Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2020/0390

 

 

 

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Ж.Б, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-т холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3., 47.1.6. дахь заалтууд, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.6, 14 дүгээр зүйлийн 14.2. дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ээс 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: ““... Нэг. Анхан шатны шүүх маргаан бүхий 17/02/01 дүгээр дүгнэлтийг захиргааны акт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 6 дугаар хуудаст “хариуцагчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий 17/02/01 дүгнэлт нь дотогш чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсээгүй гэж тайлбарлаж байна. Дотогш чиглэсэн акт нь тухайн байгууллага буюу Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын дотоод нэгж, албан тушаалтандаа гүйцэтгэвэл зохих чиг үүргийн хүрээнд гаргасан эрх зүйн акт хамаарна. Харин гадагш чиглэсэн акт нь иргэн, хуулийн этгээдэд холбогдолтой, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, тухайн этгээддээ шууд хамааралтай эрх зүйн үр дагавар үүсгэсэн байна.

Маргаан бүхий тохиолдолд 17/02/02 дүгээр дүгнэлт нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаас тус аймгийн биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Ж.Б-т холбогдуулан гаргасан, уг ажилтны мэргэжлийн ур чадварт дүгнэлт өгснөөр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндсөн байх тул захиргааны акт гэж үзнэ” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан.

Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Ж.Б-ын үйл ажиллагаанд чиглэсэн”, “зохицуулалт агуулсан”, “захирамжилсан” байх шинжүүдийг агуулаагүй байхад шүүх захиргааны акт гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-д “төсвийн байгууллага ...” бөгөөд мөн хуулийн 4.1.36-д зааснаар Архангай аймгийн Засаг дарга нь Архангай аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагч, харин Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга нь мөн хуулийн 4.1.38-д зааснаар Төсвийн шууд захирагч ахлах нягтлан бодогч Ж.Б-ын хувьд мөн хуулийн 19.3, 19.7-д зааснаар чиг үүрэг нь тодорхойлогддог тус тус тодорхойлогдсон төсвийн харилцааны хүрээнд захирагдах харилцаанд байх этгээдүүд юм.

Төсвийн тухай хуулийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна” зааснаар Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалт дотоод аудитын албаны эрх хэмжээ тодорхойлогдох бөгөөд үүгээр төсвийн дотоод харилцаа буюу “дотоод аудит” болох нь тодорхойлогдоно.

Өөрөөр хэлбэл, тус байгууллагад явуулсан дотоод аудитын хяналт шалгалтаар Ж.Б-т холбогдуулж гаргасан дүгнэлт нь төсвийн харилцааны дотоод нэгжид хамаарах тул үүнийг гадагш чиглэсэн гэж үзэхгүй.

Тус дотоод аудитын харилцаа нь түүний хүрээнд гаргасан дүгнэлт нь Төсвийн шууд захирагчийн нягтлан бодогчид чиглэсэн хяналт шалгалтын дүгнэлт бөгөөд захиргааны байгууллагын дотоод харилцаа болохоос иргэн Ж.Б-т чиглэсэн акт биш болно.

Маргаан бүхий дүгнэлтээр эрх зүйн үр дагавар үүсгэсэн зохицуулалт агуулсан шинж бий болоогүй. Захиргааны актын зохицуулалт агуулсан шинжид эрх зүйн “шууд” үр дагавар бий болсон байхыг шаарддаг. Гэтэл тус дүгнэлтээр шууд үр дагавар бий болж Ж.Б-т сөрөг нөлөөлөл бүхий эрх зүйн үр дагавар үүсээгүй бөгөөд төсвийн байгууллагад нягтлан бодох бүртгэл хөтлөх /2 дугаар гарын үсэг зурах/ чиг үүргийн хүрээнд нь гарсан зөрчил дутагдлуудыг тодорхойлж төсвийн шууд захирагчид хүргүүлсэн.

