Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/00122

 

Д.О, Д.Ч нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01456 дугаар шийдвэр,

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2090 дүгээр магадлалтай,

           Нэхэмжлэгч: Д.О

           Нэхэмжлэгч: Д.Ч

           Хариуцагч: Г.Мт холбогдох

    Үндсэн нэхэмжлэл: 2009 оны 01 дүгээр 29-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр Д.Чыг тогтоолгох, 150.694.870 төгрөг гаргуулах

  Сөрөг нэхэмжлэл: Д.Оыг маргаан бүхий орон сууцнаас гаргах, нийт 132.321.800  төгрөг, 41.342 ам.доллар гаргуулах тухай иргэний хэргийг

        Хариуцагчийн төлөөлөгч П.С хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Д.Т, тэдгээрийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ц.О, нарийн бичгийн дарга  Ш.Мөнхжаргал нар оролцов.

        Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2009-01-28-ны өдөр нэхэмжлэгч Д.О,Д.Ч нар  Г.Маас 40сая төгрөгийг 9 сарын хугацаатай зээлж орон сууцаа барьцаалсан.  Зээлийн барьцаанд Г.Мын шаардсанаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байр, 47 тоот  орон сууцыг  Ц.Зургаагийн нэр дээр 2009-01-29-ний өдөр шилжүүлэн бүртгүүлсэн. Өнөөдрийн байдлаар орон сууцны өмчлөгчөөр Г.М бүртгэгдсэн байгаа. Г.Мын нөхөр Ц.Зургаа 2010 онд нас барж, өвлөх эрхийн гэрчилгээний дагуу орон сууц Г.Мт шилжсэн. Орон сууц нь зээлийн барьцаанд байсан учраас Г.Маас авсан зээлээр зээлээ төлж, байраа чөлөөлөн Ц.Зургаагийн өмчлөлд шилжүүлсэн. Г.М нь тухайн үед буюу зээл олгох үедээ орон сууцыг зөвхөн олгосон зээлээ төлөх баталгаа болгон бэлэглэж байна зээлээ төлсний дараа эргүүлэн Д.Чын нэр дээр шилжүүлэн өгнө гэж ойлгуулсан учраас нэхэмжлэгч нарын зүгээс 2009 онд зээл авч төлбөрийг cap бүр төлж ирсэн. Тухайлбал, Г.Маас 2009-01- 28-ны өдөр 40сая төгрөг, 2009-04-24-ний өдөр 15сая төгрөгийг 5% хүүтэй 2 сарын хугацаатай, 06-18-ны өдөр 14.360.000 төгрөг 5% хүүтэй 2 сарын хугацаатай, 2011-03-25-ны өдөр 20 сая төгрөгийг 5% хүүтэй, 1 сарын хугацаатай, 2012-04-26-ны өдөр 6000 ам.доллар, 4-26-ны өдөр 20сая төгрөг, 5-02-ны өдөр 10сая төгрөг 2.5% хүүтэй, 10 хоногийн хугацаатай, 10-11-ний өдөр 30 сая төгрөг 3.5% хүүтэй, 2 сарын хугацаатай, 11-13-ны өдөр 15.000 ам.долларыг 2.5% хүүтэй 2 сарын хугацаатай, 2013-05-06-ны өдөр 26 сая төгрөг хүүгүйгээр, 9-13-ны өдөр 72,5 сая төгрөг зээлж авсан. Нийтдээ 247.860.000 төгрөг, 21.000 ам.доллар зээлж авсан. Зээлж авсан мөнгөн дүнгийн талаар маргаан байхгүй. Зээлийн төлбөрт нийтдээ 377.934.294 төгрөг төлсөн. Зээлийн төлбөрийг Г.М болон түүний нөхөр Ц.Зургаагийн дансанд төлдөг байсан. Гэтэл Г.М нь Д.О, Д.Ч нараас зээлийн төлбөр хийсэн дээрх бүх мөнгийг зөвхөн хүү алдангид тооцож авдаг байсан бөгөөд одоогийн байдлаар дээрх мөнгөн төлбөрөөс гадна 100сая төгрөг шаардаж, орон сууцыг 100сая төгрөгөөр зарж мөнгийг нь авна гэж маргаж  байна. Г.Мын нэхэх мөнгөн дүн зогсолтгүй өссөөр байгаа учраас төлбөр төлөх санхүүгийн чадвар буурж байна. Бодит байдал дээр бид орон сууцаа Г.Мт бүр мөсөн өгөхөөр тохиролцоогүй. Орон сууцыг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  тохиролцсон ч энэхүү хүсэл зоригоо хуульд гэрээ хийгээгүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Амаар харилцан тохиролцсон барьцааны гэрээг халхавчилан бэлэглэлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56.1.3-р хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд Д.Ч, Ц.Зургаа нарын хооронд 2009-01-29-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56.1.3, 59.1-р хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 56.5-р үр дагаврыг арилгаж, Г.Мын нэр дээрх улсын бүртгэлийг хүчингүй болгож, орон сууцны өмчлөгчөөр Д.Чыг бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү. Түүнчлэн, Д.О, Д.Ч нар нь Г.Маас нийтдээ 247 860 000 төгрөг, 21 000 ам.доллар зээлж авсан. Эдгээр зээлийг гэрээнд заасан хүүгээр тооцох юм бол 274 000 233 төгрөг болон 24 043 ам.доллар төлөх үүрэгтэй байдаг. Зээлийн төлбөрт нийт 377 934 294 төгрөг төлсөн ба үүнээс 336 354 574 төгрөгийг Г.Мын Төрийн банк дахь дансанд 38 371 150 төгрөг болон 2 560 ам.долларыг Ц.Зургаагийн Төрийн банк дахь төгрөгийн болон Худалдаа хөгжлийн банкны валютын дансанд шилжүүлсэн. Шилжүүлсэн ам.долларыг ханшаар тооцоод нийтдээ 377 934 294 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний дагуу авсан зээлүүдээ 2013-12-28-ны өдөр хүртэл төлж ирсэн. Г.М нь Д.О, Д.Чаас төлбөр хийсэн дээрх мөнгийг зөвхөн хүү алдангид тооцож авдаг байсан бөгөөд одоогийн байдлаар нийт 93сая төгрөг нэхэж байна.   Зээлийн төлбөрт 71 228 669 төгрөг илүү төлсөн байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ. 

        Хариуцагч нар хариу тайлбартаа: Д.О, Д.Ч нарын надтай үүсгэсэн зээлийн харилцаа нь нэхэмжлэгч нарын хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардаж буй бэлэглэлийн гэрээтэй огт хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч  зээлийн гэрээ, бэлэглэлийн гэрээ нарыг хооронд нь холбож тайлбарладаг. Энэ гэрээнүүд хоорондоо ямар ч холбоогүй. Г.М, Д.О нар хоорондоо 2009-01-28 -ны өдөр 40сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Д.Ч, Б.Зургаа нарын хооронд 2009-01-29-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Энэ байр анхнаасаа н.Гантулгын байр байсан бөгөөд дараа нь Д.Ч бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан байдаг. “Транс Капитал” ББСБ-д барьцаанд уг орон сууцыг тавьсан байдаг. Ц.Зургаад, Б.Гантулга байрыг барьцаанаас чөлөөлж өгөөч гэж хэлсний дагуу барьцаанаас чөлөөлөөд үлдсэн мөнгөөр машин авах гэсэн юм гэж Б.Гантулга нар тохирсон. Д.О, Г.М нар  тохиролцож 40сая төгрөг зээлүүлсэн. Энэ гэрээ болон үйл явдлууд хоорондоо огт хамааралгүй. Энэ нь 2009-01-29-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдаад, 2009-01-30-ны өдөр барьцаанд тавьсан зээлийг хаасан баримтаар нотлогдож байна. Иргэний хуулийн 56.1.3, 59-д заасны дагуу хүчин төгөлдөр бус  гэдгийг  зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээ Д.О, Г.М нарын хооронд байгуулагдсан, бэлэглэлийн гэрээ Ц.Зургаа, Д.Ч нарын хооронд байгуулагдсан. Гэрээний талууд нь өөр, өөр хүмүүс. Ц.Зургаа нас барснаар эд хөрөнгө, эрх өвлөгдсөн. Ц.Зургаагийн хийсэн гэрээ хүчин төгөлдөр эсэх маргаанд Г.Мыг хариуцагчаар татаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 40.3-р хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна. Иргэний хуульд зааснаар бэлэглэлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Ц.Зургаагийн хүсэл зориг илэрхийлэгдээд гэрээ хүчин төгөлдөр болсон. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй. Нэхэмжлэгч зээлийн 10 гэрээ байгуулагдсан гэж ярьдаг ч 10 биш,  13 гэрээ  байгаа бөгөөд эдгээрийн үүргийн гүйцэтгэл дутуу биелэгдсэн. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Д.О  Г.Мтай 2009-01-28-ны өдрөөс 2013-08-20-ны өдөр хүртэл хугацаанд 14 удаа зээлийн гэрээ байгуулан 345.160.000 төгрөг, 39.000 ам.доллар зээлсэн. Д.О зээлсэн мөнгийг тухай бүрт нь бэлнээр авдаг байсан. 14 удаагийн зээлийн гэрээгээр Д.О гэрээнд заасан хугацаанд зээл түүний хүүг төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зохих ёсны хариуцлага хүлээхээр тус тус тохиролцсон.  Д.О нь зээлийн гэрээний дагуу 96.235.800 төгрөг, 46.895 ам.долларын зээлийн хүү төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй. Үүргээ биелүүлэхийг  шаардаж  нэмэлт хугацаа  олгосон боловч төлөөгүй. Шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргасан боловч  хаягтаа байхгүй гэх мэт шалтгаанаар шийдвэрлэгдээгүй. Иймд Д.Оыг Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 47 тоот орон сууцнаас албадан нүүлгэж өгнө үү.

       Нэхэмжлэлд дурдсан 10 удаагийн зээлийн гэрээ буюу 2009-01-28-ны өдөр 40 сая төгрөг, 2009-04-24-ний өдөр 15сая төгрөг 5 % хүүтэй 2 сарын хугацаатай, 2009-06-18-ны өдөр 14.360.000 төгрөг 5% хүүтэй 2 сарын хугацаатай, 2011-03-25-ны өдөр 20сая төгрөгийг 5% 1 сарын хугацаатай, 2012-04-26-ны өдөр 6000 ам.доллар, 2012-04-26-ны өдөр 20сая төгрөг, 2012-05-02-ны өдөр 10сая төгрөг 2,5% хүүтэй, 10хоногийн хугацаатай, 2012-10-11-ний өдөр 30сая төгрөг 3.5% хүүтэй, 2 сарын хугацаатай, 2012-11-13-ны өдөр 15000 ам.доллар 2.5% хүүтэй 2 сарын хугацаатай, 2013-05-06-ны өдөр 26сая төгрөг  хүүгүй., 2013-09-13-ны өдөр 72,5сая төгрөг тус тус зээлж авсан, нийт үнийн дүнгийн талаар маргаангүй. Харин үүн дээр нэмж 2011-12-12-ны өдөр Д.О 10.000 ам.доллар 5% хүүтэй зээлж, 10.500 ам.доллар төлөх ёстойгоос 5.000 ам.доллар төлсөн.  Д.О 2012-05-31-ний өдөр 18сая төгрөг хүүгүй, 2012-09-10-ны өдөр 30 сая төгрөгийг 3%  хүүтэй зээлж төлбөр төлөөгүй. Тооцож үзэхэд нийт 272.660.000 төгрөг, 31.000 ам.доллар зээлсэн байдаг. Зээлийн гэрээ тус бүрийг төлбөр төлсөн байдлаар тооцож үзвэл: 2009-01- 28-ны өдөр 40 сая төгрөгийн зээлийн гэрээ 51.572.000 төлж биелэгдсэн, 2009-04- 24-ний өдөр 15сая төгрөгийг зээлийн гэрээ 16.525.000 төгрөг төлж биелэгдсэн, 2009-06-18 -ны өдөр 14.360.000 төгрөгийн зээлийн гэрээ 15.899.900 төгрөг төлж биелэгдсэн, 2011-03-25-ны өдөр 20сая төгрөгийн зээлийн гэрээ 21сая төгрөг төлж биелэгдсэн, 2012-04- 26-ны өдөр 20сая төгрөгийн зээлийн гэрээ 28.4сая төгрөг төлж биелэгдсэн, 2012-04- 26-ны өдөр 6.000 ам.долларын зээлийн гэрээний дагуу 8.520 ам.доллар төлөх ёстой ч төлөөгүй тул   хүү алданги 12.780 ам.доллар нэхэмжилж байгаа, 2012-05-02-ны өдөр 10сая төгрөгийн зээлийн гэрээ 10.083.333 төгрөг төлж биелэгдсэн. 2 жил хэтрүүлсэн тул алданги 4.586.000 төгрөг нэхэмжилж байгаа, 2012-10-11-ний өдрийн 30сая төгрөгт 32.1сая төгрөг төлөх  ёстой ч төлөөгүй тул үндсэн зээл, хүү алданги 48.150.000 төгрөг нэхэмжилж байгаа, 2012-11-13-ны өдөр 15.000 ам.долларын зээлийн гэрээний дагуу 15.523 ам.доллар төлөх ёстой ч төлөөгүй тул  үндсэн зээл, хүү алдангид 23.062 ам.доллар нэхэмжилж байгаа, 2013-05- 06-ны өдрийн зээл 26 сая төгрөг төлж биелүүлсэн, 2013-09-13-ны өдрийн 72,5сая төгрөг төлж биелүүлсэн, 2011-12- 12-ны өдрийн 10.000 ам.долларын зээлийн гэрээний дагуу  үлдэх 5 500 ам.долларыг нэхэмжилж байгаа, 2012-05-31-ний өдөр зээлсэн 18 сая төгрөгийг төлөөгүй тул нэхэмжилж байгаа, 2012-09-10-ны өдөр зээлсэн 30.9 сая төгрөгийг төлөөгүй тул 15.450.000 төгрөгийн алданги тооцож, 46.350.000 төгрөг нэхэмжилж байгаа. Д.Оаас зээлийн өр төлбөрт 96.235.800 төгрөг, 46.895 ам.доллар, алдангид 36.086.000 төгрөг,11.947 ам.доллар, нийт 132.321.800 төгрөг, 58.842 ам.долларыг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч тооцоогоор 99.086.000 төгрөг, 41.342 ам.доллар болж байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгч нарын төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: 2011-12- 12-ны өдрийн 10.000 ам.долларын бичиглэлийг гэрээ гэж үзэхгүй. Д.О уг  долларыг аваагүй, хэн ч ийм бичиглэл зохиох боломжтой. Зээлийг 2011-12-12-ны өдөр аваад 5.500 ам.доллар төлөөгүй бол шаардах  боломжтой байсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Энэ гэрээгээр мөнгө аваагүй. 2012-05-31-ний өдрийн гэрээний дагуу Д.О мөнгө аваагүй, тэр үед Монголд байгаагүй. Шинжээчийн дүгнэлтээр гэрээнд зурагдсан гарын үсэг нь Д.Оы гарын үсэг биш гэсэн дүгнэлт гарсан. 2012-09-10-ны өдрийн гэрээнд   Д.Оы гарын үсэг байдаггүй. Уг зээлийн гэрээнд тусгагдсан мөнгийг Д.О аваагүй. Д.Отгонтуяа гэх хүнд хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг. Д.Отгонтуяад хүлээлгэж өгсөн гэх маргаан нь жичтэй шүүхээр шийдвэрлэгдэж байгаа. Төгрөгөөр гэх 3 гэрээнд алданги огт төлөөгүй гэх асуудал яригдаж байна. Огт төлөөгүй гэдгээ ямар баримтаар яаж нотолж байгаа нь тодорхойгүй байна. Мөнгө өгсөн авсан гэдгээ талууд хүлээн зөвшөөрсөн байгаа. Гэрээнд заасан хүүгийн хэмжээгээр зээлийг төлсөн. Алдангийг 50% бодож  байгааг ямар баримтаар гаргаж байгаа вэ гэдэг нь тогтоогдохгүй байна. Тооцоо нийлсэн акт байхгүй. 2013-09-10-ны гэрээний дагуу  бүгд төлөгдсөн. Хугацаа хэтэрсэн гэж үзвэл шаардах эрх нь тухайн зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн огнооноос эхлээд үүснэ, хөөн хэлэлцэх хугацаа  дууссан байна. 121.800.000 төгрөг Д.О аваагүй. Ийм зээлийн гэрээ байхгүй, гарын үсэг зураагүй. Д.Оы гарын үсгийг шинжлүүлье гээд шинжээч томилуулсан. Шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр Д.Оы гарын үсэг биш гэж гардаг. Д.Чын данс руу 72 500 000 төгрөгийг түр буюу 4 хоногийн хугацаатай шилжүүлсэн байдаг. Буцаагаад өмнөх зээлийн хүү төлбөртэй хамт 99сая төгрөгийг шилжүүлсэн байдаг. 72,5сая төгрөгийн гэрээ  байгуулж байгаагүй. Төлбөрийг гэрээнд заасны дагуу төлсөн. Хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна.

           Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл үндэслэлгүй. “Транс капитал ББСБ” ХХК-ийн зээлийн төлбөрт төлсөн гэж хэлдэг ч  өөр хоорондоо зөрүүтэй  тайлбарыг хэлдэг. 2009-01-28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаад 2009-01-29-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдаад, 2009-01- 30-ны өдөр 30сая төгрөгийг “Транс капитал ББСБ” ХХК-д төлсөн. 51 572 000 төгрөг болгож төлсөн гэдгийг зөвшөөрөөд байдаг нь эхний гэрээ дуусгавар болгосон гэдэг нь нотлогдож байна. Б.Зургаа 30сая төгрөгийг өөрөө гаргаад ямар эх үүсвэрээр төлсөн бэ гэдэг нь нотлогддоггүй. Г.М, Д.О тус тусдаа гэрээ гэж ярьдаг. Ц.Зургаагийн хүсэл зоригоор байр шилжиж байгаа. Г.М, Б.Зургаа нар нь гэрлэгчид. Тиймээс тэдний дундын эд хөрөнгө болсон. Үүний үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээгээр байрыг Г.М өвлөж авсан. Өвлөгч өвлүүлэгчийн хариуцлагыг хүлээнэ. Г.М нь захиагаар үйл баримтаа нотолсон. Өвлөж байгаа эд хөрөнгө Г.Мт шилжсэн. Халхавчлагдаад байгаа гэрээ заавал бичгээр байгуулж байж халхавчлагдана гэж байхгүй. Талууд хоорондоо зээлээ өгсөн. Ингэхэд барьцааны асуудал яригдана. Тухайн үед барьцаанд тавих боломжгүй байсан учраас 2009-01-30-ны өдөр Ц.Зургаагийн нэр дээр шилжүүлсэн. 40сая төгрөгийн барьцааны зүйл нь орон сууц болсон. Халхавчилж байгаа гэрээ нь бэлэглэлийн гэрээ юм. Орон сууц Г.М, Д.О, Д.Ч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болж байсан гэдэг нь харагддаг. Барьцаа хөрөнгө найдвартай байгаа учраас олон удаагийн зээлийг өгсөн байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01456 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 56 дугаар зүйлийн 56.4-т заасныг баримтлан Д.Ч, Ц.Зургаа нарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байр, 47 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204002147 дугаарт бүртгэлтэй, 44 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн Г.Мын нэр дээрх улсын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, Б.Чулуунбаатарыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээг олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Д.О, Д.Ч нарын   нэхэмжлэлийн үлдэх хэсгийг  Г.Мын сөрөг нэхэмжлэлийн хамт  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчдээс төлсөн 1 489 325 төгрөг, хариуцагчаас  төлсөн 1 480 476 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Г.Маас 357 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  нарт олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 20-ны өдрийн 2090 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01456 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан хүчин төгөлдөр бус байх Бэлэглэлийн гэрээний үндсэн дээр хариуцагч Г.Мын өмчлөх эрхэд бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байр, 47 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204002147 дугаарт бүртгэлтэй, 44 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч Д.Чын өмчлөх эрхийг сэргээсүгэй” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар  Г.Маас 71 228 669 төгрөг гаргуулж  Д.Од олгож,  Д.Оыг Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 47 тоот орон сууцнаас албадан нүүлгэх, Д.Оаас зээл, зээлийн хүү, алдангийн төлбөрт 99 086 000 төгрөг, 41 342 ам.доллар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Г.Мын нэр дээрх улсын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, Б.Чулуунбаатарыг өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээг олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 419 385 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 480 476 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Маас улсын тэмдэгтийн хураамжид 514 093 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нараас улсын төсөвт төлсөн 70 200 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.О, Д.Ч нарт тус тус олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

        Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “...Нэг. ИХШХШХ-аар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн тухайд: Анхан, давж заалдах шатны шүүх “зохигчдын хооронд 2009-01-28 -ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор маргаан бүхий орон сууцыг Д.Чаас Ц.Зургаагийн өмчлөлд Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн”, “нэхэмжлэгч Д.Ч нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр Ц.Зургаад шилжүүлсэн гэх үндэслэл хэргийн нөхцөл байдлаар тогтоогдохгүй байх тул Д.О, Г.М нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор бэлэглэлийн гэрээ байгуулсан’’ хэмээн дүгнэхдээ ИХШХШХ-аар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ. Тодруулбал, 2 шатны шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ нэхэмжлэгч Д.О, Г.М нарын хооронд 2012-10-11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 3 дахь хэсгийн заалт, гэрч нарын мэдүүлгийг үнэлсэн боловч эдгээр нотлох баримт нь нэхэмжлэгч нарын дүү Д.Отуяа нь Г.Маас маргаан бүхий орон сууцыг худалдаж авахаар 2014-03-20-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, орон сууцын үнийн урьдчилгаа төлсөн үйл баримтаар үгүйсгэгдэж буй байдалд бодитой дүгнэлт хийгээгүй буюу дараах нотлох баримтуудыг ИХШХШХ-ийн  40.1 дэх хэсэгт заасан нотлох баримтыг бүх талаас нь бүрэн бодитой харьцуулан үнэлэх журмыг, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв үнэлэх журмыг, 40.3 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчим, шаардлагыг ноцтой зөрчин дор дурдсан нотлох баримтуудыг үнэлээгүй, шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйд гомдолтой байна. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 93/, Шүүх хуралдаанд оролцсон гэрч Н.Баттулгын мэдүүлэг /анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл/, Д.Отуяагийн Н.Баттулгатай байгуулсан зээлийн гэрээ /XX 130-131/, Б.Гантулга. Д.Ч нарын 2008-07- 31-ний өдөр байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээ, Д.Чын Транскапитал ББСБ-тай 2008-08- 15-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ, зээлийн шугамын гэрээ, Д.Ч 2009-01-30-ны өдөр тус зээлийг төлснийг нотлох зээлийн дансны хуулга гэх баримтуудыг, Ц.Зургаагийн баримт бичгээс олсон хэмээн хариуцагч Г.М хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн үйл баримт. Давж заалдах шатны шүүх Г.М нь 2011-12-12 -ны өдөр 10.000 ам.доллар, 2012-05-31-ний өдөр 18.000.000 төгрөгийн, 2012-09-10-ны өдөр 30.900.000 төгрөгийн, 2013-08- 20-ны өдрийн 121.800.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан... Уг маргаан бүхий зээлийн гэрээнүүдэд зурагдсан гарын үсгүүд нь нэхэмжлэгчийн гарын үсэг биш болох нь шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд ... хариуцагч нь ... мөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн гэх тайлбараа ... нотлох үүрэг хэрэгжүүлээгүй’’ хэмээн нотлох баримтад үндэслээгүй дүгнэлтийг хийснээр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Тодруулбал, шүүх: 2012-05-31-ний өдрийн, 2013-08-20-ны өдрийн зээлийн гэрээнүүдэд зурагдсан гарын үсгийг шинжилж хийсэн шинжээчийн дүгнэлтийг 2011-12-12 -ны өдрийн, 2012-09-10-ны өдрийн гэрээнүүдэд мөн хийгдсэн мэтээр дүгнэсэн нь нотлох баримтад үндэслээгүй дүгнэлт болсон; Д.О нь 2011-12-12-ны өдрийн зээлийн гэрээгээр 10.000 ам.доллар зээлж, 2013-02- 08-ны өдөр Г.Мын Төрийн банк дахь 102100257753 тоот дансанд 5.000 ам.долларыг төлсөн нь баримтаар нотлогдсоор байтал шүүх гэрээ хийгдээгүй хэмээн дүгнэж, энэхүү дүгнэлтээ аль нотлох баримтад үндэслэн гаргаж буйгаа үндэслээгүй нь ИХШХШТХ-аар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн; Шүүх зохигчдын хооронд 2012-09-10-ны өдөр байгуулагдсан зээлийн 05 дугаартай нэмэлт гэрээг байгуулагдаагүй гэж дүгнэхдээ дээр дурдсанчлан нотлох баримтад үндэслээгүй, мөн зохигчдын хооронд 2013-11-13 -ны өдрийн 06 тоот нэмэлт гэрээний 5 дахь хэсгийн “Энэхүү гэрээ нь 2012-04-26-ны өдрийн 01 тоот гэрээ болон 2012-09-10-ны өдрийн 05 тоот нэмэлт гэрээний салшгүй хэсэг байна" /XX 327-328/ гэх заалтаар нэхэмжлэгч Д.О 2012-09-10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, мөнгө хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн үйл баримт, мөн гэрээн дэх “Энэхүү нэмэлт зээлийн мөнгийг Солонгос Улсаас Д.О, З.Гантулга нар утсаар ярьж төрсөн дүү Д.Отуяад зээлийг дамжуулж шилжүүлэхийг хүссэний дагуу Д.Отуяагаар зээлийн баримтад гарын үсэг зуруулж, мөнгийг олгов. Д.Отуяа би Д.О, З.Гантулга нараар яриулж авсан энэ 30сая  төгрөгийг төлөх үүргийг Д.О, З.Гантулга нарын хамт бүрэн хариуцна ...” гэх бичиглэл, Д.Оюуитуяагийн мөнгийг хүлээн авсан баримт /XX 322-323/, Г.М мөнгийг Хадгаламж банк дахь данснаасаа авсан зарлагын баримт /XX 321/ зэрэг хэрэгт ач холбогдолтой баримтыг үнэн зөв үнэлээгүй; Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хооронд 2012-05- 31-ний өдөр, 2013-08- 20-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээнүүдэд зурагдсан гарын үсгийг шинжилж хийсэн Шинжээчийн дүгнэлт бодит баримтад үндэслээгүй, илтэд эргэлзээтэй, үнэн зөв болох нь эргэлзээтэй, байгааг баримтаар тайлбарлан, үүнд маш гомдолтой байгаагаа илэрхийлэн ШШТХ-ийн 20 дугаар зүйлд зааснаар “Хэрэгт баримтаар авагдсан, Д.Оы маргахгүй буюу зөвшөөрч буй гарын үсэгтэй тус гэрээнүүд дэх гарын үсгийг дахин шинжилгээгээр харьцуулан шинжлүүлэх хүсэлт”-ийг удаа дараа гаргасан боловч хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Үндсэн хуулиар тогтоосон шударга шүүхээр шүүлгэх, хэргийн бодит үнэнийг тогтоолгох эрхийг ноцтой зөрчсөн. Давж заалдах шатны шүүх Г.М, Д.О нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүйгээр илтэд буруу үнэлж, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байх бөгөөд …Ийнхүү давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв үнэлэлгүй, хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргасан ба 2 шатны шүүх 2013-08- 23-ны өдрийн 121.800.000 төгрөгийн зээлийн гэрээг огт байгуулаагүй мэтээр дүгнэж, харин түүний оронд 2013-09-13-ны өдөр 72.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан хэмээн дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй болно. Хариуцагч талаас зээлийн эхний үүрэг гүйцэтгэгдсэнээр дараагийн үүргийн гүйцэтгэл хийгдэж байсан буюу үүрэг үүссэн дарааллаараа гүйцэтгэсэн хэмээн тайлбарлан алдангийг тооцон шаардсаар байтал давж заалдах шатны шүүх “...талуудын хооронд байгуулагдсан аль зээлийн гэрээний үүрэгт ямар хэмжээний алданги төлөх үүрэг үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч аль зээлийн гэрээний төлбөрт хэдэн төгрөгийн төлбөр төлөх үүргийг хугацаа хэтрүүлсэн үлдэгдэлтэй болохыг хариуцагч баримтаар нотолж чадаагүй байна. Тодруулбал, ямар зээлийн гэрээний үүрэгт хэдэн төгрөгийг хэдий хугацаагаар хэтрүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй ...” гэх илтэд үндэслэлгүй дүгнэлт хийн алдангийг шийдвэрлээгүй нь мөн л нотлох баримтыг буруу үнэлсэн, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон. Тодруулбал, хэрэгт зээлийн гэрээнүүд, зээл төлсөн баримтууд авагдсан байтал шүүх тооцоолол хийн шийдвэрлэх шаардлагатай асуудлыг “баримт авагдаагүй” гэх үндэслэлгүй дүгнэлт хийн алдангийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь үндэслэлгүй болсон. Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч Д.Оаас хариуцагч Г.Мын дансанд 2011-06- 02-ны өдрөөс 2013-09- 17-ны өдөр хүртэл 16 удаагийн үйлдээр 179 274 400 төгрөг, Ц.Зургаагийн дансанд 2010-11- 29-ний өдрөөс 12- 30-ны өдөр хүртэл 4 удаагийн гүйлгээгээрр 4.556.000 төгрөг нийт 183.830.400 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн болох нь хариуцагч Г.Мын Төрийн банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна” хэмээн дүгнэсэн нь дараах байдлаар нотлох баримтад үндэслээгүй буюу нотлох баримтыг буруу үнэлсэн дүгнэлт болсон. а) Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч талаас Г.Мын дансанд “Оюунаас” нэрээр төлөгдсөн төлөлт өөрсдийнх нь биш болохыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх бусдын төлсөн, нэхэмжлэгч бусдаас төлөгдсөн болохыг хүлээн зөвшөөрсөн төлөлтийг нэхэмжлэгч төлсөн мэтээр дүгнэж, нэхэмжлэгчийн төлөөгүй 34.282.400 төгрөгийг түүнийг төлсөн мэтээр, мөн Ц.Зургаагийн дансанд “Оюунаа-с” нэрээр төлөгдсөн, нэхэмжлэгчийн төлөөгүй 1.448.000 төгрөгийг Д.Оыг төлсөн гэж, тус дансан дахь нийт 4 удаагийн төлөлтийн 3.894.500 төгрөгийн дүнг 4.556.000 төгрөг болгон дүнг зохиомлоор, үндэслэлгүйгээр 662.000 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжлэгч төлсөн мэтээр дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн хэрэг болсон гэж үзэж гомдолтой байна. Д.О давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн 16 удаагийн үйлдлээр 179.274.400 төгрөг төлөөгүй бөгөөд дараах хүснэгтэд дурдсанаар 10 удаагийн үйлдлээр 118’992’000 төгрөгийн төлөлт хийсэн нь баримтаар нотлогдож байгаа болно /‘Болороо” гэх нэрээр төлсөн төлөлтийг тооцвол 144.992.000 төгрөг төлсөн тооцоо харагдана/. ... б.Хэрэгт авагдсан Г.Мын дансны хуулга /XX 246-250/-аар нэхэмжлэгч Д.Оы өмнөөс түүний дүү Д.Отуяагаас хариуцагч Г.Мын дансанд 2012 оны 12 дугаар сарын 28-ны  өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл дор дурдсан 58 удаагийн үйлдлээр 107.283.000 төгрөгийг шилжүүлсэн нь эргэлзээгүй нотлогдоно. Гэтэл давж заалдах шатны шүүх 76 удаагийн гүйлгээгээр нийт 226.714.000 төгрөг төлсөн гэх нотлох баримтаар нотлогдоогүй дүгнэлт хийж  Д.Отуяаг 119.431.000 төгрөгийг илүү төлснөөр дүгнэсэнд гомдолтой байна. Анхан, давж заалдах шатны шүүхээс “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан” баримтад үндэслээгүй дүгнэлтийг хийн хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн заалтаар олгосон эрхэд халдсан, ИХШХШТХ-аар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж гомдолтой байна.

         Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тухайд: Давж заалдах шатны шүүх ...зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, тэдгээрээр тохиролцсон талуудын тохиролцоог зөв үнэлээгүй, мөн ...гэрээний дагуух зээлийн эргэн төлөлтийн баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлээгүйн улмаас маргааныг шийдвэрлэхэд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Анхан, давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 40.3 дахь хэсгийн “Хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэх, мөн хуулийн 41.1 дэх хэсгийн “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэх заалтыг хэрэглээгүй. Нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлээ “Мягмар найдвартай зээлдэгч байлгах үүднээс өөрийн нөхрийн нэр дээр шилжүүлүүлчих” хэмээн шилжүүлүүлсэн гэж тайлбарладаг боловч энэ байдлаа нотлоогүйн дээр үүссэн харилцаа, байгуулсан гэрээнээс нь энэ хүсэл зориг огт илэрхийлэгддэггүй. Нэхэмжлэгч 2012 онд байгуулсан гэрээг барьж, шаардлагын үндэслэлээ тайлбарладаг боловч Ц.Зургаа 2009-01- 29-ний өдөр Бэлэглэлийн гэрээ байгуулж, 2010-12-15-ны өдөр нас барсан цаг хугацааны ялгамжаар үгүйсгэгддэг буюу өмнө нь хэн ч ямар нэг байдлаар илэрхийлээгүй байсан хүсэл зоригийг Ц.Зургааг нас барснаас хойш бүтэн 2 жилийн дараа байгуулсан зээлийн гэрээнд илэрхийлсэн нь тухайн буюу 2012 онд илэрхийлсэн хүсэл зориг хүчин төгөлдөр бус байсныг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, бэлэглэлийн харилцаанд оролцогч нас барснаас хойш 2 жилийн дараа түүний хүсэл зоригийг өөрчилсөн агуулга бүхий заалт гэрээнд тусгасан нь нас барагчийн хүсэл зоригийн илэрхийлэл болохгүй атал хэрэглэвэл зохих хуулийн дурдсан заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна. Хариуцагч Г.М нь маргаан бүхий орон сууцыг Ц.Зургаагаас өвлөн авсан нь нотлогддог бөгөөд тэрээр Иргэний хуулийн 240.1.2 дахь хэсэгт зааснаар гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар хариуцлага хүлээх, тайлбарлах хууль зүйн үндэслэлгүй. Гэтэл шүүх хуулийн хэрэглэвэл зохих тус заалтыг хэрэглээгүй нь үндэслэлгүй болсон. Гомдолд дурдсан үндэслэлийг хянаж, ...шийдвэр, ...магадлалыг тус тус хүчингүй болгон, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :

       Д.О, Д.Ч нар 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Г.Мт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “....Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 113-р байр, 47 тоот орон сууцыг бэлэглэх тухай 2009 оны 01 дүгээр 29-ний өдрийн гэрээг /хх 1-н 74,92/ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох...” /хх 1-ийн 1-3/-г шаардсан, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.О, Д.Ч нар нэхэмжлэлээ /хх 119/ нэмэгдүүлж, дурдсан орон сууцны өмчлөгчөөр Д.Чыг тогтоолгох, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр /хх 2-н 278-279/ шаардлагаа  нэмэгдүүлж, зээлийн гэрээний дагуу төлбөр хийхдээ илүү төлсөн 150.694.870 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

       Г.М нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй /хх 1-ийн 51, 138, 170-172/ маргахдаа, Д.Од холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж /хх 1-н 109/  Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 113-р байр, 47 тоот орон сууцыг чөлөөлөх, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шаардлагаа /хх2-301/ нэмэгдүүлж, 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд нийт 14 удаагийн гэрээний үүрэгт үндсэн зээл хүүгийн хамт 96.235.800 төгрөг, 46.895 ам.доллар., алданги 36.086.000 төгрөг, 11947 ам.доллар нийт 132.321.800 төгрөг, 58.842 ам.доллар нэхэмжилсэн. 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, Д.Оыг дурдсан орон сууцнаас гаргуулах, 132.321.800 төгрөг, 41.342 ам.доллар гаргуулах /хх 3-н 19/-г шаарджээ. 

      Дээр дурдсанаас үзвэл Д.О, Д.Ч нар “...Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 113-р байр, 47 тоот орон сууцыг бэлэглэх тухай 2009 оны 01 дүгээр 29-ний өдрийн  гэрээг /хх 1-н 74, 92/ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр Д.Чыг тогтоолгох, 150.694.870 төгрөг гаргуулах...” нэхэмжлэл гаргасан  байна.

      Г.М нь Д.Од холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, маргаан бүхий орон сууцыг чөлөөлүүлэх, нийт 132.321.800  төгрөг,  41.342 ам.доллар гаргуулахыг шаарджээ.

       Анхан шатны шүүх бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...орон сууцыг Г.М, Д.О нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн байна...нэхэмжлэлийг Г.Мт холбогдуулан гаргасан нь үндэслэлтэй...зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна... банкны орлогын баримтуудад ямар зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлж байгаа нь тодорхойгүй байна...” гэсэн дүгнэлт хийжээ.

      Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...нэхэмжлэгч өмчлөх эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй байна...зохигчдын хооронд зээлийн гэрээнүүд байгуулагдсан байна...хариуцагч зээлийн гэрээнд заасан мөнгийг нэхэмжлэгчид өгсөн гэх тайлбараа нотлоогүй... Д.Ч, З.Алтанцэцэг, Д.Одгэрэл нарын төлсөн төлбөрийг  Д.Оы зээлийн гэрээний үүрэгт тооцох үндэслэлгүй... зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч  121 494 984 төгрөг илүү төлсөн байх бөгөөд нэхэмжлэлийг шаардсан 71 228 669 төгрөгийн хэмжээнд хангана...” гэсэн үндэслэл зааж, Д.Чулуунбаатрын өмчлөх эрхийг сэргээж, Г.Маас 71 228 669 төгрөг гаргуулж Д.Од олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээг олгох шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

       Шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. 2009 оны 01 дүгээр 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 113-р байр, 47 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Чыг тогтоолгох, энэ тухай бүртгэж гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх  үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх тул “... орон сууцанд холбогдох сөрөг нэхэмжлэлийг хангуулах тухай...” гомдлыг хангах боломжгүй байна. 

        Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 113 дугаар байрны 47 тоот  орон сууцны өмчлөгчөөр Д.Ч 2008 оны 7 дугаар 31-ний өдөр бүртгэгдсэн байсан боловч өмчлөх эрх нь 2009 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр Г.М, Д.О нарын хооронд 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт Ц.Зургаагийн өмчлөлд шилжсэн үйл баримт хэрэгт буй баримтаар нотлогдсон байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56, 153, 156, 276 дугаар зүйлд нийцсэн дүгнэлт хийжээ.   

        Д.О, Г.М нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор хариуцагч нь Д.Чын өмчлөлийн орон сууцыг Ц.Зургаагийн нэр дээр шилжүүлэн авсан нь тогтоогдсон, уг гэрээг давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-г зөрчөөгүй тул энэ тухай хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.    

       Харин давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...өмчлөгчөөр бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах...” шаардлагын талаар хийсэн дүгнэлт дутагдалтай болжээ.  

       Д.Ч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар буюу өмчлөх эрхээ сэргээлгэхээр Г.Мт холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-г зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч гомдол гаргаагүй хэдий ч энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь хууль хэрэглээний хувьд зөв болох бөгөөд хариуцагчийн эрхэд нөлөөлөхгүй гэж дүгнэв.    

       2. Д.Ч, Д.О нар Г.Маас “...зээлийн төлбөрт илүү төлсөн гэж...”   150.694.870 төгрөг., Г.М нь Д.Оаас үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, алданги нийт  132.321.800  төгрөг, 41.342 ам.доллар шаардсаныг анхан шатны шүүх тус бүр бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосон нь  зөв болжээ.    

       а/. Зохигчид 2009-2013 оны хооронд 13-14 удаа зээлийн гэрээ байгуулж, мөнгө өгч авч байсан нь тогтоогдсон хэдий ч нэхэмжлэгч талын  гаргаж өгсөн баримтаар төлбөрийг аль  зээлийн гэрээний үүрэгт төлж байсныг тодорхойлох боломжгүй  байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа баримтаа өөрөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хүсвэл нотлох баримтыг шүүх бүрдүүлнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

        Д.О, Д.Ч нар  шаардлагаа нотолж чадаагүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхэд хариуцагчаас төлбөр гаргуулах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 281-р зүйлд нийцээгүй байна. Иймд энэ тухай хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

        б/. Г.М нь 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 6,000 ам.долларын зээлийн гэрээ, 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 30,000,000 төгрөгийг зээлийн гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 15,000 ам.долларын зээлийн гэрээний үүргийг зээлдэгч биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Д.Од холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан боловч  гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.  Мөн хэрэгт буй баримтаар төлбөрийг аль зээлийн гэрээний үүрэгт төлж байсныг    тодорхойлох боломжгүй буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотлогдоогүй гэж хоёр шатны шүүх үзсэн нь хэргийн баримтад үндэслэгдэж байна.       

     Зээлийн гэрээний дагуу хийгдсэн төлбөрийн тооцоо тодорхойгүй, энэ үйл баримтыг тогтоолгох хүсэлтийг талууд шүүхэд гаргаагүй тул “...гарын үсэгтэй холбоотой ...шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй...” гэх гомдол сөрөг нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй.   

       Түүнчлэн, Г.М нь зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүй явуулдаг байж  болох үйл баримт хэрэгт авагдсан байгааг дурдах нь зүйтэй  гэж үзлээ. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд хариуцагчид хүү, алданги шаардах эрх үүснэ. Г.М нь  2009-2013 оны хооронд 13-14 удаа зээл олгосон зэргээс үзвэл, хариуцагч “зээлийн үйл ажиллагаа” явуулдаг гэж дүгнэхээр байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4 дэх хэсэгт зааснаар банкнаас бусад этгээд зээлийн үйл ажиллагаа эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай. Г.М нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйг нотлох баримт хэрэгт байхгүй ч нэхэмжлэгч уг баримтыг шаардаагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээний талаар шүүх нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй болжээ. 

       Дээр дурдсаныг дүгнэн үзвэл, хэрэгт буй баримтаар Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 113-р байр, 47 тоот орон сууцны өмчлөгч нь Д.Ч байна. Нэхэмжлэлийн бусад шаардлага болон сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2090 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт,  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2017/01456 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан  Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 113-р байр, 47 тоот орон сууцны Г.Мын нэр дээрх бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож,  Д.Чын өмчлөх эрхийг сэргээж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4-р хороо, 15-р хороолол, 113-р байр, 47 тоот орон сууцны өмчлөгчөөр Д.Чыг бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 1.590.777 төгрөгийг Г.Мт захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х. СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б. УНДРАХ