Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 07

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ж.Б

Хариуцагч: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С

            Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Н.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Биеийн тамир Спортын газрын нягтлан бодогч Ж.Б ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн 17/02/01 дугаартай дүгнэлт гаргасан талаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Биеийн тамир спортын газрын даргын Ж.Б миний биеийг ажлаас халсан Б/71 дүгээр тушаалтай танилцах үедээ мэдсэн. 

2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр тухайн ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан талаараа санхүүгийн хяналт аудитын алба нь өнөөдрийг хүртэл надад танилцуулаагүй, миний эрхийг ноцтой зөрчиж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан “захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно.”, 40 дүгээр зүйлийн 40.2.5-д заасан “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах ...” гэх заасан бөгөөд тухайн захиргааны актыг мэдэгдсэн бол хуульд заасны дагуу эрхээ эдэлж тухайн захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа дээд шатны байгууллагад хандах байсан, мөн хуульд заасан захиргааны актыг мэдэгдэх, сонсох журмыг бүхэлд нь зөрчсөн.

Мөн Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь хөдөлмөрийн харилцаатай хамааралтай ажлын байрандаа тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй байгууллага биш. 

Иймд Архангай аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ийн өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий акт болох 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 17/02/01 дүгээр дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт мөн. Тус дүгнэлт нь захиргааны байгууллагаас, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн гарсан. Мөн тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан буюу байнга давтагдах шинжтэй биш иргэн Ж.Б-руу чиглэж гаргасан. Гадагш чиглэсэн гэдэг нь захиргааны байгууллагын дотогш чиглэсэн эрх зүйн актаас ялгаатай. Захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдтэй харилцах харилцаанд захиргааны шийдвэрийг хэлбэржүүлж байгаа онцлог шинж болохын хувьд гадагш чиглэсэн. Өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр дотоод орон зайнаас хальж захиргааны байгууллагын гадна орших эрх зүйн субьектрүү чиглэсэн гэж заасан. Ж.Б гэдэг хүн Санхүүгийн хяналт аудитын албанд хамаарахгүй Биеийн тамир, спортын газар гэсэн бие даасан байгууллагад нягтлан хийдэг. Иймд энэ нь гадагш чиглэсэн акт мөн. 

Хоёрдугаарт, маргаан бүхий захиргааны акт нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай. Учир нь, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Гэтэл Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч гэдэг хүн дүгнэлт хийчихсэн. Улсын байцаагчийн дүгнэлтээр ахлах байцаагч дүгнэлт хийсэн. Мөн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Ж.Б-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх тухай гэсэн байгаа. Тэгээд үйл ажиллагаанд нь дүгнэлт хийгээд байгаа юм уу гэхээр тухайн нягтлан бодогч Ж.Б ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргачихсан. Энэ нь өөрөө утга агуулгын илэрхий алдаатай гэдэг нь тодорхой харагдаж байгаа. 

Мөн энэ актыг гаргахдаа байхгүй хууль тогтоомж, хамааралгүй зүйл заалтыг баримталсан байгаа. Тус дүгнэлтэд үндэслэсэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7-т хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд болон шууд бусаар хохирол учруулж байгаа хохирол учруулсан нотлогдож байгаа гэсэн заалтыг баримталсан байна. Гэтэл Ж.Б нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд ямар хохирол учруулсан юм бэ, мөн уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж заасны дагуу илт хууль бус байна. 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэдгийг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, эмнэлэг магадлалын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгоно гэж заасан. Гэтэл Н.С гэдэг хүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан дүгнэлт гаргах комисс гэж үзэх боломжгүй. Н.С гэдэг хүн санхүүгийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх эрхтэй болохоос тухайн байгууллагын албан хаагчийг ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргах эрх байхгүй. 

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байна гэв.

Хариуцагч: Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон албаны даргын баталсан 05 тоот удирдамжийн дагуу Биеийн тамир спортын газрын 2014-2018 оны төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтын байдалд хяналт шалгалтыг Төсвийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн албаны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Хөдөлмөрийн тухай хуулиуд болон салбарын хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг улсын байцаагчийн эрх үүргийн хүрээнд шалгаж, өнөөгийн түвшинг тогтоож, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн сахилга батыг хангуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж дүгнэлт өгөх зорилгоор хяналт шалгалтад хамрагдаагүй онуудыг хамруулан хийсэн. 

Өмнө нь 2013 онд хийсэн шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрч хуулийн байгууллагад шилжүүлсэн боловч эрүүгийн хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөлийн тухай хуулийн дагуу өршөөгдсөн боловч захиргааны актыг төлөөгүй.

2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шалгалтын дүн мэдээг алба зөвлөлийн хуралд оруулан танилцуулж 4 шийдвэр гарсан. Үүнд: Нягтлан бодогч Ж.Б-ын удаа дараагийн хяналт шалгалтаар хууль бус үйлдэлд хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэнд “дүгнэлт” гаргаж холбогдох арга хэмжээ авахаар  шийдвэрлэсэн.

Хурлын шийдвэрийн дагуу 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Биеийн тамир, спортын газар дээр очиж шалгалтын нэгдсэн дүнг хамт олны дунд танилцуулсан ба танилцуулгад удаа дараа давтан ноцтой зөрчил дутагдал гаргаж хариуцлага алдсан дарга, нягтлан бодогч нарт хариуцлага тооцуулах санал, дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх, ноцтой асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн талаар тодорхой танилцуулсан. Үүний дараа 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 17/02/01 дүгнэлтийг гаргахаас өмнө Ж.Б-ыг 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дуудсан боловч ирээгүй. Дүгнэлтээ гаргаад дуудсан ирээгүй, мэдэгдэх хуудас явуулсан боловч дарга Ц.Н нягтлан бодогч Ж.Б нар хотод ажилтай байна гэж манай бичиг хэрэгт хэлсэн. 

Дүгнэлтийг Биеийн тамир спортын газарт хүргүүлсэн. Санхүүгийн хяналт аудитын албаны явуулсан бичгийн дэвтрийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаарт байгаа. Дүгнэлт гаргаж хүргүүлэх талаар шалгалтын явцад болон, дүнгийн хурал дээр тодорхой танилцуулсан. 17/02/01 дүгээр дүгнэлтийг Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11, 10.12.3, 10.12.4, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2, Дотоод аудитын дүрмийн 6.3.6-д заасны дагуу гаргасан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актын хувьд нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 гэж маргаж байна. Тус актаар Ж.Б-ын үйл ажиллагаанд өгч байгаа дүгнэлтүүд нь төсвийг зөв зохистой удирдаагүй, батлагдсан төсвөөс хэтрүүлж нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хуурамчаар үйлдсэн, ажилтан албан хаагчийн цалин хөлсийг буруу тооцож олгосон, нягтлан бодох бүртгэлийг шаардлагын дагуу зохих түвшинд зохион байгуулаагүй, өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй, удаа дараагийн шалгалтууд дээр зөрчлүүдийг дахин давтаж гаргасан, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, санхүүгийн болон эрх зүйн баримт бичгийг өөрөө боловсруулаад нярваар зуруулсан, худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулаагүй, тендерийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж гишүүдээр гарын үсэг зуруулсан, төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан, хяналт шалгалтын тогтолцоо нь алдагдсан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан нягтлан бодогчийн эрх, үүргийг биелүүлээгүй, Авлигын эсрэг хуулийг зөрчсөн байна гэсэн агуулгаар дүгнэж байгаа. 

Ж.Б-ыг ажлын байрандаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргах эрх дотоод аудитын албанд байгаа. Дотоод аудитын албаны хувьд 2015 оны Засгийн газрын 483 дугаар тогтоолоор албаны үйл ажиллагааны эрх хэмжээг тогтоосон. Дотоод аудитын дүрмийн 6.1.6-д өмнө хийсэн дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх, 6.3.6-д  санхүүгийн хяналт шалгалтаар тогтоосон акт, албан шаардлага, зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд эрх бүхий албан тушаалтан болох Архангай аймгийн Засаг дарга болон Биеийн тамир, спортын газрын дарга нарт хүргүүлсэн. Энэ саналыг хэрхэх нь Биеийн тамир, спортын газрын даргын эрх хэмжээний асуудал. Өмнө гаргасан улсын байцаагчийн дүгнэлтүүдийг үндэслэж Ж.Б-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-т заасан зөрчлүүдийг гаргасан байна гэж шийдвэр гаргасан. Энэ зөрчлүүдийг гаргасан нь нотлогдож байна гэж Архангай аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн. Мөн дүрмийн 5.1.2.-т төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал; 5.1.3.-т төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа үйл ажиллагаа болон төсвийн санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал, 5.1.4.-т санхүү, төсөв, төрийн сангийн үйл ажиллагааны үнэн зөв, найдвартай байдал; 5.1.7.-д байгууллагын дотоод хяналт, засаглалын байдалд болон холбогдох стандартын хүрээнд тодорхойлсон бусад аудитын дүгнэлт хийх эрхтэй гэж заасан. Улсын ахлах байцаагчийн хувьд мөн дүрмийн 7.5-т Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв,  нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ гэж заасан. Цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл гэдэг нь Ж.Б гэдэг нягтлан бодогч удаа дараа зөрчлүүд гаргаад байгаа учраас энэ зөрчлүүдийг арилгах засаглалын тогтолцоо болох үүднээс Ж.Б ажилдаа тэнцэхгүй гэсэн дүгнэлт гаргаад энэ саналыг эрх бүхий албан тушаалтан нь хүлээж аваад шийдвэр гаргасан. Эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох норм, стандартын хүрээнд нотолгооны хэрэгслээр нотолж дүгнэж байгаа ийм дүгнэлт. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дүгээр зүйлийн 47.1.3 дахь хэсэг бүхэлдээ үгүйсгэгдэнэ. 

Хоёрдугаарт, захиргааны акт биш гэдгийг шүүхээс анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгож байна уу гэдэгт анхаарлаа хандуулж энэ актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч Ж.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэхийг анхаарч зөв үндэслэлтэй шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсэж байна. 

Гадагш чиглэсэн гэдэг агуулгыг хувьд Засаг дарга өөрийнхөө мөнгийг төлөөлүүлж зарцуулж байгаа этгээдээрээ хянуулж байгаа үйл ажиллагаа. Архангай аймгийн Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагчийнхаа хувьд Ерөнхий сайдын өмнө хариуцлага хүлээнэ. Засаг дарга орон нутгийн өмчтэй холбоотой асуудлаар иргэдийн хурлын төлөөлөгчдийн өмнө хариуцлага хүлээнэ. Энэ хөрөнгийг төлөөлж зарцуулж байгаа Архангай аймгийн Биеийн тамир, спортын газар түүнийг шууд хэрэгжүүлж байгаа ерөнхий нягтлан бодогчийн үйл ажиллагааг хянаж зөрчил гаргасан эсэх талаар Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэлт гаргаж цаашид авах арга хэмжээний талаар дүгнэлт гаргасан. Төсөвтэй холбоотой доод шатныхаа албан тушаалтанд хяналт тавьж байгаа үйл ажиллагаа нь бүхэлдээ дотоод хяналтын үйл ажиллагаа. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан шийдвэр гаргаж өгнө үү гэв. 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Иргэн Ж.Б-аас Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-т холбогдуулан “Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан албан тушаалтан болох Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-т холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны өмнө маргаан бүхий 17/02/01 дугаартай дүгнэлт нь захиргааны актын гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон байх шинжийг хангахгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу, мөн хуулийн 54 дүгээр зүйл 54.1.1, 54.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн тул уг хүсэлтийг шүүх хуралдаанаар тодруулах, тайлбар авч хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:

Нэг. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хийгдсэн эсэх тухайд, тус шүүх Ж.Б-аас Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хянаад 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 109/ШЗ2019/0268 дугаар захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэхийг тодруулахаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсан байна. 

Улмаар нэхэмжлэгч Ж.Б-аас дээрх асуудлаар Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны даргад гомдол гаргаж, тус албаны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 214 дүгээр албан бичгээр хариу ирүүлжээ. 

Ийнхүү 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1. дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1.-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж заасан хуулийн заалтад нийцжээ.

Иймд урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан гэж үзнэ.

Хоёр. Маргаан бүхий 17/02/01 дүгээр дүгнэлт нь захиргааны акт мөн эсэх тухайд, 

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт  “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж заажээ.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс маргаан бүхий 17/02/01 дүгээр дүгнэлт нь дотогш чиглэсэн, эрх зүйн үр дагавар үүсгээгүй гэж тайлбарлаж байна. 

Дотогш чиглэсэн акт нь тухайн байгууллага буюу Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын дотоод нэгж, албан тушаалтандаа гүйцэтгэвэл зохих чиг үүргийн хүрээнд гаргасан эрх зүйн акт хамаарна, харин гадагш чиглэсэн акт нь тухайн захиргааны байгууллагын дотоод хүрээнд биш “гуравдагч” гэж болох иргэн, хуулийн этгээдэд холбогдолтой, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, тухайн этгээддээ шууд хамааралтай эрх зүйн үр дагавар үүсгэсэн байна. 

