Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2016/00919

 

 

 

 

2016 оны 10 сарын 10 өдөр                Дугаар 181/ШШ2016/00919                       Улаанбаатар хот

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ****дүгээр хороо, ***** гудамж ***-д байрлах, ***** тоот регистрийн дугаартай Ш.И.Д.С нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, ***** гудамж 27, ******* эвлэлийн ордон ****** тоотод байрлах, ***** тоот регистрийн дугаартай А.Н ХХК-д холбогдох

     Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээ татгалзсаны үр дагавар 109.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.И.Д.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тамир нар оролцов.

                                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.И.Д.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.И.Д.С  2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А.Н ХХК-тай  ****** тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, сургуулийн өргөтгөлийн 16 давхар барилгын ажлын зураг төслийг  3 сарын хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр гэрээний үнийг 115.000.000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу Ш.И.Д.С нь А.Н ХХК-д 51.500.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн боловч гүйцэтгэгч тал гэрээний хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн. Үүнээс хойш барилга бариулахад шаардлагатай инженерийн хайгуулын шинжилгээ, хөрсний техникийн нөхцөл, дулааны шугам сүлжээ, мэдээлэл холбооны, цэвэр бохир усны техникийн болон цахилгаан түгээх сүлжээний зэрэг зөвшөөрлүүд цуцлагдсан төдийгүй Ус-Орчин ХХК-тай байгуулсан барилга бариулах хэлцэл нэг талын санаачлагаар цуцлагдаж,  сургуулийн өргөтгөл баригдах боломжгүй болж маш их хохирол учирсан. Иймд Ш.И.Д.С захиргаа А.Н ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаанд өгсөн 51.500.000 төгрөг, гэрээний үнийн дүн 115.000.000 төгрөгнөөс алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 57.500.000 төгрөг, нийт 109.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Манай компани А.Н ХХК-тай дээрх гэрээг байгуулсан бөгөөд тус компанийн захирал нь Ч.Ц байсан.

 

Уг нэхэмжлэлийг 2015 оны 08 дугаар сарын 05-нд анх шүүхэд гаргасан ба хариуцагч шүүхэд ирдэггүй, албадан ирүүлэх захирамж гаргасан боловч захирал Ч.Ц нь солигдсон байсан тул манайх хүсэлт гаргаж, УБЕГ-аас тус компанийн болон удирдлагын талаар лавлагаа авахад Мо.А-ын эвлэл биш, биеэ даасан А.Н ХХК-иар бүртгүүлж үйл ажиллагаа явуулдаг, захирал нь Р.Б, дараа нь Ж.Н гэгч хүн болсон байсан. Гүйцэтгэх захирал Ж.Н нэхэмжлэлийн хувийг 2016 оны 08 дугаар сарын 30-нд гардаж авсан. Гэвч тус компани шүүхэд нэхэмжлэлийн хариу тайлбар гаргаж өгөөгүй, шаардлага татгалзлаа нотлоогүй. харин Мо.А-ын эвлэлийн ерөнхийлөгч Э.Х гэгч 2016 оны 09 дүгээр сарын 20-ноор огноологдсон тайлбар ирүүлсэн байна. Мо.А-ын эвлэл нь манай хэргийн оролцогч биш, бид анхнаасаа А.Н ХХК-тай гэрээг байгуулсан. Иймд тус компаниас 109.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.    

 

    Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

    

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

    Ш.И.Д.С нь А.Н ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээнээс татгалзсаны үр дагавар 109.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

   Ш.И.Д.С А.Н ХХК-тай 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ********* тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гүйцэтгэгч А.Н ХХК нь сургуулийн өргөтгөлийн 16 давхар барилгын ажлын зураг төслийг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч Ш.И.Д.С нь гэрээний үнэ 115.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зохигчдын хооронд байгуулсан 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн *******************тоот ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдож байна.

 

         Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

  Захиалагч Ш.И.Д.С нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 2012 оны 03 дугаар сарын 16-нд 34.500.000 төгрөг, 2012 оны 06 дугаар сарын 04-нд 17.000.000 төгрөг нийт 51.500.000 төгрөгийг А.Н ХХК-д шилжүүлсэн болох нь 09 тоот орлогын ордерын тасалбар, *********** тоот төлбөрийн даалгавраар тогтоогдож байна.

    

    А.Н ХХК гэрээний дагуу барилгын ажлын зураг төслийг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

         Хариуцагч А.Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Н 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ш.И.Д.С нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор буюу 2016 оны 09 дүгээр сарын 13-нд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг” хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

   Түүнчлэн хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах үед эрх үүргийг танилцуулсан бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3‑т зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж, үгүйсгэж буй үндэслэлээ нотолж, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцэх зэрэг эрхтэй байх боловч энэ эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болоогүйг дурдах нь зүйтэй.

 

          Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа  тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал  гэрээнээс татгалзах эрхтэй”, мөн хуулийн 226.1.1-т “ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт бол энэ хуулийн 204.2, 219.2-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй нөхцөл байдал болно” гэж заажээ.

 

          Хариуцагч А.Н ХХК сургуулийн өргөтгөлийн 16 давхар барилгын ажлын зураг төслийг 3 сарын хугацаанд буюу 2012 оны 06 дугаар сарын 15-нд хийж гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт байх тул талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.

 

         Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан дагуу нэхэмжлэгч Ш.И.Д.С гэрээнээс татгалзсанаас үүссэн үр дагавар буюу урьдчилгаанд төлсөн 51.5000.000 төгрөгийг нэхэмжлэх шаардах эрхтэй байна.          

 

          Нэхэмжлэгч гэрээнээс татгалзснаар хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг үгүй болж харин гэрээний дагуу авсан зүйлээ харилцан буцааж өгөх, гэрээнээс татгалзсны улмаас учирсан хохирлыг шаардах үр дагавар үүсэх бөгөөд алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо арилгуулах шаардлага гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчээс алдангид 57.500.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. 

 

          Иймд талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагч А.Н ХХК-иас 51.5000.000 төгрөг гаргуулж, Ш.И.Д.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 57.500.000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

   А.Н ХХК-д холбогдох хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 14.30 цагт хэлэлцүүлэхээр товлоход тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Н хэргийн материалтай танилцах хугацаа олгож өгнө үү гэх хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 14.30 цагт хэлэлцүүлэхээр товлож, тэрээр хурлын тов, мэдэгдэх хуудсанд гарын үсгээ зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ямар шалтгаанаар ирээгүй талаар мэдэгдээгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэснийг тэмдэглэв.  

         

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: