Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1250

 

Г.Д-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Санжидмаа,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 801 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор Г.Дд холбогдох эрүүгийн 1903008450373 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

................. овгийн ...................ын ....................., 19.. оны . дүгээр сарын ..-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а гудамжны 14в тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................../;

Г.Д нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг 45 минутын үед “Тоёота Лексус-470” маркийн 6446 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а гудамжны 14в тоот хашаанаас ухарч гарах үйлдэл хийхдээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс 1 нас 6 сартай С.Наваандоржийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ................. овгийн .......................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Дгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тооцож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг №950352 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд хүргүүлж, Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Дд холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн ангиллаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь санамсар болгоомжгүйгээр үйлдэгддэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Г.Дд байгааг ял шийтгэл оногдуулахдаа анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлсөн гэх мэт хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Г.Д нь амь хохирогчийн ээжтэй хар багаасаа нэг гэрт өссөн. Одоогоор Баянхонгор аймагт аав, ээж, ах, эгчийнхээ малыг малладаг. Наадмын өдрүүдээр баярлах гэж ирээд ийм харамсалтай үйл явдал болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заажээ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Г.Дд оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Д тус шүүх хуралдаанд “...нэмж хэлэх тайлбаргүй...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Санжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэрэг үнэхээр гэнэтийн зүйл болсон. Энэхүү үйл явдалд миний буруу ч гэсэн байгаа. Байнга уяатай байдаг хүүхдээ уяаг нь тавьсан нь миний буруу. Г.Дтэй би хар нялхаасаа цуг өссөн учир гомдолгүй байна.” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Учир нь жолооч ухрах үйлдэл хийхдээ аюулгүй байдлаа хангах ёстой. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Г.Д нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг 45 минутын үед “Тоёота Лексус-470” маркийн 6446 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 59а гудамжны 14в тоот хашаанаас ухарч гарах үйлдэл хийхдээ Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөнөөс 1 нас 6 сартай С.Наваандоржийг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Санжидмаагийн “...Г.Д яанаа ийнээ гээд чанга орилоод байсан. Тэгэхээр нь би юу болов гээд гадаа гартал манай хүү С.Наваандорж дайрагдсан байдалтай хашааны хаалганы гадна талд хэвтэж байсан. Тэгээд би цааш юу болсон эсэхийг санахгүй байна. Манай дүү Г.Д хашаанаасаа гарах гэж ухарч байгаад ийм осол болчихлоо гэж уйлаад байсан. ...” /хх 21-22/,

шүүгдэгч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

            цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1580 дугаартай “Талийгаач С.Наваандоржийн цогцост гавлын ясны хэлбэр алдагдал, гавлын орой, суурь ясны олон тооны ясны хэлтэрхий үүсгэсэн хугарал, тархины хатуу хальсны урагдал, их тархины дагз, зулай, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал, баруун 7, 8, 9 дүгээр хавирганы зөрөөтэй далд хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн урагдал, няцрал, толгойн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, дух, хоёр хөмсөг, зовхи, хацарт цус хуралт, дух, дагз, зүүн дал, бүсэлхий, зүүн өвдөгт зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл авто ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэвтээ байрлалд дарагдах, шахагдах зэргийн үүсгэгдсэн байх боломжтой. Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.” /хх 33-34/ гэх дүгнэлт,

            зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-12/, цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх 14-15/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.Дг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнөөс хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдал, гэмт хэргийн хэр хэмжээнд тохирсон байх тул “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 801 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 801 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Дгийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

 ШҮҮГЧ                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