Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 801

 

 

                                                           

 

 

 

   

      2019        10          22                                2019/ШЦТ/801

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Нийслэлийн Тээврийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Маньбадар овогт Ганбаатарын Даваахүүд холбогдох эрүүгийн  1903008450373 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а гудамж, 14в тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Маньбадар овогт Ганбаатарын Даваахүү, /РД:ВБ96012513/,

Шүүгдэгч Г.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг 45 минутын үед Тоёота Лексус-470 маркийн 6446 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а гудамжны 14в тоот хашаанаас ухарч гарах үйлдэл хийхдээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс 1 нас 6 сартай С.Наваандоржийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв

Шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг 45 минутын орчимд өөрийн эх Г.Энхжаргалын эзэмшлийн “Т.Лексу”с маркийн “6446-УБҮ” улсын дугаартай автомашиныг жолоодож өөрийн гэрийн хашаанаас гадагш гарахаар хашааны хаалгаа онгойлгосон. Тэгээд машиндаа суугаад машинаа асаагаад хашааны хаалгаар ухарч гарсан. Тэгээд машинаас буугаад хашааны хаалгаа хаах гээд буугаад иртэл миний машины зүүн урд талд манай дүү С.Наваандорж ямар нэг хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд би юу болов гээд очтол ухаангүй, нүүрний хажуу хэсэгт дугуйн мөр гарсан, чихнээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд л би ухарч байх үедээ дүүгээ дайрсан байна гэж ойлгоод л айгаад дүүгийн ээж Санжидмаа дүүг дуудсан. Тэгээд манайхан гарч ирээд цагдаа болон түргэн дуудсан. Би тухайн үед маш их айсан...”, “...Намайг машин гаргах гээд хашааны хаалга онгойлгох үед талийгаач дүү харагдаагүй...”, “...Миний машины зүүн урд дугуй л толгой дээгүүр нь гарсан байх гэж бодож байна. Тухайн үед миний машины дугуй хэсэгт бага зэргийн зүйл тулсан, тэгэхээр нь хашааны хаалганы суурь, зам төмөр тулж байна гээд л тоогоогүй, хойш ухарсан. Манай хашааны хаалганы суурь, зам төмөр машин гарах үед оволзож гардаг...”, “...ер нь бол манай талийгаач дүү гэртээ хөдөлгөөнтэй байдаг болохоор манайхан гэрт уяатай байлгадаг. Тэгээд би тэр үед дүүг гадаа явна гэж төсөөлөөгүй байсан учир болгоомжгүй ухарсан байна. Би дүүгээ дайрч амь насыг нь хохироосон үйлдэлдээ маш их харамсаж байна...”, “...осол гарах үед цаг агаар цэлмэг, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Харин ухарч байх үед хашааны хаалганы гадна хажуугаас явж байгаа хүн харагдахааргүй байсан...”, “...Би талийгаач дүүгийн буяны ажилд 5 сая төгрөг зарцуулсан, мөн дүүгийн ээж Санжидмаад сэтгэл санааны хохирол гээд 5 сая төгрөг өгсөн...” гэх /хх-ийн 56-57х/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Санжидмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би талийгаач С.Наваандоржийн төрсөн ээж нь байгаа юм. Би ганц хүүтэй байсан. Талийгаач С.Наваандорж маань 1 нас, 6 сартай байсан. Би 2019 оны 07 дугаар сары 14-ний өдөр 12 цаг 45 минутын орчим байх, би гэртээ гэрээ цэвэрлээд байж байтал  гадаа манай дүү Г.Д яанаа ийнээ гээд чанга орилоод байсан. Тэгэхээр нь би юу болов гээд гадаа гартал манай хүү С.Наваандорж дайрагдсан байдалтай хашааны хаалганы гадна талд хэвтэж байсан. Тэгээд би цааш юу болсон эсэхийг санахгүй байна. Манай дүү Г.Д хашаанаасаа гарах гэж ухарч байгаад ийм осол болчихлоо гээд уйлаад байсан. Тэгээд л би юу болсон эсэхийг ойлгоогүй маш их айж сандарсан...”, “...би гэрээ цэвэрлэж байх үед манай талийгаач хүү гэртээ байсан. Тэгээд намайг гэрийн ажил хийж байх үед гэнэт гараад явсан байсан. Манай хүү гэртээ уяатай байдаг болохоор манай дүү гэртээ уяатай байгаа байх л гэж ойлгосон байх. Тэр өдөр би яагаад уяаг нь тавьсан юм бол л гэж өөртөө харамсаж сууна...”, “...одоо миний хувьд жолоочоос буюу дүү Г.Дгээс нэхэмжлэх хохирол байхгүй...”, “...надад ямар ч гомдол санал байхгүй. Би энэ осолд мөн буруутай гэж ойлгож байгаа, тухайн үед бага насны жаахан хүүхдийг асарч хамгаалахгүй, ганцаар орхисон үйлдэлд миний бас буруу байгаа байх гэж бодож байна. Буяны ажил бүх л зүйлийг манай дүү Даваахүү гаргаж зохицуулсан...” гэх /хх-ийн 21-22х/,

Гэрч Ж.Байгаль мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын их эмч ажилтай тэр өдөр ажилдаа ээлжтэй гарч байх үед Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59 дугаар гудамж, 14в тоот хашааны гадаа хүүхэд автомашинд мөргүүлсэн талаар дуудлага ирсэн. Тэгээд хаяг дээр яваад очих үед хашаан дотор баруун талд байрлах байшинд мөргүүлсэн гэх хүүхдийг оруулсан байсан. Тэгээд би үзэх үед хүүхэд нас барсан байдалтай байсан. Тиймээс би цагдаад өөрийн 88104136 дугаарын утсаар дуудлага өгсөн...”, “...Намайг гэрт яваад орох үед хүүхэд дээшээ харсан байдалтай, бие нь хөхөрсөн, чихнээс цус гарсан, толгойны хэлбэр алдагдсан, нас барсан байдалтай байсан...” гэх  гэх /хх-ийн 31х/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3х/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-12х/,

Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1580 дугаартай дүгнэлт

-Талийгаач С.Наваандоржийн цогцост гавлын ясны хэлбэр алдагдал, гавлын орой, суурь ясны олон тооны ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсны урагдал, их тархины дагз, зулай, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал, баруун 7,8,9 дүгээр хавирганы зөрөөтэй далд хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн урагдал, няцрал, толгойн хуйханы дотор гадаргуу дахь цус хуралт, дух, хоёр хөмсөг, зовхи, хацарт цус хуралт, дух, дагз, зүүн дал, бүсэлхий, зүүн өвдөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсэх боломжтой.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэвтээ байрлалд дарагдах, шахагдах зэргээр үүсгэгдсэн байх боломжтой.

-Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй.

-Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

-Нэгдүгээр бүлгийн харьяаллын цустай байна...гэх /хх-ийн 33-34х/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт

- Уг тээврийн хэрэгслийн зогсоолын тоормос хэвийн бус, зогсохгүй, дуут дохио ажиллахгүй, баруун гар талын тоормосны гэрэл, баруун гар талын их гэрэл, хол дээрээ асахгүй, баруун болон зүүн гар талын ойрын гэрлүүдийн тохиргоо өөрчлөлттэй, тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна.

-Зогсоолын тоормос хэвийн бус, зогсохгүй байгаа нь “зогсоолын тоормос нь гар хөшүүргийн тусламжтайгаар зогсож байгаа байранд нь хөдөлгөөнгүй барьж байх үүрэгтэй эд анги” тул осолд нөлөөлөхгүй...” гэх /хх-ийн 39-42х/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 13х/,

Шүүгдэгч Г.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 63х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61х/,

Шүүгдэгч Г.Дгийн жолооны үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64х/,

Шүүгдэгч Г.Дгийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 67х/,

Баримт бичиг, хохиролын баримт, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 70-82х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.   

Иймд шүүгдэгч Г.Дг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх, шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг №950352 дугаартай жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь амь хохирогчийн оршуулах зан үйлд 5,000,000 төгрөг зарцуулсан баримт ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Маньбадар овогт Ганбаатарын Даваахүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тооцож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг №950352 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.АРИУНБОЛД