Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 936

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга М.Баярмаа,                            

улсын яллагч Б.Алтанцэцэг,

шүүгдэгч С /БНХАУ-ын иргэн S/, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал ҮД:00-02,

орчуулагч Н.Бэсүдэй нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн S-д холбогдох эрүүгийн 1806 08552 1953 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн С буюу S, 1996 оны 08 сарын 08-ны өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Аж үйлдвэрийн дизайнер мэргэжилтэй, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотод Сайхан дүүргийн 2 дугаар тойрог Эрчим хүчний хотхон 1-3 тоотод оршин суух хаягтай, одоо Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 1 дүгээр байрны 14 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч С буюу S нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Папаяа” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Ц.Сүнжидмаатай маргалдан, улмаар түүний толгой, хөл хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч S шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хохирогч Ц.Сүнжидмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "2018 оны 10 сарын 17-ны өдөр би өөрийн ажиллуулдаг "Папаяа" нэртэй хүнсний дэлгүүрээ ажиллуулж байтал 22 цагийн орчим хоёр хятад хүн орж ирсэн. ...ус ундаа хоёр барьж ирээд бичүүлэхээр нь аваад бичсэн үнийг нь хэлэхэд карт өгсөн би картын машинд уншуулахад болохгүй байхаар нь хэл мэдэхгүй учир энэ зөвшөөрөхгүй байна гэж хэлтэл нүдний шилтэй залуухан нь над руу уурлаад давшилаад байсан. ...үүдэн дээр юм яриад зогсож байснаа хаалга саваад дэлгүүрийн хаалга гаднаас нь өшиглөхөд би очоод "яв яв" гэж хэлээд шаардлага тавихад туранхай нүдний шилтэй нь гараараа миний толгой руу 2-3 удаа цохиод, миний баруун, зүүн хөл рүү 2-3 удаа өшиглөөд авахаар нь би дэлгүүр рүүгээ орсон. ... Дэлгүүрийн хаалганы эвдрэл гэмтэлд гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Нийт хохиролдоо 5 сая төгрөг авсан. Цаашид гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн хх 14-15, 164/,

Гэрч Фү Зиканг /Fu Zhikang/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "Тухайн өдрийн орой би Saiyinchaоke руу залгаад манай гэрт хүрээд ир гэсэн. Миний танил Хүрчин тэр хоёр миний амьдардаг Нарлаг өргөө хорооллын гадаа ирсэн. Би гэрээсээ гарахад тэр хоёр ус авахаар дэлгүүр орсон. Тэгээд дэгүүрийн хүнтэй С /Sayinchaoke/ маргасан. С /Sayinchaoke/ тэр хүнийг зодох гэхээр нь би салгасан. Юунаас болж маргасныг мэдээгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12572 дугаартай дүгнэлт:

  1. Ц.Сүнжидмаагийн биед зүүн өвдөгний урд чагтан холбоосны сэмрэл, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх-ийн 42/,

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Чулуунсүх, Т.Сэлэнгэ, Т.Номинцэцэг нарын 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн №604 дугаартай дүгнэлт:

1. "Люкс мед эмнэлгийн Ц.Сүнжидмаа 2018.10.18 гэсэн 2 ширхэг КТГ-т баруун нүдний ухархайн дотор хананд жижиг цөмөрсөн хугарал харагдана.

2. Уг гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрх баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

2018.10.19-ний өдрийн №12572 дугаартай дүгнэлт үндэслэлтэй" гэх дүгнэлт /хх-ийн168/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53-55/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч С буюу S нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Папаяа” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Ц.Сүнжидмаатай маргалдан, улмаар түүний толгой, хөл хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Ц.Сүнжидмаагийн : "2018 оны 10 сарын 17-ны өдөр би өөрийн ажиллуулдаг "Папаяа" нэртэй хүнсний дэлгүүрээ ажиллуулж байтал 22 цагийн орчим хоёр хятад хүн орж ирсэн. ...ус ундаа хоёр барьж ирээд бичүүлэхээр нь аваад бичсэн үнийг нь хэлэхэд карт өгсөн би картын машинд уншуулахад болохгүй байхаар нь хэл мэдэхгүй учир энэ зөвшөөрөхгүй байна гэж хэлтэл нүдний шилтэй залуухан нь над руу уурлаад давшилаад байсан. ...үүдэн дээр юм яриад зогсож байснаа хаалга саваад дэлгүүрийн хаалга гаднаас нь өшиглөхөд би очоод "яв яв" гэж хэлээд шаардлага тавихад туранхай нүдний шилтэй нь гараараа миний толгой руу 2-3 удаа цохиод, миний баруун, зүүн хөл рүү 2-3 удаа өшиглөөд авахаар нь би дэлгүүр рүүгээ орсон” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С буюу S-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С буюу S-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С буюу S нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, шүүгдэгчийн  хувийн  байдал  зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С буюу S-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С буюу S-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С буюу S нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С буюу S нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С буюу S-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ШИНЭБАЯР