Тус дүгнэлт 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гарсан бөгөөд гарсан даруй дангаар эрх зүйн үйлчлэл үзүүлээгүй. Харин хожим 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын Ж.Б-ыг ажлаас халах Б/71 дүгээр тушаал гарснаар Б/71 дүгээр тушаалаар иргэн Ж.Б-ын ашиг сонирхол хөндөгдсөн, эрх зүйн үр дагавар үүссэн гэж үзнэ. 17/02/01 дүгээр дүгнэлт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэл үзүүлээгүй болох нь дээрхээс тодорхой харагдана.

Мөн энэ агуулгаар тус дүгнэлтийн захирамжилсан шинж үгүйсгэгдэнэ. Тодруулбал, аливаа захиргааны акт нь эрх зүйн шууд үр дагавар үүсгээд, ийнхүү үүсгэсэн үр дагавар нь төрийн албадлагаар хангагдаж, хэрэгждэг байх ёстой байтал маргаан бүхий дүгнэлтийн хувьд Ж.Б-т ажлаас чөлөөлөх шууд үр дагаврыг үүсгээгүй тул захиргааны акт гэж үзэхгүй.

Маргаан бүхий 17/02/01 дүгээр дүгнэлт нь эрх зүйн харилцаа үүсгэх, дуусгавар болгох, зогсоох зохицуулалт агуулаагүй зөвлөмжийн шинжтэй тул Захиргааны актын “тодорхой нэг асуудлыг зохицуулахаар” гэж заасан шинж мөн адил хангагдахгүй байна.

Хоёр. Мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

Мэдэгдэх, сонсох ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн гуравдугаарт бүлгээр зохицуулагдсан “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа”-ны нэг хэсэг бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1.1, 11.1.2-т заасан шийдвэртэй холбогдсон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь захиргааны актыг гаргах харилцаанд хамаарах тул захиргааны актын шинжийг агуулаагүй захиргааны дотоод харилцаанд гаргасан дүгнэлтэд шийдвэр гаргах ажиллагааны журам баримтлах шаардлагагүй.

Гэсэн хэдий ч хариуцагчийн хувьд Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 6.3.3-д заасны дагуу Ж.Б-т холбогдуулан санхүүгийн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлын талаар тайлбар, тодруулга авахаар дуудсан ч нэхэмжлэгч хүрэлцэн очоогүй байна.

Гурав. Дүгнэлтийг илт хууль бус гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 47 зүйлийн 47.1.-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан заасан үндэслэл байгаагүй” гэж тус тус заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Өмнө дурдсанчлан, хариуцагчийн 17/02/01 дүгээр дүгнэлт захиргааны актын шинжийг агуулаагүй тул илт хууль бус эсэх асуудал яригдахгүй. Тийм боловч шүүх хариуцагчийг өөрийн чиг үүрэгт хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д зааснаар “Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар...” баталдаг бөгөөд Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн хэрэгжүүлдэг дотоод аудитын үйл ажиллагаа нь Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ээр зохицуулагддаг. Тус дүрэмд хяналт шалгалтын хүрээ хязгаар, ... улсын ахлах байцаагчийн чиг үүргийг тодорхой заасан. Тухайлбал,

Дүрмийн 2.1 Дотоод аудитын үйл ажиллагааны зорилгыг тодорхойлохдоо “Дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино” гэж заасан.

Мөн дүрмийн 5.1-д “Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг дараах хүрээнд хийнэ:” гэж заан 5.1.1-5.1.7-д хяналт шалгалтын хүрээг тодорхойлсон бөгөөд хариуцагч улсын байцаагч нь дүрмийн 6.1.6-д заасан эрхийн хүрээнд “өмнө хийсэн дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтаар тогтоосон акт, албан шаардлага, зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх” эрхийг олгосон байна. Иймд тухайн дүгнэлтийг илт хууль бус гэж үзэхгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 22.1-д заасан үндэслэл бүрдээгүй байхад шийдвэр гаргасан байхыг хамруулдаг. 17/02/01 дүгээр дүгнэлтийн хувьд Дотоод аудитын байгууллага Төсвийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхээр ажилласан тул Захиргааны ерөнхий хуулийн 22.1-д заасан шийдвэр гаргах үйл ажиллагааг эхлүүлэх хууль ёсны үндэслэл байсан болно.

Дөрөв. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй нь буруу байна.

