Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2018/00124

 

Ц.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01680 дугаар шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2017/02070 дугаар магадлалтай,

           Нхэмжлэгч: Ц.М

           Хариуцагч: “Д” ХХК-д холбогдох

   Ажилгүй байсан хугацааны цалин олговор болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшууллын зардал нийт 22.262.963 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Ц.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, С.Н, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжарал нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намайг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-06-21-ний өдрийн 107-р шийдвэрээр “Д” ХХК-ийн Удирдлага, санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016-09- 21-ний өдрийн 1606 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн. Уг шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш хариуцагч биелүүлэхгүй байснаар энэ хугацаанд авах ёстой цалингаа авч чадаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулсан боловч надад үйлчлэгч нарыг хянаж ажиллах ажлын байр санал болгосон. Миний хувьд Удирдлага, санхүүгийн албаны дарга байсан тул тухайн ажлын байрыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2016-06-22-ны өдрөөс 2016-06- 30-ны өдөр хүртэлх цалин 581.818 төгрөг, 2017 оны 7 дугаар сараас мөн оны 5 дугаар сарын цалин 1,6сая төгрөг, 2016 оны 13 дахь сарын цалин 3.680.000 төгрөг, шүүхийн шийдвэр албадан биелүүлэх урамшууллын гэрээний хөлс 7,5 хувь буюу 560.475 төгрөг нийт 22.422.293 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны ажлын хөлс 560.476 төгрөгийг хасахад татгалзах зүйлгүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Ц.М нь “Д” ХХК-ийн захирлын шийдвэрээр ажлаас халагдаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албан мэдэгдлүүдийн хариуг тухай бүрд нь өгсөн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны  107 дугаар шийдвэрт  Ц.М удирдлага, санхүүгийн албаны даргын албан тушаалд эргэн томилохоор заасан. Харин “Д” ХХК-ийн эрх барих дээд байгууллага болох Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015-11-17-ны өдрийн 15 дугаар тогтоол, 2016-10-17-ны өдрийн 25 дугаар тогтоолоор тус тус удирдлага, санхүүгийн алба гэсэн бүтцийг татан буулгасан тул шийдвэрт заасан албан тушаалд эгүүлэн томилох боломжгүй болсон.  Төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захиралд олгосон эрх хэмжээний хүрээнд Захиргаа удирдлагын хэлтэст үйлчилгээ хариуцсан зохион байгуулагчийн орон тоог шинээр үүсгэн, 2017-03-03-ны өдөр ажилд томилсон тушаал гаргасныг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, уг албанаас тушаалыг Ц.Мд танилцуулсан. “Д” ХХК-иас уг албан тушаалыг Ц.Мд санал болгон, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг 2017-03-06-ны өдөр албан ёсоор танилцуулахад өмгөөлөгчийн хамт уншиж танилцаад хариу өгнө гэсэн хэдий ч эргэж холбоо бариагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тухайн ажлын байрны тодорхойлолтын төслийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүсэлт гаргасан. Үүний дагуу 2017-05- 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, “Д” ХХК-ийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хуулийн зөвлөх гэсэн бүрэлдэхүүнтэй хамтран хэлэлцсэн. Нэхэмжлэгч Ц.М эрүүл мэндийн буцалтгүй тусламж авах хүсэлт гаргасан бөгөөд хөдөлмөрийн хөлсний дундаж цалинтай тэнцэх хэмжээний мөнгийг 3 дахин нугалсан буцалтгүй тусламж олгож болох тухай хэлсэн. Ажилгүй байсан хугацааны цалинд нийт 12 543 972 төгрөгөөр тооцож 2017-03- 03-ны өдөр буюу ажилд томилох хүртэл хугацааны цалин гаргуулах нь зүйтэй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй тул урамшууллын зардал, 13 дахь сарын цалинг олгох үндэслэлгүй гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01680 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Д” ХХК-с   16.280 478 төгрөг гаргуулж Ц.Мд олгож, нэхэмжлэлээс 6.141.815 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270.700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239.352 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 15-ны өдрийн 210/МА2017/01680 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01680 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “Д” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговор болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны урамшууллын зардал нийт 22.262.963 төгрөг гаргуулах тухай Ц.Мийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

