Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0292

 

2020 оны 05 сарын 05 өдөр Дугаар 128/ШШ2020/0292 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Хил хамгаалах ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1790 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Сүхбаатар аймгийн Э******* сум дахь Хилийн цэргийн ******* дугаар ангид харуулын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор /цалин, хангамж, нэмэгдэл/-ыг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Хил хамгаалах ерөнхий газрын даргын Увс аймаг,Б******* суман дахь Хилийн цзргийн ******* дүгээр ангид харуулын даргын албан тушаалд анх томилогдон ажиллаж, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс Сүхбаатар аймгийн Э******* сум дахь Хилийн цэргийн ******* дугаар ангид харуулын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан

Хилийн цэрэгт 16 жил ажиллах хугацаанд хилийн цэргийн удирдлага, анги байгууллага миний ажил хөдөлмөрийг үнэлж, Монгол Улсын онц хилчин тэмдэг, Хил хамгаалахад амжилт гаргасны төлөө тэмдэг, Хилийн цэргийн 80 жилийн ойн медаль, Хилчний алдар 1,2,3 тэмдгээр шагнагдаж байсан.

Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө Хилийн 5 дугаар заставын жижүүрийн үүргээ гүйцэтгэж дуусах үед жижүүрээр ажилласан хоногийн рапортанд цайны газарт цэргүүдийн идсэн хоолны талаар бичихийн тулд хугацаат цэргийн албан хаагч Д.Х-аас өглөө ямар хоол идсэн бэ гэж асуухад, ямар хоол идсэнээ мэдэхгүй гэсэн хэгжүүрхсэн хариулт хэлээд гүйгээд явсан. Тэгэхээр нь миний бие хойноос нь очоод яахаараа албан хаагчийн асуултад бүрэн дүүрэн хариулж болохгүй байгаа юм бэ гэсэн шаардлага тавихад өмнөөс хүн мартаж санаж болдог байгаа юм биз дээ ... гэсэн хариулт өгөхөөр нь 2 удаа алгадан авсан үйлдэл хийснээ шударгаар хүлээсэн, цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн зөрчил гаргасандаа маш их гэмшиж харамсаж байгаа билээ.

 

Хугацаат цэргийн албан хаагч нь Цэргийн албаны тухай хууль, Монгол Улсын

Цэргийн дүрэмд захирагдан тухайн албаны ахлах албан тушаалтанд захирагдан асуусан асуултад дүрмийн дагуу хариулт өгөх үүрэгтэй байдаг.

 

Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар намайг хугацаат цэргийн албан хаагчтай дүрмийн бус харьцан эрх чөлөөнд нь халдсан гэх шалтгаанаар захиргааны санаачилгаар албан тушаалаас чөлөөлж, цэргийн албанаас халсанд гомдолтой байна. Уг тушаалд дурдсанаар Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх гэж заасныг миний бие огт зөвшөөрөхгүй байна. Миний бие 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс Сүхбаатар аймгийн Э******* сум дахь Хилийн цэргийн ******* дугаар ангид харуулын даргын албан тушаалд томилогдон ажилласнаас хойш нэг ч удаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, мөн албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдол байхгүй.

Миний бие цэргийн албаны үүргээ ёсчлон биелүүлж, албаны даргын өгсөн тушаал, шийдвэрийн биелэлтийг цаг алдалгүй биелүүлэн ажиллаж ирсэн.

Би Монгол Улсын хилийн цэргийн албанд хоёргүй сэтгэлээр хандаж, Монгол Улсынхаа хилийн манаанд зогсож, төрийн албандаа үнэнчээр зүтгэж явсан жирийн нэгэн албан хаагч билээ. Би төрийн албанаас халагдсанаар ар гэр, үр хүүхдүүдийн амьдралын баталгаа алдагдаж, өвчтэй хүүгийнхээ эмчилгээний зардлыг ч төлж чадахгүй хүнд хэцүү байдалд ороод байна. Би бага насны 4 хүүхэдтэй ба дунд хүү маань харааны бэрхшээлтэй төрсөн учраас олон удаа хагалгаа хийлгэж, байнгын

эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Би хүүгийнхээ эмчилгээнд зориулж, ******* банкнаас 15 сая төгрөгийн цалингийн зээл авсан ба уг зээлийн хугацаа 2021 оны 04 дүгээр сард дуусах юм.

Иймд миний нэхэмжлэлийн дагуу Хил хамгаалах газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1790 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Сүхбаатар аймгийн Э******* сум дахь Хилийн цэргийн ******* дугаар ангид харуулын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тушаалын хууль зүйн үндэслэлийг харахаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримталсан байдаг бөгөөд цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа, дараа зөрчсөн гэсэн байдаг. Удаа, дараа гэдгийг хариуцагчийн тайлбараас үзэхэд Б.Б-ы хувьд арга хэмжээ авагдаж байсан бөгөөд 2017 оноос хойш сахилгын зөрчил гаргаагүй. 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр анх удаа зөрчил гаргасан бөгөөд удаа, дараа гэдэг нь үндэслэлгүй юм. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дугаар зүйлийн 8.1.9-д заасан зөрчлийг Б.Б-ы хувьд гаргаагүй. Иймд тушаалхууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хариуцагч талаас сахилгын, ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргаж байсан талаар тайлбарладаг. Энэ тайлбараас үзэх юм бол 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн байдаг. Түүнээс хойш миний үйлчлүүлэгч ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Ажлаас халахдаа удаа, дараа зөрчил гаргасныг үндэслэл болгосон байдаг бөгөөд ийм үндэслэл байхгүй. Хариуцагч талаас сахилгын шийтгэл оногдуулсанаас хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэн заалтыг тайлбарлахдаа сахилгын зөрчил насан туршид байна гэж тайлбарлаж байгаа нь өнөөдрийн хууль тогтоомжийн агуулгад нийцэхгүй. Цэргийн сахилгын дүрэмийн 41 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл оногдуулсанаас хойш 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно. Аливаа зүйлд хөөн хэлэлцэх хугацаа гэж байдаг. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн зөрчил бол Б.Б-ы хувьд анх удаа гаргасан зөрчил юм. Цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг бичвэрийн алдаа гэж тайлбарлаж байна. Энэ нь тухайн тушаалын үндэслэл болж байгаа. Миний үйлчлүүлэгч удаа, дараа зөрчил гаргаж байгаагүй.

Нэхэмжлэгчийг ажлаас халах гол үндэслэл нь хугацаат цэргийн албан хаагчтай дүрмийн бус харьцаж, эрх чөлөөнд нь халдсан. Ийм үйлдлийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан энэ зөрчилд нь сахилгын хариуцлага тооцсон гэж байна. Энэ нь сахилгын зөрчил үү, ёс зүйн зөрчил үү гэж хариуцагчаас тодруулсан бөгөөд өөрөө сахилгын зөрчил гэж хариулсан. Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн гэсэн заалтыг баримталж байгаа нь үндэслэлгүй байна. ... Хариуцагч талын гаргасан тушаалын үндэслэлд гаргасан зөрчил тохирохгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

 

Цэргийн дүрэм, цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг Б.Б зөрчсөн асуудлыг хариуцагч тайлбарлахдаа ёс зүй гэхээсээ илүү, сахилгын зөрчил гэж ярилаа. 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Цэргийн сахилгын дүрмийн 29 дүгээр зүйл болон 32, 41 дүгээр зүйлүүдийг шинжлэн судлуулсан бөгөөд цэргийн албан хаагчийг ажлаас халах зохицуулалт байхгүй байгааг анхаарч үзнэ үү. Хэрвээ ёс зүй зөрчил гаргасан гэж үзэж байвал Ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шалгах ажиллагаа явуулах ёстой байсан бөгөөд ийм ажиллагаа хийгдээгүй. Иймд ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл байхгүй байна.

 

Маргаан бүхий захиргааны акт хуульд нийцэж гарсан эсэх дээр шүүх дүгнэлт хийх ёстой. Маргаан бүхий захиргааны актын үндэслэх хэсэг болж байгаа Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-д албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх гэдгийг бичвэрийн алдаа гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй. Захиргааны акт хуульд нийцсэн үндэслэл бүхий байх ёстой. Захиргааны актын илэрхий алдааг захиргааны байгууллага өөрөө өөрчлөх эрхтэй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-д заасан албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундааг Б.Б хэрэглээгүй гэдгийг тайлбарлажхэлсэн бөгөөд хэрэглэсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Ийм учраас

захиргааны акт нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байх ёстой. Илт хууль бус захиргааны актын шинж нь утга агуулгын илэрхий алдаатай байх явдал юм. Хууль зүйн үндэслэлийг авч үзэх юм бол Б.Б-ы хувьд хоёр зөрчил харагдаж байна. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэж эрх зүйн үйлчлэлгүй байх бөгөөд Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/1790 дугаартай тушаал илт хууль бус байна. Хугацаат цэргийн албан хаагчаас ямар хоол идсэнийг нь Б.Б асуусан нь түүнийг ажлаас халах үндэслэл болохгүй бөгөөд удаа, дараа ёс зүйн болон сахилгын зөрчил гаргаагүй. Аливаа гаргаж байгаа акт, тушаал нь хуульд нийцсэн байх ёстой бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцэж гараагүй. Маргаан бүхий захиргааны актаа Хууль зүйн яамны нэгдсэн системд бүртгэсэн баримт байгаа юу гэхээр байхгүй гэж хариулсан. Энэ тушаалыг зөрчсөн гэж миний үйлчлүүлэгчийг буруутгах үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

 

Нэг. Б.Б нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2003 оны 317 дугаар тушаалаар хилийн ******* дүгээр ангид дэд ахлагч цолтой харуулын даргын албан тушаалд томилогдсоноос хойш дараах сахилга, ёс зүйн зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээж байсан. Үүнд:

1. Хариуцсан харуулын байрлалаа дур мэдэн хаяж, хил хамгаалалтыг орхигдуулсан тул ангийн захирагчийн 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/119 дүгээр тушаалаар сануулж,

2. Хилийн зөрчил илрүүлээгүй, сарын ажлын дүнгээр хангалтгүй дүн үзүүлж, албандаа хайнга хандсан тул ангийн захирагчийн 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/19 дүгээр тушаалаар Үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах;

3. Архидан согтуурч, хугацаат цэргийн алба хаагчтай дүрмийн бус харьцсан тул ангийн захирагчийн 2011 оны 11 дугээр сарын 18-ны өдрийн Б/178 дугаар тушаалаар Үндсэн цалинг 3 сар 20 хувь бууруулах;

4. Хил хамгаалах байгууллагын ёс зүйн дүрмийг ноцтой зөрчиж, хилийн заставын байрлалд ёс зүйн зөрчил гаргасан тул ангийн захирагчийн 2012 оны 09 дугээр сарын 09-ний өдрийн Б/148 дугаар тушаалаар Үндсэн цалинг 3 сар 20 хувь" бууруулах;

5. Хилийн заставын даргын хил хамгаалах хоногийн томилгоог дур мэдэн зөрчиж, заставын жижүүрийнүүрэг гүйцэтгээгүй, тавьсан шаардлагыг

биелүүлээгүй тул ангийн захирагчийн 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/65 дугаар тушаалаар Үндсэн цалинг 2 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан.

 

6. 2017 оны 02 дугаар сард дахин архи ууж, асуудал гаргаж, захиргааны санаачлагаар халах гэхэд гэр бүлийн асуудлаа тоочин өөрийн хүсэлтээр халагдах хүсэлт гаргасныг харгалзан үзэж, Б.Б-ыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/528 дугаар тушаалаар цэргийн албанаас халсан.

Б.Б нь амьдралын хүнд байдлаа тоочиж, дахин сахилгын зөрчил гаргахгүй гэж удаа дараа өргөдөл гаргасан учир Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1689 дүгээр тушаалаар хилийн ******* дугаар ангид томилсон.

7. Тус ангид ажиллах хугацаандаа Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2016 оны А/163 дугаар тушаал, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын ёс зүйн дүрмийг зөрчин, заставын жижүүрт үүрэг гүйцэтгэж байх үедээ байлдагч Г.Х-ыг Өчигдөр орой идсэн хоолоо мартсан гэх шалтгаанаар баруун чих рүү нь удаа дараа алгадаж, зүүн хөл рүү нь өшиглөн зодож, үйлчилгээний алба хаагчийг хэл, амаар доромжилсон. Уг сахилгаёс зүйн зөрчлийг салбарын захирагч, хошууч Н.Г таслан зогсоосон бөгөөд тухайн үед байсан алба хаагчид тодорхойлолт бичиж өгсөн.

Хоёр. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7. дахь хэсэгт төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэ хүндийг эрхэмлэн дээдлэхЦэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт Цэргийн нийтлэг дүрэм, цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөнМонгол Улсын цэргийн дотоод албаны дүрмийн 1 дүгээр бүлгийн 13.2 дахь хэсэг Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлж, захирах, захирагдах ёс цэргийн албаны ёс зүйн хэм хэмжээг мөрдөх3асгийн газрын 2018 оны Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолын 1.10. дахь хэсэгт ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдлийг таслан зогсоож, ийм үйлдэл гаргасан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар байгууллагын дотоод журамд тусган мөрдүүлж, эерэг уур амьсгалтай сэтгэл зүйн дарамтгүй ажиллах орчныг бүрдүүлэхХил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны А/14 дүгээр тушаал, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын ёс зүйн дүрмийн 3.4.2 дахь хэсэгт заасан албан

тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхах хүнд суртал гаргахгүй байх", мөн дүрмийн 3.5.4. дэх хэсэгт заасан албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэх, мөрийтэй тоглоом тоглох, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэж, олон нийтийн газарт дэг журмыг сахих", дүрмийн 3.5.6. дахь хэсэгт бусадтай хүндэтгэлтэй харьцаж, этгээд үг хэллэг хэрэглэх, бусдын нэр хүндийг гутаан доромжлохыг цээрлэх гэж тус тус заасан.

 

Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай А/163 дугаар тушаалын 1 дүгээр хэсэгт Хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч нараас гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчтай дүрмийн бус харьцаж, эрх чөлөөнд нь аливаа хэлбэрээр халдсан нь тогтоогдвол захирагчийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн дүрмийн 11 дугээр зүйлд заасан материалыг бүрдүүлэн ямар нэг тайлбаргүйгээр офицер, ахлагчийн бүрэлдэхүүнээс халах саналыг нэн даруй ирүүлж байхыг хилийн отряд /анги/-ын дарга /захирагч/ нарт даалгасугай гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

 

Иймд дээрх эрх зүйн актуудыг зөрчсөн буюу хугацаат цэргийн албан хаагчийг зодсон, шаардлага тавьсан алба хаагчдыг эсэргүүцсэн, үг хэлээр доромжилсон, бусдыг үл хүндэтгэсэн зэрэг нь удаа дараагийн үйлдэл болсон тул Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан цэргийн ниитлэг дурэм, цэргиин албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн" заалтыг тус тус үндэслэн цэргийн албанаас халсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Гурав. Б.Б-ы гаргасан сахилга, ёс зүйн зөрчлүүдийг хилийн ******* дугаар ангийн захирагчийн зөвлөлийн 2019 оны 11 дүгэзр сарын 21-ний өдрийн 13 дугаар хуралдаанаар хэлэлцэж, зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар захиргааны санаачлагаар цэргийн албанаас халахаар шийдвэрлэж, санал, холбогдох материалыг 2019 оны дүгээр сарын 23-ны өдрийн 1/232 дугаар албан бичгээр Хил хамгаалах ерөнхий газар ирүүлсэн.

Уг ирүүлсэн саналыг судалж, Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1790 дүгээр тушаалаар захиргааны санаачилгаар цэргийн апбанаас халсан байна.

Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хилийн 5 дугаар заставт заставын жижүүрийн үүрэг гүйцэтгэж, дуусах үедээ жижүүрээр ажилласан хоногийн рапортодцэргүүдийн идсэн хоолны талаар бичихийн тулд хугацаат цэргийн албан хаагч

Д.Х-аас өглөө ямар хоол идсэн гэж асуухад ... ." гэсэн нь Монгол Улсын Хил хамгаалалтын дүрэмд заасан хилийн манааны төрөл болох Хилийн заставын жижүүр"-ийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа ...заставын цаг хуваарийн биелэлтийг хангуулж..., бүрэлдэхүүнийг хооллох... гэсэн үүргээ биелүүлээгүй.

Мөн 2 удаа алгадаж авсан үйлдэл хийснээ... гэсэн А/163 дугаар тушаалыг тус тус зөрчсөнөө хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед дэргэд нь байсан албан хаагчдын гаргасан тайлбар, тодорхойлолтоор өөр бусад сахилга, ёс зүйгүй байдал гаргасан нь тогтоогдсон.

Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А/163 дугаар тушаалтай танилцаж гарын үсэг зурж баталгаа гаргасан.

Мөн хилийн ******* дүгээр ангид ажиллаж байхдаа гаргасан өмнө дурдсан сахилга, ёс зүйн 6 удаагийн зөрчил нь Б.Б-ыг цэргийн албанаас халахад шууд хамааралтай гэж үзэх үндэслэлтэй. Учир нь:

Төрийн албаны тухай хуулийн 48.6. дахь хэсэгт "Төрийн албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцноЦэргийн сахилгын дүрэм-ийн 42 дугаар зүйлд Сахилгын шийтгэл оногдуулснаас хойш офицер, ахлагч 12 сарын хугацаанд дахин сахилгын шийтгэл хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно гэж тус тус заасан бөгөөд Сахилгын зөрчилгүйд тооцно гэж заагаагүй байна.

Дөрөв. Хил хамгаалах байгууллага нь төрийн цэргийн байгууллага бөгөөд хуулиар хүлээсэн тусгайлсан чиг үүргийг хэрэгжүүлдэг. Монгол Улсын хил хамгаалалтын дүрмүүд /маш нууцын зэрэглэлтэй/, дүрэм, журам, заавар, улсын хил хамгаалах удирдамж, тушаалаар үйл ажиллагаа явуулдаг онцлогтой.

Б.Б-д өмнө оногдуулж байсан сахилгын шийтгэлүүд, албанд хандах хандлага, бусадтай харьцах харьцаа, биеэ авч яваа байдал, хувь хүний ухамсар, төлөвшил, ёс суртахууны хувьд Хил хамгаалах байгууллагын алба хаагчийн ёс зүйд нийцэхгүй гэж үзэж байна.

 

Иймд хууль, тогтоомж, цэргийн дүрмээр тогтоосон эрх зүйн болон ёс зүйн хэм хэмжээ, тогтоол, даргын тушаалаар тогтоосон дэг журмыг чанд сахин биелүүлээгүй Б.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг Хил хамгаалах байгууллага хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Тухайн үедээ цэргийн албан хаагчдыг хэл, амаар доромжилсон, чихэгдсэн, алгадсан зэрэг нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/163 дугаар тушаалыг ноцтой зөрчсөн. Энэ мэт ёс зүйн зөрчил гаргахгүй байх, хугацаат цэргийн албан хаагчтай холбоотой нийгэмд үүсэж байгаа сөрөг байдлыг таслан зогсоох ёстой.. Цэргийн албан хаагчтай зүй бус харьцсанаас болж хүний амь нас хохирсон асуудал гарвал яах вэ. Б.Б тушаалтай танилцсан.

 

Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан заалтаар Б.Б нь 2010 онд ажилд орсноос хойш удаа, дараа сахилгын зөрчил гаргаж байсан. Үүнд харуулын байрыг дур мэдэн орхисон, хилийн зөрчлийг илрүүлээгүй, архидан согтуурсан, хугацаат цэргийн албан хаагчтай дүрмийн бус харьцсан, хоногийн харуул манааны томилгоог дур мэдэж зөрчсөн зэрэг зөрчлүүдийг гаргаж байсан. Байгууллага харж үзэж байхад сахилгын ноцтой зөрчил гаргасан бөгөөд Цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрэм зэргийг ноцтой зөрчсөн тул албаны шалгалт явуулж, ажлаас чөлөөлсөн. Удаа, дараа зөрчил гаргасан гэдгийг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д зааснаар Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэж,Цэргийн сахилгын дүрмийн 42 дугаар зүйлд зааснаар Цэргийн сахилгын шийтгэл оногдуулснаас хойш 12 сарын хугацаанд сахилгын шийтгэл хүлээгээгүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно гэж заасан болохоос сахилгын зөрчилгүйд тооцно гэж заагаагүй. Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Б/1790 тоот тушаалын тэмдэглэх хэсэгт Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-д заасан албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн нь бичвэрийн алдаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй.

Б.Б нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/163 дугаар тушаалыг ноцтой зөрчсөн гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь тус шүүхэд Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдуулан Хилхамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар

сарын 05-ны өдрийн Б/1790 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Сүхбаатар аймгийн Э******* суман дахь Хилийн цэргийн ******* дугаар ангид харуулын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор /цалин хангамж, нэмэгдэл/-ийг хариуцагчаас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ ... тушаалын үндэслэлд ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан гэж дурдсан ч би удаа дараа зөрчил гаргаж байгаагүй, урьд ногдуулсан сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэж, хариуцагчаас ... хугацаат цэргийн албан хаагчийг зодсон, шаардлага тавьсан албан хаагчдыг эсэргүүцсэн, үг хэллэгээр доромжилсон, бусдыг үл хүндэтгэсэн зэрэг нь удаа дараагийн үйлдэл болсон ... өмнө хилийн ******* дүгээр ангид харуулын даргын албан тушаалд томилогдсоноос хойш сахилга ёс зүйн 6 удаагийн зөрчил гаргасан тул цэргийн албанаас халсан ... гэж тус тус тайлбарлан маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1790 дүгээр тушаалаар[1] Б.Б-ыг хугацаат цэргийн алба хаагчтай дүрмийн бус харьцан эрх чөлөөнд нь халдсан гэсэн үндэслэлээр Монгол Улсын Хилийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.3, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг тус тус баримтлан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс захиргааны санаачлагаар албан тушаалаас нь чөлөөлж, цэргийн албанаас халжээ.

Нэхэмжлэгч Б.Б нь Хил хамгаалах ерөнхий газрын 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 317 дугаар тушаалаар Увс аймгийн Баруун-туруун суман дахь Хилийн цэргийн ******* дүгээр ангид харуулын даргын албан тушаалд, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1689 дугаар тушаалаар[2] Хилийн цэргийн ******* дугаар ангид харуулын даргын албан тушаалд тус тус томилогдон ажиллаж байсан цэргийн тангараг өргөсөн, цэргийн жинхэнэ алба хаагч байх тул түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиас гадна Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Монгол Улсын Хилийн тухай хуулиар зохицуулагдана.

Цэргийн албаны тухай хуулиар цэрийн жинхэнэ алба хаах болзол, цэргийн алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, албан тушаалаас чөлөөлөх, албан тушаал бууруулан томилох, цэргийн жинхэнэ албанаас халах үндэслэл, журмыг бусад хууль тогтоомжоос илүү нарийвчлан зохицуулсан байх тул энэхүү маргаантай харилцаанд Цэргийн албаны тухай хуулийг баримтлах ёстой.

 

Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Офицер, ахлагчийг дараахь тохиолдолд нас харгалзахгүйгээр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халж болно, 24.1.1-д цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн гэж заажээ.

Нэхэмжлэгч Б.Б нь ... тушаалын үндэслэлд ёс зүйн зөрчлийг удаа дараа гаргасан гэж дурдсан ч би удаа дараа зөрчил гаргаж байгаагүй, урьд ногдуулсан сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргажээ.

 

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-д зааснаар цэргийн алба хаагч нь цэргийн алба хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих үүрэгтэй байхын зэрэгцээ Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэн ажиллах учиртай.

Мөн Цэргийн дотоод албаны дүрмийн 13.2-д зааснаар цэргийн алба хаагч нь Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлж, захирах, захирагдах ёс, цэргийн албаны ёс зүйн хэм хэмжээг мөрдөх, Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын ёс зүйн дүрмийн 3.4.2-т зааснаар албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдыг дарамтлах, эрхшээлдээ байлгах, хавчин гадуурхах явдал гаргахгүй байх, мөн дүрмийн 3.5.6-д зааснаар бусадтай хүндэтгэлтэй харьцаж, этгээд үг хэллэг хэрэглэх, бусдын нэр төрийг гутаан доромжлохыг цээрлэх, Хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн дүрэм-ийн 4.1.11-д зааснаар албан хаагч хил хамгаалах байгууллагын албан хаагчийн ёс зүйн дүрэм, үйлчилгээний стандартыг чанд мөрдөх үүрэгтэй байна.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Засгийн газрын 2018 оны Төрийн албаны сахилга, хариуцлага дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолын 1.10 дахь

хэсэгт ажлын байран дахь бүх хэлбэрийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдлийг таслан зогсоож, ийм үйлдэл гаргасан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын талаар байгууллагын дотоод журамд тусган мөрдүүлж, эерэг уур амьсгалтай сэтгэл зүйн дарамтгүй ажиллах орчныг бүрдүүлэх гэж, мөн Хилийн ******* дугаар ангийн захирагчийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/03 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлд Ажилтнуудын гаргасан дараах хэлбэрийн зөрчлүүд нь ажлаас халах үндэслэл болно, 8.6-д Хил хамгаалах ерөнхий газрын даргын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай 2016 оны А/163 дугаар тушаалыг зөрчсөн гэж тус тус журамлан заажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд заставын жижүүр ахлах ахлагч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр заставын жижүүрийн албан үүрэг гүйцэтгэж байх явцдаа хугацаат цэргийн албан хаагч Д.Х-ыг Өчигдөр идсэн хоолоо мартсан шалтгаанаар өшиглөжзодсон, ариун цэврийн зааварлагч А.Ө-гийг хууль ёсны шаардлага тавихад Чамд хамаагүй муу авгай минь ... Чи энэ заставын буг гэж хэл амаар доромжилсон, дээрх зөрчилд нь албаны шалгалт явуулж, шалгалтын дүнг Хилийн цэргийн ******* дугаар ангийн захирагчийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ангийн захирагчийн зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар Б.Б-ыг цэргийн албанаас халах санал, холбогдох материалыг Хил хамгаалах ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь дээрх хууль тогтоомж болон ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг ноцтой зөрчиж, цэргийн албан хаагчтай дүрмийн бус харьцаж, эрх чөлөөнд нь халдсан, бусдыг хэл амаар доромжилсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нэгэнт тогтоогдож байх тул түүнийг цэргийн албанаас халсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь цэргийн алба хаагч Б.Б нь Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдлыг хангах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлдэг цэргийн тангараг өргөсөн төрийн албан хаагчийн хувьд Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлж, захирах, захирагдах ёс, цэргийн албаны ёс зүйн хэм хэмжээг ягштал сахих үүрэгтэй гэж үзнэ.

Мөн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн А/95 дугаартушаалаар баталсан Хил хамгаалах байгууллагын хүний

 

Нөөцийн дүрэм-ийн 5.4-д хилийн цэргийн алба хаагчдын ёс зүйн шаардлагыг тусгайлан тодорхойлон заасан байх ба мөн дүрмийн 5.4.3-д зааснаар алба хаагч нь ёс суртахууны зөв төлөвшилтэй, 5.4.4-д зааснаар харилцааны соёлтой байх шаардлагыг тус тус журамлан заажээ.

Хил хамгаалах байгууллагын албан хаагчдын ёс зүйн дүрмийн 1.4.2-т Ёс зүйн зөрчил гэж цэргийн нийтлэг болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг ойлгоно гэж, мөн дүрмийн 6.1-д Холбогдох хууль, дүрэм, энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлийг алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасанд тооцно гэж заасан байх тул нэхэмжлэгч Б.Б-ы гаргасан дээрх ёс зүйн зөрчлүүдийг цэргийн нийтлэг дүрэм, цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг анх удаа зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Цэргийн нийтлэг дүрэм, цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн гэдгийг 2 ба түүнээс дээш зөрчсөнийг ойлгох ба зөрчил бүрт нь сахилгын шийтгэл заавал оногдуулсан байхыг шаардахгүй бөгөөд энэхүү маргааны тохиолдолд Б.Б нь албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдын биед халдажзодсон, бусадтай хүндэтгэлгүй харьцаж, этгээд үг хэллэг хэрэглэж, бусдын нэр төрийг гутаан доромжилсонзэргээр цэргийн нийтлэг дүрэм, цэргийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн цэргийн албаны үүргийн онцлог, түүнд тавигдах шаардлагыг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай А/163 дугаар тушаалаар[3] хил хамгаалах байгууллагын офицер ахлагч нараас гэрээт болон хугацаат цэргийн албан хаагч нартай дүрмийн бус харьцсан тохиолдолд хэрхэн арга хэмжээ авах талаар тодорхойлон заасан байх бөгөөд уг тохиолдолд захирагчийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, холбогдох материалуудыг бүрдүүлэн ямар нэг тайлбаргүйгээр халах саналыг нэн даруй ирүүлж байхыг хилийн отрядын дарга, захирагч нарт даалгажээ.

Хил хамгаалах байгууллагын алба хаагчдын ёс зүйн дүрмийн 6.3-д Энэ дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь тухайн алба хаагчид Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулах үндэслэл болно гэж, Цэргийн сахилгын дүрмийн 32 дугаар зүйлд Офицер, ахлагч цэргийн гэрээт алба хаагчид Төрийн албаны тухай хууль, бусад хууль тогтоомжид зааснаас гадна дараах сахилгын шийтгэл ногдуулна гэж тус тус заасан, хариуцагч нь маргаан бүхий тушаалыг гаргахдаа Цэргийн сахилгын дүрмийг үндэслэл болгоогүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ... Цэргийн сахилгын дүрэмд цэргийн алба хаагчийг ажлаас халах зохицуулалт байхгүй гэсэн тайлбарыг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн ... удаа дараа зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь хууль бус... гэсэнтайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгчээс ...албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон цэргийн дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байхад Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-д заасныг тушаалын үндэслэлд дурдсан... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг заалт нь бичвэрийн алдаа ... гэж тайлбарлан маргаж байх боловч маргаан бүхий тушаал нь Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтыг гол үндэслэлээ болгосон байх тул хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтны холбогдох хуулийн заалтыг буруу баримталсан нь маргаан бүхий захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр байх тул дээрх үндэслэл нь энэхүү маргаан бүхийтушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Хариуцагч нь Монгол Улсын хилийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.3-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд цэргийн алба хаагч Б.Б-ы гаргасан ёс зүйн зөрчлийн шинж, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн байдлыг харгалзан түүнийг цэргийн албанаас халсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцсэн байна.

Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б.Б-ыг урьд эрхэлж байсан Сүхбаатар аймгийн Э******* суман дахь Хилийн цэргийн ******* дугаар ангид харуулын даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгох хууль зүйн боломжгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хууль, Цэргийн албаны болон Монгол Улсын хилийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй, түүнчлэн уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар

зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын хилийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3.3, Цэргийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ы Хил хамгаалах ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/1790 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Сүхбаатар аймгийн Э******* суман дахь Хилийн цэргийн ******* дугаар ангид харуулын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор /цалин хангамж, нэмэгдэл/-ийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд

[2] Хавтаст хэргийн 97 дугаар хуудсанд

[3] Хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд