Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 118/2017/0036/З |
Дугаар | 57 |
Огноо | 2017-09-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 57
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Ш.Дуламжавын нэхэмжлэлтэй тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох 2017 оны 03 сарын 06-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, 2017 оны 2 дугаар сард ажилласан цалин гаргуулах шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Дуламжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн, хариуцагч М.Гүрсэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Наранцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Мөнхболд / онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Долгорсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь өвчний улмаас 2017 оны 1 дүгээр сарын 11-нээс 18-ны өдрийн хооронд Шилүүстэй сум дахь сум дундын эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад биеийн байдал сайжрахгүй болохоор нь Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээ хийлгүүлэх шаардлагатай гэсэн хариу авсан. Ингээд Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 10 хоногийн цалинтай чөлөө олгоно уу гэсэн хүсэлт гаргасан боловч 10 хоногийн цалингүй чөлөө олгосон. Ингээд Шилүүстэй сумын эмнэлэгээс 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр өвчтөн илгээх 13/А маягт аваад 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хотод 1 дүгээр эмнэлэгт үзүүлж,оношлуулаад 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр эмнэлэгээс өвчтөн илгээх хуудас /АМ-13/Б/ авч буцаж ирсэн. 1 дүгээр эмнэлэгээс лист буюу эмнэлэгийн хуудас авах гэсэн боловч хэвтэж эмчлүүлээгүй, гадуур эмчилгээ хийлгэсэн тул өгөхгүй гэсэн. 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр сумандаа буцаж ирээд ажлаа хийж байтал 2017 оны 3 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт сургалтад ирнэ үү гэсэн албан бичиг ирэхээр нь 2017 оны 3 дугаар сарын 5-ны орой аймагт ирээд маргааш өглөө нь сургалтад суухаар очиход сургалтад суулгахгүй, чи ажлаасаа халагдсан гэсэн тушаал өгсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч Завхан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан. Гомдлыг Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл хэлэлцээд уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэсэн тогтоол гаргасан. Тогтоолын 2 дахь заалтаар хууль зөрчиж гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт /М.Гүрсэдэд/ үүрэг болгосон. Энэ талаараа 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 40 дугаар албан бичгээр М.Гүрсэд даргад хүргүүлж, хариуг нь 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн. Гэвч Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас өдийг болтол ямар ч хариу өгөхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие нь 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Шилүүстэй сумын хүн эмнэлэгт өвчний улмаас хэвтэж эмчлүүлсэн. Тэгээд бие гайгүй болохгүй болохоор 1 дүгээр сарын сарын 24-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явах шаардлагатай гээд өргөдлөө өгөхөд Ө.Наранцэцэг дарга нь над руу утасаар ярьж би цалинтай чөлөө олгох боломжгүй. Цалингүй 10 хоногийн чөлөө олгожбайна. Хот руу эмчилгээ хийлгээд ир гэсэн. Үндсэндээ 2017 оны 1 сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу явсан. Би 1 дүгээр сарын 26-нд хотод очсон. 5 дахь өдөр байсан болохоор 3 өдөр өнжөөд, 1 дэх өдрөөс 1 дүгээр эмнэлэгээр явсан.Надад 10 хоногийн чөлөө олгосон болохоор би яаралтайгаар нь үзүүлсэн. Хөдөө орон нутгаас ирсэн. 4 хоногийн хугацаатай гээд эмч нараар нь гуйж үзүүлээд 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Говь-Алтай аймгаар дайрч буцаж ирээд, 2017 оны 2 сарын 4-ний өдөр өнжөөд 2017 оны 2 сарын 5-ны өдөр ажилдаа ирсэн. Н.Наранцэцэг дарга над руу Насны хишиг олгох гээд байна. Яаралтай ир гэж хотод байх хугацаанд ярьсан. Тэгээд би 2 сард ажиллаад 3 дугаар сарын 4-ний өдөр намайг сургалттай гэж аймаг дээр дуудсан. 3 дугаар сарын 5-ны сургалтанд суух гээд ирэхэд миний оронд ажиллах хүнийг бас сургалтанд хамт дуудсан байсан.Тэгээд тушаалаа төлөвлөөд тавьчихсан байсан. Ө.Наранцэцэг дарга намайг дуудаад листээ авчирсан уу гэхэд би хэвтэж эмчилгээ хийлгээгүй болохоор лист өгөөгүй гэсэн. Гэхдээ би холбогдох баримт бичгээ авчирсан байсан. Гэвч миний оронд өөр хүн суулгах гээд аваад ирсэн байсан. Тушаалаа төлөвлөсөн байсан болохоор нь өгөөгүй. Би тушаалаа аваад төрийн албаны салбар зөвлөлд хандсан. Дараа нь нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, үүрэгт ажилдаа эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлж, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн 2 дугаар сарын цалин гаргуулах шаардлагатай байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ш.Дуламжавын хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийг 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ тушаал нь хууль эрх зүйн үндэслэлгүй тушаал гэж харж байна. Хууль хэрэглээний алдаа гарсан байна. Яагаад хууль хэрэглээний хувьд алдаатай тушаал гаргасан гэж үзэж байна гэхээр тухайн хүнийг ажлаас чөлөөлөх эрх зүйн үндэслэлийг заахдаа алдаа гаргасан гэж үзэж байна. Энэ тушаал дээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 5 дах хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 9.1 гэсэн заалтыг баримтласан байдаг. Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж, сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийг баримтлах ёстой байсан. Гэтэл энэ тушаалд заагдаагүй байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад оногдуулах шийтгэлийн төрлүүдийг заасан болохоос шийтгэл ногдуулах үндэслэлийг заагаагүй. Ийм учраас хууль хэрэглээний алдаа гарсан гэж үзэж байна. Албан үүргээ биелүүлээгүй талаар шүүгч асуусан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч хариулсан. Тэгэхдээ 2 янзын хариулт өгч байгаа нь шүүхийн тэмдэглэлд тодорхой тусгагдаж байгаа учраас үүнийг нэмж тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Албан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа нь үйл явдлыг ямар нөхцөлд, яаж, ямар тохиолдлыг албан үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх талаар нотлох баримт хэргийн материалд байхгүй байна. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг хуурамч гэж үзэж байна. Энэ нь хуурамч талаар нотлох баримт байхгүй байна. Зүгээр хуурамч гэж ярьж байгаа болохоос хуурамч гэдгийг тогтоосон баримт, хөндлөнгийн байгууллага, шүүхээр тогтоосон зүйл байхгүй. Түүнээс хариуцагч талаас хуурамч юм гэж хэлэх боломж байхгүй. Нэгэнт төрийн албыг хэрэгжүүлдэг, хуулийг дээдлэх ёстой гэж хариуцагч тал хэлж байна. Тиймээс өөрсдөө хуулийг зөрчсөн. Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-т зааснаар нэг нас хүрээгүй хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон байгаа. Ямар тохиолдолд ажлаас халж болох вэ? гэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан үндэслэлээр халж болно. Үүнээс бусад ямар ч тохиолдолд ажлаас халахыг хориглодог. Тиймээс нэхэмжлэгч Ш.Дуламжавын хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн байна. Тодорхой хэмжээний нотлох баримт цуглуулах талаар шүүхэд хүсэлт гаргаж, захиргааны хэргийн шүүх нь өөрөө мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага. Тиймээс өөрийнхөө чиг үүргийг биелүүлж, мөрдөн шалгах ажиллагааг хийж, гэрч н.Маргад-Эрдэнэтэй холбоотой асуудлаар асуусан байдаг. Хавтаст хэргийн нотлох баримтанд байгаа. Гэтэл ямар аргаар гаргуулж авсан тодорхой бус нотлох баримтыг үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Харин хууль бусаар олж авсан, хууль зөрчсөн байж болзошгүй байна гэдгийг шүүх анхаарч үзэх байх гэсэн бодолтой байна. Өнөөдрийн маргаан бол чөлөө өгсөн үү? өгөөгүй юу? гэдэг дээр л маргаж байна. Түүнээс 8 хоног ажил тасалсан уу үгүй юу гэдэг дээр маргаагүй байна. Цалинтай чөлөө олгоогүй болохоос цалингүй чөлөө олгосон гэж үзэж байна. Хот руу яваад эмчилгээ хийлгээд ир гэдэг бол зөвшөөрсөн гэсэн ойлголт. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. Лист авчир гээд шахаж, шаардаж байгаа нь өөрөө явуулах нөхцөл байдлыг бий болгосон байна. Тиймээс нэхэмжлэгч Ш.Дуламжавын 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, үүнээс хойш өнөөдөр хүртэлх хугацааны цалин гаргуулах, ажил албан үүргээ гүйцэтгээгүй хугацааны 3.5 сая төгрөгийг гаргуулах, 2017 оны 2 дугаар сарын цалингийн 519.000 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд тавьж байна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ш.Дуламжавын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээнийгазарт холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Ш.Дуламжав нь тус байгууллагад Шилүүстэй сумын хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Ш.Дуламжав нь Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул цалинтай чөлөө олгож өгнө үү гэсэн утга бүхий өргөдлийг тус байгууллагад гаргасан байдаг. Манай газрын зүгээс Ш.Дуламжавын гаргасан өргөдлийг судалж үзээд эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгийн байгууллагаар үйлчлүүлэх тул эмнэлэг /эмчийн магадлалаа, листийг нь үндэслээд цалин хөлсийг чинь бодож олгоно/гэдгийг сануулаад явуулсан. Ш.Дуламжав нь 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл ажилдаа ирээгүй ба 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Манай газрын зүгээс Ш.Дуламжаваас ажиллаагүй өдрүүдийнхээ эмнэлэгийн эмчийн магадлал, листийг авчрахыг шаардахад Ш.Дуламжав нь Шилүүстэй сумын сум дундын эмнэлэгийн магадлагааг авчирч өгсөн. Ш.Дуламжав нь 2017 оны 1 дүгээр сарын 24-нд гаргасан өргөдөлдөө Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд явсан хүн Шилүүстэй сумын эмнэлэгийн магадлагаа өгснийг тодруулах зорилгоор өвчтөн илгээх хуудас, эмнэлэгийн магадлагаа, бичиж өгсөн Шилүүстэй сумын сум дундын эмнэлэгийн эмч н.Маргад-Эрдэнээс энэ талаар тодруулахад Ш.Дуламжав нь Шилүүстэй сумын сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй, мөн гуйгаад байхаар нь бичиж өгснөө бидэнд хэлсэн буюу танай байгууллагад өгсөн эмнэлэгийн баримт бичгүүд нь хуурамч гэдгийг тогтоосон. Мөн манай газрын зүгээс Ш.Дуламжаваас та хотод очиж эмчилгээ хийлгэнэ гээд явсан хүн. Та хотын эмнэлэгийн магадлагаагаа бидэнд өгөх шаардлагатай гэдгээ хэлэхэд Ш.Дуламжав нь байгаа байгаа удахгүй өгнө гэж хэлээд хотын өвчтөн илгээх хуудас, эмнэлэгийн магадлагаагаа бидэнд огт өгөөгүй болно. Иймд бид Ш.Дуламжав нь 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүртэл нийт ажлын 8 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан үүргээ гүйцэтгээгүй, ажлаа тасалсан гэж үзэж 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Ш.Дуламжавт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ба 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/23 дугаар тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн тушаал юм. Иймд Ш.Дуламжавын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хариуцагч: 2017 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр өргөдөл ирүүлсэн байгаа. 13/а маягт хавсаргаад фэйсбүүкийн мессенжерээр ирүүлсэн. Би энэхүү хүсэлтийг цохсон. Цохолтон дээр эмчилгээ хийлгээд ир. Эмнэлэгийн журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлээд ирээрэй л гэсэн. Хамгийн гол нь эмнэлэгт үзүүлсэн талаар баримт байхгүй. Шүүхэд гаргаж өгсөн баримтаа байгууллагадаа гаргаад өгсөн бол өнөөдөр ийм асуудал болохгүй байсан. Хэлтсийн дарга нь удаа дараалан шаардаад байхад яагаад өгөөгүй юм бэ? гэхээр булзах маягийн хариулт өгөөд байна. Тэгээд энэ хүнийг эмчилгээ хийлгэсэн талаар баримт байхгүй болохоор 8 хоногийн ажил тасалсан гэж үзээд байгаа. Үзэхээс ч өөр арга байхгүй. Учир нь санхүүгийн баримтанд хавсаргах гэхээр баримтгүй болчихоод байна. Төрийн албаны салбар зөвлөлд хандсан байсан. Энэ талаар би төрийн албаны салбар зөвлөлд тайлбар гаргахад надаас уучлалт хүссэн хариуг ирүүлсэн. Би эмчилгээ хийлгэсэн эмч нарын бичиг эргэлзээтэй гэж үзэж байгаа. Энэ эмч нар 1 дүгээр сард эмчилгээ хийсэн эмч үү? 8 дугаар сард эмчилгээ хийсэн эмч үү?. Хэрэв 8 дугаар сард эмчилгээ хийлгэсэн бол манай энэ асуудалтай холбоогүй. 13/а маягт худал юм шүү гэсэн бичгийг Шилүүстэй сумын хүн эмч н.Маргад-Эрдэнээс ирүүлсэн байдаг гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: н.Маргад-Эрдэнэ эмч та нарыг хоорондоо зохицсон байх гэж ойлгосон. Байгууллага ажилтнаа харж үзэж байгаа юм байна гэж бодоод гуйгаад байхаар нь лист бичиж өгсөн гэж хэлсэн. Бид шүүхийн өмнө үнэн зөв хэлэх хэрэгтэй. Манай байгууллагад 10 хоногийн цалинтай чөлөө олгож өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байдаг. Дарга цохохдоо эмнэлэгийн бичиг баримтыг нь үндэслэж байгаад шийдвэрлэнэ. Түүнээс шууд цалинтай чөлөө өгөх хуулийн заалт байхгүй гэсэн. Нэгдүгээрт: Би хэзээ ч Ш.Дуламжавд 10 хоногийн чөлөө өглөө гэж хэлээгүй. Хоёрдугаарт: Энэ 13/а гэдэг маягт нь эмнэлэг өвчтэй хүнээ дээд шатны байгууллагадаа илгээж байгаа гэсэн үг. Үнэхээр өвчтэй зовлонтой байгаа бол өнөөдөр аймгаасаа улсад явах ёстой. Эрүүл мэндийн сайдын журам байна. Энэхүү журмыг өмгөөлөгч уншиж танилцуулах байх гэж бодож байна. Энэ илгээсэн 13/а маягт нь Шилүүстэй сумын сум дундын хүн эмнэлэгт гээд илгээсэн байгаа. Энэ нь хавтастхэргийн 11 дэх хуудсан дээр байгаа. Шүүгчээр уншуулж, хаана илгээсэн байгааг тодруулах хүсэлт байна. Би удаа дараалан утсаар ярьж байсан. Бичиг баримтаа авч ирэхгүй бол болохгүй байна шүү. Чи 13/а бүх бичиг баримтаа авчирч өгөөрэй. 13/б листээ авч ирээрэй гэж удаа дараалан хэлж байсан. Ш.Дуламжав хэлэхдээ миний гэдсэн дотор хүүхэд нас барчихлаа. Би жирэмсэн байхдаа хүүхэд маань амьгүй болчихлоо гэж хэлсэн. 10 хоногийн чөлөө олгож өгнө үү гэсэн байдаг. Би эмчилгээ хийлгүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Миний хувьд би эмэгтэй хүн учраас санаа зовоод араас нь байнга утсаар ярьж байсан. Энэ талаар Ш.Дуламжав ч өөрөө нотолж хэллээ. Шилүүстэй сумын эмч н.Маргад-Эрдэнэтэй холбоо бариад Ш.Дуламжав үнэхээр жирэмсэн байна уу. Хүндрэлтэй байна уу гэж асуухад би Ш.Дуламжавыг гуйгаад байхаар нь бичээд өгсөн юм гэж хэлсэн. Тэгээд энэ удаад орхисон. Би 5 удаа Ш.Дуламжавтай ярьсан. 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр ирэхэд нь сонсох ажиллагаа хийж өрөөндөө дуудаж оруулж ирээд яг одоо бичиг, баримтаа аваад ир, чиний тушаал гарах гээд байна. Чи гомдолгүй биз. Яг тушаал гарлаа шүү гэхэд би баазад орхиод иржээ гэсэн. Бааз руу яваад аваад ир. Нэг цагийн дотор аваад ир. Тэгэхгүй бол өөр хүн сургалтанд суух гээд байна гэдэг талаар тайлбарласан. Мөн удалгүй орж ирсэнээ би орхиод иржээ гэсэн.