Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 153

 

                                                                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 S--д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Алтансүх,

хохирогч Ц.С-гийн өмгөөлөгч И.Чимэдбадам,

шүүгдэгч S-, түүний орчуулагч Б.Бэсүдэй,

шүүгдэгч S--гийн өмгөөлөгч Т.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3053 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн эсэргүүцлээр S--д холбогдох эрүүгийн 1806085521953 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч S- нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “П-” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Ц.С-тай маргалдан, улмаар түүний толгой, хөл хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: S--гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн S--д холбогдох  хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна. Хавтас хэргийн 42 дугаар талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №12572 дугаартай дүгнэлтэд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Толгойн КТГ-т “Баруун нүдний ухархайн дотор хананд 2.0 см өргөн хэсэгт 5.5 мм гүн этмойд хөндий рүү цөмөрсөн хугаралтай” гэж бичигдсэн атлаа, хохирогч Ц.С-гийн бие махбодид дээр заасан гэмтэл учирсан талаар дүгнэлт хэсэгт дурьдагдаагүй байх тул дээрх №12572 дугаартай дүгнэлтийг  эргэлзээтэй тул  дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй.

Түүнчлэн хавтас хэрэгт хохирогч Ц.С- нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “П-” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалга эвдэрсэн ба энэ хохирлыг арилгуулах талаар хүсэлт гаргаж байжээ. Тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12-18/ авагдсан ба “хаалгыг хаах явцад хаалга бүрэн хаагдахгүй байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав” гэжээ. Дээрх нөхцөл байдлыг авч үзвэл, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн S--д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэлдээ: “Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Ц.С-гаас 2018 оны 10 дугаар сарын 31, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрүүдэд хохирогчоор мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгтээ, хохирогч “Зодуулснаас хойш толгой байнга өвдөж, зүүн хөл гишгэж алхаж болохгүй байна. Хувийн эмнэлгээр явж үзүүлсэн. Гэтэл хөлний авхуулсан зургийг хараад “сэргээн засах эмчилгээ хийж байж эмчилгээний үр дүнг харна, болохгүй бол үе солиулах ч шаардлага гарч магадгүй шүү” гэж хэлсэн. Тиймээс хөлөндөө маш их зовж байна. Мөн толгойгоо “Баянмонгол” хороололд очиж 2 удаа бариулсан. Тархи хөдөлсөн” гэсэн бөгөөд нүдэнд гэмтэл учирсан талаар дээрх мэдүүлгүүдэд огт дурдагдаагүй байдаг. Тиймээс шинжээчийн дүгнэлтэд дурдсан “Баруун нүдний ухархайн дотор хананд 2.0 см, өргөн хэсэгт 5.5 мм гүн этмойд хөндий рүү цөмөрсөн хугаралтай” гэх бичиглэл нь техникийн алдаа байх боломжтой гэж үзэх үндэслэл байх тул шинжээчийн дүгнэлтийн дээрх эргэлзээтэй байдлыг шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэсэн заалтын дагуу шүүхээс дахин шинжилгээ хийлгэхээр томилох боломжтой.

Шүүхээс хэргийг прокурорт буцаасан дараагийн үндэслэл нь хохирогч Ц.С-гийн ажиллуулж байсан “П-” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалга эвдэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах” гэжээ.

Мөрдөн байцаалтын явцад хохирогч Ц.С-гийн өгсөн мэдүүлэгт үндэслэн хэргийн газрын үзлэгийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн хошууч П.Алтанзул нөхөж хийсэн байдаг. Уг үзлэгээр “П-” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг гэрэл зургаар бэхжүүлсэн байдаг бөгөөд хаалга хаагдах үед 0.3-0.5 см зайтай /завсартай/ хаагдаж байх бөгөөд эвдрэл гэмтэл байхгүй талаар үзлэгийн тэмдэглэлд дурдсан байна. Мөн хохирогч Ц.С-гийн мэдүүлэгт: “...Хоёр хаалганы шил хагараагүй. Вакум 2 шилэн тасалгаатай 2 давхар хаалга байгаа. Уг хаалгануудыг 1 жил 8 сарын өмнө хийлгүүлж байсан” талаар мэдүүлсэн бөгөөд 1 жил 8 сар ашигласан дэлгүүрийн хаалганд хэргийн газрын үзлэгт дурдагдсан хэмжээний элэгдэл үүсэх боломжтой тул шүүгчийн захирамжид дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээх гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах” шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн S--д холбогдох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3053 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор гаргасан прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч И.Чимэдбадам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж, прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан тул дахин шалгуулах нь зүйтэй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаанд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD-нд тус дэлгүүрийн гадна болон дотор болсон үйл явдлыг бичсэн байтал үүнийг шинжлэн судлаагүй. Хохирогч “толгой руу цохисон” гэдэг. Гэтэл үнэхээр толгой руу нь цохисон уу, нүүр лүү нь цохисон уу гэдэг асуудал гарч ирнэ. Шинжээчийн дүгнэлт  эргэлзээтэй гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд зааснаар шинжээчийг оролцуулах, дахин шинжээч томилох   боломжтой байсан. Тэгэхээр анхан шатны шүүх  хууль зөрчиж , хэргийг прокурорт буцаасан гэж үзэж байна” гэв.

 

Шүүгдэгч S- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би гадна талын хаалгыг өшиглөсөн. Гэтэл дотор талын хаалганд гэмтэл учирсан. Уг гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хохирогч Ц.С-гийн биед үзлэг хийж гаргасан 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Люкс мед” эмнэлгийн толгойн компьютерт томографийн шинжилгээнд: “Баруун нүдний ухархайн дотор хананд 2.0 см өргөн хэсэгт 5.5 мм гүн этмойд хөндий рүү цөмөрсөн хугаралтай” /хх-91/ гэсэн байдал тусгагджээ.

 

Гэтэл Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 12572 дугаартай дүгнэлтийн удиртгал хэсэгт “2018 оны 10 дугаар сарын 19-ны  өдрийн Толгойн КТГ-т : “...Баруун нүдний ухархайн дотор хананд 2.0 см өргөн хэсэгт 5.5 мм гүн этмойд хөндий рүү цөмөрсөн хугаралтай...” гэж дурдсан атлаа дүгнэлт хэсэгт: “ 1.Ц.С-гийн биед зүүн өвдөгний урд чагтан холбоосны сэмрэл, зүүн өвдөгний зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх-42/ гэжээ.

 

Дээрх нотлох баримтуудаас үзэхэд, шинжээч дүгнэлтийн эх сурвалж нь “Люкс мед” эмнэлгийн “Толгойн компьютерт томографийн шинжилгээ байх боловч уг шинжилгээнд тусгагдсан баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугаралд дүгнэлт өгөөгүй нь шинжээчийн 12572 дугаартай дүгнэлтийг эргэлзээ бүхий болгожээ.  

 

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэж заасан боловч, хохирогч Ц.С-гийн толгойн компьютерт томографийн шинжилгээнд дурдсан гэмтэл нь  хохирогчид учирсан эсэх, уг гэмтэл учирсан бол хэзээ учирсан, гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тодруулах шаардлагатай байх бөгөөд энэ талаар прокурорын зүгээс хяналт тавьж ажиллаагүй тул шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн мөрдөгч, цагдаагийн хошууч П.Алтанзулын хэргийн газарт нөхөн хийсэн  үзлэгээр “П-” нэртэй хүнсний дэлгүүрийн хаалга хаагдах үед 0.3-0.5 см зайтай /завсартай/ хаагдаж байх талаар үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Ц.С- нь “хаалга эвдсэн” талаар мэдүүлсэн байх тул яллагдагч S--гийн үйлдэлд “бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тодруулах шаардлагатай гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр яллагдагч S--д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3053 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 105 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                  

 

    

     ДАРГАЛАГЧ,

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

                                        ШҮҮГЧ                                                        Б.ЗОРИГ

                             ШҮҮГЧ                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