Нэхэмжлэгч Ж.Б-ыг Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Ж.Б-ыг ажлаас халах тухай” Б/71 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 зүйл, ... болон маргаан бүхий 17/02/01 дүгээр дүгнэлтэд үндэслэн ажлаас халсан байх бөгөөд нэхэмжлэгчийн туйлын ашиг сонирхол нь ажиллаж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох явдал байна.

Дээрх үйл баримтын талаар “Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдох иргэний хэрэг”-т Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 132 дугаар шийдвэрээр Ж.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 12 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Магадлалд маргаан бүхий 17/02/01 дүгээр дүгнэлтийн талаар “...Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн дүгнэлт гарсныг ажил олгогч тушаалдаа үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримталсан байх хэдий ч улсын байцаагчийн дүгнгэлтийн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гэж үзэх үндэслэлгүй...” гэж захиргааны хэргийн маргааны үйл баримтыг тодорхой дүгнэсэн.

Энэ нь 17/02/01 дүгээр дүгнэлт нь Ж.Б-ыг ажлаас халах шийдвэрийн хууль ёсны үндэслэл болоогүй болохыг тодорхойлж байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч Ж.Б-ын гаргасан зөрчил дутагдлууд нь дан ганц маргаан бүхий 17/02/01 дүгээр дүгнэлтээр тогтоогдоогүй. Тухайлбал, Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний болон 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нийтдээ 13 актаар 33.109.695 төгрөгийн төлбөр тогтоосон бөгөөд эдгээр болон бусад үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн Б/71 дүгээр тушаалыг иргэний хэргийн шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул тэрээр эрх зүйн зохицуулалт агуулаагүй, захиргааны дотоод харилцаанд гарсан дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргаснаар түүний ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдахгүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасны дагуу “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаар шийдвэртэй хэргийг хянав.

Нэхэмжлэгч Ж.Б-аас Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-т холбогдуулан “Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Уг дүгнэлтээр “Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Ж.Б-ыг тухайн ажлын байрандаа тэнцэхгүй” гэж дүгнэсэн байна.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл, тухайн захиргааны акт, хэргийн болсон үйл баримт, нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзээд үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Давж заалдах гомдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасны дагуу “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн байх бөгөөд нэгдүгээрт Захиргааны дотоод харилцаанд гарсан дүгнэлт, хоёрдугаарт Эрх зүйн зохицуулалт агуулаагүй, гуравдугаарт Дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргаснаар түүний ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдахгүй гэсэн үндэслэлийг дурджээ.

Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дугаартай дүгнэлтийг “Захиргааны дотоод харилцаанд гарсан дүгнэлт” өөрөөр хэлбэл дотогшоо чиглэсэн гэж үзэх боломжгүй. Дотогш чиглэсэн акт нь тухайн байгууллага буюу энэ тохиолдолд Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын дотоод нэгж, албан тушаалтандаа гүйцэтгэвэл зохих чиг үүргийн хүрээнд гаргасан эрх зүйн акт хамаарахаар байна. Энэхүү маргааны тухайд улсын ахлах байцаагчийн дүгнэлт Санхүүгийн хяналт аудитын алба дотроо үйлчлэхээр байсан бол дотогшоо чиглэсэн акт гэж үзэх боломжтой юм.

Гэтэл тухайн захиргааны байгууллагын дотоод хүрээнд биш иргэн, хуулийн этгээдэд холбогдолтой, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, тухайн этгээддээ шууд хамааралтай эрх зүйн үр дагавар үүсгэсэн байгаа тул энэхүү улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг дотогшоо чиглэсэн акт гэж үзэх боломжгүй.

