Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2024/ХШТ/106

 

С.Б, Х.Е нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч С.Б, Х.Е, тэдгээрийн өмгөөлөгч Б.Мөнхтөр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 476 дугаар магадлалтай, С.Б, Х.Е нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхтөрийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1966 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, ... овогтой С.Б;

2.Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, ... овогтой Х.Е.

Шүүгдэгч С.Б, Х.Е нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б, Х.Е нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа солих, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

шүүгдэгч Х.Е-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

шүүгдэгч С.Б, Х.Е нар нь 1,301,400 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Б, Х.Е нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ... улсын дугаартай, 14,509,688 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, хохиролд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар 28,601,880 төгрөгийг шүүгдэгч С.Б, Х.Е нараас хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхтөр гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... X.Е, С.Б нар нь анхнаасаа ойд очиж, ойгоос самар түүгээгүй ба Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 7 буудлын эцсээс самар зарж байсан хүмүүсээс самар худалдан авч тээвэрлэн явж байгаад саатуулагдсан байдаг. Тэгвэл самар байгалийн ямар бүтээгдэхүүн болох, яаж хэрэглэх, хэрхэн ашиглах тал дээр Монгол улсад өнөөдөр 2 янзаар 2 өөр байдлаар хууль хэрэглэж байна. Нэгэнт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын аль нэгийг хэрэглэснийг хууль зөрчсөн, эсхүл хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Байгаль орчны яам самрыг албан ёсоор Ойн санд хамаарагдахаар шийдвэр гаргасан. Гэтэл яамны сайдын тушаалын хавсралтаар самар нь ховор ургамлын жагсаалтад орсон байдлаас болж давхардал үүссэн байна.

Монгол улсад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т “Ойн дагалдах баялаг” гэж юуг ойлгох талаар нарийвчилсан заасан байна, үүнд самар гэж албан ёсоор оржээ. Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т ... энэ хуулийн 42.1.3-т “Ойн дагалдах баялгийн нөөц нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж тодорхой хуульчилсан. Гэтэл Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар тогтоосон Сибирь хушны нэг килограмм (98,900 төгрөг) самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөн нэмэгдүүлж, нийт 9,533,960 х 3 = 28,533,960 төгрөгийг гаргуулахаар тогтоосон нь үндэслэлгүй.

X.Е, С.Б нар нь самар худалдан авсан байтал байгаль орчинд хохирол учруулсан мэтээр дүгнэж, экологи, эдийн засгийн үнэлгээгээр гурав нугалсан хэмжээгээр төлүүлэхээр өөрчлөлт оруулсанд өмгөөлөгчийн хувьд эс хүлээн зөвшөөрч гомдож байгаа болно. Иймд дээрх хуулийн хэрэглээний зөрүүтэй байдлаас болж шат шатны шүүх дагалдах хуулийг өөр өөрөөр хэрэглэж байгаа хууль хэрэглээний зөрүүг хянаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Шүүгдэгч Х.Е, С.Б нар нь бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдсон байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” гэж заасан бөгөөд тус тогтоолд 2015 оны 410 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулахдаа “Нарсны төрлийн модны үр” /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулжээ. Тэгэхээр хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч нарын бусдаас худалдан авч, тээвэрлэсэн 96.4 кг самрыг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3497 дугаартай дүгнэлтээр “ховор ургамал” гэж үзсэн байх тул Эрүүгийн хуульд заасан Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Энэ талаар хоёр шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг анхан болон давж заалдах шатны шүүхээс зөрүүтэй байдлаар тайлбарлан шийдвэрлэсэн байх тул дараах байдлаар дүгнэлт гаргаж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар Сибирь хушны нэг килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 98,900 х 96.4 = 9,533,960 төгрөг байна. Үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 47,669,800 төгрөг байхаар хуульчилсан байхад анхан шатны шүүхээс зах зээлийн үнэлгээг 1,301,400 төгрөг гэж, давж заалдах шатны шүүх хэрэгт байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг 28,601,880 төгрөг гэж буруу тогтоосныг анхааралгүй, тус дүнгээр шүүгдэгч нараас гаргуулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 13-д “байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлөгч” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад заасан үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг ойлгоно, 11-д “байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ.