Маргаан бүхий энэ тохиолдолд, 17/02/01 дүгээр дүгнэлт нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчаас тус аймгийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Ж.Б-т холбогдуулан гаргасан, уг ажилтны мэргэжлийн ур чадварт дүгнэлт өгснөөр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул захиргааны акт гэж үзнэ. /1х.х-н 7/

Архангай аймгийн Засаг дарга нь тус аймгийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогчийг томилж чөлөөлөх албан тушаалтан биш, уг байгууллага, албан тушаалтан нь тус тус өөр өөр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй байна. 

Гурав. Маргаан бүхий 17/02/01 дүгээр дүгнэлт нь илт хууль бус захиргааны акт мөн эсэх тухайд:

            Маргааны үйл баримтаас дүгнэхэд: Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар аудит, хяналт шалгалтын удирдамжийн дагуу Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын 2014-2018 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. /1х.х-н 42-46/

Улмаар Санхүүгийн хяналт шалгалтаар илэрч байгаа зөрчил дутагдал арилахгүй дахин давтан гарч, улам бүр нэмэгдсээр байгаа, өмнө шалгалтын мөрөөр дорвитой арга хэмжээ авч хариуцлага тооцоогүй, хариуцлагын тогтолцоо алдагдсан, илт хууль бус үйлдлийг хаацайлан төсөв хөрөнгийг хуйвалдан завших нөхцөлийг бүрдүүлж байна. 

Нягтлан бодогч Ж.Б албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлж, бие даан шийдвэр гаргадаг, санхүүгийн анхан шатны болон эрх зүйн баримт бичгийг бүгдийг нь өөрөө боловсруулж төсөв захирагч, нярав, эд хариуцагч нар зөвхөн гарын үсэг зурдаг, худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулаагүй, тендерийн баримт бичгийг хуурамчаар үйлдэн гишүүдээр гарын үсэг зуруулсан, албан тушаалын эрх мэдлээ ашиглан, төсвийн хөрөнгийг хувьдаа завшсан.

Нягтлан бодогч Ж.Б нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйл “Ерөнхий нягтлан бодогчийн эрх үүрэг”, 2013 онд баталсан Мэргэжлийн нягтлан бодогчдын ёс зүйн дүрэм”-ийн заалтууд, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д "Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно”, Засгийн газрын 2014 оны “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын заалтуудыг зөрчиж, хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлж ажиллаагүй хэмээн үзэж Архангай аймгийн Биеийн тамир, спортын газрын нягтлан бодогч Ж.Б-ыг тухайн ажлын байрандаа тэнцэхгүй гэж дүгнэн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дугаартай дүгнэлтийг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт зааснаар маргаан бүхий 17/02/01 дүгээр дүгнэлтийн үндэслэлд дурдсан зөрчилд бус, уг дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан эсэхэд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч талаас маргаан бүхий 17/02/01 дүгээр дүгнэлтийг Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С гаргах чиг үүрэггүй, хөдөлмөрийн харилцаатай холбоотой дүгнэлт гаргах эрх хэмжээгүй тул 17/02/01 дүгээр дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1,  47.1.3, 47.1.6-т зааснаар илт хууль бус гэж;

Хариуцагч талаас 17/02/01 дүгээр дүгнэлт нь захиргааны актын гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар үүсгэсэн шинжийг агуулаагүй учраас захиргааны акт биш, нэгэнт захиргааны акт биш учраас илт хууль бус захиргааны акт гэж үзэх боломжгүй ...” гэж маргаж байна. 

Хуулийн дээрх заалтуудыг агуулгыг тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1.-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн илэрхийлэгдээгүй, актын агуулга нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатай ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус, дүгнэлт хийх чадвартай ердийн хүн харахад тухайн захиргааны акт хуульд нийцсэн байх боломжгүй, захиргааны актаар зохицуулах гол харилцаа нь дутагдсан эсхүл хуулийн зохицуулалтыг давтсан шинжтэй байхыг, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж захиргааны байгууллага, албан тушаалтанд хуулиар тусгайлан зөвшөөрч олгосон эрх хэмжээнээс хэтрүүлэн өөрт хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны акт гаргасан, эсхүл нутаг дэвсгэрийн харьяалал зөрчиж захиргааны акт гаргасан байхыг, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж захиргааны акт хуульд үндэслэсэн байх зарчмыг зөрчсөн тохиолдолд хамаарах бөгөөд тухайн тохиолдолд захиргааны акт гаргах эрх тухайн албан тушаалтанд олгогдоогүй байхыг ойлгоно.

 

Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9. дэх хэсэгт “Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 10.9.11.-т “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”, 10.12.3.-т “энэ хуулийн 10.9.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсхүл тухайн үйлдвэрлэл, үйлчилгээг бүрмөсөн зогсоох тухай санал, дүгнэлтээ холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж;

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 1.1.-д “Энэхүү дүрэм нь төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч бүрийн дотоод аудитын үйл ажиллагааны зорилго, хамрах хүрээ, зарчим, зохион байгуулалт, дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрх, үүргийг тодорхойлж, дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах, хөндлөнгийн аудитын байгууллагатай хамтарч ажиллахтай холбогдох харилцааг зохицуулна.”, 6.1.6.-д “өмнө хийсэн дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэх”, 6.3.6.-д “санхүүгийн хяналт шалгалтаар тогтоосон акт, албан шаардлага, зөвлөмжийг хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх” гэж,

Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 107 дугаар тушаалаар баталсан Санхүүгийн хяналт шалгалтын стандартын 1, 2.1, 2.3, 2.4, 2.5, 3.1.1, 3.3 /01/, 3.4, /09/, 13, 5.2 /02/, 6.2 дахь заалтууд болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4 дэх хэсэгт заасан зарчмуудыг тус тус зөрчжээ.  

Өөрөөр хэлбэл, Санхүүгийн хяналт шалгалтын ахлах байцаагч нь санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, хяналт шалгалтын явцад аливаа албан тушаалтан санхүүгийн алдаа, зөрчил дутагдал гаргасан талаар дүгнэлт гаргаж, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх эрхтэйг хуулиар хуульчилж өгсөн байхад шалгуулагч байгууллага, ажилтан, албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбогдуулан албан тушаалд нь дүгнэлт гаргах эрх хэмжээг хуулиар олгоогүй, тухайн албан тушаалтныг ажлын байрандаа тэнцэх эсэх талаар дүгнэсэн нь илт хууль бус болжээ.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээр Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дугаартай дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3., 47.1.6.-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан, гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэх үндэслэлтэй. 

Нөгөөтэйгүүр, ажилтан, ажил олгогчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой буюу Ж.Б-ыг ажлын байрандаа тэнцэх эсэх талаар эрх бүхий байгууллага, мэргэжлийн комиссын дүгнэлт, шийдвэр гаргах асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар зохицуулах бөгөөд улсын байцаагчийн 17/02/01 дүгээр дүгнэлт нь уг хуулийн дээрх зүйл заалтанд хамааралгүй байна. 

 Мөн нэхэмжлэгчээс 17/02/01 дүгээр актыг мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй  гэж, хариуцагчаас мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулсан, шалгалтын нэгдсэн дүнгийн хурлаар илэрсэн зөрчилт үйлдэл, авсан арга хэмжээг нэгбүрчлэн танилцуулсан, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар албан бичиг, 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаар албан бичгээр хүргүүлсэн гэж маргасан. 

Архангай аймгийн Биеийн тамир, спортын газарт санхүүгийн хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дүнгийн хурал хийсэн тэмдэглэл, Хяналт шалгалтын танилцуулга, акт хүргүүлсэн гэх Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 73 дугаар албан бичиг, Хяналт шалгалтын танилцуулга, акт, дүгнэлт хүргүүлсэн гэх Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаар албан бичиг, Ж.Б-ыг дуудан ирүүлэх тухай Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 03 дугаартай мэдэгдэх хуудас, Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 64 дүгээр албан бичиг, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл, 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн гэх боловч энэ нь маргаан бүхий 17/02/01 дүгээр дүгнэлтийн талаар мэдэгдэх, сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. /1 х.х-н 47-50, 53-60, 71, 72, 75, 134-136/

 Шүүх хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дүнгийн хурлын тэмдэглэлд Ж.Б-т холбогдуулан санхүүгийн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлын талаар тайлбар, тодруулга авахаар дуудсан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6,  26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд зааснаар маргаан бүхий 17/02/01 дүгээр дүгнэлтийг гаргах болсон талаар тухайн дүнгийн хурлын тэмдэглэлд тусгагдаагүй, мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй болох нь тогтоогдож байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт зааснаар холбогдох нотлох баримтуудад үзлэг хийж хавтаст хэрэгт авагдсан болно. /1 х.х 101/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.12 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн 47.1.3., 47.1.6. дахь заалтууд, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.6, 14 дүгээр зүйлийн 14.2. дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 17/02/01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Н.С-ээс 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.      

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ОДОНТУЯА