        Нэхэмжлэгч хяналтын гомдолдоо: Шаардах эрх үүссэн үеийг хууль буруу тайлбарлаж хэрэглэх замаар буруу тогтоосон: Шүүхээс хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан шаардах эрх үүссэн үеэс, шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн эсхүл мэдэх ёстой байсан үеэс тоолно. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байхаар зохицуулагджээ. Нэхэмжлэгч нь ажилгүй хугацааны олговроо ажилд эгүүлэн тогтоогдсон үеэс буюу эрх зөрчигдсөн үеэс эхлэн 3 сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй тул хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж үзнэ” гэж дүгнэсэн нь бодит байдалд буруу дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн дүгнэлт болсон байна. Нэхэмжлэгч Ц.М 2017-05 -23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэжээ. Намайг одоог хүртэл ажилд эгүүлэн тогтоогоогүй, надад хохирол учирсаар байхад ийнхүү хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Шүүх хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй: Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн  129.1 дэх хэсгийг хэрэглэсэн боловч миний шаардах эрх хангагдах гол үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсгийг огт хэрэглээгүй, дурдаагүй байна. 36.1.2-т нь: Ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараах тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй гэж тодорхой байдлаар хуульчилжээ. Харин энэхүү эрхээс улбаалаад Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт: “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж заасан байна. Энэхүү хэм хэмжээ нь шүүхээр ажилдаа тогтоогдсон ажилтныг ажил олгогч өөрийн шийдвэрийг гарган, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд авах үүрэгтэй, ийнхүү эгүүлэн тогтоосон бол түүнд олговрыг хуульд заасны дагуу олгохоор зохицуулсан зохицуулалт юм. Нөгөөтээгүүр миний бие нэхэмжлэл гаргахдаа 2016 оны 06, 2016 оны 07 сараас 2017 оны 5 дугаар сарын цалин, болон бусад нэмэгдэл урамшууллыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “шүүхийн шийдвэр 2016-10-05-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна” гэж үзээд, энэ хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь буруу байна. Учир нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон боловч миний бие ажилдаа тогтоогдоогүй тул шаардах эрх үүсээгүй, хуулийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан, хариуцагч байгууллага ч ажилд нь томилоогүй гэдгээ тайлбарууддаа дурдсан. Мөн дээрх байдлаар хуулийг тайлбарлах юм бол 3 сар өнгөрсөн хэсгийн хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гэж үзэхэд, түүнээс хойших хугацааны авах ёстой цалин, олговрын хувьд давж заалдах шатны шүүх хэрхэн дүгнэсэн нь тодорхой бус байна. Энэхүү маргааныг анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж, зөв шийдвэрлэсэн байсныг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосонд гомдолтой байна. Нэхэмжлэгч миний зүгээс шүүх хуралдааны шийдвэр гарч, 7 хоног өнгөрснөөс хойш Нийслэлийн шүүх рүү өдөр бүр очиж, магадлалаа авъя гэхэд “Магадлал арай гарч амжаагүй байна, шүүгч хуралтай байна, одоо хянаж байгаа” гэх зэргээр удаашруулсаар, уг өдөр гардуулсан. Энэ талаар шүүгч н.Байгалмаагийн туслах руу өдөр бүр залгаж, мессеж бичиж байсан. Шүүх өөрийн шийдвэрийг бичгээр гаргах хугацаагаа ийнхүү зөрчиж, 21 хоногийн дотор гомдол гаргах ямар ч боломжгүй байсан талаар дурдах нь зүйтэй. Хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.3-т заасны дагуу ...магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, ...шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн гомдолд гаргасан тайлбартаа: ...“Шаардах эрх үүссэн үеийг хууль буруу тайлбарлаж хэрэглэх замаар буруу тогтоосон...” гэж дурдсан нь үндэслэлгүй юм. ...Шүүхийн шийдвэр батлагдсан тухайн үед Д ХХКомпанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015-11- 17-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд энэхүү тогтоолыг тус иргэний хэрэгт Д ХХК-аас нотлох баримт болгон гарган өгсөн. Энэхүү Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол болон холбогдох бусад нотлох баримттай нэхэмжлэгч тал болох Ц.М танилцсан болох нь хэргийн материалд авагдсан. Иймд давж заалдах шүүх хуульд нийцүүлэн хэргийг үнэн зөвөөр бодитой шийдвэрлэсэн гэж үзэж байна.” гэжээ.  

ХЯНАВАЛ:

       Ц.М 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016-06-22-ны өдрөөс 2017-05 сар дуустал хугацааны цалин 17.600.000 төгрөг, 13 дахь сарын цалин 3.680.000 төгрөг, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 560.475 төгрөг нийт 22.422.293 төгрөг шаардсаныг /хх 1/ хариуцагч эс зөвшөөрсөн /хх 31-33/ байна.

       Анхан шатны шүүх хариуцагчаас 2016-06-21-ний өдрөөс 2017-05-23-ны өдөр хүртэл хугацааны олговрыг дундаж цалин 1.467.912 төгрөгөөр тооцож 16 280 478 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо “... хариуцагч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй нь нотлогдсон...Ц.Мийг 2017-03-03-ны өдрөөс Захиргаа удирдлагын хэлтэст үйлчилгээ хариуцсан зохион байгуулагчаар томилсон байгаа ч шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон албан тушаал зохион байгуулалтын бүтцээс хасагдсан, цомхтгогдсон нь нотлогдоогүйгээс гадна адил чанарын ажил биш байна...” гэжээ.

       Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... нэхэмжлэгч гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн ...” гэж үзсэн байна.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.     

       Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. Бусад  тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргах эрхтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заажээ.

      Ц.Мийг Дийн Удирдлага, санхүүгийн албаны даргын ажилд эгүүлэн тогтоож, 2016-01-28-ны өдрөөс 2016-06-21-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 7.473.000 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах тухай  183/ШШ2016/00107 дугаар шийдвэрийг Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан, давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1606 дугаар магадлалаар хэвээр  /хх 6-22/ үлдээсэн. Ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, /хх 5/ мөн сарын 18-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн /хх 22/, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 3/3325, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3/6450, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 3/11089, 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 3/351 дүгээр албан бичигт хариуцагч 2017 оны 1/135, 1/242, 1/451,1/805 дугаар албан бичгээр “..шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг зорин ажиллаж байгаа...ижил хэмжээний цалинтай ажил санал болгосон...” зэрэг хариу өгч байсан ч шийдвэр биелэгдээгүй байна.

      Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 183/ШШ2016/00107 дугаар шийдвэр Ц.М 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах үед биелэгдээгүй буюу нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байхад давж заалдах шатны шүүх гомдол гаргах хугацааг шийдвэр гарсан үеэс эхлэн тооцсон нь буруу юм. 

       Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-н зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгоно.

       Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2017/02070 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/01680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 239.360 төгрөгийг Ц.Мд захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