Чи шууданд хийгээд явуулчих гэж ч хэлж байсан. Энэ хүн төрийг үл хүндэтгэсэн, төрийн ажлыг үл ойшоосон. Бид нар энэ хүнийг сар хүлээсэн 1 дүгээр сарын 24-өөс 2 дугаар сарын 6-ны өдөр хүртэл хугацаанд 8 хоногийн ажил тасалсан. Ийм асуудал болсны дараа тушаал гарсан юм. Дараа нь сумынхаа нэгдсэн эмнэлэгийн даргаар лист бичүүлсэн байсан. Лист нь дээр нь Шилүүстэй сумын эмнэлэгт илгээлээ гэсэн байхаар нь тодруулга хийхэд н.Маргад-Эрдэнэ эмч надтай ирж уулзсан. Ш.Дуламжав таныг бичүүлээд ир гэхээр нь бичиж өгсөн юм. Та нарыг хоорондоо зохицсон байх гэж бодсон юм гэсэн. Миний хувьд хэзээ ч хуурамч, худал зүйлтэй эвлэрэхгүй. Төрийн ажил тэгж явагдахгүй. Хэн хүний хүссэнээр хэн дуртай нь хот явлаа гээд хуурамч бичиг баримт хийлгээд ирж болохгүй асуудал. Үнэхээр тэр үед Насны хишиг олгох гээд маш ачаалтай ажиллаж байсан. Насны хишиг олгож байгаа хүмүүсээ нэг хүний нэрийг дутуу шивж орууллаа гэхэд цаана нь хүний эрх ашиг хохирч үлдэнэ. Тэгээд би яах ч аргагүй Ш.Дуламжав руу утсаар ярьж чиний бие гайгүй юу. Ирэх болж байна уу гэхэд 2 дугаар сарын 6-ны өдөр ирсэн. 8 хоног ажил дээрээ байхгүй, 8 хоногийн ажил тасалсан. Шилүүстэй сумын эрхлэгч эмч н.Маргад-Эрдэнэ албан ёсны тодорхойлт хийж өгсөн.13/а маягт буюу лист хуурамч болох талаар албан ёсоор тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй баримт ирүүлсэн гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад тодорхой хэмжээний шаардлага хангасан байх ёстой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх заалтанд байгаа. Энэ хуульд өөрөөр заагаагүй захиргааны хэргийн гомдол гаргах ажиллагаа захиргааны ерөнхий хуулийн дагуу явагдсан бол захиргааны шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах ёстой байсан. Урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа зайлшгүй хийгдэх шаардлагатай байсан. Захиргааны ерөнхий хууль дээр юу гэж заасан байдаг бэ? гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт зааснаар Иргэн, хуулийн этгээд, аж ахуй нэгж байгууллага тухайн шатныхаа дээд байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатай. Захиргааны акт гаргасан байгууллагын дээд шатны байгууллага гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэнэ гэсэн заалт байдаг. Яагаад үүнийг онцлож байна гэхээр Завхан аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл нь Завхан аймгийн нийгмийн халамжийн мэргэжилтэнтэй холбоотойгаргасан гомдлыг хүлээн аваад хянан шийдвэрлэсэн байдаг. Харьяалалын бус гомдлыг хүлээн аваад шийдвэрлэсэн гэсэн үг. Завхан аймаг дахь төрийн албаны салбар зөвлөл энэ гомдлыг хүлээн авч шийдвэрлэх эрх хэмжээний байгууллага биш юм. Энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга тайлбар гаргахад уучлалт хүссэн албан бичгийг ирүүлсэн байдаг. Төрийн албаны салбар зөвлөлийн 2013 оны 128 дугаар тогтоол дээр төрийн албаны салбар зөвлөлүүдийн холбоотой асуудлыг тусгайлан заасан байдаг. Энэ гомдлын хувьд Завхан аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дээд шатны байгууллага буюу Хөдөлмөр нийгмийн халамжийн ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл нь харьяалалын дагуу хүлээн авч хянан шийдвэрлэх ёстой байсан. Ш.Дуламжавын гаргасан гомдол нь Захиргааны хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт тодорхой заасан байдаг. Тиймээс энэхүү шаардлагыг хангасан гэж үзэхгүй байна. Хоёрдугаарт: 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/23 гэсэн тушаал гарсан байдаг. Тушаалын гол үндэслэл ньТөрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсгийг баримтлан гаргасан юм. Төрийн албаны тухай хуулийн 26.1 дэх заалтанд дээр тодорхой заасан байдаг. Энэ юу гэж заасан байдаг вэ? гэхээр энэ хуулийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйл, 15 дугаар зүйл, 40 дүгээр зүйлийг зөрчсөн болон албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлээр гаргасан тушаал гэдгийг тодотгож хэлмээр байна. Албан үүргээ биелүүлээгүй гэдэг Ш.Дуламжав 2017 оны 1 дүгээр сарын 25-наас 2 дугаар сарын 4-ний өдөр хүртлэх хугацаанд 8 хоног ажлын байран дээрээ байгаагүй, албан үүргээ биелүүлээгүй болох нь хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. Энэ нь хүндэтгэн үзэх шалгаантай байсан уу? хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан уу? гэдгийг тогтоох нь энэ маргааны утга учир нь оршиж байна. Эмнэлэгийн хуудасны тухай асуудал яригдлаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны А/30 дугаар тушаалаар эмнэлэгийн хуудсыг олгох журмыг баталсанбайдаг. Уг журмын 2.4-т зааснаар эмнэлэгийн хуудсыг заавал баримтаар олгоно гэсэн байдаг. 2.4.2-т зааснаар эмнэлэгт өвчтөн илгээх хуудсыг бичиж өгөхдөө заавал яамтай зөвшилцөнө гэсэн байдаг. Энэ зүйлийг яагаад яриад байна вэ? гэхээр нэхэмжлэгч Ш.Дуламжавын 13б маягт нь өвчтөн эмнэлэгт илгээх хуудасны журмын дагуу олгогдсон бол 1 дүгээр эмнэлэгт үзүүлсэн тухай баримт байх ёстой. Ийм баримт огт байхгүй байгаа юм. Нэхэмжлэгч ийм зүйлийн талаар яриад байгаа. Энэ нь би 1 дүгээр эмнэлэг хэвтэж эмчилгээ хийлгээгүй юм. Өдрийн цагаар үзүүлж эмчилгээ хийлгэсэн гээд байгаа. Хэрвээ өдрийн эмчилгээ хийлгэсэн бол эмнэлэгийн хуудас олгогдох ёстой байсан. Хэвтэж эмчилгээ хийлгэсэн бол эмнэлэгийн магадлагаа олгох ёстой байсан. Ингэхээр нэхэмжлэгчид эмнэлэгийн магадлагаа ч байхгүй, эмнэлэгийн хуудас ч байхгүй байгаа юм. Иймээс энэ хүнийг эмчилгээ хийлгэсэн гэж үндэслэл байхгүй байна. Учир нь ямар ч баримт байхгүй байгаа нь өөрөө үгүйсгэгдэх үндэслэл болж байна. Чөлөө олгосон олгоогүй талаар асуудал яригдаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ярьж байна. Цалинтай чөлөө олгоогүй, цалингүй ч чөлөө олгоогүй ээ эмнэлэгийн хуудас, магадлагаа бүрдүүлж авчираад асуудлаа шийдвэрлүүлнэ үү гэсэн байгаа юм. Асуудал дээр албан байгууллагууд цалинтай чөлөө олгосон, цалингүй чөлөө олгосон тушаал гаргаж шийдвэрлэдэг байгаа. Ш.Дуламжав нь 5 жилийн хугацаанд төрийн албанд ажилласан төрийн алба ямар журмаар явагдаж байгааг мэдэхэд хангалтай хугацаа. Түүнээс хариуцагч талаас чи бичиг баримтаа өгөөч гэж хэлэх шаардлага ч байхгүй. Энэ нь хэн нэг нь өөрийн дураар яваад өгч болохгүй асуудал юм. Тэгээд дараагаар нь хуурамч баримт бүрдүүлээд ийм зүйл хийсэн нь буруу юм. Тэгэхээр цалинтай чөлөө ч олгоогүй, цалингүй чөлөө ч олгоогүй байгаа гэдэг нь нотлогдож байна. Иймээс 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн гарсан Б/23 тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна. Тиймээс нэхэмжлэгч Ш.Дуламжавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Дуламжав нь Завхан аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/23 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал өөрийнх нь хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыгзөрчсөн гэж үзэж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч нь Ш.