Шүүгдэгч Х.Е, С.Б нарын хувьд ховор ургамал болох самрыг бусдаас худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хууль бусаар бэлтгэж байгаль орчныг устгаж, гэмтээсэн үйл баримт хэрэгт тогтоогдоогүй, прокуророос шүүгдэгч нарыг хууль бусаар бэлтгэсэн гэж яллаагүй болно. Ийм учраас шүүгдэгч нарын үйлдлийн улмаас учирсан бодит хохирол нь Сибирь хушны нэг килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээ болох 98,900 х 96,4 = 9,533,960 төгрөг байх тул энэ дүнгээр шүүгдэгч нараас хохирлыг гаргуулан шийдвэрлэхээр байна.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох хуулийн зохицуулалт нь “самрыг хууль бусаар бэлтгэсэн тохиолдолд” байгалийг нөхөн сэргээх, хор уршгийг арилгуулах зорилготой юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хохиролтой холбоотой хэсэгт дээрх өөрчлөлтийг оруулан зөвтгөж, шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхтөрийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Б, Х.Е нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

2.Шүүгдэгч С.Б, Х.Е нар нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ашиг олох зорилгоор Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 96,4 килограмм Сибирь хушны үр идээ /самар/-ыг ... дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ... буудлын эцэс орчмоос худалдан авч, улмаар 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт ... улсын дугаартай “Тоёота филтэр” загварын автомашинаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч нарын самар тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг анх саатуулж үзлэг хийсэн Төмөр замын цагдаагийн газарт цагдаа зохицуулагч ажилтай Б.О-ын өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал), энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилогдсон Байгаль орчин, уур амьсгалын сангийн мэргэжилтэн Ц.Т-ийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал), тээврийн хэрэгсэл, хураагдсан самарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-23 дахь тал), яллагдагч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл (хавтаст хэргийн 30-32 дахь тал), хуш модны 96.4 кг нойтон самрын экологи-эдийн засгийн үнэлгээг 9,533,960 төгрөгөөр тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3497 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 66-71 дэх тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Хууль тогтоогч энэ төрлийн гэмт хэргийн объектив талын шинжийг “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” хэмээн хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан тул шүүгдэгч С.Б, Х.Е нарын хувьд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох хуш модны самрыг худалдан авсан, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Б, Х.Е нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг худалдан авсан, тээвэрлэсэн...” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж хууль зүйн дүгнэлт хийхдээ тухайн хэрэгт хамааралгүй “нэн ховор ургамал, … тэдгээрийн үр, эрхтнийг” гэсэн нэр томъёог дүгнэлтдээ оруулсан нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б, Х.Е нарын бусдаас худалдан авч, тээвэрлэж явсан хуш модны 96,4 кг нойтон самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн, худалдсан хүнийг мөрдөн шалгаж, хураагдсан самрын эх үүсвэрийг тогтоосон эсэх нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй.

3.Анхан шатны шүүх шүүгдэгч С.Б, Х.Е нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, хувийн болон эрүүл мэндийн байдлыг нь харгалзан шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд оршин суух газар, ажлаа солих, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Х.Е-ийг мөн зүйл, хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, хохиролд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэв.

Харин шүүх хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч С.Б-д тэнсэх журмыг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримталсан нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолд зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй.

4.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхтөр хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... X.Е, С.Б нар нь анхнаасаа ойд очиж, ойгоос самар түүгээгүй ба ... дүүргийн нутаг дэвсгэр ... буудлын эцсээс самар зарж байсан хүмүүсээс самар худалдан авч тээвэрлэн явж байгаад саатуулагдсан... Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т самар нь ойн дагалдах баялагт хамаарах талаар нарийвчлан заасан бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “... Ойн дагалдах баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж тодорхой хуульчилсан. Гэтэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар тогтоосон Сибирь хушны нэг килограмм  (98,900 төгрөг) самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөн нэмэгдүүлж, нийт 9,533,960 х 3 = 28,533,960 төгрөгийг гаргуулахаар тогтоосон нь үндэслэлгүй” гэжээ.

Хууль тогтоогч байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахдаа экологи–эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу өсгөн нэмэгдүүлж,  Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.

Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи, эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэснийг баримтлан 96,4 кг цайруулсан самрын зах зээлийн үнэлгээ болох 1,301,400 төгрөгийг (мөрдөн байцаалтын шатанд шинжээчээр томилогдсон “Дамно” ХХК-иас тогтоосон) шүүгдэгч нараас гаргуулах, харин давж заалдах шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т “ойн санд учирсан хохирлын ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасныг баримтлан шүүгдэгч нараас 9,533,960 х 3 = 28,601,880 төгрөг гаргуулахаар тус тус шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг бүхэлд нь хамгаалах, нөхөн сэргээх, тэдгээртэй холбогдсон цогц харилцааг зохицуулахаар Улсын Их Хурлаас 1995 онд батлан гаргасан суурь хууль юм.

Суурь хуулийн хэм хэмжээнд тулгуурлан байгалийн тодорхой төрлийн объектод хамаарах харилцааг холбогдох салбар хууль, эрх зүйн бусад актуудаар нарийвчлан зохицуулдаг онцлогтой.

Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн:

1/ “байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг; 

2/ “байгалийн ургамлын нөөц” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгохыг зааснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлд ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг ойлгохоор хуульчилжээ.  

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” гэж заасан бөгөөд тус тогтоолд 2015 оны 410 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулахдаа “Нарсны төрлийн модны үр” /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулсан байна.

Ойн тухай хууль нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн:

3.1.1. “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг;

3.1.2. “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг;

3.1.11. “ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг;

3.1.12. “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар ... зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэсэн хуулийн нэр томьёог тус тус хуульчилснаас үзэхэд Сибирь хушны үр идээ /самар/ нь ойн дагалт баялаг мөн боловч хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж буй ховор ургамалд давхар хамаарч байна.

Ойн тухайн хуулиар тухайн байгалийн ургамлууд ургаж буй ойн бүсчлэлийг тогтоож улмаар тус бүcчлэлийн хүрээнд ургамлуудыг хэрэглээнийх нь шинж чанараар мод ба бусад дагалдах баялаг хэмээн зөвхөн ойн баялгийн нөөцийг ерөнхийлсөн байдлаар тодорхойлсон байх тул дээрх хууль тогтоомжуудын хооронд зөрчилдөөн байхгүй гэж үзнэ.

Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар Сибирь хушны нэг килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 98,900 төгрөгөөр тогтоосон болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Х.Е, С.Б нар нь өөрсдөө 96,4 кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг ойгоос хууль бусаар түүж бэлтгэсэн үйл баримт тогтоогдоогүй, харин бусдад зарж борлуулах зорилгоор ... дүүргийн нутаг дэвсгэр ... буудлын орчимд самар зарж буй хүмүүсээс худалдан авч, тээвэрлэсэн үйлдэлд гэм буруутайд тооцогдсон байхад давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдлийг хууль бусаар ойгоос самар түүж бэлтгэсэн үйлдэлтэй адилтган үзэж, тэдний дээрх үйлдлийн улмаас ойн санд 28,601,880 төгрөгийн хохирол учирсан гэж экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөн нэмэгдүүлж дүгнэсэн хэсэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Хууль тогтоогч Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж хуульчлан заасан бол “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймаг, эсхүл ойн санд шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлт болон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхтөрийн хяналтын журмаар гаргасан гомдлоос “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар Сибирь хушны нэг килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 98,900 х 96.4 = 9,533,960 төгрөгийг 3 дахин өсгөн нэмэгдүүлж нийт 28,533,960 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй.” гэсэн хэсгийг тус тус хангаж, шүүгдэгч С.Б, Х.Е нарын үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээг 96,4 х 98,900 = 9,533,960 төгрөгөөр тооцож, уг үнийн дүнгээс шүүгдэгч нарын төлсөн 1,301,400 төгрөгийг хасаж, зөрүү 8,232,560 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийтгэх тогтоол болон магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүгдэгч ... овогт ..-н Б, ... овогт Х-н Е нарыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтад  “Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэснийг

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б, Х.Е нараас 8,232,560 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлсүгэй” гэсэн заалт нэмсүгэй.

3.Шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 476 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнхтөрийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧИД                                     Б.БАТЦЭРЭН

                                                      М.ПҮРЭВСҮРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.ЦОГТ