Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2017/00216

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 16 өдөр          Дугаар 101/ШШ2017/00216          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 37а-740 тоотод оршин суух, Хиа нар овогт Чойндонгийн Мядагбадам /РД:ОЮ62012761/-ын нэхэмжлэлтэй, 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Мядагбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өлзийгэрэл нар оролцов.  

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Мядагбадам шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Мядагбадам миний бие нь Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэл трестийн гуанзанд тогоочоор 1978 оноос 1991 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсан. Энэ хугацаанд 13 жил 5 сар ажилласан боловч ажилд орсон, гарсан тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдсэн боловч усанд нороод шаардлага хангахгүй болсон байна. Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн кафе гуанзанд ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Намайг ажилд ороход трестийн дарга Гэндэнжав гэж байсан ба дараа нь Н.Гомбодорж дарга байсан. Гэрч Лхагва тогоочоор, Оюунтогтох нягтлангаар ажилладаг байсан. Бид бие биенийгээ мэднэ.

Иймд намайг Увс аймаг Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор 1978 оны 8 сараас 1991 оны 12 сарын 31-нийг дуустал ажилласан 13 жил 5 сарын хугацааг тогтоож өгнө үү...” гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрч нарын мэдүүлэг, фото зураг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Мядагбадам “ажиллаж байсан байдлаа тогтоолгох” хүсэлт гаргаж байх бөгөөд уг хүсэлтийнхээ үндэслэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул шүүхээр тогтоолгох шаардлагатай байна гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгчийн ажилд орсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр усанд норж шаардлага хангахгүй болсон, уг баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул түүний ажиллаж байсан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2, 135 дугаар зүйлийн 135.2.6, 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар шүүх хянан шийдвэрлэх ёстой байна.

 

Ч.Мядагбадам Увс аймаг Улаангом сум Худалдаа бэлтгэлийн трестэд 1979 оны 07 дугаар сарын 9-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал тогоочоор 12 жил 5 сар 22 хоног ажилласан байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Архивын тасгаас гаргасан ...Ч.Мядагмаагийн 1978-1991 онуудад авч байсан цалинг тодорхойлсон... тодорхойлолтын хуулбар, хамт олноороо авахуулж байсан фото зураг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлүүдэд заасан заалтыг баримтлан гэрчээр асуугдсан Ж.Оюунтогтох, Т.Лхагва нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Гэрч Ж.Оюунтогтохын “... Би 1977 оны 7 сарын 8-ны өдөр Худалдааны техниккумыг төгсөж очоод Увс аймгийн худалдаа бэлтгэлийн тресстэд нягтлан бодогчоор ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд Ч.Мядагбадам нь 1978 оны 7 дугаар сард нийтийн хоолны кафе гуанзанд тогоочоор томилогдон ажилласан, хэдэнд онд ажлаас гарсныг мэдэхгүй байна...”, Т.Лхагвагийн “... Би 1988 оны 6 дугаар сард Завхан аймгийн Техниккумыг нийтийн хоолны техник технологич мэргэжлээр төгсөж ирээд Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн трестед хувиарлагдаж, кафе гуанзанд туслах тогоочоор ажилласан. Ч.Мядагбадам нь намайг ажилд орохоос өмнө ажиллаж байсан, нэлээн олон жил ажилласан туршлагатай тогооч гэж ярьдаг байсан. Ч.Мядагбадамтай 1 жил хамт ажиллаад, Ч.Мядагбадам нь ахлах тогоочоор ажиллаж би түүний туслах тогоочоор 5 жил ажилласан. Тэгээд би 1990 оны 4 сард жирэмсний амралт авсан, тэрнээс хойш хамт ажиллаагүй...” гэх мэдүүлгүүд нь Ж.Оюунтогтохын Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестэд ажиллаж байхдаа шагнуулж байсан баярын бичгийн хуулбар, Т.Лхагвагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, фото зураг зэргээр тус тус нотлогдож байх тул гэрч нарын мэдүүлгүүдийг ач холбогдолтойд үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Ч.Мядагбадамын  1979 оны 7 сарын 9-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор 12 жил 5 сар 22 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ч.Мядагбадам шүүх хуралдаанд ...1977-1979 онд Завхан аймгийн Худалдааны техниккумд суралцаж байсан... гэж тайлбарлаж байх ба сурч байх хугацааг ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй, хөдөлмөрийн дэвтэр нь эх хувиараа хэрэгт авагдсан, усанд норсон хэдий ч худалдаа бэлтгэлийн трестэд 1979 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ажилд орсон талаарх бичилт тод харагдаж байна. Иймд Ч.Мядагбадамын 1978 оны 8 сараас 1979 оны 7 сар хүртэл Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор 11 сар ажилласнаа тогтоолгох гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хиа нар овогт Чойндонгийн Мядагбадамын 1979 оны 7 сарын 9-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестэд тогоочоор 12 жил 5 сар 22 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлээс  11 сар ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 7 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТЦЭЦЭГ