Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 1634

 

 

 

  2019         10         28                                       2019/ШЦТ/1634

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч А.Сайнбаяр,

хохирогч З.Ж , түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

шүүгдэгч Б.Д, Н.Г, П.О, Б.А, Ц.О, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Б.Д ийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

шүүгдэгч Б.А ын өмгөөлөгч Ч.Даваасүрэн,

шүүгдэгч Б.Д, Н.Г нарын өмгөөлөгч Э.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д , Н.Г , П.О , Б.А , Ц.О  нарт холбогдох эрүүгийн 1806 07174 1212 дугаартай хэргийг 2019 оны 08 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б.Д , /РД:/,

2. Монгол Улсын иргэн, Н.Г , /РД:/,

3. Монгол Улсын иргэн, П.О , /РД:/,

4. Монгол Улсын иргэн, Б.А , /РД:/,

5. Монгол Улсын иргэн, Ц.О , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Д , Н.Г , П.О , Б.А , Ц.О  нар нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нийслэлийн А  амаржих газарт иргэн З.Ж д мэс засал хийхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс буюу Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайдын 2013 оны 177 тоот тушаал зэргийг зөрчиж З.Ж ын эрүүл мэндэд хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч эхийн амь насанд эрсдэл учирсан, уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хохирогч манай эмнэлэгт хэвтсэн. Хагалгаанаас өмнө нь эмчийн зөвлөлийн хурлаар “үүсгэвэр байна, тус үүсгэвэр нь жирэмсний хугацаа өнгөрч гэдэс томрохын хэрээр урагт үүсэх эрсдэлтэй болон уйланхай хөл дээрээ хүндрэх магадлалтай” гэх заалттайгаар орсон. Эмч нарын эхний хурлаар амьсгал ахуйн саадтай, мэдээгүйжүүлэг өгөхөд гуурсан хоолой нарийсах магадлалтай байсан учраас цаашид нарийн шинжилгээнүүдийг хийхээр буцаагдсан. Дараагийн эмчийн зөвлөгөөгөөр ороход хагалгаанд орох заалт өгсөн. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр жижүүрт хоносон ба 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн өглөө хагалгаанд орсон. Хэвлий нээхэд зүүн талын өндгөвчид уйланхайтай ба арын зайд маш том үүсгэвэр байсан учир тодруулах зорилгоор уйланхайг соруулж авсан. Хагалгааны явцад материал үлдсэн гэдгийг мэдээгүй. Бүх зүйлийг шалгасан. Хохирогчийн бөөр доор байрлалтай, усжилттай байсан. Хагалгааны дараа зовиур байсан учир оношийг тодруулах зорилгоор 2 удаа томографийн зураг авсан ба томографийн нэг зургийг “Интермэд” эмнэлэгт авахуулсан. Гэвч түгжрэлийн онош тодроогүй. Улсын нэгдүгээр эмнэлэгт очиж урологийн эмчээс зөвлөгөө авч, шинжилгээ хийж, эход харах үед бөөр усжилттай гэсэн онош гарснаас биш гадны биет үлдсэн гэж оношлогдоогүй. Оношийн дагуу мэс засал, үзлэг хийх шаардлагатай байсан учир Улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү шилжүүлсэн. Тус эмнэлэгт мэс засал хийсэн эмч мэдэгдсэн ба мэс заслын дараа нь гадны биет материал үлдсэн гэдгийг мэдсэн” гэв.

Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ээлжийн амралттай байсан ба 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа орсон. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хагалгаанд орсон. Хагалгааны явцад тухайн эд материал хохирогчийн биед үлдсэн гэдгийг бид нар мэдээгүй. Хохирогчийн биед тодруулах шинжилгээ явуулсан ба хоёр удаа томографийн зураг авахуулахад эд материал гарч ирээгүй учир төөрөлдсөн” гэв.

Шүүгдэгч П.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдрийн урд өдөр би жижүүртэй хоносон. Маргааш өглөө нь Д  эмч “хагалгаанд оръё” гэж хэлсэн учир би хагалгаанд оролцсон. Хагалгаанд орсон хүмүүс эд материал үлдсэн гэдгийг мэдээгүй. Хохирогч хоёр удаа томографийн зураг авахуулсан ч эд материал гарч ирээгүй. Би хоёрдугаар туслах эмчээр хагалгааны талбай чөлөөлөх үүрэгтэй оролцсон” гэв.

Шүүгдэгч Б.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: А  Амаржих газарт мэс заслын сувилагчаар ажилладаг. Би өмнөх өдөр нь жижүүртэй хоносон. Маргааш нь амралтын өдөр байсан учир гэртээ байсан. Эмэгтэйчүүдийн мэс засалд дуудагдаж ирж орсон. Би 30 жилийн хугацаанд сувилагчаар ажилласан хөдөлмөрөө одоо ийм байдалд хүргэсэндээ өөртөө харамсаж байна. Хохирогчоос хариуцлагын алдаа гаргасандаа уучлалт гуйя. Ийм зүйл болсон гэдгийг нэлээн сүүлд сонссон. Би хагалгааны явцад хийх ёстой үүргийг биелүүлсэн. Энэ үйлдлийг үнэхээр хийе гэж хийгээгүй, маш их харамсаж байна гэв.

Шүүгдэгч Ц.О  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хагалгаанд туслах сувилагчаар ажиллаж, эмч нарын хувцас хунарыг өмсгөх үйлчилгээ үзүүлдэг. Хэвлийн хөндийд материал үлдсэн гэдгийг мэдээгүй. Би туслах ажил үүрэгтэй гэв.

Хохирогч З.Ж  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би эдгээр эмч нарыг миний оношийг буруу оношилж хагалгаа хийсэн гэж үзэж байна. Зүүн бөөр жижиг, ховор тохиолдол гэдгийг мэдсэн бол бөөрний эмчид үзүүл гэж хэлээгүй. Хоёрдугаар эмнэлгийн эмч нар “биед даавуу үлдээснээс тэр хавийн эрхтэн наалдан идээ татаж хэлсэн учир гэдэс наалдаж задарсан гэж хэлсэн. Би энэ эмч нарын мэдлэггүй, хариуцлагагүй байгаад маш их гомдолтой байна. Шүүгч таныг энэ хүмүүст зохих ёстой үүрэг хариуцлагыг хүлээлгэж, миний гомдлыг барагдуулж өгнө үү гэж хүсч байна. Намайг ямар ч ирээдүйгүй болгосон мөртлөө одоо энэ танхимд буруу зөвийн талаар ярьж байгаа нь надад үнэхээр хэцүү байна. Д  эмч манай ар гэртэй уулзсан байж болно. Д эмч надад стенд өгсөн. Би дараа нь Д  эмч рүү залгахад миний бүх дугаарыг блоклосон. Энэ танхимд Д эмч зүгээр ч сууж чадахгүй, над руу муухай харсан байдалтай сууж байна. Д эмчээс бусад хүмүүс хоёр ч удаа ирээд надаас уучлалт гуйсан. Гэтэл Д  эмч надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Шүүгдэгч нар бүгдээрээ буруутай. Давуу үлдээснээс болж ураг зулбах, бөөрөө авахуулаад зогсоогүй хоол идэхдээ хүртэл энэ хоолыг боловсруулж чадах болов уу гэж санаа их зовдог болсон. Шээс гарах болов уу гэж байнга зовдог. Эдгээр хүмүүсийн буруутай үйлдлээс болж ийм байдалд хүрсэн. Би маш их гомдолтой байна...” гэв.

Шүүгдэгч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Нийслэлийн А  амаржих газарт амбулаторын эрхлэгчээр ажилладаг бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 28-ний өдөр Ж  гэх эмэгтэй манай эмнэлгийн амбулаторын жирэмсний хэсэгт үзүүлсэн байсан ба Я.Удвал эмч түүнийг хүлээн авч үзээд оношлоод материалыг нь 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн эмч нарын зөвлөгөөнд бэлдсэн байсан.  2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн эмч нарын зөвлөгөөний хурлаар анхны жирэмслэлт 17-18 долоо хоногтой, зүүн талын өндгөвчний уйланхай оношоор оношлогооны дурангийн мэс засалд орохоор төлөвлөгдсөн боловч амьсгал авалт саадтай, астамтай тул цус бүлэгнэлийн шинжилгээ өгөх, уушгины эмчид үзүүлж зөвлөгөө авах, амьсгалын багтаамж үзүүлэх, бөөрний эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр уг шинжилгээнүүдийг бүрдүүлж дахин эмч нарын зөвлөгөөнд орохоор буцаасан. 2018 оны 07 дугаар сарын 18-ний өдөр Ж  нь уг шинжилгээг хийлгээд манай эмнэлэг дээр ирсэн ба бөөрний эмч бөөрний талаас хэвийн, уушгины эмч өөрчлөлтгүй, мэс засал хийгдэхэд татгалзах зүйлгүй гэсэн байсан. Мөн ЭХО-д зүүн бөөр 6*3 см хэмжээтэй, уг үүсгэвэр бага аарцагт байна гэсэн бичлэгтэй байсан. Дурангийн хагалгаанд төлөвлөж байсан боловч уг хагалгаанд бэлтгэгдсэн мэс заслын сувилагч ээлжийн амралтаа авсан, эх өөрөө мэс засалд орох туйлын хүсэлтэй байсан тул хагалгааг хэвлий нээлттэй журмаар зүүн талын өндгөвчний кистаг/уйланхай/ авах мэс заслыг 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хийхээр төлөвлөсөн. Мөн уг зөвлөгөөнөөр мэс засал хийх эмч нарыг томилсон ба оператор буюу мэс заслыг удирдах эмчээр миний бие, туслах буюу ассент нэгдүгээр эмчээр Н.Г , туслах хоёрдугаар эмчээр С.Г  нарыг томилсон. Төлөвлөсөний дагуу 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ж ын биед мэс засал хийхдээ хэвлий нээж гэдсийг тусгаарлан бага аарцгийг шалгахад умай 18-19 недель хэртэй том, зүүн талын өндгөвчинд уйланхайтай, хэвлий зүүн ард 10*8 см хэмжээтэй уутлагдсан үүсгэвэртэй байсан. Уг байдлыг утсаар байгууллагын ерөнхий эмч Ц.Б  болон эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Г  нарт мэдэгдэж уг үүсгэвэрээс цоолж шинжилгээ авч лабораторт илгээсэн. Ингээд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Г  хагалгаан дээр орж ирж шинжилгээний хариуг хараад үүсгэвэрийг харж максон 5 утсаар оёж, хэвлий хааж мэс заслаа дуусгаад гарахыг зөвлөсөн. Уг зөвлөсний дагуу багаж материал бүрэн тул хэвлийг хааж хагалгаанаас гарсан. Хагалгааны дараа 2 дахь хоногийн өглөө буюу 2018 оны 07 дугаар сарын 21-ний 08 цагийн үед жижүүрийн эмч Байгалмаа над руу утсаар ярьж Ж ыг өвдөлттэй байна гэж мэдэгдсэний дагуу 11 цагийн үед Н.Г  эмчийн хамт очиж үзэхэд өвдөлт намдсан, эход харахад ураг хэвийн, хэвлийд сул шингэнгүй байсан. Тэгээд цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ хийлгэхэд үрэвсэлтэй гарсан тул антибиотик эмчилгээг нэмж, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. 18 цагийн үед Ж  нь дахин өвдөлт өглөө гэж жижүүрийн ахлах эмч Сэргэлэн утсаар хэлсэн тул дахин эмнэлэг дээр ирж үзэхэд хэвлийгээр базалж өвдөнө гэсэн зовиуртай, амьсгал гемодинамик тогтвортой байсан тул өвдөлт намдаах болон бусад эмчилгээнүүдийг үргэлжлүүлэн хийж, байгууллагын жолоочийг /нэрийг нь санахгүй байна/ дуудан Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний мэс заслын эмчийн зөвлөгөө авахаар явсан. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн жижүүр эмч Содгэрэл Ж ыг үзээд зүүн бөөрний усжилт байна, нэмэлтээр компьютер томограф хийлгэх шаардлагатай байна гэж зөвлөсөн. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зөвлөсөний дагуу Ж ын ар гэрийнхэн болох нөхөр, хадам ээж, эгч нар нь зөвшөөрсөн тул Интермэд эмнэлэгт тодосгогчтой компьютер томограф хийлгэн, эргэн А  амаржихад ирсэн. 2018 оны 07 дугаар сарын 22-ны өглөө 07 цагт Ж ыг дахин өвдөлт өгч зовиурлаад байгаагаас гадна өмнөх шинжилгээний хариу гарсан гэж хэлсэн тул Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү дахин эмнэлгийн машинаар тээвэрлэн урьд өдөр нь үзүүлсэн Содгэрэл эмчид дахин үзүүлэхэд гуурс тавих шаардлагатай гэсэн тул тус эмнэлэгт шилжүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 26-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгээс Ж ыг зүүн бөөрний усжилт, бөөрөнд гуурс тавьсны дараах байдалтай, 18-19 долоо хоногтой жирэмсэн оноштойгоор А  амаржих газарт эмчлүүлэхээр явуулсан. Ж ыг хүлээн авч үрэвсэлийн эсрэг болон гэдэс хөдөлгөх эмчилгээг бөөрний болон мэс заслын эмчийн зөвлөгөөний дагуу хийсэн. Нийт 3 удаа бөөр болон мэс заслын зөвлөх эмчийн зөвлөгөөг 3 удаа авч эмийн эмчилгээ үр дүнгүй, цаашид эхийн биеийн байдал хүндрэх магадлалтайн улмаас эмч нарын хамтарсан үзлэгийг 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хийж жирэмслэлтийг хожуу хугацаанд эмийн аргаар таслах шийдвэрийг гарган ар гэрээс нь зөвшөөрөл авч, жирэмслэлтийг тасалсан. Ингээд 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр харьяалалын дагуу Улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү мэс заслын тусламж шаардлагатай гэж үзэж Ж ыг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн хэргийн 1 дүгээр хавтас 17-20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Н.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Нийслэлийн А  амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажилладаг бөгөөд би 2018 оны 06 дугаар сарын 27-ний өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд гачигдлын чөлөөтэй байж байгаад ажилдаа орсон юм. Ажилдаа ороод удаагүй байхад буюу 2018 оны 07 дугаар сарын 18-ний өдөр эмч нарын зөвлөгөөн болж уг зөвлөгөөнөөр 7 хоногийн хугацаанд хийгдэх мэс заслуудаа төлөвлөж, хэлэлцсэн ба зөвлөгөөн дээр Д  эмч, Ж  гэх эмэгтэйн биед хэвлийн хөндий дэх том хэмжээний уйланхайг авах мэс засал хийх гэж байгааг танилцуулсан. Ингээд уг зөвлөгөөнөөр Ж ын биед 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мэс засал хийхээр болж, мэс заслын багийн ахлагчаар Д  эмчийг, эх барих эмэгтэйчүүдийн эмч П.О болон миний бие туслах эмчээр оролцохоор болсон. Ж ын биед мэс засал хийж хэвлийг нээхэд том хэмжээний үүсгэвэртэй байсан ба уг үүсгэвэрийг хаанаас гаралтай гэдгийг нь тогтоохын тулд шингэнийг соруулан авч лаборатор луу шинжилгээнд илгээсэн. Шинжилгээний хариугаар уг үүсгэвэр нь шээсний замын гаралтай үүсгэвэр болох нь тогтоогдсон ба үүсгэвэр нь эхийн умайг шахаж хэвлийг дүүргэсэн том хэмжээний байсан тул доторх шингэнийг бүгдийг соруулан авч зүслэгээ максон 5 утсаар оёсон. Ингээд би хэвлийн хөндий хаахаас өмнө ахлах эмч болох Д ээс зөвшөөрөл авч мэс заслын өрөөнөөс гарч дараагийн ажилдаа шилжсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 21-23 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Нийслэлийн А  амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн их эмчээр ажилладаг бөгөөд 2018 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн эмч нарын зөвлөгөөнөөр Ж  гэх эмэгтэйн биед хэвлийн хөндий дэх том хэмжээний уйланхайг авах мэс засал хийх багийг томилсон ба ахлагчаар Д  эмч, туслах эмчээр Н.Г , 3 дугаар туслах эмчээр С.Г  миний бие, сувилагчаар Амаржаргал, туслах сувилагчаар Одхүү нарыг томилсон. Ингээд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ж ын биед мэс засал хийж, хэвлийн хөндийг нээхэд зүүн талын шээлгүүр томорч тэлэгдсэн байсан ба зөвлөх эмч С.Г ын зөвлөгөөг авч хэвлийн хөндийг хааж мэс засал дууссан.” гэх мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 27-29 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Нийслэлийн А  амаржих газарт мэс заслын сувилагчаар ажилладаг бөгөөд би 2018 оны 07 дугаар сарын 19-ний жижүүрээс буугаад гэртээ амарч байхад  09 цаг өнгөрч байх үед арга зүйч Дарьбадам над руу утсаар яриад эмэгтэйчүүдийн мэс заслын сувилагч ажилдаа ирээгүйгээс хоёр мэс засал хийхэд сувилагч шаардлагатай байна, та ирээд мэс засалд орчих, 10 цаг гэхэд ажил дээр бэлэн ирээрэй гэж хэлсэн. Би 10 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирсэнээр өвчтөн Ж ын биед хийх мэс засал эхэлсэн. Мэс заслын ахлагчаар Д  эмч, нэгдүгээр туслах эмчээр Н.Г , хоёрдугаар туслах эмчээр С.Г  эмч, мэс заслын туслах асрагчаар Одхүү, сувилагчаар миний бие оролцож Ж ын биед мэс засал хийж дууссан. Тэгтэл 2018 оны 08 дугаар сард Улсын хоёрдугаар төв эмнэлэгээс манай эмнэлэгийн чанарын албанд албан бичиг ирсэн бөгөөд уг албан бичигт 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ж ын биед хийгдсэн мэс заслын үед түүний биед гадны биет буюу мэс заслын тусгаарлах даавуу үлдээсний улмаас хүндрэл үүссэн талаар дурьдсан байсан. Үүний дагуу манай эмнэлэгийн чанарын алба 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Ж ын биед мэс хийсэн багийг хурлаараа авч хэлэлцээд удирдлагын зөвлөлийн хурлаар сахилгын арга хэмжээ авах санал гаргасан. Ингээд удирдлагын зөвлөлийн хурлаар Д  эмч, Г  эмч бид 3-ыг авч хэлэлцээд надад 2 сар үндсэн цалинг 20 хувь бууруулах сахилгын арга хэмжээ авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 24-26 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.О гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Нийслэлийн А  амаржих газарт мэс заслын сувилагчаар ажилладаг бөгөөд би 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр ажлын байрандаа байх үед эмэгтэйчүүдийн тасгаас мэс засал орно, мэс заслын өрөөгөө бэлдээрэй гэж хэлсэн. Би мэс заслын сувилагч Амаржаргалын хамт мэс заслын өрөөг бэлдэж мэс хийхэд бэлэн болсон. Мэс заслын ахлагчаар Д  эмч, нэгдүгээр туслах эмчээр Н.Г , хоёрдугаар туслах эмчээр П. С.Г  эмч, мэс заслын сувилагчаар Амаржаргал, туслах сувилагчаар миний бие оролцож Ж ын биед мэс засал хийж дууссан...” гэх мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас  дугаар 30-31 дүгээр хуудас/,

Хохирогч З.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр А  амаржих газарт хэвтээд 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хагалгаанд зөвшөөрлийн бичигт надаар гарын үсэг зуруулаад хагалгаанд оруулсан бөгөөд анх дурангийн хагалгаа хийнэ гэж байсан боловч дуран эвдэрсэн гэх шалтгаанаар нээлттэй хагалгаа хийнэ гэж хэлсэн. Энэ хагалгааг Д, Г гэх эмч нар удирдаж орсон, хагалгаа 3 цаг орчим үргэлжилсэн. Хагалгаанд ороход надад бүсэлхийнээс доош мэдээ алдуулалт хийгээд хагалгааг эхэлсэн бөгөөд эхлээд надаас нэг юм соруулж байгаа нь мэдэгдсэн. Тэгээд эмч нар хоорондоо гайхсан байртай багшийг дууд, ахлах эмчийг дууд гээд 10 орчим минут ямар ч ажиллагаа хийлгүй нилээн удсан. Хэсэг хугацааны дараа намайг бүрэн унтуулж хагалгааг үргэлжлүүлсэн. Хагалгааны дараа сэрэхэд миний хэвлий орчмоор маш их өвдөж байсан, би өвдөж орилоход өвчин намдаах тариа зөндөө хийсэн одоо чи тайвширна гэсэн, 2018 оны 07 дугаар сарын 26-ний өдөр буцаж А  амаржих газарт Д  эмчид үзүүлэхэд ургийн гажгийг чинь тодруулъя, ЭХО-д харуулъя, багшдаа үзүүлье гээд багш нь гэх эмч үзээд Д эмч хэлэхдээ ургийн гажиг зүгээр байна, тээх боломжтой, түгжрэлийг нь гаргачихвал болчихно гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Д  эмч хэлэхдээ ураг гэдсийг нь шахаад түгжрэл үүсээд байна, тийм учраас ургийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй гээд надаас болон ар гэрийнхэнээс минь зөвшөөрөл аваад умайн хүзүүнд 3 ширхэг эм тавьсан. 2 хоногийн дараа ураг зулбаж доошоо юм гарсан. Ураг зулбасан ч миний гэдэс зүгээр болохгүй байсан тул 2018 оны 08 дугаар сарын 08-ний өдөр Улсын нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 10-16 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч С.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай эмнэлгийн дарга Ц.Б  2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан тул би байгууллагын даргыг орлож байна. Иймд би иргэний хариуцагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 144-145 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹1071 дүгнэлтэд “1.2. Нийслэлийн А  амаржих газрын эмч нар З.Ж ын өвчний оношийг “Зүүн бөөрний усжилт. Зүүн өндгөвчний уйланхай авах мэс заслын дараахь байдал. Нэг дэх жирэслэлт 18-19 долоо хоногтой жирэмсэн” гэж зөв тогтоосон байна. 3.4. Тухайн эмнэлэгт хийгдвэл зохих эмчилгээ, шинжилгээг хийсэн байна. 5.6. Нийслэлийн А  амаржих газарт хийгдсэн мэс заслын үед хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсэн байх ба үүний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэс засалд орж хэвлийн хөндийг цэвэрлэх, гадны биетийг авах, гэдэсний наалдац салгах, түгжрэл арилгах, сэмжний үхжсэн хэсгийг тайрах хагалгаа хийгдсэн байна. 7. З.Ж д тогтоогдсон зүүн бөөрний усжилт, зүүн өндгөвчний уйланхай өвчний үед мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай байжээ. 8. З.Ж  нь 19-20 долоо хоногтой жирэмсэн байх үед нь НААГ-ын эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр эмнэлгийн нөхцөлд эмийн аргаар ургийг зулбуулжээ. Хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч эхийн амь насанд эрсдэл учирсан байх ба уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан байна. 9. Дээрх мэс засал эмчилгээний үед гаргасан алдаа буюу хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч эхийн амь насанд эрсдэл учирсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар, уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан нь 3.5.3-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 1 дүгээр хавтас 35-38 дугаар хуудас/,

Эрүүл мэндийн яамны эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №07/19 дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 59-61 дүгээр хуудас/,

Өвчний түүх /хэргийн 1 дүгээр хавтас 89-160 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 2 дугаар хавтас 114-120 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 2 дугаар хавтас 78, 85, 93, 100, 106 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 2 дугаар хавтас 79, 86, 94, 101, 107 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Д , Н.Г , П.О , Б.А , Ц.О  нар нь 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Нийслэлийн А  амаржих газарт иргэн З.Ж д мэс засал хийхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс З.Ж ын эрүүл мэндэд хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч эхийн амь насанд эрсдэл учирсан, уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан хүнд гэмтэл учирсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн ¹1071 дүгнэлтэд “1.2. Нийслэлийн А  амаржих газрын эмч нар З.Ж ын өвчний оношийг “Зүүн бөөрний усжилт. Зүүн өндгөвчний уйланхай авах мэс заслын дараахь байдал. Нэг дэх жирэслэлт 18-19 долоо хоногтой жирэмсэн” гэж зөв тогтоосон байна. 3.4. Тухайн эмнэлэгт хийгдвэл зохих эмчилгээ, шинжилгээг хийсэн байна. 5.6. Нийслэлийн А  амаржих газарт хийгдсэн мэс заслын үед хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсэн байх ба үүний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч Улсын хоёрдугаар төв эмнэлэгт мэс засалд орж хэвлийн хөндийг цэвэрлэх, гадны биетийг авах, гэдэсний наалдац салгах, түгжрэл арилгах, сэмжний үхжсэн хэсгийг тайрах хагалгаа хийгдсэн байна. 7. З.Ж д тогтоогдсон зүүн бөөрний усжилт, зүүн өндгөвчний уйланхай өвчний үед мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай байжээ. 8. З.Ж  нь 19-20 долоо хоногтой жирэмсэн байх үед нь НААГ-ын эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр эмнэлгийн нөхцөлд эмийн аргаар ургийг зулбуулжээ. Хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч эхийн амь насанд эрсдэл учирсан байх ба уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан байна. 9. Дээрх мэс засал эмчилгээний үед гаргасан алдаа буюу хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч эхийн амь насанд эрсдэл учирсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар, уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан нь 3.5.3-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 35-38 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаартай нэмэлт дүгнэлт: 2018 оны 07 сарын 22-ны болон 2018 оны 08 дугаар сарын 8-ны КТГ-ын шинжилгээний хариунаас шалтгаалан дүгнэлтэд өөрчлөлт орох зүйлгүй байна. З.Ж ын биед учирсан мэс засал эмчилгээний үед гаргасан алдаа буюу хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч эхийн амь насанд эрсдэл учирсан нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт, уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан нь 3.5.3-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. З.Ж ын биед учирсан гэмтлийн зэргийг дээрхээс өөрөөр ялгаж тогтоохгүй” гэх дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 48-48 дугаар хуудас/,

Эрүүл мэндийн яамны эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №07/19 дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 59-61 дүгээр хуудас/,

Өвчний түүх /хэргийн 1 дүгээр хавтас 89-160 дугаар хуудас/,

Шинжээч Ч.Мөнхбаярын мэдүүлэг: “1.мэс заслын аюулгүй байдлыг хянах хуудасны 1 дүгээр хэсгийг мэдээгүйжүүлэг эхлэхийн өмнө мэдээгүйжүүлэгч эмч, мэс заслын 2 дугаар сувилагч нар шалган бөглөж, аюулгүй байдлыг хянаж гарын үсэг зурна. 2.Хяналтын хуудасны гуравдугаар хэсэгт мэс засал дууссаны дараа мэс заслын өрөөнөөс гарахын өмнө хяналтын хуудсыг мэдээгүйжүүлэгч эмч, мэс заслын эмч, сувилагчдын хамт бөглөж нарын үсэг зурна. 3.Мэс заслын сувилагчийн хяналтын хуудас тусдаа хөтлөгддөг бөгөөд энэ нь гадны биет үлдээхээс сэргийлнэ. Үүнд: Мэс заслын 2 дугаар сувилагч мэс заслын өмнө, мэс заслын явцад, мэс заслын төгсгөлд хяналтын хуудсыг бөглөж гарын үсэг зурна.

Мэс засал дууссаны дараа мэс заслын нэгдүгээр туслах эмч хяналтын хуудсыг бөглөж гарын үсэг зурна. Энэ нь мэс заслын өрөөнөөс гарахаас өмнө багаж, бөмбөлөг, самбай, зүүзэргийн тоо тохирч байгаа эсэхийг хянаж гарын үсэг зурна гэсэн заалтууд зөрчигдсөн байна. Тэгэхээр мэс засал дууссаны дараагаар мэс заслын өрөөнөөс гарахын өмнө хяналтын хуудсыг мэс заслын эмч болох Б.Д , нэгдүгээр туслах эмч Н.Г , сувилагч Б.А , туслах сувилагч Ц.О  нарын хамт хэрэглэсэн багаж материалыг бүртгэж, хяналтын хуудсанд гарын үсэг зурах ёстой. Тэгтэл хяналтын хуудсан дээр сувилагч Б.А , туслах сувилагч Ц.О , хоёрдугаар туслах эмч П.О  нар гарын үсэг зурсан байх ба гэдэс тусгаарлах даавууг тоололгүйгээр баталгаажуулж гарын үсэг зурсан байна. Иймд эмч Б.Д , Н.Г , П.О , сувилагч Б.А , туслах сувилагч Ц.О  нар бүгд эрүүл мэндийн тухай хууль, эмнэлэгийн тусламж үйлчилгээний тухай хууль болон дээрхи хуулиудад нийцүүлэн гаргасан журам стандартад заасан хяналтын хуудсыг бүртгэх журмыг зөрчсөн байна” гэх мэдүүлэг /хэргийн 1 хавтас 69-70 хуудас/,

 Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч нар худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг зөв, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.Д , Н.Г , П.О , Б.А , Ц.О  нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Д ийн өмгөөлөгчөөс “зулбалт юунаас болсныг тогтоогоогүй” гэж мэтгэлцсэн боловч шинжээчийн дүгнэлтэд “...З.Ж ын биед учирсан мэс засал эмчилгээний үед гаргасан алдаа буюу хэвлийн хөндийд гадны биет буюу даавуу үлдээсний улмаас хэвлийн хөндийн гялтан хальсны түгмэл үрэвсэл, гэдэсний наалдац, түгжрэлээр хүндэрч эхийн амь насанд эрсдэл учирсан нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт, уг хүндрэл болон хүндрэл үүсгэсэн шалтгааныг бүрэн оношлоогүйн улмаас ургийг зулбуулсан нь 3.5.3-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. /хэргийн 1 дүгээр хавтас 48-48 дугаар хуудас/ гэж бичигдсэн байна. Тухайлбал гадны биет буюу даавуу үлдээснээ оношилж чадаагүйн улмаас хохирогчийн амь насанд эрсдэл учирсан, ургийг зулбуулсан болох нь хангалттай тогтоогджээ.

Хэргийг 1 хавтас 210 дугаар хуудсанд авагдсан Улсын 2 дугаар төв эмнэлгийн мэс заслын тэмдэглэлд “...50х50 см орчим хэмжээтэй, эмнэлгийн зориулалтын бүс дээрээ ...буландаа дармал хар өнгийн балаар МЗ гэж бичсэн, ахуйн хэрэглээний даавуу идээлсэн...” хохирогчийн биед үлдээсэн даавууг мэс заслын аргаар гаргасан талаар бичжээ. Шинжээчийн дүгнэлт болон өвчний түүх бусад нотлох баримт хангалттай байхад хохирогчийн биед үлдээсэн даавууг эд мөрийн баримтаар ирүүлээгүй гэж хэргийг буцаах шаардлагагүй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг заасан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...хорих ялын дээд хэмжээг 1 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг 1 жил түүнээс бага хугацаагаар  тогтоосон...” гэж заасан бөгөөд шүүгдэгч нарт хамаарах Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 2 дэхь хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй, зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заажээ.

Мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш...” гэжээ. Энэ гэмт хэрэгт оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг хууль тогтоогч 6 сараар тогтоосон байна. Иймд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил гэж үзэж ял оногдуулах боломжгүй юм. Тухайлбал энэ гэмт хэрэг оногдуулж болох зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээ 6 сар байхад уг ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг баримтлах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Б.Д , Н.Г , П.О , Б.А , З.Одхүү нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байх бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогчоос хэргийн 2 хавтас 112-120 дугаар хуудсанд хохирлын баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд эмчилгээний зардалд 4.425.706 төгрөг, хохирогчийн өөрийн нь ажилгүй байсан хугацааны цалинд 2.558.303 төгрөг, нөхөр Б.Мөнхсайханы ажилгүй байсан хугацааны цалинд 3.306.000 төгрөг, нийт 10.290.000 төгрөгний хохирлыг иргэний хариуцагч буюу А  амаржих газраас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нар нь 10.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн байна. Иймд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлуулах нотлох баримтуудыг хэтэрхий товчхон бичсэн, яллах дүгнэлт алдаатай байгааг дурдаж байна.