| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 128/2020/0130/З |
| Дугаар | 221/МА2020/0414 |
| Огноо | 2020-07-01 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2020/0414
Н.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Н.Д-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай А/296 дугаар захирамжийн биелэлтийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж,
2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай А/296 дугаар захирамжийг хүчингүй болохыг дурдаж,
3 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, өмгөөлөгч Б.Э нар давж заалдах гомдолдоо: “...1. Хан-Уул дүүргийн Засаг дарга 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаараа Н.Д-д газар эзэмших эрхийг шилжүүлэн олгосон. Үүнд нэхэмжлэгчийн хууль бус үйл ажиллагаа байхгүй. Гэтэл 3 сарын дараа 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/396 дугаар захирамжаар А/152 дугаар захирамжаа хүчингүй болгосон нь Н.Д-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмын дагуу нэхэмжлэгчийн эрх хамгаалагдах ёстой. Учир нь:
Нэхэмжлэгчийн зүгээс газрыг худалдан авахаасаа өмнө газрын кадастрын мэргэжлийн байгууллага болон дүүргийн газрын албаны 8 дугаар хороо хариуцсан мэргэжилтнээр шалгуулахад кадастрын зураг нь байршилтайгаа таарч байсан. Иймд зам дагуу ашигтай байршил гэж үзээд газрыг шилжүүлсэн авсан. Н.Д-ийн зүгээс хууль зөрчсөн, буруутай үйл ажиллагаа байхгүй. Үүнийг гэрч /газрын албаны мэргэжилтэн/, хариуцагч өөрөө ч шүүх хурал дээр хэлдэг. Харин Хан-Уул дүүргийн Засаг дарга, газрын албаныхан газрын байршил өөрчилж хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж өөрсдөө тайлбарладаг. Үүнийгээ бас шүүх хурал дээр зөвшөөрч дарга Д.Г энэ буруутай үйл ажиллагааны хариуцлагыг хүлээж ажлаасаа халагдсан гэж тайлбарладаг. Иймд хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч Н.Д-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх ёсгүй. Иймд шүүхээр эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан боловч шүүх зөрчигдсөн эрхийг бүрэн дүүрэн сэргээж шийдвэрлээгүйд гомдолтой байна.
2. Газар эзэмших эрхээ шилжүүлсэн 3 иргэний нэг болох Г.Г шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “газраа шилжүүлэхдээ 7 сая төгрөг төгрөг газрын албаны мэргэжилтэн н.Б-ээс авсан” гэж мэдүүлдэг. Нөгөө 2 иргэн эхнэр, нөхөр болох Л.Э, Г.О бөгөөд Л.Э гэрчийн мэдүүлэг өгөхдөө “... газрынхаа баримт бичгийг алга болгосон, мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн, газраа шилжүүлчхээд мэдээгүй гэж тайлбарлаж байгаагаас үзвэл эдгээр иргэд газрын албаныханд зөвхөн газар эзэмшигчээр нэрээ ашиглуулсан төдий гэж ойлгож болохоор байна.
3. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3.3, 38.4 дэх хэсгийг хэрэглэхдээ “нэхэмжлэгч нь эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй этгээд мөн эсэх”-ийг хариуцагч шалгах ёстой байсан гэх агуулгаар дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Н.Д-ийн хувьд дээрх гурван иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь дамжуулан холбогдох гэрээ хийж, бүх шаардлагыг нь хангаж тус газруудыг шилжүүлэн авсан. Эрхийн гэрчилгээг эзэмших эрхгүй этгээд гэдэгт Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар гадаадын иргэн, харъяалалгүй хүн эсхүл 18 насанд хүрээгүй хүн бол газар эзэмших эрхгүй гэж ойлгогдохоор байна. Иймд анхан шатны шүүх уг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Н.Д нь төрийн захиргааны байгууллагадаа итгэж, буруугүйгээр, хуулийн дагуу газар эзэмших эрх олж авсан байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүйд, нэхэмжлэгчийн эрхийг сэргээгээгүйд гомдолтой байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хуралдаанд гэрч Г.Г дүүргийн Засаг даргын 2012 оны А/235 дугаар захирамжаар 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв аймаг чиглэлийн авто замын урд, мөн гэрч Л.Э дүүргийн Засаг даргын 2015 оны А/437 дугаар захирамжаар 8 дугаар хороо Тайнь задгайд 700 м.кв газрыг эзэмшиж авсан төв замаас хол байршилд байдаг гэж мэдүүлсэн.
Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 2/1452 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлбарт дээрх иргэдийн байршил маргаан бүхий газраас өөр байршилд байсан нь тогтоогддог.
Нэхэмжлэгч Н.Д болон дүүргийн Газрын албаны холбогдох албан тушаалтнууд иргэн Г.Г, Л.Э, Б.О нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар захирамжаар шилжүүлэн авахдаа эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй газрын байршлыг өөрчлөн төв зам дагуу байршуулан авсан нь тогтоогдсон.
Хариуцагчийн зүгээс дээрх асуудлыг нягтлан шалгаж Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу иргэн Г.Г, Л.Э, Б.О нарын анхны зөвшөөрөгдсөн нэг талбартай байршилд иргэн Н.Д-д дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/296 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэн шийдвэрлэсэн.
Нэгэнт асуудлыг Газрын тухай хуульд заасны дагуу нягтлан шалгаж шийдвэрлэсэн асуудлыг дахин нягтлан шалгаж шийдвэрлэ гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж, хариуцагч байгууллагын хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлсэн шийдвэрийг түдгэлзүүлж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй шийдвэр болсон.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг ... хэргийн хоёр, түүнээс дээш оролцогч гомдол гаргасан, эсхүл нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Д-оос Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” А/296 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж ... газар авах үед Архивын ерөнхий газрын замын эсрэг талд буюу Төв аймаг явах зам дагуу ашигтай байршил байсан тул худалдаж авсан. Тус газрыг худалдаж авахаас өмнө газрын албаны 8 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн, кадастрын хэмжилт хийдэг байгууллага зэргээр нэгж талбаруудыг нь тодорхойлуулаад байршлуудыг шалгуулаад авахад тус газар байршил дээрээ байна гэсэн. Н.Д-ийн хувьд ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэж, хариуцагчаас ... 2012 оны дүүргийн Засаг даргын 235 дугаар захирамжаар иргэн Г.Г 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв аймгийн чиглэлийн авто замын урд талд, 2015 оны 437 дугаар захирамжаар иргэн Л.Э, Б.О нарт тус бүр 700 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн.
Эдгээр газрыг иргэн Н.Д-д шилжүүлэхдээ газрын албаны эрх бүхий этгээдүүд нь холбогдох эрх бүхий этгээдийн буюу дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүй шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны А/296 дугаар захирамжаар Н.Д-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнө нь эзэмшиж байсан нэгж талбарын байршилд буцаасан гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Ийнхүү шийдвэрлэхийн тулд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх ёстой.
Энэхүү хэргийн тухайд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжтой байжээ.
Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг, “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох” гэсэн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заажээ.
Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” А/296 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан хууль ёсны акт гэж үзнэ.
Маргааны үйл баримтаас үзэхэд Б.О, Л.Э нарт Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/437 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Тайнь задгайд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус тус 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
Харин Г.Г-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А/235 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд амины орон сууцны зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болох нь тогтоогджээ. Энэхүү газрын байршлыг хууль бусаар өөрчилж, улмаар өндөр үнээр иргэн Н.Д-д зарж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийн тухайн үеийн Хан-Уул Газрын албаны ажилтнууд үйлдсэн болох нь тогтоогджээ.
Тухайлбал: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 2/1452 дугаар албан бичгээр “... 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн архивын зурган мэдээлэлд 18632300616207, 18632300645220 дугаар нэгж талбарууд нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бөгөөд дүүргийн Засаг даргын 2015 оны А/437 дугаар захирамж болон регистрийн ХЙ58091563, ХЙ53032879 дугаартай иргэдийн бүртгэлд байна.
2020 оны 05 дугаар сарын Газрын кадастрын мэдээллийн сангийн архивын зурган мэдээллээс үзэхэд дүүргийн Засаг даргын 2019 оны А/152 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг үндэслэн тухайн нэгж талбаруудын байршлыг өөрчилсөн бөгөөд иргэн Н.Д-ийн нэрээр бүртгэсэн байна.
Дээрх нэгж талбаруудыг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн газар зохион байгуулагч О.Г засварыг хийсэн бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус дүүргийн газар зохион байгуулагч Т.Э баталгаажуулсан байна гэх хариу, Хан-Уул дүүргийн газар зохион байгуулагч О.Г гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Н.Д гэх хүнийг танихгүй, 12 дугаар сард тухайн үед ажиллаж байсан Д.Г дарга шалгуулаад ямар нэгэн давхцал байгаагүй болохоор зураг дээр өөрчлөлт оруул гэсэн үүрэг өгсний дагуу би шилжүүлсэн. Ямар нэгэн хүсэлт ирсэн байсныг хараагүй ...” гэж мэдүүлсэн зэргээр тогтоогдож байна.
Талууд Хан-Уул дүүргийн Газрын албаны ажилтнуудын хууль бус үйлдлийн талаар маргаагүй боловч нэхэмжлэгч талаас “Н.Д-д хууль зөрчсөн зүйл үгүй, гэм буруугүй, хохирч байна” гэдгийг тодруулж удаа дараа тайлбарладаг. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Н.Д-ийг Газрын тухай хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Иймд Н.Д нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашигласан төрийн албан хаагчид залилуулж хохирсон гэж үзвэл гомдлоо гаргахад энэхүү магадлал саад болохгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.