“Эрх зүйн зохицуулалт агуулаагүй” гэж давж заалдах гомдолд мөн дурджээ. Энэхүү дүгнэлт нь эрх зүйн үр дагавар үүсгээд, тухайн этгээдийг ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнчлэн иргэнийг тухайн ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэсэн дүгнэлтийг хийснээр хойшдоо өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ өөр байгууллага, аж ахуйн нэгжид ажилд орж ажиллахад сөрөг нөлөөлөл үзүүлэхээр байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс “Ж.Б-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Биеийн тамир, спортын газарт холбогдох иргэний хэргийг Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 132 дугаар шийдвэрээр Ж.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор Архангай аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 12 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Магадлалд маргаан бүхий 17/02/01 дүгээр дүгнэлтийн талаар “...Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн дүгнэлт гарсныг ажил олгогч тушаалдаа үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримталсан байх хэдий ч улсын байцаагчийн дүгнэлтийн мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гэж үзэх үндэслэлгүй...” гэж захиргааны хэргийн маргааны үйл баримтыг тодорхой дүгнэсэн. Энэ нь 17/02/01 дүгээр дүгнэлт нь Ж.Б-ыг ажлаас халах шийдвэрийн хууль ёсны үндэслэл болоогүй болохыг тодорхойлж байна” гэжээ.

Өөрөөр хэлбэл Иргэний хэргийн шүүх шийдвэр гаргахдаа улсын ахлах байцаагчийн 17/02/01 дүгнэлтийг Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, Аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэртэй адилтган үнэлээгүйг тухайн дүгнэлт үр дагаваргүй, эрх зүйн үйлчлэлгүй мэтээр үзэх боломжгүй. Шүүх үнэлэхгүй орхих, үр дагаваргүй байх гэдэг нь 2 өөр ойлголт гэж үзэв.

Давж заалдах шатны шүүхээс харин ч дээрх дүгнэлтийг “... аливаа иргэний ажил мэргэжилдээ тэнцэх эсэх асуудлыг ямар байгууллага дүгнэж, ямар эрх зүйн акт гаргавал хууль ёсны гэж үзэх вэ” гэдэг талаар Иргэний хэргийн шүүх дүгнэлт өгсөн гэж үзлээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс “Дүгнэлтийг хүчингүй болгуулахаар маргаснаар түүний ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдахгүй” гэсэн үндэслэлийг гомдолдоо дурджээ. Энэхүү хэргийн тухайд ажилдаа эргүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй тул “ажил, албан тушаалдаа эгүүлэн томилогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдахгүй, ийм шаардлага гаргаагүй” гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь зөв бөгөөд нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт гэж маргасан тул уг үндэслэл байгаа эсэх талаар нь дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Тодруулбал: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9. дэх хэсэгт Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”,10.12.3-д “энэ хуулийн 10.9.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүр мөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж заасан байна. Энэ зүйлд хэн нэг иргэнийг тухайн ажилдаа тэнцэж байгаа эсэх, эсхүл тэнцэхгүй байгаа эсэх талаар дүгнэх эрхийг олгоогүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 1.1.-д “Энэхүү дүрэм нь төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч бүрийн дотоод аудитын үйл ажиллагааны зорилго, хамрах хүрээ, зарчим, зохион байгуулалт, дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрх, үүргийг тодорхойлж, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах, хөндлөнгийн аудитын байгууллагатай хамтарч ажиллахтай холбогдох харилцааг зохицуулна”, 6.1.6-д “өмнө хийсэн дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх”, 6.3.6-д “санхүүгийн хяналт шалгалтаар тогтоосон акт, албан шаардлага, зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх” гэж заажээ. Эндээс дүгнэхэд хэн нэг ажилтан, албан хаагчийг  ажил мэргэжилдээ тэнцэнэ, тэнцэхгүй гэж дүгнэх эрхийг олгоогүй, харин ч хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх эрхийг л олгосон гэж ойлгогдохоор байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Сонсох ажиллагааны тухайд хяналт шалгалтын үр дүн, гарсан зөрчлийн тухайд л хэлэлцсэн, танилцуулсан болохоос тухайлан иргэн Ж.Б ажилдаа тэнцэх, тэнцэхгүй тухай хэлэлцсэн, мэдэгдсэн, тайлбар гаргах болон бусад оролцоог хангасан зүйлгүй байна. Энэ талаар анхан шатны шүүхээс зөв дүгнэжээ.

Хэдийгээр анхан шатны шүүхээс хэргийн үйл баримт, актын талаар зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3, 47.1.6. дахь заалтуудыг давхар баримталсан нь буруу байх тул хууль хэрэглээний хувьд зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.