Дуламжавын гомдлыг Завхан аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дээд шатны байгууллага буюу Хөдөлмөр нийгмийн халамжийн ерөнхий газрын дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл харьяалалын дагуу хүлээн авч хянан шийдвэрлэх ёстой байсан гэж маргаж байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш 1 сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно гэж заажээ. Иймд нэхэмжлэгч нь маргаан бүхий Б/23 дугаар захирамжид тус аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаар тогтоолоор хариу авч, шүүхэд хандсаныг буруутгах боломжгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хотод шинжилгээ хийлгэхээр өргөдөл гаргасан боловч энэ хугацааны эмнэлэгийн холбогдох бичиг баримтыг зохих газраас нь бүрдүүлж өгөөгүй, Шилүүстэй сумын сум дундын эмнэлэгийн хуудсыг хуурамчаар бүрдүүлж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 8 хоногийн ажил тасалж, ноцтой зөрчил гаргаж, албан үүргээ биелүүлээгүй тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтад заасны дагуу төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт Улаанбаатар хотод яаралтай шинжилгээ, оношлогоо хийлгэх шаардлагатай тул 10 хоногийн цалинтай чөлөө хүсч өргөдөл гаргасны дагуу тус аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас чөлөө олгож нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хот руу явж 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Улаанбаатар хотод Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэт авиан шинжилгээ өгч, оношлогоо, эмчилгээ бичүүлээд 2017 оны 2 дугаар сарын 5-ны өдөр сумандаа ирж 6-ны өдрөөс ажилдаа орсон гэж тайлбарлаж байна.
Гэвч нэхэмжлэгчийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2 дугаар сарын 2-ны өдрийн хооронд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэт авиан шинжилгээ өгч, оношлогоо, эмчилгээ бичүүлсэн гэдэг нь тус эмнэлэгээс ирүүлсэн албан бичгүүдээр тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь чөлөөний хугацаа богино байсан тул Улсын нэгдүгээр төв эмнэлэгт яаралтайгаар амбулаториор эмнэлэгийн тусламж авсан, төлбөртөйгөөр үйлчлүүлсэн гэж тайлбарлаж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн ерөнхий захирлын 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн А/174 дүгээр тушаалаар баталсан Төлбөртөй тусламж, үйлчилгээний журмын 2.2-д төлбөртөй тусламж үйлчилгээний орлогыг байгууллагын кассаар дамжуулан хүлээн авч, үндсэн үйл ажиллагааны орлогын бүртгэлд бүртгэх, байгууллагын цахим бүртгэлийн болон санхүүгийн программыг ашиглан төрийн сан дахь байгууллагын төсвийн харилцах дансанд төвлөрүүлэх ажлыг Санхүү, бүртгэлийн алба хариуцан зохион байгуулах, 2.3-т иргэдийн төлбөр төлсөн баримтад байгууллагын нэр, иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээний төрөл, төлбөл зохих нийт болон үйлчилгээ нэг бүрийн төлбөрийн хэмжээ, үүнээс эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, хувь хүний төлсөн төлбөрийн хэмжээ, огноог тэмдэглэсэн байна гэжээ. Тодруулбал, улсын нэгдүгээр төв эмнэлэг нь цахим бүртгэлийн тогтолцоотой ба төлбөртөйгөөр үзүүлэх тохиолдолд ч гэсэн тухайн төлбөр төлөгчийн мэдээлэл, төлсөн төлбөр, үүнээс эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ зэрэг нь цахим бүртгэлд бүртгэгдэхээр байна. Түүнчлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/30 дугаар тушаалаар баталсан Иргэн/даатгуулагч/-д эмнэлэгийн хуудас олгох журам-ын 2.4-т эмнэлэгийн хуудсыг дараах байдлаар олгоно гээд 2.4.2-т эмнэлэгт өвчтөн илгээх 13А хуудас /яаралтай тусламж авч байгаа даатгуулагчийн хувьд хамаарахгүй/ -аар төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, бүсийн оношлогоо эмчилгээний төв, рашаан сувилгааны клиник тасаг зэрэг эрүүл мэндийн байгууллага гэж заасан тул нэхэмжлэгч нь өвчтөн илгээх 13А хуудсаар, эсхүл яаралтай тусламж авч улсын нэгдүгээр төв эмнэлэгт шинжилгээ хийлгэж, онош тогтоолгон, эмчилгээ бичүүлэх зэргээр эмнэлэгийн тусламж, үйлчилгээ авсан тохиолдолд тухайн эмнэлэгээс нэхэмжлэгчид эмнэлэгийн хуудас бичиж олгох, тус журмын 2.14-д зааснаар эмнэлэгийн удирдлага эмнэлэгийн хуудас бичсэн үндэслэлийг шалгаж, гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулахаар заасан байх тул нэхэмжлэгчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 8 хоногийн ажил тасалж, ноцтой зөрчил гаргасан тул энэ хугацаанд албан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байна. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан албан үүргээ биелүүлээгүй гэдгийг хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг ойлгохоор заасан байх тул хариуцагчийн дурдаж буй ажил тасалсан гэх тайлбар үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч маргаан бүхий тушаалаа гаргахдаа хууль буруу хэрэглэсэн гээд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтийг маргаан бүхий тушаалын үндэслэл хэсэгт баримтлалгүйгээр тус хуулийн 26.1.3 буюу сахилгын шийтгэлийн төрлийг баримталсан нь үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгч 0-3 хүртэл насны хүүхэдтэй тул ажлаас халсан нь буруу гэж тайлбарлан, маргаж байна. Хариуцагч нь маргаан бүхий 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/23 дугаар тушаалын үндэслэл хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг баримталсан байна. Хэдийгээр хариуцагч нь дээрх тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн зүйл, хэсгийг уг хуулийн бүтцийн дагуу бичээгүй нь буруу боловч энэ нь уг тушаалыг бүхэлд нь буруутгах, хүчингүй болгох үндэслэл биш байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д ажил олгогч ... нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ... энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэжээ. Маргаан бүхий Б/23 дугаар тушаалын үндэслэл болох тус байгууллагын албан хаагчдын 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн хурлаар хэлэлцэж баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 9.1-д төрийн албан хаагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ээлжийн амралт, цалинтай, цалингүй чөлөөг хэтрүүлэх, .... ажил тасласан, ... бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалтын дагуу сахилгын шийтгэл ногдуулна, 9.7-д албан хаагчид нь тус журмын 9.1 дэх заалтыг зөрчвөл Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалтын дагуу сахилгын шийтгэл ногдуулна, Мөн Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор ноцтой зөрчилд тооцож ажлаас хална гэж заасан байх тул хариуцагчаас нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсныг дээрх нөхцлөөр буруутгах боломжгүй байна.
2017 оны 2 дугаар сарын цалинг хариуцагч тооцож олгоогүй гэж тайлбарлаж 2017 оны 2 дугаар сард ажилласан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр ажилдаа орж 3 дугаар сарын 6-ны өдрийн маргаан бүхий Б/23 тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн ба хариуцагч нэхэмжлэлийн энэхүү шаардлага дээр маргахгүй байна. Нэхэмжлэгч Ш.Дуламжавын ажлын цагийн бүртгэлээс харахад 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдрөөс ажилдаа орж 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ажилласан ба 2 дугаар сарын 27-28-ны ажлын өдрүүд нь Монголын уламжлалт Цагаан сарын баярын өдөр байх тул нэхэмжлэгчийн 2 дугаар сарын 6-ны өдрөөс 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх цалинг зохих ёсоор бодож олгох нь зүйтээ байна.
Иймд нэхэмжлэгчийн 2017 оны 2 дугаар сард ажилласан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР