Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2020/0400

 

 

 

 

 

Б.Б-ны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 292 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Б.Б-ны нэхэмжлэлтэй, Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 292 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын хилийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.3, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ны Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1790 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангид харуулын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор /цалин хангамж, нэмэгдэл/-ийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлэн, захиргааны акттай холбоотой маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгчийн хувьд Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1790 дугаар тушаалд дурдсан Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д “цэргийн нийтлэг дүрэм, цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн” гэх үндэслэл Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн” гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа болно.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хурал дээр Б.Б-ыг маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл болсон Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-д заасан “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн” гэх зөрчил гаргаагүй, бичвэрийн алдаа гэж тайлбарлаж улмаар Б/1790 дүгээр тушаалыг хүчингүй болох үндэслэлтэй болохыг нотолсон юм.

Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл болсон дээрх хоёр хуулийн заалтын зөвхөн Цэргийн албан тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг хариуцагч гол үндэслэлээ болгосон. Энэ үндэслэлээр маргаан бүхий тушаалын үндэслэлтэй эсэхийг дүгнэнэ гэсэн байдлаар хууль зөрчин өрөөсгөл дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Учир нь хариуцагч нэхэмжлэгч Б.Б-ыг цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн, мөн албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зөрчлүүдийг гаргасан гэх байдлаар буруутгаж маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлийг боловсруулж гаргасан байна.

Гэтэл анхан шатны шүүх Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-д заасан “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн” гэх үндэслэл уг тушаалд хамааралгүй, тушаалын хуулийн үндэслэлтэй эсэхэд нөлөөлөхгүй мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг хянах ёстой үүргээ хэрэгжүүлээгүй болохыг анхаарч үзэхийг хүсч байна.

Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1790 дүгээр тушаалд нэхэмжлэгчийг хугацаат цэргийн албан хаагчтай дүрмийн бус харьцан эрх чөлөөнд нь халдсан гэх ганцхан шалтгаанаар захиргааны санаачлагаар албан тушаалаас чөлөөлсөн байдаг.

Гэтэл шүүх маргаан бүхий тушаалд хариуцагчийн дурдсан Б.Б-ны гаргасан зөрчлийн агуулгаас хальж, уг тушаалд байхгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж, тухайлбал бусдыг хэл амаар доромжилсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж хариуцагчийн гаргасан тушаалын агуулгыг өөрөө шинээр тодорхойлж, түүнийг цэргийн албанаас халсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн илт хууль бус дүгнэлтийг хийсэн байна.

Улмаар шүүх нь “Цэргийн нийтлэг дүрэм, цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн” гэдгийг 2 ба түүнээс дээш зөрчсөнийг ойлгох ба зөрчил бүрт нь сахилгын шийтгэл заавал оногдуулсан байхыг шаардахгүй бөгөөд энэхүү маргааны тохиолдолд Б.Б нь албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдын биед халдаж зодсон, бусадтай хүндэтгэлгүй харьцаж, этгээд үг хэллэг хэрэглэж, бусдын нэр төрийг гутаан доромжилсон зэргээр цэргийн нийтлэг дүрэм, цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн байдлаар дүгнэж, уг тушаалыг үндэслэлтэй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны актын хуулийн үндэслэл нь уг тушаалын агуулга, тушаалд нэрлэн заасан зөрчилтэй нийцэж байж уг тушаалыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, маргаантай асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.

Хариуцагч нь Б.Б-ыг цэргийн албанаас халсан тушаалын үндэслэл болсон хуулийн заалтуудыг зөв хэрэглэсэн тохиолдолд маргаан бүхий тушаалыг үндэслэл бүхий гэж үзэх хуулийн зохицуулалттай бөгөөд энэ байдлаа нотолж чадаагүй, удмаар өөрсдийн тайлбараар Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-г буруу хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байхад шүүх энэ нөхцөл байдлыг үнэлж чадалгүй буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай бол” захиргааны акт илт хууль бус болно гэж зохицуулсны дагуу маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл нь агуулгатайгаа нийцэхгүй, энэ байдлаа хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул 47.2-т заасны дагуу уг тушаал нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй болохыг тогтоож, тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Анхан шатны шүүх Монгол Улсын Хилийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.3, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Б-ыг цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн, сахилгын зөрчил гаргасан тул түүнд сахилгын хариуцлага хүлээлгэж цэргийн албанаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий болсон гэж тайлбарласан.

Хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан Цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цэргийн албан хаагчийн Ёс зүйн дүрмээр бол ёс зүйн зөрчил гаргасан цэргийн албан хаагчийн ёс зүйн зөрчлийг шалган шийдвэрлэх тусгай журамтай боловч уг дүрмийн заалтуудыг хариуцагч мөрдөөгүй болох нь тогтоогдсон болно.

Цэргийн дотоод албаны дүрмийн Цэргийн албан хаагчийн хүлээх хариуцлагын талаар 14 дүгээр зүйлийн 14.1-д “цэргийн албаны ёс зүй, цэргийн сахилга, цэргийн дүрэм зөрчвөл сахилгын хариуцлага хүлээнэ гэж заасан байна. Цэргийн сахилгын дүрмийн Гуравдугаарт бүлэгт Цэргийн сахилгын шийтгэлийг тодорхойлсон ба уг дүрмийн 32-т сахилгын шийтгэлийн төрлийг нэрлэн заасан байна.

Гэтэл шүүх хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа Цэргийн сахилгын дүрмийг үндэслэл болгоогүй байх тул Цэргийн сахилгын дүрмийн заалтууд нэхэмжлэгчид хамааралгүй мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч нь Б.Б-ыг ёс зүй, сахилгын зөрчил гаргасан гэж тооцсон тохиолдолд Цэргийн албанд мөрдөж буй холбогдох дүрмийн заалтуудыг мөрдөх үүрэгтэй байна.

Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбараас харахад Б.Б-ыг 2011 оноос 2015 оны 05 дугаар сард хүртэлх хугацаанд удаа дараа ёс зүйн дүрмийг зөрчиж сахилга, ёс зүйн зөрчлүүдийг гаргаж байсан гэж дурдаад уг зөрчлүүдэд нь тухайн үед нь сахилгын хариуцлага тооцож байсан боловч энэ байдал нь түүнийг цэргийн албанаас халахад шууд хамааралтай, сахилгын шийтгэлтэй гэж тооцно гэснийг зөвшөөрөхгүй байгаа болно.

Цэргийн сахилгын дүрмийн 42 дугаар зүйлд “Сахилгын шийтгэл оногдуулснаас хойш офицер, ахлагч 12 сарын хугацаанд дахин сахилгын шийтгэл хүлээгээгүй бол шийтгэлгүйд тооцно” гэж заасан нь хариуцагчийн тушаалын үндэслэлийг зөвтгөх гэсэн дээрх тайлбарыг үгүйсгэж байна.

Нэхэмжлэгчийг цэргийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1790 дүгээр тушаал нь дээр дурдсан үндэслэлээр илт хууль бус байх тул уг хэргийг гомдлын дагуу хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1790 дүгээр тушаалаар Б.Б-ыг хугацаат цэргийн алба хаагчтай дүрмийн бус харьцан эрх чөлөөнд нь халдсан гэсэн үндэслэлээр Монгол Улсын Хилийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.3, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг тус тус баримтлан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс захиргааны санаачлагаар албан тушаалаас нь чөлөөлж, цэргийн албанаас халжээ.

Цэргийн дотоод албаны дүрмийн 13.2-д зааснаар цэргийн алба хаагч нь Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлж, захирах, захирагдах ёс, цэргийн албаны ёс зүйн хэм хэмжээг мөрдөх, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын ёс зүйн дүрмийн 3.4.2-т зааснаар албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхах явдал гаргахгүй байх, мөн дүрмийн 3.5.6-д зааснаар бусадтай хүндэтгэлтэй харьцаж, этгээд үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төрийг гутаан доромжлохыг цээрлэх, Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн дүрэм-ийн 4.1.11-д зааснаар албан хаагч хил хамгаалах байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрэм, үйлчилгээний стандартыг чанд мөрдөх үүрэгтэй байна.

Гэтэл хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд заставын жижүүр ахлах ахлагч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр заставын жижүүрийн албан үүрэг гүйцэтгэж байх явцдаа хугацаат цэргийн албан хаагч Д.Х-ыг “Өчигдөр идсэн хоолоо мартсан” гэх шалтгаанаар өшиглөж зодсон, ариун цэврийн зааварлагч А.Ө-ийг хууль ёсны шаардлага тавихад “Чамд хамаагүй муу авгай минь ... Чи энэ заставын буг” гэж хэл амаар доромжилсон болох нь тогтоогджээ. Энэхүү гаргасан зөрчлийн тухайд маргаангүй, нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч, шударгаар буруугаа хүлээж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “удаа дараа зөрчил гаргаагүй, өмнөх зөрчлүүдийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэжээ. Цэргийн нийтлэг дүрэм, Цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн гэдгийг 2 ба түүнээс дээш зөрчсөнийг ойлгох ба зөрчил бүрт нь сахилгын шийтгэл заавал оногдуулсан байхыг шаардахгүй бөгөөд энэхүү маргааны тохиолдолд Б.Б нь албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдын биед халдаж зодсон, бусадтай хүндэтгэлгүй харьцаж, этгээд үг хэллэг хэрэглэж, бусдын нэр төрийг гутаан доромжилсон зэргээр Цэргийн нийтлэг дүрэм, Цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн давж заалдах гомдол болон тайлбарт “тушаалд 2 үндэслэл заасан 1 үндэслэл нь үгүйсгэгдсэн байхад тушаал өөрөө хүчинтэй байх боломжгүй” гэсэн агуулгаар маргаж байна. Албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байхад Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-д заасныг тушаалын үндэслэлд дурдсан нь буруу боловч энэ нь “бичвэрийн алдаа” гэж хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн, тушаал нь Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр байх боломжтой, уг зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хэргийн зөрчлийн нөхцөл байдал болон бусад хууль, дүрэм, журмын заалт зэргийг бүхэлд нь үнэлж дүгнэж Б.Б-ыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангид Харуулын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах боломжгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.