны хооронд ар гэрийн гачигдлын улмаас Дорнод аймаг явсан байсан. Тэр хооронд Амгаланболд эмчээр нэмэлт шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан байна. Намайг анх үзэхэд хохирогч нарийн мэргэжлийн эмчид үзүүлээгүй, үзүүлээд ирье гээд ирээгүй юм. Сүүлд нь нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн бичиг баримтаа Амгаланболд эмчид өгч дүгнэлтээ гаргуулсан байна. Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээр зүүн нүдний нулимсны сувгийн тасрал тогтоогдсон байна. Энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаардаг...” /1-р хх-137/,

- Шинжээч А.Амгаланболдын: “... Д.Мөнхжаргалын биед дүгнэлт гаргасан шинжээч эмч Т.Номинцэцэг ар гэрийн гачигдлын улмаас чөлөө авсан болохоор би дүгнэлт гаргахаар болсон. Нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг баримтаар Д.Мөнхжаргалын биед 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зүүн зовхины шарх, зүүн нүдний нулимсны сувгийн тасрал бүхий гэмтэл учирсан. Тухайн гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... Д.Мөнхжаргал нь анх Т.Номинцэцэг эмчид үзүүлэхдээ нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлээгүй байсан тул тухайн үед үзлэг хийсэн эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Харин надад үзүүлэхдээ нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлсэн баримтаар гэмтлийн зэрэг нь өөрчлөгдөн, хүндэвтэр зэрэгт хамаарсан...” /1-р хх-154-155/ гэсэн мэдүүлгүүд,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-5-14/,

- М.Ширчин, Д.Болдсайхан нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг болон хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тодруулсан байна. 

Анхан шатны шүүх М.Ширчин, Д.Болдсайхан нарыг бүлэглэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд хэмээн хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял оногдуулжээ.

Хохирогч Д.Мөнхжаргалын “... хажуугаас нөгөө залуу /Болдсайхан/ босч ирээд баруун шанаа руу цохиод, энгэрээс боосон... Ширчин миний нүүрэнд цохих гэхээр нь бултаад цохиулаагүй өнгөртөл ширээн дээр байсан хутга, заазуур хоёрыг бариад над руу дайрсан. Энэ үед нөгөө залуу /Болдсайхан/ Ширчингийн гараас заазуурыг нь шүүрч аваад миний толгойн орой хэсэгт нэг удаа цавчсан. Ширчин хутгалах гэж хэд хэдэн удаа дайрсан бөгөөд нүдний ухархайн хэсэгт хутга шир гээд л орсон...” гэсэн мэдүүлэг нь гэрч Т.Мягмарсүрэнгийн “цонхоор нь харахад Мөнхжаргалын нүүр, цээж нь нилдээ цус болсон, өндөр том биетэй, шар царайтай залуу /Болдсайхан/ нь Мөнхжаргалтай барьцалдсан, намхан нь /Ширчин/ гартаа хутга барьсан, гap болон өмсөж явсан хар өнгийн хувцас нь цус болсон байсан”, гэрч Д.Батбаярын “...Болдсайхан, Ширчин нар улаан тоосгон байшинд орсон... Болдсайхан гарч ирээд “чи явж бай” гээд гараараа дохиход гар нь цус болсон байсан...”, М.Ширчингийн сэжигтнээр байцаагдахдаа өгсөн “... Болдсайханыг харахад гартаа заазуур барьчихсан байсан. Ингээд ноцолдож байхад цонх хагарсан...” /2-р хх 36/ гэсэн мэдүүлгүүдээр давхар батлагдаж байх тул Д.Болдсайханыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт оролцоогүй гэх давж заалдах гомдлууд үндэслэлгүй гэж үзэв.   

Гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгын хувьд урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, эсхүл хэн нэгний захиалгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэх байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд бусдын ажлын байранд тодорхой зорилгогүй хүрэлцэн ирж, хохирогчийг зүй бус авирласан гэдгээр шалтаглан хутга, заазуур хэрэглэж зодож гэмтээсэн нь бусдыг илтэд үл хүндэтгэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан шинжтэй байна.

Хохирогч Д.Мөнхжаргалын биед тухайн үед толгойн орой хэсгийн язарсан шарх, зүүн зовхины шарх, зүүн нүдний нулимсны сувгийн тасрал бүхий гэмтэл учирсан ба үүнээс нүдний нулимсны сувгийн тасрал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах нь шинжээчийн №1531 дүгээр дүгнэлт болон шинжээч Т.Номинцэцэг, А.Амгаланболд нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон байх тул дахин шинжилгээ хийх шаардлагагүй гэж үзэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхөөр, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” талаар ялтан М.Ширчин, түүний өмгөөлөгч С.Нэргүй, С.Эрдэнэцэцэг, ялтан Д.Болдсайханы өмгөөлөгч С.Тунбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Д.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, ялтан Д.Болдсайханы өмгөөлөгч С.Тунбаяр нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд хохирлын 768,000 төгрөг төлөгдсөн байх тул энэ талаар магадлалд дурьдав.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Ширчин, түүний өмгөөлөгч С.Нэргүй, С.Эрдэнцэцэг, ялтан Д.Болдсайханы өмгөөлөгч С.Тунбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

         2. Ялтан Д.Болдсайхан хохирогч Д.Мөнхжаргалд 768,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

         3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

М.ПҮРЭВСҮРЭН