Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1506

 

“Шинэ иргэншил” дээд сургуулийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01345 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Шинэ иргэншил” дээд сургуулийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Архитектур нэгдэл” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр, алданги 109 000 000төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шинэ иргэншил дээд сургууль 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Архитектур нэгдэл” ХХК-тай №ЗТГ-07/2012-АН тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, сургуулийн өргөтгөлийн 16 давхар барилгын ажлын зураг төслийг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгүүлэх, ажлын хөлс 115 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу “Шинэ иргэншил” дээд сургууль нь “Архитектур нэгдэл” ХХК-д 51 500 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн боловч гүйцэтгэгч тал гэрээний хугацаанд ажлыг хийж гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн.

Үүнээс хойш барилга бариулахад шаардлагатай инженерийн хайгуулын шинжилгээ, хөрсний техникийн нөхцөл, дулааны шугам сүлжээ, мэдээлэл холбооны, цэвэр бохир усны техникийн болон цахилгаан түгээх сулжээний зэрэг зөвшөөрлүүд цуцлагдсан төдийгуй “Ус-Орчин” ХХК-тай байгуулсан барилга бариулах хэлцэл нэг талын санаачлагаар цуцлагдаж, сургуулийн өргөтгөл баригдах боломжгүй болж маш их хохирол учирсан.

Ажил гүйцэтгэх гэрээгээ 2014 оны 3 сард цуцалсан. Энэ үед хариуцагч “Архитектур нэгдэл” ХХК нь манай компаниас ажлын хөлсөө нэхэмжилж шүүхэд хандсан бөгөөд манай компани сөрөг нэхэмжлэл гаргасан. “Архитектур нэгдэл” ХХК нь гэрээг цуцлах хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй учраас алданги тооцон нэхэмжлэх эрхтэй. Гэрээний 4.2-д гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоногтутамд зурагтөсөл боловсруулах ажлын тохиролцсон үнийн 0.3 хувиар буруутай талдаа алданги ногдуулахаар тохиролцсон. Манай компани нь гэрээнээсээ татгалзаагүй, гэрээний үүргээ хугацаанд нь гүицэтгээгүй үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээгээ цуцлуулах, гүйцэтгэгч нь ямар ч ажил хийгээгүй, үр дүн гараагүй учраас ажлын хөлс төлөх үүрэггүй тул мөнгөө буцаан авахаар шаардлага гаргасан.  .

Иймд “Шинэ иргэншил” дээд сургуулийн захиргаа “Архитектур нэгдэл” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаанд өгсөн 51 500 000 төгрөг, гэрээний үнийн дүн 115 000 000 төгрөгнөөс алдангийг гүйцэтгээгүй үүргиин үнийн дүнгийн 50 хувиар тооцож 57 500 000 төгрөг, нийт 109 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Манай компани “Архитектур Нэгдэл” ХХК-тай дээрх гэрээг байгуулсан бөгөөд компанийн захирал нь Ч.Цэцэгээ байсан. Уг нэхэмжлэлийг 2015 оны 8 дугаар сарын 05-нд анх шүүхэд гаргасан ба хариуцагч шүүхэд ирдэггүй, албадан ирүүлэх захирамж гаргасан боловч захирал Ч.Цэцэгээ нь солигдсон байсан тул хүсэлт гаргаж, УБЕГ-аас тус компанийн болон удирдлагын талаар лавлагаа авахад Монголын Архитекторуудын эвлэл биш, биеэ даасан “Архитектур нэгдэл” ХХК-иар бүртгүүлж үйл ажиллагаа явуулдаг, захирал нь Р.Баяр, дараа нь Ж.Наранцогт гэгч хүн болсон байсан. Гүйцэтгэх захирал Ж.Наранцогт нэхэмжлэлийн хувийг 2016 оны 8 дугаар сарын 30-нд гардаж авсан. Гэвч тус компани шүүхэд нэхэмжэлийн хариу тайлбар гаргаж өгөөгүй, шаардлага татгалзлаа нотлоогүй. Харин Монголын Архитекторуудын эвлэлийн ерөнхийлөгч Э.Хүрэлбаатар гэгч 2016 оны 9 дүгээр сарын 20-ноор огноологдсон тайлбар ирүүлсэн байна. Монголын Архитекторуудын эвлэл нь манай хэргийн оролцогч биш, бид анхнаасаа “Архитектур Нэгдэл” ХХК-тай гэрээг байгуулсан гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-д зааснаар “Архитектур нэгдэл” ХХК-иас 77 250 000 төгрөгийг гаргуулж “Шинэ иргэншил” дээд сургуульд олгож, нэхэмжлэлээс гэрээг цуцалж, 31 750 000 төгрөгийн гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Шинэ иргэншил” дээд сургуулийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 702 950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Архитектур нэгдэл” ХХК-иас 544 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Шинэ игргэншил” дээд сургуульд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01345 дугаартай шийдвэрийг эс ювшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан зохицуулалтаас үзвэл талуудын хооронд 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээний 1.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр эхэлж, 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон байна. Харин нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсны дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Талуудын хооронд 2012 он 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа буюу үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацаа 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Түүнээс хойш талуудын хооронд гэрээний болон үүрэг гүйцэтгэх хугацааг сунгасан болон үүрэг гүйцэтгүүлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож байсан зүйл огт үгүй юм. Хэрэгт энэ талаар ямар нэгэн нотлох баримт авагдаагүй. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийг 2014 оны 3 дугаар cap хүртэл үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн хэмээн дүгнэсэн нь бодит байдал, хэрэгт авагдсан нотлох баримтанд огт нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан нэхэмжлэгчийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17 тоот болон мөн оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 18 тоот албан бичгүүдэд төлбөр, алдангийн тухай л дурдсан байгаа болохоос биш үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон утга агуулга огт байхгүй.

“Архитектур нэгдэл” ХХК-ийн талуудын хооронд гэрээний үүргээ хугацаандаа багтаан гүйцэтгээгүй явдал нь “Шинэ иргэншил” ХХК-ийн буруутай үйлдэл, эс үйлдлээс шалтгаалсан. Тухайлбал 1. Барилгын ажлын зураг төсөл боловсруулахад шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалуудыг нэхэмжлэгчийн зүгээс тогтоосон хугацаанд бүрэн гүйцэд гаргаж өгөөгүй. 2. “Шинэ иргэншил” ХХК анх 16 давхар барилгын 13511.52 м.кв талбай бүхий барилгын ажлын зураг төсөл хийлгэж байсан боловч ажлын явцад 15 давхар, 9851.00 м.кв талбай бүхий барилга болгож өөрчилсөн. 3.Манай компани гэрээний дагуу хүлээсэн үүргийнхээ тодорхой хувийг гүйцэтгэсний дараа дээд сургууль нь барилгын давхар, талбайн хэмжээгээ өөрчилсөн. Үүний улмаас манай компанийн өмнө гүйцэтгэчихээд байсан барилгын зураг төслийн ажил ямар ч хэрэггүй болж, түүнийг дахин шинээр гүйцэтгэхэд хүрсэн. 4.“Шинэ иргэншил” дээд сургууль нь барилгынхаа давхар, талбайн хэмжээг өөрчилсөн боловч түүнтэй холбогдох мэдээлэл, баримт материалыг манай компанид мөн л гаргаж ирүүлээгүй. Барилгын ажлын зураг төслийг гүйцэтгэхэд захиалагчийн зүгээс гаргаж өгөх тухайн барилгын талаарх олон мэдээлэл, баримт материал шаардлагатай байдаг. Энэ бүхнээс үзвэл нэхэмжлэгч нь анхны захиалгаа өөрчилж, улмаар ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, баримт материалуудыг одоог хүртэл ирүүлээгүй байгаагаас шалтгаалан манай компани уг зураг төслийн ажлыг гүйцэтгэж дуусгах боломжгүй байдалд байна. Энэ талаар өнгөрсөн хугацаанд “Шинэ иргэншил” дээд сургуульд удаа дараа мэдэгдэж байсан.

Нэхэмжлэгчийн дээр дурдсан үйлдэл, эс үйлдлийн улмаас “Архитектур нэгдэл” ХХК нь гэрээгээр хүлээсэн ажил, үүргээ 2 дахин гүйцэтгэхэд хүрч, төлөвлөсөн буюу тохирсон хугацаа алдагдаж, түүнтэй холбогдуулан ихээхэн зардал гаргаж, хохирол амссан. “Шинэ иргэншил” дээд сургууль нь ажлын явцад барилгын зураг төслийн анхны захиалгаа өөрчилсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа “Шинэ иргэншил” дээд сургуулийн 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17 тоот болон мөн оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 18 тоот албан бичгүүдээр нотлогдоно.

“Архитектур нэгдэл” ХХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх хүрээнд багагүй ажил гүйцэтгэж, ихээхэн зардал мөнгө гаргачихаад байхад, түүнийг огт анхаарч үзэлгүйгээр, тайлбар авалгүйгээр, шүүх хуралдаанд манай төлөөлөгчийг оролцуулж, нэхэмжлэгчтэй мэтгэлцүүлэлгүйгээр, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Шинэ иргэншил” дээд сургууль нь хариуцагч “Архитектур нэгдэл” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, урьдчилгаа төлбөр, алданги 109 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Талууд 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №ЗТГ-07/2012-АН тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, хариуцагч нь сургуулийн өргөтгөлийн 16 давхар барилгын ажлын зураг төслийг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэх, “Шинэ иргэншил” дээд сургууль нь ажлын хөлс 115 000 000 төгрөгийг төлөхөөс 30 хувийг урьдчилгаа болгон гэрээг батлагдсан өдөр төлөх, ажлын зургийн 40 хувийг гүйцэтгэсэн тохиолдолд 40 хувийг, ажлын 80 хувийг гүйцэтгэсэн тохиолдолд 20 хувийг, үлдэгдэл 10 хувийг ажлыг хүлээлгэн өгснөөс хойш 5 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ. /хэргийн 5 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 34 500 000 төгрөг, 6 дугаар сарын 04-ний өдөр 17 000 000 төгрөг нийт 51 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн талаар зохигчид мараагүй байна. /хэргийн 6-7 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн зүйлийн 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.” тус тус заажээ.

 

Хариуцагч “Архитектур нэгдэл” ХХК нь гэрээний 1.3-д заасны дагуу барилгын ажлын зураг төслийг 2012 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан боловч уг үүргээ биелүүлээгүй буюу ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

  

Нэхэмжлэгч “Шинэ иргэншил” дээд сургууль нь 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 18 тоот албан бичгийг хариуцагч “Архитектур нэгдэл” ХХК-д хүргүүлж байсныг хариуцагч үгүйсгээгүй тул түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоож өгсөн гэж үзсэн нь үндэслэлтэй.

 

Иймээс шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр №ЗТГ-07/2012-АН тоот ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаанд төлсөн 51 500 000 төгрөгийг хохиролд тооцож хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд зураг төсөл боловсруулах ажлын тохиролцсон үнийн 0.3%-иар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн тул мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зохицуулсаны дагуу шүүх урьдчилгаанд шилжүүлсэн 51 500 000 төгрөгийн 50 хувь болох 25 750 000 төгрөгөөр тооцон хариуцагчаас алданги гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Түүнчлэн хариуцагч “Архитектур нэгдэл” ХХК-д үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацааг нэхэмжлэгч “Шинэ иргэншил” дээд сургууль олгож байсан болон ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 20148 дугаар захирамжаар “Архитектур нэгдэл” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг татан авсныг баталж, сөрөг нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэж байсан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрээгүй байна.

 

Иймд хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйд нэхэмжлэгч тал буруутай гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/01345 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 544 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО

 

                                              ШҮҮГЧИД                                  А.МӨНХЗУЛ

 

                                                                 С.ЭНХТӨР